Бүр хэзээнээсээ л,  хавар омог бардам залуу нас шиг санагддаг.  Яг л залуус мэт... Хачин өнгөлөг, бас тааж тааварлашгүй өдрүүд ар араасаа хөвөрнө. Ийм мэдрэмж залууст  хэрхэн буудаг бол гэх бодол тээсээр ТЗДС-ийг зорьсон минь  С.Галбадрах багштай зүтгүүрийн аж ахуйн төгсөх ангийнхантай уулзууллаа. Хэдхэн сарын дараа оюутны ширээнээс амьдралын их далайд хөл тавих идэр залуус. Зүтгүүрийн аж ахуйн ангид дан хөвгүүд сурдгаараарай өөр. Ангийнх нь хаалгаар алхан орох тэр мөчөөс нэг тийм уур амьсгал угтав. Хэн нэг нь үг хэлмэгц ангиараа пирхийтэл инээлдэж, хөгжилдөнө. Төдөлгүй ангийн багш нь орж ирэн “командалж”,залуус ч ширээндээ сууцгааж дэвтэр номоо гаргацгаав. Энэ хэдхэн хоромд багш оюутнуудын ойлголцох үгс цэргийн команд шиг цөөн агаад товч, тодорхой.Гэхдээ түүний цаана нэг тийм итгэл даасан, нөхөрсөг, амь нэгтэй уур амьсгал мэдрэгдэнэ. Багшийн егөөтэй үгс, залуусын инээд анги дүүргэх аж.

Ангийн багш С.Галбадрах ярианыхаа эхэнд төмөр зам хагас цэргийн зохион байгуулалттай байгууллага учир манай оюутнууд энэ сургуулийн босгоор алхан орсон цагаас дэг журам, сахилга бат, хариуцлагад суралцаж эхэлдэг гэдгийг онцолсон юм. Үүний хамгийн эхний алхам бол дүрэмт хувцсаар жигдэрч, “Төмөр замчин хүн” гэдгийг ухамсарлуулах аж. Юм бүхэн өөрийн утга агуулга, хэлэмжтэй. Төмөр замын дүрэмт хувцас үг хэлдэг сэн бол өмссөн эзэндээ сахилга хариуцлага, дэг журам, аюулгүй байдлыг ямагт сануулах биз гэх бодол эндээс төрөв. Ер нь, тийм ч байх.

Ангийн багшийн хувьд ТЗДС-ийг 2002 онд төгсөж, 2006 оноос сургуульдаа багшилж байгаа. Өнгөрсөн хугацаанд С.Галбадрах багш зүтгүүрийн аж ахуйн бакалаврын гурав, техникчийнмөн гурван ангийг төгсгөсөн гэлээ. Энэ жил түүний ангийн “Өд сөд нь ургаж гүйцэн жигүүр дэлгэн үүрнээсээ нисэхэд бэлэн 24 залуу шалгалт шүүлэгтээ шамдан, төгсөлтийн баяртаа бэлтгэн буй нь энэ.

С.Галбадрах багш “Энэ жил төгсөх хүүхдүүд маань механикч инженерийн суурьтай, дээр нь зүтгүүрийн ашиглалтын инженерийн хосолсон шинжтэй хөтөлбөрөөр суралцан төгсөж байгаа” хэмээв. Тус сургууль жил бүр зүтгүүрийн аж ахуйн бакалаврын ангид 25-30 хүүхэд элсүүлдэг. Зүтгүүрийн ангид элсэгчдийн хувьд өмнө нь өрсөлдөөн ихтэй байсан бол сүүлийн жилүүдэд сонирхогчдын тоо буурах хандлага ажиглагдаж байна. Гэтэл эсрэгээрээ ажлын талбарт зүтгүүрчдийн эрэлт өсөж байгааг ангийн багш ярина билээ. Тэгэхээр залуу зүтгүүрчид маань сургууль төгсөөд ажлын байр олдох болов уу гэж санаа зоволтгүй бололтой.

