Монгол-Оросын Хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсанаас хойш 75 жил өнгөрч, энэхүү түүхт ойг тэмдэглэх үеэр  хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон энэ хамт олон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх хүндтэй алдрыг хүртэв. Мөдхөн,  Монгол, Орос дайчдын бүлээн цусаар гагнагдсан дайчин нөхөрлөлийн илэрхийлэл болсон Халх голын ялалтын 85 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх нь. Үүнийг бичигч миний бие     Эрчим хүч, ус хангамжийн төвийн ахлах инженер, “номын садан” эрхэм дүү Ө.Ууганжаргалын хамт тэртээ Халх голыг зорив. Гол нь Баянтүмэн-Тамсагбулагийн нарийн төмөр замын ул мөрөөр явж, эх орны маань бүрэн эрхт байдал тусгаар тогтнолд чухал үүрэг гүйцэтгэсэн уг замаас ямархуу ул мөр үлдсэнийг тодруулах гэж тэр л дээ.

 

                                      НАРИЙН ТӨМӨР ЗАМ ИНГЭЖ БАЙГУУЛАГДСАН

 

   1939 оны хоёрдугаар сарын сүүлчээр Соловьевск-Баянтүмэний 238 км өргөн, Баянтүмэн-Тамсагбулагийн 380.5 км нарийн төмөр замын барилгын ажлыг зураг төсөл, төсөв боловсруулах ажилтай зэрэгцүүлэн, ЗХУ-ын ДЯЯ-ны харьяа  төмөр замын IV болон IX хороо, 62 дугаар тусгай батальоны цэрэг, дайчид төмөр замын туршлагатай инженер В.И.Платовын удирдлагаар нь эхэлж, 76 хоногийн дараа буюу 1939 оны зургаадугаар сарын эхээр фронт руу ачаа тээвэрлэн хүргэх боломжтой болсон аж. Зөвлөлт Засгийн газар уг замын бүтээн байгуулалтад онцгой ач холбогдол өгч, Бүрэн эрхт төлөөлөгчийн газраа Баянтүмэн, Тамсагбулагт байрлуулсны зэрэгцээ өдөр тутмын удирдлагыг Зам харилцааны ардын комиссарын орлогч К.И.Филиппов гүйцэтгэж, хожим нь В.И.Лениний одонгоор шагнуулж байсан нь түүх бичлэгт үлджээ. Харин, уг замуудыг бүрэн дуусгаж, байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөд БНМАУ-ын Ерөнхий сайд А.Амар тэргүүтэй манай нам засгийн төлөөлөгчид, Зөвлөлтийн барилгачдын хамт оролцон, Чойбалсан хотын Баяннуурын баруун дэнж буюу одоогийн нефть баазын орчимд хөдөлмөрчдийн цуглаан хийж, цэргийн ачаатай анхны галт тэргийг хүлээж авсан байна. Мөн тэр үед буюу Октябрын хувьсгалын 22 жилийн ойн өдөр, Соловьевск-Баянтүмэний өргөн төмөр замыг орон нутгийн тээвэрт нээж, хөдөлмөрчдийн төлөөлөгчдийг суулган танилцуулах аялал  хийж байсан тухай нутгийн ахмадуудын дурсамжид өгүүлдэг юм билээ. Харин, Баянтүмэн-Тамсагбулагийн нарийн төмөр замыг Хэрлэн /Чойбалсан/, Улаанбулаг, Улаан-Үзүүр, Булагтайн худаг, Тамсагбулаг гэсэн таван өртөө, Ачаа давдаг, Өндөр худаг, Ямаат, Зүүнбулаг гэсэн дөрвөн зөрлөгтэйгээр Өвөрбайгалын цэргийн тойргийн 57 дугаар тусгай корпус, дараа нь тус тойргийн Г.