Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан УБТЗ-ын удирдлагууд хамгийн өндөр настнууд болох 104 настай ахмад төмөр замчин Ш.Цээрэв, түүний гэргий О.Дуламсүрэн болон 100 настай ахмад төмөр замчин Ш.Цэрэндулам нартай золгосныг бид өмнө нь мэдээлсэн.  Тэгвэл хамгийн өндөр настай төмөр замчнаар нэрлэгдээд байгаа Шаравын Цээрэв гуай нас сүүдэр 104 хүрч байгаа аж. Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул тэрбээр 1951 онд нутгаасаа төмөр замын илгээлт өвөртлөн ирж Замын I ангид замчнаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ. Тус ангид замчин, бригадын дарга, замын мастераар ажиллаж байгаад улмаар ЗЗМС-д шилжин мастераар ажиллаж байгаад 1982 онд өндөр насны тэтгэвэрт гарчээ.

Түүний эхнэр О.Дуламсүрэн Замын III ангид замчин, төмөр замын худалдаанд үйлчлэгч зэрэг ажлыг 20 гаруй жил хийсэн ажээ. О.Дуламсүрэн гуай нас сүүдэр 90 хүрч байгаа юм байна.

Ш.Цээрэв гуайнх 13 хүүхэдтэй, 40 гаруй ач зээтэй болжээ. Өдгөө тав дахь үеэ үзэж буй буурал замчин УБТЗ-ын удирдлагууд шинийн хоёронд ирж золгон хүндэтгэсэнд туйлын баяртай байгаагаа илэрхийлж, төмөр замчдынхаа ажил үйлсэд амжилт хүслээ.

Түүнчлэн, Ш.Цээрэв, О.Дуламсүрэн гуай нар УБТЗ-ын Ахмадын холбооны дарга, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун, ЗЗМС-ын удирдлагууд, тус байгууллагын Ахмадын зөвлөлийн дарга Д.Долгоргив нар байнга санаа тавьж байдагт баярлаж явдгаа илэрхийлсэн юм.

Мөн энэ жил 100 насны сүүдэр зооглож буй ахмад төмөр замчин Ш.Цэрэндулам гуай 1924 онд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төржээ. Тэрбээр,1952 оноос Замын I ангид боловсон хүчний байцаагчаар, 1954 оноос Зүүнхараа дахь Мод боловсруулах үйлдвэрт аж ахуйн даргаар, 1957 онд Төмөр замын техникумд бичиг хэргийн бичээчээр ажиллаж байж. Мөн 1958 онд Соёлын ордонд заалны эрхлэгчээр ажиллаж байгаад 1968 онд ЭХУХ-ийн I анги байгуулагдахад бичиг хэргийн бичээчээр ажиллах болсон байна.

 

 

Түүнчлэн, төмөр зам дагуу цахилгааны шугам татах ажил эхлэхэд Анасовын бригадын тогоочоор томилогдон ажиллаж, 1969 оны арваннэгдүгээр сараас дизелийн бригадын вагоны үйлчлэгч-тогоочоор ажиллаж байгаад гэр бүлийн хүн А.Нацагнямыг Замын-Үүд цахилгаан станцын механикчаар томилогдоход хамт явжээ. Замын-Үүдэд Олон нийтийн байгууллагын бичээчээр ажиллаж байгаад Намын хорооны шийдвэрээр Замын-Үүдийн вокзалын рестораны ахлах тогоочоор томилогдож, 1973 онд Замын-Үүдийн цахилгаан станцад гэрлийн байцаагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан байна. Улмаар, 1976 онд Ш.Цэрэндулам гуайн гэр бүлийн хүн Сайншандад ЭХУХ-ийн II анги байгуулагдахад механикчаар томилогдсон тул тус ангид бичээч- мөнгөний нярваар ажиллаж байжээ.

Тэднийх нэг хүү, есөн охинтой айл аж. Ш.Цэрэндулам гуай тав дахь үеэ үзээд байгаа агаад өдгөө үр хүүхдүүд нь 170 орчим болсон гэлээ. Ш.Цэрэндулам гуайн үр хүүхдүүд дотор үе удам дамжсан 60-аад хуульч байдаг ажээ.