Төв эмнэлгийн зүрхний их эмч В.Урнаатай товч ярилцлаа.

 

- Сүүлийн үед “Унтаад сэрсэнгүй ” гэх эмгэнэлтэй яриа их сонсогдох юм. Ихэвчилэн зүрх судасны өвчлөлийн гай л байдаг бололтой. Тийм үү?

 

- Гэнэт зүрх зогсох, өөрөөр хэлбэл унтаад сэрэхгүй байх тохиолдлын дийлэнх хувийг зүрх судасны эмгэг эзэлдэг. Яагаад энэ өвчин үүсэв гэхээр тухайн хүний амьдралын хэв маяг, стресс, жингийн илүүдэл цаашлаад зүрхний хэм алдалт, цусны даралт, цус өтгөрөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Товчхондоо, ямар нэг байдлаар зүрхний суурь өвчин үүссэн байхад мэдэхгүй, мэдсэн ч тоохгүй яваад байдаг. Тухайлбал, хүмүүс толгой эргэх, дайвж гуйвахад ачааллаас боллоо гэж эндүүрдэг. Гэтэл эдгээр шинж тэмдгийн цаана зүрхний хэм алдалт явагдаж байдаг. Тиймээс дээр хэлсэн шинж тэмдгээс аль нэг нь илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандаж, өвчнөө оношлуулах хэрэгтэй. Хамгийн наад зах нь цусны даралтаа ойр ойрхон үзүүлж хэвших нь чухал байна шүү дээ.

 

-Настай хүний л даралт ихэснэ гэсэн ойлголт манайханд байдаг. Энэ буруу ойлголт бололтой?

 

-Даралт гэдэг нь зүрх агшаад сулрахад гарч байгаа цусны судасны хананд үзүүлж байгаа хэмжээ юм. Тэгэхээр даралтгүй хүн гэж байхгүй. Даралт ихсэх өвчнийг үүслийн хувьд нь анхдагч, хоёрдогч гэж хуваадаг. Анхдагч гэдэг нь зүрх, судасны гаралтай бөгөөд энэ нь уг өвчний үүслийн 95 хувийг эзэлдэг. Харин үлдсэн таван хувь нь бөөрний эмгэг, судасны төрөлхийн гажгаас үүсдэг гэсэн судалгаа бий.

Өвчтөн нэг удаа эмчид үзүүлэх нь учир дутагдалтай юм. Эмчид 3-4 удаа үзүүлж, хэмжүүлэхэд дээд даралтын агшилтын хэмжээ 130-аас дээш бүртгэгдсэн нөхцөлд эмч даралтны эм ууж эхлэхийг зөвлөдөг. Насанд хүрсэн хүний цусны даралтын хэмжээ 130/80-аас дээш гарвал даралт ихэслээ гэж үзнэ. Даралт ихсэх өвчин нь эдгэрдэг өвчин биш, харин эмээр зохицуулагддаг. Тиймээс өвчтөн эмчийн зааврын дагуу өөрт тохирсон даралтны эмийг тогтмол ууснаар, даралтаа зохих хэмжээнд барих нь чухал. Сүүлийн үед шинээр ажилд орж байгаа болон сургуульд элсэж байгаа залуучуудын  дунд цусны даралт ихсэх өвчин нэлээд байна. Тиймээс цусны даралт ихсэх өвчнөөр настай хүмүүс өвддөг гэсэн уламжлалт ойлголтоос татгалзах хэрэгтэй юм. Үүнийг мэргэжилтнүүд хөдөлгөөний дутагдлаас шалтгаалсан жингийн илүүдэл, цаашлаад судасны доторх холесторин ихэссэнээр даралт ихдэх өвчин залуужиж байна гэж үзэж байгаа. Бас нэгэн сэтгэл түгшээж байгаа асуудал бол сургуульд элсэхээр үзлэгт орж байгаа хүүхдүүдийн дунд зүрхний хэм цөөрөлттэй хүн олон байна. Энэ үед өвчтөнд илрэх ямар нэг зовиургүй, өөрөөр хэлбэл, зүрх судасны далд хэлбэрийн өвчтэй гэсэн үг юм. Хүний зүрхний цохилт өдрийн цагаар минутад 60-80, шөнө унтаж амарч байхад 60 орчим тооны байх нь эрүүл гэж үздэг. Гэтэл 30-35 болоход зүрх зогсох аюултай. Мөн гэнэт толгой эргэж дайвж гуйвах үед цусны даралтаа үзэх боломжгүй байвал захын судасны цохилтоо өөрөө үзэх хэрэгтэй. Хэрэв судасны цохилт тасалдаж байвал хэм алдалт байхыг үгүйсгэхгүй. Зүрх судасны өвчлөлд хүргэж байгаа бас нэгэн шалтгаан бол цусны өтгөрөл гэдгийг мартаж болохгүй.