К.Жуковын командалсан армийн бүлэг, хожим 17 дугаар арми хариуцан ашиглаж байжээ. Тухайн үед тус замаар хоногт 5-7 хос галт тэрэг, 25-40 км/цагийн хурдтайгаар явж, цэргийн ачаа тээвэрлэдэг байсан гэж, Баянтүмэн тасгийн даргаар 1973-1979 онд ажиллаж байсан ахмад төмөр замчин Б.Шаравжамц “Баянтүмэний төмөр харгуй”номондоо өгүүлсэн нь бий. Ийнхүү тус төмөр зам нь гүнээрээ 20-25 км, өргөнөөрөө 60-80 км буюу 1600 км2 талбайд үргэлжилсэн хатуу ширүүн тулалдаанд Зөвлөлт, Монголын цэргийг зэр зэвсэг, сум галт хэрэгсэл, бусад зүйлсээр хангах үүргээ зохих ёсоор биелүүлсэн аж.  Халх голын тэрхүү “алга дарамхан” газарт Зөвлөлт, Монголын цэргийн ерөнхий  давшилт эхэлсэн 1939 оны наймдугаар сарын 20 гэхэд хоёр талын 132000 цэрэг, 1100 шахам их буу, минемёт, 1300 гаруй танк хуягт, 1300 орчим сөнөөгч, бөмбөгдөгч болон тээврийн онгоц оролцсон их тулаан өрнөсөн юм. Тухайн үеийн нэг өдрийн агаарын тулаанд хоёр талаас 200 шахам онгоц нэгэн зэрэг хөөрөн тулалдаж байсан нь өөр ямар ч дайн тулаанд гарч байгаагүй тохиолдол гэж цэргийн түүхчид үздэг юм билээ. Халх гол сумын засаг дарга, дараа нь Ялалтын музейн захирлаар олон жил ажилласан Соёлын гавьяат зүтгэлтэн, Халх голын дайны түүх судлаач Л.Мягмарсүрэн уг дайны тухай чухам л хиншүү хярвас амтагдаж, дарь хүхэр үнэрттэл ярихдаа долоодугаар сарын эхний өдрүүдэд өрнөсөн Баянцагааны тулалдааны дараа буюу наймдугаар сарын 20-ны их давшилтын өмнө 18000 тонн их бууны сум, 6500 тонн онгоцны бөмбөг, 15000 тонн шатах тослох материал болон бусад шаардлагатай зүйлсийг тээвэрлэхэд олон зуун ачааны болон юүлэгч машины зэрэгцээ нарийн төмөр зам чухал үүрэг гүйцэтгэсэн тухай онцлон өгүүлж байсан. Тэгэхээр дайны дунд үеээс, Японы цэргийг бүслэн устгасан наймдугаар сарын 20-ны ерөнхий давшилтын ялалтаар өндөрлөсөн төгсгөл хүртэлх хугацаанд  уг замаар, зэвсэг техник, сум хэрэглэл, бэлтгэл хүчнийг галын шугамд хүргэж, галын шугамаас шархдагсдыг гарган Баянтүмэн, Чита хотын цэргийн эмнэлэгт хүргэх үйл ажиллагаа явагдаж байсан болох нь. Тэгээд ч Тамсагбулаг орчимд байх төмөр замын далангийн ул мөр, өртөө зөрлөг, түүний ойролцоох цэргийн байгууламжийн туурь зэрэг үүнийг баталж байв.

 

                                               ТАМСАГБУЛАГ ӨРТӨӨГ ТААМАГЛАХУЙД

 

