Урин цаг ирж, мод бут цэцэглэх нь сайхан ч үүнтэй зэрэгцэн харшилтай хүмүүст дулааны улирал хамгийн адармаатай цаг хугацаа болж хувирдаг. Иймээс харшил өвчний талаар УБТЗ-ын Төв эмнэлгийн Поликлиник их эмч М.Жавзандуламаас дараах тодруулгыг авлаа.

    - Хамрын хөндийн салстаар харшил үүсгэгч орж дархлааны хоёрдогч хариу урвалаар хамрын салст, самалдгийг үрэвсүүлэхийг ринит буюу харшил гээд байгаа юм. 2000 -аад онд дэлхийн ихэнх улс орнуудын хүн амын дунд  харшлын тархалт 10-20 хувь байсан бол жил ирэх тусам ихссэн.  Улирлын харшлын өвчтэй нийт хүмүүсийн 75 хувь нь хотынх, 25 хувь нь хөдөө орон нутгийн оршин суугчид. Хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас байгаль орчин бохирдож, химийн бодис, хорт утаа дэлхий нийтийг хамарч озоны давхарга нимгэрч байна. Нөгөө талаасаа хотжилтын нөлөөгөөр хүмүүс байгаль орчноосоо холдож, хүрээлэн буй орчноос авах ёстой нян бактеритай харилцахаа больсноор хүний дархлааны систем өөрчлөгдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, гадны харшил үүсгэхгүй хүчин зүйлийн эсрэг, дархлааны урвал нь ажиллаж харшил үүсгэж байгаа гэсэн үг. Жишээлбэл, хүүхдийг багаас нь гадаа тоглуулахгүй, байгаль дэлхийгээс хөндий өсгөх нь харшилд өртөмтхий болгох өндөр эрсдэлтэй хэмээн эрдэмтэд үзэж байна. 

- Тэгэхээр харшил өвчнөөс сэргийлэхийн тулд яах вэ? Харшил хөдлөх улирал эхэллээ гэх айдастай байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Хаврын улиралд ургамлын тоосжилт нэмэгддэг. Тухайлбал, 4-5 дугаар сард модлог ургамлын харшил, зургадугаар сард үет ургамал, долдугаар сард хогийн ургамлын харшлын тоосжилт явагддаг. Одоо бол модлог ургамал болох бургас, улиас, хус тоос хүртэх үеэр эдгээр ургамлаас харшилж байгаа хүмүүс урьдчилан сэргийлэх үе нь.  Илрэх үндсэн шинж тэмдэг нь хамар битүүрэх нус гоожих, найтаах, хамар загатнахаас гадна тагнай, чих, хоолой, нүд загатнах, үнэрлэж амтлах мэдрэхүй сулрах зэрэг зовиур байдаг. Тэгэхээр өөрт илэрч байгаа шинж тэмдгээр  тохирох эмчилгээ, үйлчилгээ авбал нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй. Ургамлын тоосжилт идэвжиж байгаа энэ үед  аль болох гэртээ байж, тоосжилт ихтэй үед цонхоо хаах,гадуур явахаар бол малгай,маск ,хамгаалалтын шил хэрэглэх, ургамал тоос хүртэх үеэр гарахдаа ноос, ноолууран хувцас өмсөхгүй байх хэрэгтэй. Гэртээ ороод гадуур хувцсаа тайлж,  үс,нүүр гараа угаах, хамрын хөндийг зориулалтын уусмалаар цэвэрлэх, чийгтэй цэвэрлэгээ байнга хийх гэээд урьдчилан сэргийлэх олон арга бий. Манайхан харшил төрүүлэгчээ мэдэхийн тулд эхлээд сорил тавиулж юунаас харшлаад байгааг мэдэх нь чухал. Тэр дагуу эмчийн бичсэн заавар жорын дагуу эмийн эмчилгээ хийнэ. Мөн дархлаагаа сайн дэмжсэнээр харшил үүсгэгч идэвхжихгүй байх боломжтой.

Харшил эмчлэгддэг үү? Ямар эмчилгээ хийдэг вэ?

  - Ердөө л, харшлын шалтгаанаас зайлсхийх, эмчийн заавраар  эмчилгээ хийх, дархлаагаа дэмжиж зөв дэглэмтэй байх зөвлөгөөг л өгнө. Дур мэдэн буруу эмчилгээ хийлгэх нь астма өвчний суурь болдог. Өөрөөр хэлбэл, амьсгалын дээд замд байгаа үрэвсэл уушги руу орж, насан туршдаа ханиалгах, амьсгаадах, цээж шуугих зэрэг шинж тэмдэгтэй явна. Цаашлаад харшлын шоконд орох, амиа алдах хүртэл эрсдэлтэй.