Зөвлөлтийн нэрт зохиолч Константин Симоновын ийм нэртэй роман бий. Тэрээр, Халх голын тулалдаанд “Баатарлаг улаан арми” сонины сурвалжлагчаар оролцон, тэр тухайгаа “Зэвсэг нэгтэй нөхөд” роман бичиж, хожим нь түүнийхээ үргэлжлэл болгон, эх орны их дайны сэдэвт “Үлдэгсэд, үрэгдэгсэд”, “Хал үзэж цэрэг болдог”, “Тэр жилийн зун” гэсэн гурамсан роман бичсэнээрээ нэрд гарсан алдартай зохиолч билээ. Түүний бичсэн “Намайг хүлээ” шүлэг ч фронтын нуувч, цэрэг эрсийн халаасанд байж, дайны дөрвөн жилийг үдсэн гэдэг. Эдгээр романуудад цухас, цухасхан дурдагдах ч тэр бүрдээ уншигчдын сонирхлыг татаж, ухаарал төрүүлдэг нэг дүр бол маршал Г.К.Жуков билээ. Аливаа дайн, тулааны ялалт, удирдсан жанжных нь эр зориг, авьяас билэг, ур чадвараас шууд хамаардаг учир Халх голын ялалтыг Георгий Константинович Жуков хэмээх энэ алдартай жанжны нэртэй холбон үзэх нь зүй ёсны хэрэг. Жирийн нэг тариачны хүү, үслэг эдлэлийн үйлдвэрийн туслах ажилтнаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн түүний тухай олон арван ном зохиол, нэрд гарсан хүмүүсийн дурсамжид дэлгэрэнгүй өгүүлсэн тул олныг нурших нь илүүц болов уу. Гэхдээ л түүнийг хаант Оросын армид татагдаж , дэлхийн нэгдүгээр дайны фронтод хүнд бэрхийг туулан, улмаар сайн дураараа улаан армид элсэж, салаа, суман, хорооны захирагчаар дэвшин, цагаантны цэрэг, ногоонтны дээрэмчидтэй эрэлхэгээр тулалдсаны учир Улаан тугийн одонгоор шагнагдсан, чухамдаа л “Хал үзэж цэрэг болсон” дайчин эр гэдгийг онцлох учиртай. Г.К.Жуков өөрийнхөө “Зарлаагүй дайн” хэмээн нэрлэсэн Халх голын дайныг удирдахаар ирэхдээ бригад, дивиз, корпус зэрэг томоохон анги нэгтгэлүүдийг захиран, цэргийн тойргийн командлагчийн орлогчоор ажиллаж, цэргийн оператив тактик, стратегид нэвт боловсрон чадварлаг дарга болсон байжээ. Гэхдээ би энэ удаа түүний тухай биш хамтран зүтгэж, ялалтыг авчрахад томоохон үүрэг гүйцэтгэсэн шадар туслагчдынх нь тухай товч боловч өгүүлье гэсэн юм. Аливаа дайныг ялалтад хүргэхэд командлагчаас гадна хамтран зүтгэгчдийн гүйцэтгэх үүрэг их байдгийн учир тэр билээ.