 

-Зүрх судасны өвчнөөс сэргийлэхийн тулд цусаа шингэн байлгах нь чухал гэдгийг та онцлон дурдлаа. Тэгвэл ямар дэглэм баримтлах талаар зөвлөнө үү?

 

 -Хүн хоногт 2-2.5 литр шингэн уух ёстой. Ингэж байж цусны дүрст элемент болон сийвэнгийн харьцаа зохистой хэмжээд байна гэсэн үг. Харин шингэн гэдэг нь зөвхөн цэвэр усыг хэлж байгаа юм. Түүнээс биш цай, кофе, ундаа жүүс уулаа гээд хоногт авах шингэнийг орлохгүй. Үүнээс гадна, идэвхтэй дасгал хөдөлгөөн маш чухал. Энгийн үгээр тайлбарлахад, хэдий чинээ хөдөлгөөн хийнэ, зүрхний булчин төдий чинээ агшдаг. Агшилтын улмаас зүрх сайн ажиллахад дагаад цус шингэрдэг. Түүнчлэн, жингийн илүүдэлгүй байх нь цусны өтгөрлөөс сэргийлэх арга юм. Долоо хоногт нэгээс хоёр удаа идэвхтэй хөдөлгөөн хийх, ууланд алхах нь эрүүл аргаар цус өтгөрөлтийн эсрэг хийх  арга хэмжээ юм. Харин зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хоол ундны хэрэглээ чухал. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн бага хэрэглэж, аль болох хуурсан шарсан болон өөх тос ихтэй хоолноос татгалзах хэрэгтэй. Дээр нь,  архи, тамхи хэрэглэхгүй байх нь зөв. Электрон тамхи хүний уушгийг богино хугацаанд хүчтэй гэмтээж байгаа тохиолдол олширч байна. Жишээлбэл, тамхинаас гарах гээд электрон тамхи татаад уушгиа гэмтээсэн тохиолдол хэдхэн хоногийн өмнө гарлаа. Тэр өвчтөн явахаар амьсгаадаад байна гээд зүрхээ үзүүлэхээр ирсэн. Гэтэл өвчтөн электрон тамхийг нэг сар татаад уушгиа гэмтээсэн байсан. Нэмээд зөвлөхөд, хүн эерэг болон сөрөг стрессийг өөртөө бага авах нь зүйтэй. Сөрөг стресс гэхээр бүгд мэднэ. Харин эерэг стресс гэдэг нь хэт их баярлах, хөөрөхөөс үүсдэг. Өөрөөр хэлбэл, стресс ч гэсэн дундаж хэмжээндээ байх нь чухал юм.    

Монгол Улсын хэмжээнд нас баралтад хүргэж байгаа өвчнүүдээс гуравт нь зүрх судасны өвчин эрэмбэлэгдэж байгаа нь харамсалтай хэрэг. Төмөр замчдын хувьд ч зүрх судасны өвчлөл  улсын дундаж хэмжээнд байна. Түүнчлэн, газар зүйн байршлын хувьд баруун болон төвийн нутаг уулархаг, өндөрлөг учраас зүрх судасны өвчинд нэрвэгдэх нь илүү өндөр байдаг. Урд зүгт арай нам доор газарт ажиллаж амьдарч байгаа хүн энэ төрлийн өвчих тусах нь бага ч гэх юм уу. Тиймээс ямар нэгэн шинж илрээгүй ч урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж, эрүүл аж төрөх дэглэмийг баримтлахыг төмөр замчдадаа зөвлөе.     

 

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

 

Б.Золжаргал