Баянтүмэн-Тамсагбулагийн нарийн төмөр замын төгсгөлийн өртөө болох Тамсагбулаг өртөөний туурь Дорнод аймгийн Халх гол сумын төвөөс 110-аад км-ийн зайтай орших адил нэртэй ус ундарга сайтай булгийн зүүн дэнж дээр байх бөгөөд өртөөг энэ булгийн нэрээр нэрлэсэн аж. Буйдхан тал дээр содон харагдах өртөөний туурийн ойролцоо Орос цэргийнх бололтой дурсгалын сүрлэг хөшөө, хажууханд нь 30, 40 -өөр тоологдохуйц булш байх нь дайн болсон нутаг дэвсгэрийн хүрээ зөвхөн Халх голоор хязгаарлагдахгүйг илтгэнэ. Өртөөний туурийн үлдсэн хэсэг нь нэг том, хоёр гурван жижиг хэсэгт хуваагдсан нь зорчигчийн заал, өртөөний жижүүрийн байр, өртөөний даргын өрөө, зуухны өрөө зэрэг байсан бололтой. Ашиглалтаас гарснаас хойш 70 шахам жилийн хугацаанд энэ хиртэй зүйл үлдсэнийг бодоход барилгыг тун бат бөх байхаар бодож барьсан ажээ. Өртөө нь гол замаас гадна ачилт буулгалтын хажуугийн замтай байсан бололтой юм. Ойролцоохон сум, галт хэрэгслийн болон бусад материал хадгалах зориулалт бүхий тус бүр 50х10 орчим метрийн хэмжээтэй хоёр газар гэрийн туурь байх бөгөөд дотор ханыг нь чулуугаар өрж хүчитгэсэн нь мөн л бат бөх байдлыг чухалчилсаныг илтгэнэ. Хажуухан талд нь түлш шатахуун хадгалах зориулалтын бололтой дотрыг нь туж бетондсон нүхэн сав байх. Цаг хугацааны эрхээр шороо дүүрсэн болохоос нэлээд том эд байсан аж. Ө.Ууганжаргал бид хоёр тэндээс мухар замын ор мөр хайгаад олоогүйг бодоход галт тэрэг хажуугийн замаар орж, ачаагаа буулгачихаад шууд хөдөлдөг байсных болов уу. Амь өрссөн дайн тулааны үед сэлгээ хийж цаг алдахын хэрэг ч юу байхсан. Тус өртөөний замаас зүтгүүр эргүүлэх төхөөрөмж, эсвэл гурвалжин замын ул мөр хайгаад бас л олоогүй нь ерөөсөө зүтгүүрийг эндээ эргүүлдэггүй, 10 орчим км-ийн радиустай тойрог замаар галт тэргээ явуулж, эргүүлэн, өртөөнөөс хойд зүгт 10 шахам км-ийн зайд гол замтайгаа нийлүүлдэгт байжээ. Өртөөний ажилчид, цэргийнхний орон сууц болох байшин, газар гэрийн үлдэгдлүүд бараг ул мөргүй шахам болсон байв. Харин, нутгийн захиргааны байгууллагынхан тус туурийн дэргэдүүр өнгөрөх машин замын хажууд “Тамсагбулаг өртөө” гэсэн пайз босгосон нь  “За, ашгүй дээ...” гэх бодол төрүүлэв.

 

                                    Г.К.ЖУКОВЫН ШТАБ БОЛОН НАРИЙН ТӨМӨР ЗАМ

 

