“Аюулгүй байдал ба байгууллагын соёл” зөвлөгөөн өнгөрсөн сард болсон билээ.  Зөвлөгөөний үеэр болсон хэлэлцүүлэг хамгаалалтын бүс, гармын аюулгүй байдалд гол анхаарал хандууллаа. Хэлэлцүүлэгт ХНН УБТЗ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдал эрхэлсэн орлогч дарга Ш.Нямсүрэн, Зам тээврийн яамны Салбарын хяналт хариуцсан ахлах шинжээч Д. Батхүү, УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны орлогч дарга Т.Батдорж, Тээврийн прокурорын ахлах прокурор Д.Дамдинсүрэн: МТЗ ТӨХК-ний ерөнхий инженер Т.Батзориг, Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Г.Эрдэнэсүх нар оролцож, санал бодлоо илэрхийллээ.

 

УБТЗ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдал эрхэлсэн орлогч дарга Ш.Нямсүрэн:

 

Салаа замууд дээр гарч байгаа гологдол дутагдлыг арилгахын тулд Замын даргын үүрэг, шийдвэрээр холбогдох тушаалыг гаргаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зам арчилж байгаа байгууллагатай тухайн салбар зам эзэмшигч, өртөөний удирдлага, замын ангиас комисс томилж,  улирал бүр салбар замууд дээр техникийн үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд тэргэнцрээр шалгалт хийх болсноор далд ноцтой гэмтлийг илрүүлэхэд ихээхэн ахиц гарлаа.

 

Зам тээврийн яамны Салбарын хяналт хариуцсан ахлах шинжээч Д. Батхүү:

 

Салбар төмөр замуудад Зам тээврийн яамны зүгээс ямар хяналт тавьдаг.

Салбар төмөр замын арчлалт, сэлгээний бригадад гэрчилгээжүүлэлт чухал байгаа. Сэлгээний бригадын машинч, туслах машинч, найруулагч гэх мэт ажилтнуудыг гэрчилгээжүүлэх ажил бүрэн хийгдэж чадаагүй байна. Яахав томоохон аж ахуйн нэгжүүд гэрчилгээгээ авсан байгаа. Зарим нэг аж ахуйн нэгжүүд шаардлага хангаж чадахгүй байгаа учраас гэрчилгээгээ авч чаддаггүй. Арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь зогсооё гэхээр цаана нь төрийн өмчийн байгууллага байдаг тул хүндрэл учирдаг. Салбар замын хувьд гурван жилд нэг удаа гэрчилгээжүүлнэ гэсэн заалт бий. Тэр болтол суурь бүтэц хариуцсан байгууллага, аж ахуйн нэгж хоёр харилцаад явна гэсэн заалттай байгаа. Зам тээврийн яамны салбар зам хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан байгаа.   2025 ноос Төмөр замын агентлаг байгуулагдсанаар тавигдах хяналт дээшлэх байх аа.

 

УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны орлогч дарга Т.Батдорж:

 

 -Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх үйл ажиллагааны бараг 90 гаруй хувь төмөр замчдад чиглэсэн байгаа. Гарц гармаар өнгөрч байгаа жолооч, явган зорчигчдод аюулгүй зорчих талаар нөлөөллийг ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна.Төмөр замын аюултай бүсэд осол, зөрчил гаргасан жолооч, зорчигч нарыг холбогдох хуулиар арга хэмжээ авч торгоод өнгөрдөг. Тэр торгуулийн мөнгө нь төрийн сан руу шууд шилждэг. Гэтэл төмөр замын байгууллага хохироод үлддэг, ажилтнууд нь зогсолт хийсэн гээд цалингаасаа суутгуулахад хүрдэг. Энэ хооронд төмөр замын байгууллагад өр авлагын асуудал үүсдэг. Үүнийг шийдвэрлэх арга зам олох хэрэгтэй байна. 

