Мэдээлэл технологийн албаны дарга Х.Анартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд УБТЗ-ын хэмжээнд цахим шийдлийг олноор нэвтрүүлж байгаа. Одоогоор хэдэн төрлийн цахим шийдэл төмөр замын тээврийн үйлчилгээнд бүрэн нэвтрээд байна вэ?
-УБТЗ-ын байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах.Төмөр замын тээврийн үйлчилгээнд иргэд, үйлчлүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлж, үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй болгох. Цахим үйлчилгээг хөгжүүлж, нэвтрүүлэх замаар мэдээлэл технологийн дэд бүтэцтэй болж тээврийн зах зээлд ашиглахад чиглэсэн хэд хэдэн ажлыг манай хамт олон гүйцэтгээд байна.Мэдээллийн технологийн албаны хувьд манай программ зохиогч инженерүүд нийт 68 программ хангамжийн хөгжүүлэлтийг хариуцан ажиллаж байна.
-Та бүхний нэвтрүүлсэн ямар үйлчилгээ хэрэглэгчдэд хамгийн хүртээмжтэй байна вэ?
-Хамгийн олон хэрэглэгчтэй цахим үйлчилгээнээс хоёр гол программыг товч танилцуулъя л даа. Нэгдүгээрт, Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем буюу АТҮЦС. Энэхүү цахим үйлчилгээг нэвтрүүлснээр төмөр замаар ачаа тээвэрлэх үйлчилгээг илүү түргэн шуурхай болгосон. Хүний оролцоог багасгаж, ачаа тээврийн үйл ажиллагаанд оролцож буй хүмүүсийн ажлыг автоматжуулж, ажлын уялдаа холбоог сайжруулах боломж бүрдсэн. Мөн дотооддоо өртөөдийн бичиг баримт боловсруулах ажлыг хөнгөвчилж үйлчлүүлэгчид хүндрэл чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх зэрэг маш олон дэвшилтэт үр дүнд хүрч байгаа юм. Цаашид ч илүү хөгжүүлэлт хийнэ. Улам боловсронгуй болгоно. Хоёрдугаарт, Зорчигч тээврийн үйлчилгээний систем буюу ЗТҮС. УБТЗ-ын хэмжээнд зорчигч тээврийн цахим үйлчилгээний системийг нэвтрүүлснээр хэрэглэгч дэлхийн хаанаас ч тасалбар захиалах боломжтой болсон. Ингэснээр аяллын маршрутыг сонгох, цаг хугацаа хэмнэх, төлөвлөх, галт тэрэгний мэдээлэлтэй танилцах гээд олон талын ач холбогдолтой. Эдийн засгийн хувьд ч хэмнэлт хийх давуу талыг хэрэглэгчид олгож буйгаараа онцлог юм. Уг цахим системийг ашигласнаар хүний оролцооноос хамаарсан алдаа, дутагдал арилна. Жишээ нь, тайлан мэдээ буруу гардаг дутагдал арилж, эдийн засгийн хувьд олон талаар хэмнэлт үүсэж, үр ашиг нэмэгдэх боломжтой болж байна.
-УБТЗ-аас нэвтрүүлж байгаа цахим шийдлүүд дээр хэрэглэгч, үйлчлүүлэгчээс ямар нэгэн гомдол, чирэгдэл гарсан уу?
-УБТЗ-аар үйлчлүүлж байгаа хамгийн их эрэлттэй хоёр үйлчилгээг би сая дурдлаа. 2018 оноос эхлэн энэ хоёр цахим үйлчилгээг нэвтрүүлж эхэлснээс хойш хэрэглэгчид ам сайтай байх болсон. Эдгээр системтэй холбоотой санал хүсэлт ч маш их ирж байна. Бид санал хүсэлтийг үндэслэн үйлчилгээндээ байнга хөгжүүлэлт сайжруулалт хийдэг. АТҮЦС-ийг ашиглан 2021 онд 1686 захиалга хийсэн бол 2023 оны эхний улирлын байдлаар 2850 захиалга хийгээд байна. ЗТҮС-ийг ашиглан 2022 оны нэгдүгээр сард УБТЗ-аар үйлчлүүлж байгаа нийт 114.227 зорчигчийн 87.386 нь буюу 39 хувь нь цахимаар тасалбар захиалсан.Энэ оны хоёрдугаар сард 150.748 зорчигч зорчсоны 84.020 буюу 55.73 хувь нь цахим үйлчилгээг ашигласан статистик гарсан. Энэ статистик тоо баримтаас дүн шинжилгээ хийвэл дээрх хоёр төрлийн цахим үйлчилгээг хэрэглэж байгаа хэрэглэгчийн тоо тогтмол өссөн харагдаж байгаа юм.