АРМИЙН БҮЛГИЙН ЦЭРГИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН М.С.НИКИШЕВ
Г.К.Жуков өөрийнхөө дуртгалд түүний тухай “...Чадамгай удирдагч, дээд зэргийн зарчимч коммунист тэр хүн Цэргийн зөвлөлийн ажлыг туйлын сайн зохион байгуулж байсан учир ямар ч төвөгтэй хүнд бэрх үед, бидний дотор учрыг үл ойлгох буюу санал зөрөх явдал гардаггүй байсан юм...” хэмээн өгүүлсэн байдаг. Армийн бүлгийн удирдлагын бүрэлдэхүүнээс хамгийн залуу нь болох Михаил Семенович Никишев Комсомолын байгууллагаас цэргийн албанд ирж, Хасан нуурын тулгаралтад оролцон, Сибирийн буудлагын III корпусын Улс төрийн хэлтсийн дарга, дараа нь Халх голд Армийн бүлгийн цэргийн зөвлөлийн гишүүнээр томилогдон дайны хүнд бэрхийг туулжээ. Армийн улс төрийн ажилтнуудын дотроос ЗХУКН/б/-ын 18 дугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцсон цөөхөн хүний нэг юм. Тэрээр, Халх голд хорооны комиссар цолтой ирээд дивизийн комиссар цолтой буцаж, Киевийн цэргийн онцгой тойргийн V армийн цэргийн зөвлөлийн гишүүнээр томилогдсон аж. Түүнийг армийн улс төрийн ажилтнууд дотроос ихээхэн ирээдүйтэй нэгэнд тооцож байв. Гэсэн ч эх орны дайны эхний өдрүүдэд түүний арми фашистуудын давуу хүчний эсрэг хүнд бэрх тулалдааныг удаа дараа хийж, Житомирын сөрөг давшилт, Киевийн хамгаалалтад үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ. Харамсалтай нь, Киевийн төлөө хийсэн нэгэн ширүүн тулалдааны үеэр Баруун өмнөд фронтын штабын дарга хошууч генерал В.И.Тупиков, Фронтын голлох тагнуулч бригадын комиссар А.Н.Михеев нарын удирдсан хэсэг цэрэг дарга нарын хамт Германчуудад хамт бүслэгдэж, бүслэлтээс гарахаар тэмцэж байгаад баатарлагаар амь үрэгдсэн байна.
АРМИЙН БҮЛГИЙН ОРЛОГЧ КОМАНДЛАГЧ М.И.ПОТАПОВ
Михаил Иванович Потапов командлагчтайгаа адил Калуга мужид төрсөн, мөн түүний удирдлагад Беларусийн цэргийн тойргийн VI морьт дивизийн 21 дүгээр танкийн тусгай бригадын даргаар ажиллаж байсан бидний Монголчуудынхаар бол нутаг нуга нэгтэн. 1920 онд улаан армид элсэж, мото буудлагын ангиудад янз бүрийн алба хашиж байгаад, 1936 онд Моторжуулсан цэргийн академи төгсөж, хуягт танкийн ангиудад хороо, бригад, дивиз командалж байгаад Г.К.Жуковыг армийн бүлгийн командлагчаар томилогдсоных нь дараахан орлогч нь болжээ. Магадгүй Г.К.Жуков ийм санал гаргасан ч байж болох. Учир нь, тэрээр, дивиз, корпусын захирагч байхаасаа л түүнийг сайн мэддэг, ур чадварыг нь өндрөөр үнэлдэг байж. М.И.Потапов армийн бүлгийн орлогч командлагч байхын зэрэгцээ наймдугаар сарын 20-ны ерөнхий давшилтын үеэр фронтын баруун жигүүрийн гол хүчийг удирдан командлалын даалгаврыг амжилттай биелүүлсэн аж. Г.К.Жуков, “Дуртгал, бодол” номондоо түүний тухай “М.И.Потапов туйлын тайван, самбаатай, ямар ч үед сандарч тэвдэхийг мэддэггүй хүн байв...” хэмээн өгүүлсэн байдаг. Михаил Иванович Халх голын ялалтын дараа Киевийн цэргийн тойргийн мехникжуулсан IV корпусын дарга, улмаар эх орны дайн эхлэхэд мөн тойргийн V армийн командлагч, танкийн цэргийн хошууч генерал цолтой байв. Дайны эхээр уг тойргийг Баруун өмнөд фронт болгон нэрийг нь өөрчилсөн бөгөөд түүний командалсан V арми Украиныг Германы фашистуудын довтолгооноос хамгаалахад эр зоригоо дайчлан тулалджээ. Гэсэн ч давуу хүчтэй дайсны довтолгоог няцааж чадалгүй бүслэлтэд орж, 1941 оны есдүгээр сард хүнд шархадсан байхдаа Германчуудад олзлогдсон байна. Олзонд байхдаа фашистуудын тамлалыг сөрөн зогсож эх орондоо чин үнэнч хэвээр үлджээ. М.И.Потапов 1945 онд олзноос чөлөөлөгдсөнийхөө дараа цэргийн албаа үргэлжлүүлэн хааж, Жанжин штабын академийн дээд курсыг суралцаж төгсөн, V армийн командлагч, Одессын цэргийн тойргийн нэгдүгээр орлогч командлагч зэрэг цэргийн өндөр албан тушаалд ажиллаж байжээ.
