Хачигт халдвар гэж юу болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Төв эмнэлгийн халдвар судлаач эмч Г.Ариунбаяр дараах зөвлөмж мэдээллийг хүргэж байна

 

-Монгол оронд хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит гэсэн гурван төрлийн халдвар ихэвчлэн бүртгэгддэг. Эдгээр халдварыг үүсгэгч хачиг хавар дөрөвдүгээр сараас идэвхждэг тул ой мод, уул хад, тал хээр, бэлчээрийн бүсэд явахдаа малгай өмсөж, битүү хувцаслах хэрэгтэй. Мөн тод өнгийн хувцас өмсвөл хачиг хувцсанд наалдсан үед тодорч харагддаг тул хазуулахаас сэргийлдэг.

 

Хачигт халдвар хүнд хэрхэн дамжих боломжтой вэ?

 

Хачиг хүний биеийн зөөлөн арьсыг хазах үед хачигт агуулагдах өвчин үүсгэгч нян, вирус хүний биед орж хүнд хэлбэрийн халдварт өвчин үүсгэдэг.

Дам халдвар буюу хачигт хазуулах, мөн хазуулсан малын сүү, зэрлэг амьтны цус, махыг шүүрхий идэх үед халдвар авдаг.

 

Хачигт хазуулсан тохиолдолд ямар ямар шинж тэмдэг илрэх вэ?

 

Хачигт хазуулсанаас хойш 3-7 хоногт халуурах, толгой өвдөх, ядрах, огиулах, бөөлжих зэрэг хордлогын шинж илрэхээс гадна хазсан хэсэгт үрэвсэх, цагираг улаалт үүсэх, гүвдрүүт тууралт гарах, үе мөч булчин өвдөх, ирвэгнэх, бадайрах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Хачигт хазуулсан үед эмнэлэгт хандан эмчилгээ хийлгээгүй тохиолдолд тархи мэдрэл, зүрх судас, үе мөчинд эдгэшгүй өөрчлөлт гардаг аюултай.

 

Хачигт халдвараас хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ?

 

Хачигт халдварын голомтот бүс нутагт аялаж зугаалах, ой модтой газраар явж байгаа тохиолдолд тод өнгөтэй хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй, аль болох битүүлж, түрийтэй гутал өмсөхийг зөвлөдөг. Хачигтай бүсэд ажиллаж байгаа иргэд 2-3 цаг тутамд биеэ шалгах, хачигт хазуулсан тохиолдолд урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай тул яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй. Ойгоос ирээд гэртээ орохын өмнө биедээ бүрэн үзлэг хийж наалдсан хачгийг авч устгах, хувцсаа тайлж сэгсрэх хэрэгтэй.

 

Хачигт хазуулсан үед ямар арга хэмжээ авах вэ?

 

Хачигт хазуулсан үед яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Хачгийг аль болох хурдан хугацаанд арьснаас салгаж авна. Хачигны толгойг хурц үзүүртэй хямсаагаар арьстай аль болох ойрхон, хачгийн толгой, хошуу хэсгээс хавчина. Шууд угз татан авч болохгүй.Болгоомжтойгоор нааш цааш хөдөлгөн, аажим аажмаар суллан татаж авна.  Мөн хачигны ам хэсэг арьсанд маш нягт бэхлэгддэг учир хачгийг тасдаж, хачигны толгойг арьсанд үлдээхээс сэргийлэх хэрэгтэй. Иргэд болзошгүй эрсдлээс өөрсдийгөө хамгаалахын тулд ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын кабинетийнн сайн дурын вакцинд хамрагдахыг зөвлөж байна.