Зарим хүн энэ ертөнцөд ямар нэгэн үйл хэрэг, ажил мэргэжилд зориулагдаж төрдөг шиг санагддаг юм. Хүмүүс “Энэ ч ёстой барилдах гэж төржээ” гэх, эсвэл “Энэ дуулах одонд төрсөн хүн” гэхчлэн ярьдаг даа. Үүн лугаа төмөр замчин болох гэж л төрсөн болов уу гэмээр ажил мэргэжилдээ эзэн болсон олон төмөр замчин УБТЗ-д бий. Тэдний нэг нь Тээврийн хяналтын албаны Урд хэсэглэл хариуцсан орлогч дарга Л.Пүрэвсүрэн мөн гэж би хувьдаа боддог юм. Анх танилцсан цагаасаа л түүнтэй ярилцлага хийхээр төлөвлөсөн ч амжихгүй явсаар саяхан цөөн хором хөөрөлдсөнөө уншигч та бүхэндээ хүргэе.

 

-Би Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад мэндэлсэн. Хүүхэд нас маань Зүүнхараад өнгөрсөн ч төмөр замчин болох тухай ямар ч төсөөлөл байгаагүй. Наймдугаар ангиа төгсөхдөө 117 хүүхдээс дүнгээрээ тэргүүлсэн болохоор надад найман хуваариас мэргэжлээ сонгох эрх олгосон юм. Аймгаас ОХУ руу эмчийн сургуульд хүүхэд явуулах, мөн Уул уурхайн ашиглалт, Усны аж ахуйн техникум, Автын техникум гэхчлэн хуваариуд байлаа. Уг нь, найман жилийн сургуульд оноогоороо тэргүүлсэн хүүхдийг арван жилийн сургуульд дэвшүүлэн сургахаар хоёр захирал нь хүлээлцдэг. Тэгтэл би мэргэжилтэй болно гэсэн шийдвэр гаргасан болохоор захирал миний хүсэлтийг хүндэтгэсэн байх. Ингээд П.Санжаа захирал болон ангийн багш Д.Цэлмэг нар надад “Төмөр замчны мэргэжил маш сайхан” гэж зөвлөсний дагуу ямар ч эргэлзээгүйгээр сонгож байлаа. Ингээд 1988 онд Төмөр замын техникумд элссэн дээ. Өнөөг хүртэл би сонгосон мэргэжилдээ эргэлзсэнгүй. Багш нар маань намайг маш зөв чиглүүлжээ гэж боддог. Түүнээс биш манай гэр бүлд төмөр замчин байгаагүй. Аав, ээж, ах дүүс маань Зүүнхараагийн Спирт бал бурмын үйлдвэрт илгээлтээр Архангайн Ихтамир, Батцэнгэлээс нүүж ирсэн хүмүүс. Би оюутан болтлоо галт тэргэнд ч сууж үзээгүй. Төмөр замын техникумд ороход аав машинаараа хүргэж өгч байсан. Анх суухдаа тасалгааныхаа хаалгыг ч нээж чадахгүй амьтан явлаа.

 

Аваргыг дагасан минь аз

 

-Сургуулиа 1992 онд төгсөөд Зүүнхараа өртөөндөө хуваарилагдан ирж, Бэрх зөрлөгийн жижүүрээр ажлынхаа гараагаа эхэлж байлаа. Биднийг оюутан байх үед ардчилсан хувьсгал ялж, зах зээлд шилжээд нийгэм тогтворгүй байсан цаг шүү дээ. Бид дадлага ч хийж үзээгүй. Тэр бүү хэл диплом ч хамгаалуулалгүй шууд улсын шалгалтаараа хавар нэлээд эрт төгсгөсөн. Хамгийн азтай нь Бэрх зөрлөгт Замын мэргэжлийн арван удаагийн аварга Ц.Магсар гэдэг жижүүрийн гар дээр ирсэн. Юугаа ч мэдэхгүй би отгон шавь нь болсондоо талархаж, баярлаж явдаг. Багшийн маань хүүхэд одоо Зүүнхараагийн хэсэглэлд ажиллаж байгаа. Жижүүр М.Энхтүвшин, М.Мөнхтунгалаг гэж бий. Нууцгүй хэлэхэд онолоо ч багахан мэддэг намайг ажлын байранд мэргэжлийн төмөр замчин болох А үсгийг Ц.Магсар багш л заасан даа. Багш маань тэгэхэд тэтгэвэрт гарчхаад буцаад хэсэг хугацаанд ажиллаж байсан үе санагдана. Төмөр замын ашиглалтын ангийнхныг төгсөөд л дарга болдог гэсэн ойлголттой байлаа. Гэтэл Бэрх зөрлөгт жижүүрээр ажилла гэхэд нь гайхсан. Дөрвөн жил сурсан хэр нь нэг ч удаа дадлага хийгээгүй болохоор жижүүрийн ажлыг ч бүрэн мэдэхгүй төгссөн. Аль нэгэн байгууллагын үүдэнд суудаг шиг жижүүр болох нь гэж их эмзэглэж, “Зүүнхараагаас 10 км-ийн цаад зөрлөгт жижүүрээр оч” гэхэд нь “За би нэг юмыг манадаг болох нь дээ” л гэж бодогдсон (инээв). Тулгуур өртөөний даргын өрөөнөөс гараад эргэж очихгүй гээд харьж байлаа. Гэтэл манайхан намайг ажилдаа яв гэж зэмлээд, гурав хоногийн дараа өртөөнөөс дуудуулахаар нь өөрийн эрхгүй очсон. Бэрх зөрлөгийн дарга нь өнөөгийн Зүүнхараа зангилааны дарга Ц.Алтанхуяг байсан. Жижүүрийн өрөөнд орж хэрхэн ажиллаж буйг нь хараад байтал миний төсөөлснөөс тэс өөр, харин ч сонирхолтой санагдаж билээ. Хэдэн өдөр дагалдтал товчлуурыг нь өөрөө дарж, бас утсаар нь ярьж мэдээ өгч үзмээр санагдаад л эхэлсэн дээ (инээв).