 

Зам тээврийн яамны Салбарын хяналт хариуцсан ахлах шинжээч Д. Батхүү:

 

Төмөр замын гармыг нээх, хаах асуудлаар Зам тээврийн яаманд хандсан албан бичиг, өргөдөл, гомдол олон ирдэг. Үүнийг шийдвэрлэхийн тулд хөдөлгөөний аюулгүй байдлын үүднээс хаана хаанаа дүрэм журмаа баримталж, хэрэгжүүлдэг байя гэсэн зарчмыг бид баримталдаг. Хүсэлт тавиад байгаа нөгөө талын сонирхогч этгээдтэй зарчимаа баримталж хатуу зогсох нь чухал юм. Зам тээврийн яаманд  хандсан хаалттай гармыг нээе, хаах гэж байгаа гарамыг хаалгахгүй байя гэх мэтээр иргэд оршин суугчид, тэдний төлөөлөл болсон УИХ болон НИТХ-ын төлөөлөгч, бусад төрийн өндөр албан тушаалтнуудаас маш олон албан бичиг өргөдөл ирсэн. Үүнийг тэдний хүссэнээр шийднэ гэвэл бэрх. Иймд биднийг хамгаалж байгаа гол зүйл болох хууль, дүрэм журмаа ягштал баримталж, УБТЗ-аас гаргаж өгсөн гарам дээр гараад байгаа осол аваарыг бодит баримтад тулгуурлаж асуудлыг тайлбарлаж, ойлгуулахыг хичээж ирлээ. Ингэснээр тэдний зүгээс дахин дахин  асуудал тавихаа больсон. Энэ бол шийдвэр гаргах түвшинд мэдээллийг сайн хүргэж, хамтарч ажиллаж чадвал үр дүнд хүрдэг энгийн жишээ юм.

 

Төмөр замын цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Г.Эрдэнэсүх:

 

Төмөр замын гармын талаар хүмүүсийн ойлголт муу байна. Орон нутгийн удирдлагууд ч мэддэггүй юм билээ.  Гэтэл тухайн сум орон нутгийн иргэд, хүүхдүүд өдөр бүр төмөр замын гармаар гарч байна. Аюулгүй байдлын дүрэм журмыг мэдэхгүй байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар орон нутгийн удирдлагуудад тодорхой үүрэг ногдсон байгаа. Иймд сургагч багш нарыг бэлтгэх шаардлагатай байна.  Зөрчил дутагдал болгон жолооч зорчигч нарын буруу биш. Төмөр замын хаалт, хашлага, дохиолол бүрэн ажиллаж байна уу, стандартын шаардлага хангаж байна уу гээд асуудал бий. Жолооч нарын анхаарлыг татах, сэрэмжүүлгийн шинэ санал санаачилга гаргамаар байна. Манай зүгээс гармын аюулгүй байдал, нэвтрэх чадварыг дээшлүүлэхийн тулд цагдаагийн сэрэмжлүүлэг дохиог Замын-Үүд, Багахангайд тавьсан нь маш үр дүнтэй болсон. Цаашид ийм маягаар сэрэмжлүүлэг дохиог суурилуулахын тулд стандарт, дүрэм батлуулах шаардлагатай байгаа.  

 

Тээврийн прокурорын ахлах прокурор Д.Дамдинсүрэн:

 

Мал бүхий иргэд төмөр замын аюулгүйн бүсэд шахаж буух, хориг хашаа руу мал, амьтан нэвтрэх гэх мэт зөрчил их гаргадаг. Зөрчлийн тухай хуулийн дагуу ердөө 100 мянган төгрөгөөр л торгох заалттай байгаа. Мөн төмөр замын гарам дээр жолооч, явган зорчигчид их зөрчил гаргаж байна. Хэдийгээр УБТЗ-ын зүгээс аюулгүй байдлыг хангахын тулд олон жил хийж байгаа боловч гарам дээрх зөрчлийн тоо буурахгүй байна.  Энэ нь төмөр замын аюултай бүсэд амьдарч байгаа мал бүхий иргэд, жолооч, зорчигч нарын аюулгүй байдлын соёл муу, тэдэнд нөлөөлөх ажил хангалтгүй байгаатай холбоотой.  Нөгөө талаар Зөрчлийн тухай хуульд заасан торгуулийн хэмжээ хэт бага байгаа учраас зөрчил гаргасан хүмүүст нөлөөлөл үзүүлж чадахгүй байна. Иймд Зам тээврийн яам болон Хуульзүй, дотоод хэргийн яаманд хандаж Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулж, торгуулийн хэмжээг нэмэгдүүлэхээр саналаа хүргэсэн байгаа. 