Мөн энэ ангийн хувьд ковидын хөл хорионы дэглэмтэй байсан жилүүдэд механикч инженерийн суурь хичээлүүдийг судлах үе таарсан нь хамгийн хүнд байжээ. Тиймээс энэ алдсан цаг хугацааг нөхөх гэж үлдсэн хугацаанд түүний хөвгүүд мэрийхээрээ мэрийж, багшийн хувьд ч шавь нарынхаа дутууг нь гүйцээж, дундуурыг нь дүүргэх гэж чамгүй шахсан гэлээ.

ТЗДС-ийн хувьд өмнөх жилүүдэд төмөр зам дагуу орон нутгаас элсэлтээ авч байсан бол сүүлийн жилүүдэд элсэлтийг онлайнаар орон даяар нээлттэй авдаг болсноор төмөр замчин болох сонирхолтой хүүхэд залуусын хувьд үүд хаалгаа цэлийтэл нь нээсэнтэй ижил аж. Тухайлбал, энэ төгсөх ангийнхны 70 хувь нь орон нутгийн хүүхдүүд гэнэ. Энэ  ангид Завхан, Увс, Дорнод зэрэг хязгаар нутгийн хүүхдүүд ч бий. Мөн удам залгасан зүтгүүрчид буюу өвөөгийнхөө, аавынхаа мэргэжлийг өвлөж буй оюутнууд ч сурдаг.

Энэ ангийнхны нэг бахархал нь,  бусад ангиудаас “спортлог”. Бүр хоёр ч хүүхэд сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин.

Ангийн багш “Би шавь нарынхаа амжилтаар бахархдаг. Дээр нь, анх оюутан болж ирснээсээ хойш хүүхдүүд төгсөөд гарах хүртлээ маш их төлөвшдөг. Хувь хүнээс бие хүн болж буй өөрчлөлтүүдийг нь мэдрэх багш хүний  жаргал. Эцсийн эцэст багш хүний мэдлэг оюун, сэтгэлээ шингээж гаргасан бүтээл бол шавь нар шүү дээ” гэж хэлсэн нь оносон тодорхойлолт санагдлаа.

Ташрамд дуулгахад, цаашид зүтгүүрийн аж ахуйн ангийн оюутнуудын туслах машинчийн болон зүтгүүрийн засварчин дагалдах дадлагын хугацааг хоёр сар хүртэл сунгах шийдвэр гарсан байна. С.Галбадрах  багш оюутнуудын дадлагын хугацааг сунгасанд ихэд олзуурхангуй байна билээ.

                 Ирээдүйн зүтгүүрчдийн  мөрөөдөл

             “Илчит тэрэг жолоодоод явбал ямар байх бол...” Тэдний бүгдийнх нь мөрөөдөл  ийм  ижилхэн.

Ангийн дарга А.Тэмүүжин: Би Төв аймгийн Алтанбулаг суманд төрж, өссөн. Миний өвөө төмөр замчин учраас багаасаа төмөр замын мэргэжлийг сонирхсон. Ялангуяа, галт тэргээр явж байхдаа зүтгүүр жолоодож үзэхсэн гэх бодол төрдөг байсан. Тиймээс багынхаа мөрөөдлийг биелүүлэх гэж энэ мэргэжлийг сонгосон. Танилцах дадлагыг Дархан татах хэсэгт,  үйлдвэрлэлийн дадлагаа Улаанбаатар Татах хэсэгт хийсэн. Сургуулиа төгсөөд Дархан эсвэл Сайншанд Татах хэсэгт очиж ажиллана гэж төлөвлөж байна.

-Ангийн даргын хувьд ангийнхаа онцлогийг танилцуулна уу?

-Манай анги дан эрчүүдтэй болохоор ойлголцоход амар байдаг. Бид дөрвөн жилийн хугацаанд багын найзууд шиг ижилдсэн маш гоё хамт олон. Манай ангийнхан хувьд сургуульдаа спортоор тэргүүлдэг. Олон уралдаан тэмцээнд түрүүлж байсан минь хамгийн гоё дурсамж.