 

            Ангийнхан маань амжилттай л ажиллаж явна

 

-Манай мэргэжлээр тэр жил А, Б хоёр ангийг 50 гаруй хүүхэд төгссөнөөс өнөөдөр төмөр замдаа амжилттай ажиллаж яваа цөөхөн хүн бий. Бусад нь зах зээлийн үед наймаа бараа хөөгөөд явсан. Одоо Эрдэнэт зангилааны дарга Г.Амарсайхан, Тээвэр зохион байгуулалтын албаны хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч Н.Амаржав, Гуравдугаар хэсгийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан  байцаагч К.Давааням, Багануур өртөөний Ачаа тээвэр эрхэлсэн орлогч дарга Ж.Мөнхбат, Захиран хуваарилах хэлтсийн ахлах диспетчер Ш.Даваажав гэхчлэн хэдхэн хүн байна. Бүгд л байцаагчаар ажилласан байдаг. Хүмүүс “Та нар чинь байцаагчийн анги төгссөн юм биш үү” гэдэг юм (инээв). Замын даргын үзлэгээр дөрөв, тавуулаа ч нэг дор таарах үе бий. Би ер нь жижүүрээр олон жил ажиллаж үзээгүй шүү дээ. Анх Бэрхэд нэг жил ажиллаад Үнэгт рүү шилжиж, тэндээсээ Зүүнхараад ирж бас нэг жил ажилласан. Тэгээд 1995 онд төмөр замын мэргэжлийн инженерийн анхны анги нээгдэхэд нь элсэж байлаа. Уг нь, Эрхүүгийн зам харилцааны их сургуульд элсэх шалгалт өгч, эхний тавд жагсаж байтал албаны боловсон хүчин н.Дорждэрэм агсан “Дотоодын инженерийн ангид элсээч” гэж зөвлөсөн юм. Зүүнхараа өртөөний орлогч Ц.Мягмарсүрэн даргын хамт нэг ангид элсэж байлаа. Бид өмнө нь дөрвөн жил сурсан учир нэг жил сурч бакалаврын зэрэгтэй төгссөн. Төгстөл албанаас надад Салхит, Шарын гол, Багахангай, Чойр хэсэглэл гэх дөрвөн газар санал болгохоор нь говьд ажиллаж үзмээр санагдаад шууд Чойрын хэсэглэлийг сонгож байлаа. Тухайн үед говьд ажиллах мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байгаа тухай албан дээр яригдаж, хүний нөөцийнхөн ч говийг ихэвчлэн санал болгож байсан юм. Тэгээд яваад очтол Чойр өртөөний Д.Хатанбаатар дарга мөн л Бор-Өндөр, Шивээ-Овоо хоёрыг санал болгож байна. Шивээ-Овоо нь гол замын өртөө, уурхайн ачилт ихсэж байгаа гэхээр нь сонгоод өртөөний даргаар томилогдсон. Анх удаагаа дарга болж байгаа нь тэр. Ямар ч ажил, хүн удирдах арга барилгүй шүү дээ. Ямар сайндаа л хоёр дахь өдрөө ажилдаа иртэл Гэрэлмаа гэдэг жижүүр эгч “Даргаа” гээд дуудахаар нь сандарч, бантахдаа шалны алчуур шүүрч аван шал арчиж билээ (инээв). Өртөөнийхөн бүгд л ах, эгч нар. Дарга гэж анх удаагаа дуудуулахад маш эвгүй, дасахгүй байгаа