Тамсагбулаг өртөөнөөс зүүн тийш 10 гаруйхан км-ийн зайд Халх голын тулааны домогт жанжин Г.К.Жуковын командалсан Армийн бүлгийн штаб байрлаж байжээ. Штабын төв байр, удирдах бүрэлдэхүүний амьдарч байсан орон сууц гээд үргэлжилсэн урт нуувч, газар гэрүүдийн ормоор хүрээлэгдсэн хэд, хэдэн томоохон барилгын туурь үлдсэн аж. Г.К.Жуковын түмэнд түгсэн “Дуртгал бодол” номондоо “...Зургаадугаар сарын 05-ны өглөө Тамсагбулагт ирж, 57 дугаар тусгай корпусын  штабт ирж тус корпусын удирдлагатай уулзсан...” тухайгаа дурссаныг бодоход тэр үед эдгээр барилгууд баригдчихсан байсныг үгүйсгэх аргагүй билээ. Ямар ч л гэсэн Тамсагбулаг өртөөний гогцоо замын туурь энэ тэдгээр барилгын хажуухнаар өнгөрч хойд талд нь 10-аад км-ийн зайд орших цэргийн госпиталийн туурийн дэргэдүүр өнгөрөн, тав орчим км яваад гол замтайгаа нийлдэг байсан аж. Тэгэхдээ штабын болон госпиталийн дэргэд галт тэрэгний зогсоолтой байсан нь мэдээж ч ул мөр нь үндсэндээ бүрэн арилсан байв. Харин, тойрог замын гол замтай нийлсэн бэлчрийн ул мөр мэдэгдэхүйцээр үлджээ. Ямар ч л гэсэн эндээс Тамсагбулаг өртөөнд ачаа бараагаа буулгасан галт тэрэг тойрог замаар явж, штаб хүрэн, цэрэг офицеруудаа буулгаж, тэндээсээ хөдлөн госпитал хүрч шархтнуудыг тээвэрлэн гол замдаа орон, шуудардаг байж гэж таамаглав. Нарийн төмөр замыг 750 мм-ийн цариг бүхий Р-18 маркийн зам төмрийг модон дэргүйгээр швеллер төмөр дээр боож, зөвхөн суман шилжүүлгийг дүнзэн брус дээр хадаж тогтоосон байсан тухай ахмад замчид дурсан ярьсан байдаг. Зүтгүүрийн хувьд 157,159, ВП-1 серийн уурын тэрэгнүүдийг ашиглаж байснаас хожим 1949 оны үед 140-150 тонн ачаа татах хүчин чадалтай 3450, 3451 дугаартай хоёр уурын тэргийг задлан зөөж, Налайхад нүүрс тээвэрлэлтэд ашиглаж байсан түүх ч бий аж. Уг зүтгүүр нь Налайхын замд ашиглагдаж байсан 159 серийн зүтгүүрээс хүчин чадлаар ихэд давуу байсан учир тэр болов уу. Харин, уурын тэрэг болон өртөө, зөрлөгийн байгууламжуудад шаардлагатай нүүрсийг Улаанбулагийн /Улаан цэргийн ч гэж нэрлэдэг/өртөөнөөс өнөөгийн  Матад сумын урдхантай орших Зүүнбулагийн хүрэн нүүрсний уурхай хүртэл тавьсан 70 км нарийн төмөр замаар тээвэрлэдэг байсан аж.

 

                                         НАРИЙН ТӨМӨР ЗАМ ТАТАН БУУГДСАН НЬ   

 

1940-өөд оны сүүлчээр дэлхий нийтэд амгалан байдал тогтож, БНХАУ -д коммунист дэглэм тогтсон нь манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд эерэгээр нөлөөлж, Баянтүмэн-Тамсагбулагийн төмөр замын цэргийн тээвэр үндсэндээ зогсонги байдалд орон, 1956-1961 онд хадгаламжид тавигдаж, БНМАУ-ын СнЗ-ийн 1962 оны нэгдүгээр сарын 05-ны 06 тоот тогтоол, Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны 1962 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хурлын протоколоор уг замын 5.757 .000 төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий шугамаас 600.000 төгрөгийн зам төмрийг зүүн аймгуудын холбооны шугамыг барихад хөл хийхээр Холбооны яаманд, 381.000 төгрөгийн үнэ бүхий  98 нэр төрлийн тоног төхөөрөмжийг Чойбалсан / Одоогийн Дорнод/ аймагт тус тус нийлүүлэн, 40 нэр төрлийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг УБТЗ-д шилжүүлэн өгсөн байна.  Ийнхүү Халх голын тулалдаан, 1945 оны чөлөөлөх дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн Баянтүмэн-Тамсагбулагийн нарийн төмөр зам түүх, түүхийн судлагдахуун болон үлджээ.  

 

 

МУСГЗ Л.Сэнгээ