АРМИЙН БҮЛГИЙН ШТАБЫН ДАРГА А.М.КУЩЕВ
Штабын дарга гэдэг тухайн байлдааны нэгжийнхээ бодож сэтгэдэг, уураг тархи нь болсон албан тушаал. Армийн бүлгийн штабын дарга Александр Михаилович Кущев төмөр замчны гэр бүлд төрж, хаант Оросын армид алба хаан унтер офицер болтлоо дэвшиж, улаан армид сайн дураараа элсэн, иргэний дайнд оролцож явсан ясны цэргийн хүн. Тэрээр, 1932 онд Фрунзийн академийг төгссөний дараа, анги нэгтгэлүүдийн штабт удирдах ажил хийж байгаад 1938 онд Жанжин штабын академийн дээд курсийг төгсөж, дээд штабуудад ажиллах боломжоо бүрдүүлжээ. Уг курсийг төгсөгчдөөс дөрвөн маршал, армийн зургаан генерал, найман хурандаа генерал, нэг адмирал цолтон төрсөн болохоор мань Кущевийг ч гэсэн сайхан ирээдүй хүлээж байж.
Жанжин штабын академийг төгссөнийх нь дараа түүнийг Монгол руу илгээж, 57 дугаар тусгай корпусын штабын даргаар томилов. Тэрээр, 1939 оны зургадугаар сарын 5-нд Тамсагбулагт байрлах тус корпусын штабт Г.К.Жуковыг хүлээн авч дайны цагийн байдлыг танилцуулсан байдаг. Г.К.Жуков цэргийн өндөр боловсролтой штабын даргатайгаа сэтгэл нэгдэж, эн тэргүүнд бүлгийн цэргийн хүчийг зузаатган, Баянцагааны нурууг эзлэн авсан дайсны хүчийг бут цохих төлөвлөгөө боловсруулж түүнийгээ амжилттай хэрэгжүүлсэн аж. Тэдний өмнө Японы цэргийг бүслэн авч бут цохих наймдугаар сарын 20-ны их давшилтын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх том зорилт үлдэж байв. Гэсэн ч бүлгийн штабын дарга, бригад командлан захирагч А.М.Кущевийг Японы цэргийн тагнуулын байгууллагатай холбоо сүлбээтэй гэсэн хэрэгт холбогдуулан долоодугаар сарын 27-д баривчилжээ. Ийнхүү тэрээр, эх орны дайны эхний хоёр жил шахамын хугацааг шоронд өнгөрөөжээ. Гэсэн ч энэ хэрэг үндэслэлгүй болох нь тогтоогдож, 1943 оны дундуур байлдаж буй армид илгээв. Хурандаа Кущевийг 46 дугаар армийн оперотивийн хэлтсийн даргаар дараа нь цохилтын V армийн штабын даргаар томилов. Хурандаа генерал Н.А.Берзарины командалсан энэ арми Украин, Варшавыг чөлөөлөх болон Ясса-Кашинев, Висла-Одерын операци, Берлинийг эзлэх тулалдаануудад томоохон хувь нэмэр оруулсан билээ. Үүнд тус армийн штабын дарга хошууч генерал А.М.Кущевийн оруулсан хувь нэмэр их байлаа. Тийм ч учраас ялалтын дараахан түүнд ЗХУ-ын баатар цол хүртээжээ. Тэрээр дайны дараа Ижил орчмын, Балт орчмын, Беларусийн цэргийн тойргуудад штабын дарга, орлогч командлагч, нэгдүгээр орлогч комадлагчаар ажиллаж хурандаа генерал цол хүртсэн их гарын цэргийн дарга байжээ.
