Харшил өвчний тархалт сүүлийн 30-40 жилийн дотор огцом нэмэгдэж, дэлхийн хүн амын 40 хувь нь өвчилсөн талаарх мэдээ бий. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, өрх бүрт харшилтай хүн байна гэсэн дүн юм. Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх, өвдсөн тохиолдолд ямар эмчилгээ хийх талаар Төв эмнэлгийн Поликлиникийн их эмч, дотор-харшлын эмч М.Жавзандуламаас тодрууллаа.
-Зуны улиралтай зэрэгцээд харшлын өвчний идэвхжил нэмэгдэж, харшлын тухай ярих хүмүүсийн тоо ихэсдэг. Харшлын талаар тоо баримт дурдвал?
-Сүүлийн жилүүдэд дэлхийн өндөр хөгжилтэй зарим улс орнуудад харшлын тархалт тасралтгүй нэмэгдэж байгаа нь эмч судлаачдын анхаарлыг ихэд татаж байна. “Монголын харшил судлалын нийгэмлэг”-ийн 2014 оны мэдээгээр манай орны насанд хүрэгчдийн 24, хүүхдүүдийн 18 хувь нь ямар нэгэн харшлын эмгэгтэй байгаа юм. Түүнчлэн, харшлын өвчнөөр хот суурин газрын оршин суугчид хөдөө орон нутгийнхнаас харьцангуй илүү ихээр өвчилдөг болохыг судалгаагаар тогтоосон. Ялангуяа, улирлын харшлын ринит өвчтэй нийт хүмүүсийн 75 хувь нь хотын, 25 хувь хөдөө орон нутгийн оршин суугчид байдаг. Монгол улсад 2018, 2022 онд хийсэн таван жилийн дараах харьцуулсан судалгаанаас үзэхэд судалгаанд оролцогчдын үет ургамал, хогийн ургамал, модлог ургамлын болон гэрийн тэжээвэр амьтдын харшилд мэдрэг байдал нэмэгдсэн байна.
-Харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Харшлаас сэргийлэх хамгийн энгийн зарчим нь харшил үүсгэгч хүчин зүйлсээс зайлсхийх, дархлаагаа сайжруулах, өрөө тасалгаандаа тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх явдал юм. Харшлаас сэргийлэх анхдагч, хоёрдогч, гуравдагч урьдчилан сэргийлэлт гэж бий. Анхдагч урьдчилан сэргийлэлт гэдэг нь тухайн хүнийг анхнаас нь харшлаар өвчлүүлэхгүй байх орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Жишээлбэл, агаарын бохирдлыг бууруулах, дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах, байгаль орчиндоо ойр амьдарч ашигтай хүчин зүйлийг хүний бие авч байх гэх мэт. Харин хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэдэг нь нэгэнт харшилтай болчихсон бол, яг юуны харшилтай гэдгийг тодорхойлоод харшил өгдөг зүйлээс хол, хэрэглэхгүй байх юм. Өөрөөр хэлбэл, эмэнд харшилтай, хүнсэнд харшилтай бол түүнийгээ хэрэглэхгүй байх. Гуравдагч урьдчилан сэргийлэлтийн үед тухайн хүн харшилтай болоод эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байгаа бол хүндрэлээс нь хамгаалахад чиглэгдэх ёстой. Жишээлбэл, ургамлын тоосны харшилтай хүн хамар битүүрээд, нүд загатнаад байна гээд тоохгүй яваад байх нь бий. Тэгвэл нэг өдөр астма эсвэл амьсгалын доод замын үрэвсэл болж хүндрэх эрсдпэлтэй. Харшлаа оношлуулж, тууштай эмчилгээ хийлгээгүйгээс харшлын шоконд орж болно гэсэн үг. Иймд харшил даамжрах, хүндрэх байдлаас урьдчилан сэргийлэх нь чухал.
-Хүмүүс харшлын үед дур мэдэн эм уух нь элбэг. Ер нь, харшлыг яаж эмчлэх ёстой вэ?
-Ямар ч төрлийн харшлын үед мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, эмчилгээг эмчийн зааврын дагуу хийх нь үр дүнтэй. Улирлын болон жилийн турш үргэлжлэх харшлын эмчилгээг өвчний хүнд, хөнгөний байдал, эмнэл зүйн шинж тэмдэг илрэх цаг хугацаанд нь тохируулан оновчтой эмчилгээ хийвэл үр дүн сайтай. Үүний тулд харшлын сорил тавиулах нь эмчилгээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм. Харшлын эмчилгээг аллергинээс зайлсхийх, эмийн эмчилгээ, дархлаа эмчилгээ гэсэн гурван үндсэн аргаар хийнэ. Аллергинээс зайлсхийх гэдэг нь өвчний шалтгаанаас зайлсийх арга юм. Өөрөөр хэлбэл, юунд харшилтай гэдгээ оношлуулж шалтгаанаа мэдээд түүнээс зайлсхийх арга. Эмийн эмчилгээний арга нь харшилтай хүнд өвчний зовиур, шинж тэмдгийн хүнд хөнгөний байдал, ямар эрхтэн тогтолцоог хамарч байгаагаас хамаарч, эмийн сонголтоо хийснээр ямар тунгаар, хэр удаан эмчлэх тактикаа боловсруулж, эмч өвчтөн хоёр хамтран харшлын эсрэг тэмцэхийг хэлнэ. Өвчтөн өөрийн таамгаар, эсвэл мэргэжлийн бус хүний зөвлөгөө, олны сургаар дур мэдэн эм хэрэглэх нь олон сөрөг үр дагавар бий болгох эрсдэлтэй. Дархлаа эмчилгээ нь хэт их идэвхижсэн байгаа дархлаа тогтолцоог тэнцвэржүүлэн эмчлэх арга юм.
Мөн харшлын шалтгааныг илрүүлэх цусны шинжилгээ, арьсны сорилын аргууд бий. Харшлын шалтгаанаа найдвартай мэдрэг сайн аргаар тогтоолгосны дараа эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг. Хэрэв олон харшилд мэдрэгшсэн байвал тэр бүх харшил төрүүлэгчдээс бүрэн ангижрах хэцүү. Ялангуяа, ургамлын тоос, мөөгөнцөр зэрэг нь хүрээлэн буй орчин, агаар мандалд өргөн тархдаг тул тэдгээрээс бүрэн зайлсхийх төвөгтэй. Иймээс ургамлын тоосноос зайлсхийхийн тулд өглөө, өдрийн цагаар гадагш гарахгүй байж, тасалгаанд цахилгаан агаар чийгшүүлэгч хэрэглэвэл үр дүнтэй. Мөн өрөөний салхивчийг орой, шөнийн цагаар нээж агааржуулалт хийх нь тохиромжтой. Харин амны хаалт зүүх нь ургамлын тоосноос сэргийлэх үр дүнтэй арга биш. Тиймээс тасалгааны агаарт тархдаг олон төрлийн харшил үүсгэгчээс найдвартай хамгаалдаг нэг арга бол агаар шүүгч юм. Цахилгаан агаар шүүгч нь тасалгааны агаарыг шүүж 90 хувь хүртэл цэвэршүүлдэг тул эмчилгээний үр дүн мэдэгдэхүйц сайжирна.
-Манай уншигчдад хэрэгтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа.
ЭМНА М.Жаргалмаа