-Залуу төмөр замчны хувьд хүсэж мөрөөдөж яваа зүйл бий байх?

-Миний хувьд бусад улс орны төмөр замууд шиг манай төмөр замд шинэ техник, технологиуд нэвтэрч, төмөр замын маань хөгжил илүү хурдацтай өөрчлөгдөөсэй гэж хүсэж явдаг.

Оюутан Б.Дөлгөөн: Аав, ах хоёр маань Улаанбаатар Татах хэсэгт ажилладаг. Аав маань рестатын инженерээр бараг 30 дахь жилдээ ажиллаж байгаа О.Батсайхан гэдэг хүн бий. Ах мааньТЗДС-ийг гурван жилийн өмнө төгссөн. Одоо туслах машинч. Би багаасаа л аав шигээ зүтгүүрчин болно гэж бодож байсан. Багадаа аавынхаа хоолыг хүргэж өгөхдөө ажлаа хэрхэн хийж байгааг нь харах дуртай байлаа. Зүтгүүрийн бүхээгт анх орж үзэхэд л маш гоё санагдсан. Илчит тэрэг жолоодоод явж байвал ямар байх бол гэж дотроо их төсөөлдөг байсан.  Дадлага хийж байхдаа тэрхүү төсөөллөө бодит байдал дээр мэдэрсэн. Маш сайхан санагдсан. Шөнөжин яваад өглөө зүтгүүрийн бүхээгнээс нар мандахыг харах бол үнэхээр “кайф”-тай. Сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд ажиллаж, туршлага хуримтлуулаад дахин сурч, мэргэжлээ дээшлүүлнэ гэсэн бодолтой байгаа. Энэ салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан сайн инженер болно гэж бодож байгаа. Мөрөөдөл минь биелэхэд өдөр өдрөөр ойртож байгаад маш баяртай байна.

Оюутан Ц.Сүхбат:

    -Би Зүүнхараагийнх.Манай гэр бүлд төмөр замчин хүн байхгүй л дээ. Гэхдээ багаасаа галт тэргээр нааш цааш их явдаг байлаа. Тэр үеэс л төмөр замчин болох, тэр тусмаа галт тэрэг жолоодохсон гэж мөрөөдөнө. Энэ мэргэжлийг сонгоход гэрийнхэн маань дэмжсэн. Дөрвөн жил маш хурдан өнгөрдөг юм байна. Нэг л мэдэхэд төгсөх болчихлоо.

-Мөдхөн сургуулиа төгсөх нь. Төгсөөд хаана ажиллана гэж төлөвлөж байна вэ?

-Төгсөөд Дархан эсвэл  Сайншандын Татах хэсэгт ажиллана гэж бодож байна.

-Ангийнхныхаа тухай яриач...?

-Бид  амархан ойлголцдог. Ангийнхан маань үргэлж бие биедээ санаа тавьдаг маш гоё уур амьсгалтай хамт олон. Манай ангийнхан бөөнөөрөө сургууль дээр хоноод хичээлээ хамтдаа давтаж байсан үе  бий. Олон гоё дурсамжийг хамтдаа бүтээсэн. Энэ ташрамд ангийнхандаа бүгдэд нь амжилт хүсье. Бүгдээрээ нэрээ гаргацгаасан сайн зүтгүүрчид болно шүү гэж хэлмээр байна.

Дэврүүн, оргилуун хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн залуустай уулзахад тэд ирээдүйдээ ийнхүү итгэл төгс амьдралд хөл тавьж байгаа нь бахархмаар...

Залуу зүтгүүрчдийн маань алтан шар зам дардан байг гэх ерөөлийг уншигчдынхаа өмнөөс өргөж, амьдралд тавтай морил гэж урья даа.  

 

Б.ГҮНЖИНЛХАМ