24 дугаар ХОРОООНЫ ЗАХИРАГЧ И.И.ФЕДЮНИНСКИЙ
Мото буудлагын хорооны аж ахуй эрхэлсэн орлогч хошууч цолтой байсан Иван Иванович Федюнинскийн цэргийн эрдэм, эр зориг, зохион байгуулагч чадвар Халх голын байлдаанд илрэн гарч, ЗХУ-ын баатар гэх эрхэм цолыг хүртэн, 24 дүгээр хорооны командлагч дайны дараахан 82 дугаар мото буудлагын дивизийн захирагчаар тус, тус дэвшин томилогджээ .Г.К.Жуков түүний тухай “...Ямар ч хүнд бэрх үед зөв шийдвэр гаргаж чаддаг бөгөөд манай цэргийн ерөнхий давшилт эхлэхэд түүний захирсан хороо ялгуулсан амжилттайгаар байлдсан юм...” хэмээн өгүүлсэн байдаг. Дайн тулааны хүнд бэрхийг туулсан чадварлаг командлагч Федюнинскийг эх орны дайны өмнөхөн Беларусийн цэргийн онцгой тойргийн буудлагын 15 дугаар корпусын даргаар томилов. Эх орны дайны эхний өдрүүдэд тэрээр Брест, Ковелыг хамгаалах тулалдаанд оролцож дараа нь Ленинградын фронтын 42 болон 54 дүгээр арми, цохилтын II армийг тус тус командлан Тихвин, Любенскийн операцийг амжилттай хэрэгжүүлж, Баруун фронтын V армийн командлагч, Волховын фронтын орлогч командлагчаар тус тус ажиллаж байв. Түүний их гарын цэргийн даргын бахархалтай замд онцгой үүрэг гүйцэтгэсэн операци бол 11 дүгээр армийг командлан оролцсон Дорнод Пруссийн операци бөгөөд тэрээр энэ тулалдааны дараа жанжнуудад олгодог Суворовын одон хүртжээ. И.И.Федюнинский дайны дараа хэд хэдэн цэргийн тойргийг командалж, БХЯ-д хариуцлагатай алба хашин, армийн генерал гэх цэргийн дээд цолыг хүртжээ. Түүний Халх голын байлдаанд байгуулсан гавьяаг манай төр засаг өндрөөр үнэлж, 1975 онд БНМАУ-ын баатар цол хүртээсэн аж. Тэрээр, Сүхбаатарын одонг, Цэргийн гавьяаны одонгоор тус бүр хоёр удаа, Улаан тугийн одонгоор тус тус шагнажээ. Ийнхүү тэрээр, Халх голын байлдаанд оролцогчдоос БНМАУ-ын баатар цол хүртсэн хоёр дахь хүн болсон билээ. Анхны удаа Г.К.Жуков энэхүү алдрыг хүртсэн гэдгийг уншигч та сайн мэдэх болов уу.
ЯЛАЛТ БОЛООД БИД
Тэртээ 85 жилийн өмнө цэрэг зэвсгийн хүчийг ашиглан, цус урсгасан энэ үйл явдлыг Халх голын дайн, Халх голын байлдаан, Номун ханы мөргөлдөөн гэхчилэн янз бүрээр л нэрлэх. Уг үйл явдалд Монгол-Зөвлөлтийн цэргийн нэгдсэн хүчийг захиран оролцож ялалтад хүргэсэн маршал Г.К.Жуков, “Энэ бол зарлаагүй дайн. Дэлхийн хоёрдугаар дайны оршил байсан юм...” хэмээн тов тодорхой бичсэн. Түүхчид, судлаачид олон жил түүний энэ үгийг баримталж ирэв. Гэтэл, зарим судлаачид, тэр тусмаа Япончууд түүнийг Номун ханы мөргөлдөөн гэж нэрлэсэн. Харин, сүүлийн үед манайхан Халх голын байлдаан хэмээн ярих, бичих болж. Төр засгийн дээд түвшинд боловсрогдож гарсан зарим эрх зүйн баримт бичгүүдэд ч ингэж нэрлэж байгаа бололтой. Үүнийг бичигч миний бие нэр усны зөв, бурууг тодорхойлох чадвартай нэгэн биш. Тиймээс зөвхөн манай орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд яахын аргагүй аюул занал учруулсан Япончуудын эсрэг тэмцэлд мөр зэрэгцэн тулалдсан Халх гол дахь армийн бүлгийн удирдах албан тушаалтнуудын тухай мэдээллийг товч боловч хүргэхийг зорилоо. Халх голын байлдаанд оролцож, хүнд бэрхийг туулсан цэрэг офицерууд жил гаруйхны дараа эхэлсэн эх орны их дайнд эр зориг, байлдах урлагийн үлгэр жишээг үзүүлэн тулалдаж, ялалтын буухиаг үргэлжлүүлж байсан нь К.Симоновын өгүүлсэнчлэн “Хал үзэж цэрэг болдог”-ийн тод жишээ юм.
