Цаг наашлан, өдөр уртсаж хавар болсныг илтгэнэ. Монголчууд улиралдаа зохицуулан явдал мөрөө тохируулж ирсэн. Хаврын улиралд идээ ундаа, явдал мөрийг хэрхэн тохируулан сонгож хэрэглэх талаарх зөвлөгөөг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүргэж байна.
Энэ үед өвлийн эх, адагт дотор хурж байсан ходоодны ерөнхий галын илч суларснаас шингээх чадвар буурдаг. Цаг агаар хуурайшин, салхи босон дулаарахад хүний биеийн дотоод дулаан болох шар бий болдог байна. Тослог бүлээн чанартай хүнсийг тэжээллэг хоол гэдэг. Хонины мах тослог бүлээн чанартай. Тиймээс хонины мах түлхүү идэх хэрэгтэй.
Өвөл дуусаж цагаан идээнд шилжих завсрын энэ үед "үүц" махаа задалж, хааяа яргуй идсэн ямааны махаар хоол хийж иддэг. Шар, цагаан тос, өөх, өрөм, хайлмаг, ээзгий, бяслаг, зөөхий, ааруул зэрэг цагаан идээг цайндаа хийн гэсгээн идэх зэрэг нь ходоодны галын илчийг сэлбэж, илч үүсгэдэг тул хаврын хавсарга, салхи жаврыг давахад тустай тул голлон хэрэглэж иржээ.
Сүүтэй цай, гурилтай шөлөө хэрэглэхийг зөвлөе. Гурилтай шөл, бууз, хуушуур, цуйван, будаатай шөл гэх тэжээллэг монгол хоолнууд сайн.
Мөн аарцтай шөл, шар тостой арвайн гурил, хөх гурилын төрлийн хоол, боов боорцог, хонь үхрийн махтай гурилтай шөл, саримстай бууз, банш, хуушуур, шар тосонд гурилдсан цай, зөгийн балтай ус ууж, шим төгөлдөр цагаан идээ, будаа зэрэг бор хоол халуунаар нь хоолловол сайн. Ногоон, хар цай гэх мэт хэт сэрүүн чанарын цай хэрэглэж болохгүй. Хаврын эхний хоёр сард шороо, хий махбод, бадганы бэлгэ чанар хөдөлж байгаа. Тиймээс энэ улиралд хэт их ус, цай уух, шингэн юм хэтрүүлж хэрэглэхийг хорьдог.
Хаврын улиралд хий махбодио тэгшитгэх хоол унд идэх хэрэгтэй. Болбол мацаг барьж болохгүй.
Хүмүүс хавар болж дулаарахаар мацаг барьж хүч тамир цаанаасаа буурч байгаа биеэ хоол тэжээлийн дутагдалд оруулдаг.
Тэжээллэг хоол хүнс хүнд чанартай учраас цадталаа идэлгүй, ходоодны хийн хувьд зай завсар гаргах хэрэгтэй. Ходоод нь хүний гарын хоёр алгыг нийлүүлсэнтэй адил хэмжээтэй. Хоёр алганы дөрөвний гурвыг нь дүүргэх хэмжээний хоол идэх учиртай. Дөрөвний хоёрт нь гурил, мах зэрэг бүхэл хоол идвэл эрүүл мэндэд тустай.
Ходоодныхоо дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний шөл уух ёстой гэсэн үг. Шороо, ус, гал, хий, огторгуй гэсэн таван махбодиос бүрдсэн биеэ хоол ундаар тэжээж, тэтгэх хэрэгтэй.
Бадган нь хийтэй хавсраад өвчлөл эмгэг үүсгэх эрсдэлтэй учраас хоолны хэмжээнд онцгой анхаарах хэрэгтэй. Дахиад хэлэхэд хоолыг сойхдоо биш чанартай тэжээллэг хоол бага хэмжээтэй хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.
Баримтлах зарчим:
Орой унтаж эрт босож, цэвэр агаарт явган их алхаж, биеийн алжаалыг тайлах
Өдөр унтахыг тэвчиж, сүүдэр газар сууж амарч, хөдөлгөөн сайн хийх, хуурай дулаан орчинд ажиллаж амьдрах хэрэгтэй.
Ерөнхийдөө хавар аль болох олон удаа дасгал хийвэл зохино.
Хэрэв дээрх зарчмуудыг баримтлахгүй бол хүйтэн сэрүүн чанартай үед үе мөч, ходоод, элэгний өвчнөөр өвчлөх магадлал өндөртэй гэдгийг анхаарах нь зүйтэй.