юм чинь. Ажлынхантайгаа уулзаж ярилцах, үүрэг даалгавар өгөх амаргүй. Туршлагатай хүмүүст үүрэг өгөхдөө их л айж хулгаж, ичнэ. Юун надаар заалгах, надад заацгаана. Зарим нь “Та одоо инженерийн анги төгсчихөөд” гэнэ. Тиймээс нэрэлхээд аль болох бие дааж чимээгүй сурахыг эрмэлзсэн. Учир нь дарга хүн өөрөө хичээл заах ёстой болохоор хүмүүст юу ч мэдэхгүй харагдаж болохгүй. Кассир амрангуут дарга нь орлох үүргийг дээрээс өгчихнө. Нэг ч удаа тээврийн бичиг баримтын бараа хараагүй хэр нь орлоод үлдэхээс өөр аргагүй. Өмнө нь хийсэн ажил, бичиг баримтыг нь харж дуурайлган хийж байгаад л сурсан даа. Тухайн үед манай өртөө хоногт 20-30, бүр оргил ачаалалтай үедээ 60 вагон ачдаг байлаа. Орон тоо дутуу болохоор жижүүр, пүүлэгч гээд хийхгүй юм байхгүй. Зам сумын үзлэг хийнэ. Баруун, зүүн сумаа ч мэдэхгүй хүн чинь анхны үзлэгээсээ л хөглөнө шүү дээ. Замын мастер Дондог, бригадын дарга Чүлрэндорж, холбооны механикч Бэхбат нарын мундаг хүмүүс ажиллаж байсан. Тэднээс л би суралцсан. Ажлын бус цагаар тэднийг гуйж суман дээр аваачиж заалгадаг байлаа. Томилогдоод удаагүй байтал Замын даргын намрын үзлэг ирэхтэй зэрэгцэн нүүрс буучихлаа. Тэгтэл кассир П.Оюундулам “Нүүрсээ сараандаа хураагаагүй байна гэж комиссын дарга загнана шүү” гэхээр нь ажилчидтайгаа хүрз бариад давхиад орчихлоо. Нүүр ам гэж халтайсан хөө, муу хувцастай юм байж байтал үзлэг давхиад ирлээ. Хувцсаа ч сольж амжсангүй. Одоо бодоход Л.Болд дарга байсан санагдана, комиссын ахлагч нь юм байх гэж бодон гүйж очоод илтгэл өгчихлөө. Гэтэл удалгүй Р.Раш дарга вагоноос бууж ирснээ дүрэмт хувцастай байсан жижүүр Д.Наранбаярыг өртөөний дарга гэж андууран гар бариад мэндэлж байна. Хөө тортогтой, энгийн хувцастай жаахан амьтныг яаж дарга нь гэж бодох вэ дээ. Үзлэгийн комиссынхон намайг өхөөрдөөд, “Яасан хөөрхөн юм бэ, тэр нүүрийг нь хараач ээ” гэцгээгээд л (инээв). Дүнгийн хурал дээр нэг байцаагч нь “Өртөө хамгаалах нэвт улаан дэнлүү нь чүдэнзгүй байна. Тиймээс сайн дүн өгье” гэтэл Р.Раш дарга “Энэ залуу үзлэгийг худлаа цэмцгэнэж угтсангүй. Яг л байгаагаараа, ажлаа хийж буй нь сайн байна” гэж олны дунд магтаад шууд “Онц” дүнтэй гэрчилгээ гардуулж билээ. Ингээд энэ өртөөний даргаар жил ажиллаад дөнгөж л дөртэй болж байтал хэсгийн байцаагч болгочихсон.

 

            Дорноговь хүргэндээ чөдөр

 