-Зөвхөн үйлчилгээ төдийгүй хяналт, шалтгалтын арга барилыг ч цахим руу шилжүүлж байгаа шүү дээ?
- “Е-НОРМАТИВ”, цахим норматив программ хангамжийг дурдаж болно. Энэхүү цахим хяналтын системийг салбарт нэвтрүүлснээр интернэт орчинд гар утас, таблет, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг ашиглан хаанаас ч нормативыг гүйцэтгэх боломжтой болсон. Ялангуяа, үйл ажиллагаатай холбоотой судалгаа дүн шинжилгээг гаргахад маш хялбар болж байгаа юм. “Е-НОРМАТИВ” цахим хяналтын системийг бүрдүүлснээр нормативын гүйцэтгэл, чанар дээшилж, хяналт шалгалтуудын үр дүн нэмэгдэж, хөдөлгөөний аюулгүй байдалд дэвшил гарна гэж харж байгаа.
-Үндсэн хэрэглэгчид болох төмөр замчид цахим шийдлүүдтэйгээ ажиллаж сурахад хэр хугацаа шаарддаг вэ?
-Үндсэн хэрэглэгчид болох УБТЗ-ын хэмжээнд ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд бидний нэвтрүүлсэн бүтээгдэхүүнүүд дээр богино хугацаанд суралцаж чаддаг. Учир нь, бид бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ хэрэглэгч юу хүсэж, ямар үр дүн хүлээж байгааг нь ажлын даалгавар хэлбэрээр тухайн гол хэрэглэгчээс авдаг болохоор бүтээгдэхүүн нэвтэрсний дараа ашиглахад хүндрэл гараад байдаггүй.
-Эдгээр шийдлийг ашигласнаар чухам ямар үр дүн гарч байна вэ?
-Дээрх цахим үйлчилгээнүүд бүгд тус тусын үр дүн давуу талтай. Цаашид ч олон үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж ажиллах шаардлага үүснэ. Ер нь, аливаа үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр нээлттэй ил тод байдал нэмэгддэг. Ажлын давхардал төдийгүй үл ойлгоцол, хүнд суртал багасдаг. Үүнийгээ дагаад элдэв төрлийн хардалт үүсэх, хэн нэгэнд давуу байдал олгох нь ч арилдаг. Ингэснээр эдийн засгийн үр өгөөжтэй гэх зэрэг олон давуу талыг бий болгодог. Орчин цагт нийгмийнхээ хөгжлийг дагаад бүх зүйл ил тод байхыг шаардах болсон шүү дээ. Энэ шаардлагыг гагцхүү цахим үйлчилгээ л хангаж чадна. Нөгөө талаар, цахим шийдлүүдийн үр өгөөжийг мөнгөн дүнгээр нарийн гаргахад хүндрэлтэй. Мэдээж, хамгийн наад зах нь,цаас хэвлэх, орон тоо, цалин мөнгө гээд олон төрлийн зардал хэмнэгдэнэ. Хамгийн гол нь, цаг хугацааг хэмнэх нь эдийн засгийн хувьд маш том хэмнэлт юм.
-Цаашид нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа цахим шийдлүүдийн тухайд тодруулна уу?
-Мэдээллийн технологийн шинэчлэлтийг УБТЗ-ын тээврийн нэгдсэн үйлчилгээнд нэвтрүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ. Улмаар тээврийн болон байгууллагын цахим удирдлага /цахим засаглал/-ын найдвартай дэд бүтцийг бий болгоно. Энэ бүхний үр дүнд мэдээллийн үр өгөөжийг тасралтгүй нэмэгдүүлэх замаар оновчтой арга, шилдэг технологийг нэвтрүүлсэн, мэдлэгт суурилсан бизнесийн үйл ажиллагаатай, ногоон хөгжлийг хангасан төмөр замын байгууллага болох гол зорилт тавиад байна.