 

МТЗ ТӨХК-ний ерөнхий инженер Т.Батзориг:

 

Манай компанийн төмөр замыг 2023 оны наймдугаар сарын 16-ны өдөр улсын комисс хүлээж авсан. Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд тээвэр хийхэд нэлээд саад бэрхшээл тууллаа. Замын арчилгаа үйлчилгээ, вагон болон зүтгүүрийн засвар арчилгаа гээд их ажил хийлээ.

Ер нь шинэ төмөр замууд байгуулагдаж байгаатай холбогдуулан хоорондын уялдаа холбоог нь сайжруулахын тулд аюулгүй байдлын дүрэм журмаа шинэчлэх шаардлагатай байна. Хэдийгээр бид өөр өөрсдийн суурь бүтцээ эзэмшиж байгаа боловч эдгээр зам дээгуур янз бүрийн хэвшлийн зүтгүүр, вагон явж байна.

Төмөр замын аюулгүй байдлын хүрээнд  мал, амьтны хөдөлгөөнтэй холбоотой асуудалд анхаарал хандуулж ирсэн. Одоогийн байдлаар зэрлэг ан амьтантай холбоотой асуудал гараагүй харин мал дайрагдах тохиолдол хэд хэд гарсан. Орон нутгийн иргэдэд төмөр замын аюулгүй байдлыг хангах дүрэм, журмын талаар ойлголт мэдлэг өгөх, хууль дүрмийг сахиж мөрдөх шаардлага тавихад нэлээн зөрчил гарч байна. Энэ жил 100 км хориг хашаа барьсан, ирэх жил 200 км хориг хашаа барина. Цаашдаа нийт замынхаа 50 хувьд хориг хашаа барихаас аргагүйд хүрээд байна. Түүнчлэн сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлж байна. Тухайлбал, зам дээр байгаа машин, мал, амьтныг мэдрэх багажийг зүтгүүртээ суурилуулсан.

 

УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны орлогч дарга Т.Батдорж:

 

Энэ ташрамд сонирхуулахад Японы Хоккойда мужийн төмөр зам дээр буга маш их дайрагддаг байжээ. Иймд газарт нь чонын шээстэй адилхан үнэртэй бодисыг цацсанаар дайрагдах нь багассан гэдэг. Мөн Австралийн галт тэрэгнүүд Кенгерү үргээдэг тусгай дуу чимээ гаргаж явдаг. Иймэрхүү зүйлийг бид зүгээр сонсоод өнгөрч болохгүй.

 

Зам тээврийн яамны Салбарын хяналт хариуцсан ахлах шинжээч Д. Батхүү:

 

Манай газарт хүндрэл учруулж байгаа нэг гол асуудлын нэг бол хориг хашаа. Төмөр замын тухай хуульд хориг хашаатай байна гээд заачихсан байдаг. Байгаль орчны яамны зүгээс хориг хашаа байх ёсгүй гээд шаарддаг. Уг нь ан амьтан, мал нэвтрэх гарц гармыг хаагуур гаргахыг орон нутгийн захиргаа болон байгаль орчны байгууллагатай зөвшилцөнө гэсэн зөвлөмж л байгаа. Түүнээс биш хориг хашаа байх ёсгүй гэсэн хууль эрхзүйн заалт огт байхгүй.  Ер нь, төмөр замын хамгаалалтын бүсийн зөрчлийг хашаатай байсан, хашаагүй байснаас үл хамаарч хуульчилсан байгаа.