Малчид нэгэн үе “Охиноо их сургуульд явуулъя. Харин энэ нь эрэгтэй хүүхэд юм чинь малаа дагахад аяндаа болно” гээд хөвгүүдээ дунд сургууль төгсгөөд гаргах нь элбэг байлаа. Одоо ч бараг хэвээрээ биз. Намар, намарт л үеийн охид нүүдлийн шувууд шиг “нисэн” оддог байж билээ. Зуны амралтаар бүгд хот газрын хэв маяг, ааш аяг суучихсан, тоостой орчинд гоёдохоор, тостой гараар хүрэмгүй гунхсан хүүхнүүд ирнэ. Эхэндээ үеийн хөвгүүдтэйгээ бараг тэврэлдэж уулзсан бол эцэстээ зүгээр л мэнд мэдэн гар барьцгааж намжирдана. “Энэ охид ч хотжоод, илүү ганган хээнцэр залуустай нөхөрлөөд ирэхээр хөдөөний мань хэд нь гологддог байлгүй дээ” гэж бид ярилцана. Гэтэл жил ирэх тусам нутаг усандаа буцаж ирэх охид цөөрсөөр, эцэстээ бүгд л аймаг, хотод суурьшсан дуулдана. Энэ мэт намар бүр охид үе үеэрээ “ниссээр”, харин хөвгүүд нутгаа сахиж үлдсээр...
Ээж маань нэг зун “Богоч уруудаад тод цоохор плажтай охин тугал эргүүлж явах юм. Хэний охин ирсэн юм бол доо” гэхэд нь гарч харвал цоохор эрвээхэй нисэж явна уу гэмээр, сүүлийн хэдэн жилд харагдаагүй Туяамаа ирсэн байх нь тэр. Энэ агшинд Ар булагийн ширгүү, Богочны энгэр, ер нутаг маань өнгө орсон мэт санагдаж билээ. Цэнхэр цэцгэн хээтэй тод цагаан даашинз, нарны том цагаан бүрх малгай өмссөн түүнийг Ар булагийн ширгүү рүү далдран ортол зүрх түг түг цохилж, хажуу дахь үхэр тэргэн дээр гарч харах гэснээ гэрийнхнээсээ санаа зовж зогссоноо санаж байна. Тэр өдөр Туяамааг Хятруун голоос ус авч байгааг нь, гэрийнхээ гадна ааруул зүсэж суугааг нь гээд орж гарах бүрд нь дурандаж, очиж уулзах шалтаг хайсаар ололгүй үдэш болгосон сон. Тооноор одод анивалзаж, шөнийн тэнгэр үлгэрийн мэт харагдаж, “Туяамаа бас унтахаар хэвтэж байгаа даа. Орой намайг үхэр хурааж явахад харсан болов уу” гэж бодож хэвтсэн минь саяхан мэт. Одоо эргэн дурсахад тэр шөнө хорвоогийн хамгийн урт шөнө байсан санагдана.
М.Наранболд