Хүн, хүчний хохиролгүй байлдаан гэж юу байхсан билээ. Түүхч, судлаачдынхаар Халх голын байлдаанд Зөвлөлтийн цэрэг 18500 хүний, Монголын цэрэг 990 хүний хохирол хүлээсэн бол Японы тал нийт 61000, үүнээс тулааны талбарт 25000 цэргээ алдсан гэсэн тооцоо гаргажээ. Эдгээр тоонд шархдагсад, сураггүй алга бологсод ч бас орж байгаа аж. Амь өрссөн ширүүн тулаан үргэлжилсэн фронтын шугамд хэлмэгдүүлэлт ч бас байсан гэдгийг дурдах ёстой болов уу. Байлдааны өмнөхөн буюу гуравдугаар сарын эхээр БНМАУ-ын Ерөнхий сайд А.Амарыг албан тушаалаас нь буулган барьж хорьсон бол, долоодугаар сарын дундуур Бүх цэргийн жанжны орлогч Ц.Лувсандонойг, хэдэн сарын дараа Жанжин штабын дарга Ж.Цэрэнг эх орноосоо урван, Япончуудын гар хөл болсон гэж үзэн хэлмэгдүүлэн баривчилж, ялын дээд хэмжээ өгчээ. Мөн Зөвлөлтийн армийн бүлгийн штабын дарга А.М.Кущевийг ч барьж хорьсон тухай дээр өгүүлсэн билээ. Түүнээс гадна Халх голын байлдааны ялалтад Г.К.Жуковтай эн чацуу шахам үүрэг гүйцэтгэсэн Өвөр байгалын цэргийн тойрог, Фронтын бүлгийн командлагч ЗХУ-ын баатар Г.М.Штерн, бүлгийн цэргийн нисэх хүчний дарга, ЗХУ-ын хошой баатар Я.В.Смушкевич нар хожим нь өөр албан тушаалд томилогдон Москвад очсон хойноо хэлмэгдэлтэд өртөн, хуулийн дээд хэмжээ авсан тухай өнгөрсөн оны мөн энэ үеийн “Ган зам” сонины дугаарт бичсэн нь бий. Ташрамд өгүүлэхэд, тухайн үед ид өрнөж, хагас дутуу баригдсан ч галт тэрэг явуулж цэргийн тээврээ гүйцэтгэж эхэлсэн Соловьевск-Баянтүмэний өргөн, Баянтүмэн-Тамсагбулагийн нарийн төмөр замын зургадугаар сард болсон завсрын нээлтэд А.Амар сайдыг оролцсон хэмээн зарим ахмадуудын дурсамжид бичигдсэн нь ташаа байжээ. Учир нь, А.Амар сайд тэр үед хоригдож байсан бөгөөд харин, хоёрдугаар сард болсон зам барилгын ажлын нээлтэд оролцсон байх магадлалтай аж. Эдүгээ Халх гол, Тамсагбулагийн орчимд Монгол, Зөвлөлтийн дайчдын олон арван хөшөө дурсгал сүндэрлэн байна. Тэр бүхний цаана манай ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тулалдан, газрын хөрснөө шингэсэн цэрэг эрсийн алтан амь буй. Нэрт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн шүлэглэснээр тэд болоод амьд мэнд үлдэж, ар гэртээ энх тунх харигсадын гавьяаг “Газарт галтай хамт мөнхөлж, тэнгэрт нартай хамт дархлах” нь зүй ёсны хэрэг билээ.
Л.Сэнгээ МУСГЗ