-1997 онд албанаас дуудаж “Чи инженерээр төгссөн юм чинь шат шатны ажил хийх ёстой. Хэсгийн байцаагч бол” гэдэг юм. Хэсгийн байцаагчаар төмөр замын ажлыг арван хуруу шигээ мэддэг, тэтгэвэрт суух нь дөхсөн чадварлаг хүмүүс ажилладаг байлаа. Тиймээс надад тэр ажлыг хийнэ гэхээр яагаад ч санаанд багтахгүй байсан. “Би чадахгүй байх” гээд ч нэмэргүй, “Чи инженер байж яахаараа чаддаггүй юм” гэж загнаад шууд л томилчихсон (инээв). Өртөө, зөрлөгт очоод бичиг баримтыг нь шалгана, РБУ-8 дэвтэр дээр илэрсэн зөрчил дутагдлыг бичиж үүрэг даалгавар өгнө. Утга буруу, ойлгомжгүй юм бичвэл ахмад байцаагч нартаа зэмлүүлнэ. Зөрлөгийн дарга, жижүүрүүдэд хичээл зааж, шалгалт авна. Ингэхийн тулд дахиад л суралцаж эхэлсэн дээ. Эхний хичээлээ ном хараад заатал нэг нь “Та ном харж заах юм бол бид энд цугларах хэрэг байна уу. Өөрсдөө уншчихъя” гэж загнадаг юм. Тэгээд л “Дохиоллын журам”, “Хөдөлгөөний удирдлагын журам”, “Сэлгээний ажлын журам” гэх гурван номыг өдөр шөнөгүй л уншиж, дэрлээд унтдаг байлаа. Хичээл заахын тулд хэчнээн өдөр бэлтгэж, өөрийн болгодог сон. Хааяа ангийнхантайгаа холбогдож ярилцана. Ц.Мягмарсүрэн дарга туршлагатай хүн учир Сайншанд өртөөний дарга болсон. Бусад нь хөглөж буйгаа ярьж инээлдэнэ. Ер нь, бид туршлагатай хүмүүсийг л дагаж сурснаар өдий зэрэгтэй явцгааж байна даа. Би тэр цагаас хойш тэгээд л говийн хүн болсон доо. 1997 оноос хойш өнөөг хүртэл Сайншанд өртөөний орлогч даргаар зургаан жил ажилласнаас бусад хугацаанд нь байцаагчаараа л ажиллаж байна. Найзууд маань намайг “Хангай овогтой говь” гэдэг юм. Зарим нь “Говь хүү сайн уу” л гэнэ. Би энэ нутгаас ханиа олсон. Дорноговийг хүргэндээ чөдөр гэдэг нь үнэн юм шиг санагддаг. Өвөрхангайн хүн Ш.Ёндонноров дарга, мөн Завханы гаралтай, урд хэсэглэл хариуцсан хяналтын байцаагч байсан А.Цэдэн гуай, Ховдоос ирсэн Замын-Үүдийн орлогч дарга байсан Ч.Сангидорж гуай гэхчлэн говиос эхнэр аваад эндээ амьдарч буй ахмадууд ч олон байна. Би нэг хэсэг Тээврийн хяналтын албаны Тээвэр зохион байгуулалт хариуцсан хяналтын байцаагч болж хот орсон шүү дээ. Гэтэл буцаад л говьдоо ирчихсэн. Хадам аав маань Баянхонгорынх, оюутан байхдаа Дорноговийн Улаанбадрахаас эхнэр аваад л говьд ирсэн гэдэг. Миний хувьд говьдоо ажиллаж гавьяандаа гарсны дараа хангай нутагтаа очно доо гэж боддог юм.

 

Мэдлэг, чадвар, сэтгэл гурав маш чухал

 

-Говийн төмөр замчид УБТЗ-ын тээврийн багагүй хэсгийг гүйцэтгэдэг. Ажил ихтэйн дээр залуучуудын шилжилт хөдөлгөөн ч сүүлийн жилүүдэд ихсэж байна. Нэг л мэдэхэд урд хэсгийн удирдах ажилтнуудын хамгийн ахмад нь би боллоо. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал бол төмөр замчдын хамтын хөдөлмөр, нэг санаа, зорилго, хариуцлагын үр дүнгээр хангагддаг. Аюулгүй байдлыг хангаж, амжилттай ажиллахын тулд төмөр замчин хүн мэдлэг, чадвартайн дээр сэтгэлтэй байх хэрэгтэй. Мэдлэгтэй ч чадваргүй бол хэцүү. Мэдлэг, чадвар нь байгаад сэтгэлгүй бол бас л ажил явахгүй шүү дээ. Би залуучуудад энэ гурвыг л чухалчлан зааж, зөвлөж, сануулж явдаг. Говийн бүсэд ажиллаж буй төмөр замчдын тогтвор суурьшлыг бий болгохын тулд цалин гэхээс илүү нийгмийн асуудалд Замын захиргаа анхаарч байна. Цаашид ч энэ бодлогоо улам сайжруулж хэрэгжүүлэх нь зүйтэй. Хангайгаас ирсэн залуусыг ажлаа овоо гайгүй сурлаа гэж байтал буцаад явчихдаг. Тиймээс салбар нэгжүүд ч ажилтнаа тогтвортой байлгахад маш сайн анхаарах хэрэгтэй. Шинэ залуусаа ажилд сургаж, суурийг нь зөв тавьж өгөх нь хамгийн чухал.

 

М.Наранболд