-Мэдээллийн аюулгүй байдал хамгаас чухал. Энэ чиглэлд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Бид энэ чиглэлээр нэгдүгээрт, Төрийн үйлчилгээний нэгдсэн портал болон төрийн үйлчилгээний платформоор дамжин тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсын Төрийн болон төрийн өмчит байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд харилцан холбоотой ажиллах дундын хамгаалалттай сүлжээнд холбогдсон байх. Хоёрт, цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах, сүлжээний зохион байгуулалтыг боловсронгуй болгох, мэдээлэл хадгалах, хамгаалах, ашиглахтай холбогдсон цахим хэрэглээг хөгжүүлэхэд шаардлагатай стандартын жагсаалт, дүрэм, журмыг боловсруулан батлуулах гэсэн бодлого дэвшүүлэн ажиллаж байна.
-Цахим шийдэл бүрийн ард IT инженерүүд ажиллаж байгаа. Боловсон хүчний хүрэлцээ хангамж хэр хэмжээнд байна вэ?
-Одоогоор манай IT инженерүүд маш их ачаалалтай ажилладаг. Нэг инженерт дунджаар 10 програм хөгжүүлэх, шинээр хийх ажил ногдож байна. Энэ нь ажлын гүйцэтгэл удаашрах гол шалтгаан болдог. Сүүлийн жилүүдэд ямар ч салбарт цахим шийдэл эрэлхийлэх болсон. Нийгэмд IT инженерүүдийн эрэлт ихсэж байгаатай холбогдуулан чадвартай инженерүүдийг олох, тогтвор суурьшилтай ажиллуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна.
-IT инженер, программистуудын эрэлт хэрэгцээ зах зээлд их, хөдөлмөрийн хөлсний үнэлгээ ч харьцангуй өндөр шүү дээ. УБТЗ-ийн хүний нөөцийн бодлого үүнтэй хэр уялдаж байгаа вэ?
-Нийгмийн бүхий л салбарт цахим эрэлт хэрэгцээ өсөж байгаатай холбогдуулан энэ салбарын инженерүүдийн эрэлт хэрэгцээ огцом нэмэгдсэн. Үүнийгээ дагаад ажлын үнэлгээ хэд дахин өссөн. Одоогийн УБТЗ-ын хүний нөөцийн бодлого, цалин урамшууллын системд тааруулж чадварлаг инженер ажиллана гэдэг бодит байдал дээр ямар ч боломжгүй. Яалт ч үгүй, энэ салбарт олон жил ажилласан инженерүүдээ алдчихгүй юмсан гэсэн зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Хүний нөөцийн бодлогын хувьд энэ салбарт яаралтай өөрчлөлт шинэчлэлт хийхгүй бол цаашдаа ачаалал, ажлын цар хүрээнээсээ хамаараад ажилтан албан хаагчдыг ажиллуулахад бодитой эрсдэл үүсэх магадлал өндөр байгаа. Хүний нөөцийн бодлогын хувьд орон тоог нэмэгдүүлэх, цалин урамшууллын хувьд хийж хэрэгжүүлж байгаа ажилтай уялдуулан шинэ системд оруулах зайлшгүй шаардлага бий.
-Ер нь, техник технологийн салбарт цахим шийдэл эрчимтэй нэвтэрч байгаа цаг үеийн энэ шаардлагыг шийдэх гарц гаргалгаа нь юу байна вэ?
-Шийдэл нь маш тодорхой. Нэгдүгээрт, ажлын байрны орон тоог яаралтай нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, инженерүүдийн хийж байгаа гүйцэтгэл, ур чадвартай нь уялдуулсан цалин, урамшууллын системийг бий болгох. Гуравдугаарт, инженерүүдийн ашиглаж буй тоног төхөөрөмж нь хийж байгаа ажилд нь тохирсон өндөр үзүүлэлттэй, мэргэжлийн байх. Эцэст нь, ажилтнуудын нийгмийн баталгааны хөтөлбөр маш тодорхой байх.Ингэсэн цагт бид чадварлаг боловсон хүчнүүдийг тогтвортой ажиллуулах боломжтой.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Б.ДЭЛГЭРХИШИГ