Саяхан Хятадын Гаалийн ерөнхий газар ОХУ-ын Владивосток боомтыг дотоодын ачаа тээвэртээ ирэх сараас ашиглаж эхлэх болсныг зарласан билээ. Энэ шийдвэрийн талаар шинжээчдийн дүгнэлтийг Хонконгийн англи хэл дээр гардаг хамгийн том сонин "Өмнөд Хятадын Өглөөний Шуудан" мэдээлжээ.
Уг боомтыг Хятадын зүүн хойд бүс нутгийг зүүн мужтай далайгаар холбоход ямар нэг татваргүйгээр ашиглах юм байна.
Тухайлбал Хэйлунзянь, Жилин, Ляонинь мужууд болон Өвөр Монголоос хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг зүүн Хятадын Зэжянь мужид хүргэхэд ашиглах ажээ.
Ачаа хүлээж авах хоёр боомт нь Зэжянь мужийн Зоушан, Жясинь боомтууд байх гэнэ.
Хятадын зүүн хойд хязгаар бол цагаан будаа, эрдэнэ шиш, шар буурцаг тариалж, нийт Хятадыг үр тариагаар хангадаг томоохон бүс нутаг. Эндээс ачаа тээвэрлэхэд эхлээд газраар 1000 орчим километр зам туулж, Далянь боомтоос Хятадын бусад мужууд руу далайгаар тээвэрлэдэг байна.
Хэрвээ ойрхон оршдог Владивосток боомтоор далайд хүрвэл газраар тээвэрлэх зам 200 км болж, ачаа тээврийн зардал болон хугацаа буурах ач холбогдолтой ажээ.
Гэхдээ Владивосток боомтыг ашиглах тохиролцоо нь Орос, Хятадын хамтын ажиллагаа улам гүнзгийрч буйн бэлгэдэл төдий зүйл байж болохыг зарим судлаачид анхааруулж байна.
“Владивосток бол худалдааны боомтоос гадна цэрэг стратеги талаасаа ОХУ-д өндөр ач холбогдолтой хот. Тиймээс боомтыг Хятадад эзэмшүүлэх болсон нь хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж буйг харуулах бэлгэдэл төдий зүйл байж болзошгүй. Өөрөөр хэлбэл Хятад-Оросын хамтын ажиллагаа Оросын Алс Дорнодод цаашид өргөжин хөгжихийн дохио болох байх” гэж Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Орос, Төв Ази хариуцсан судлаач Ян Жин ярьжээ.
Эдийн засгийн ач холбогдол бага байх нэг гол шалтгаан нь Владивосток боомтын багтаамж, чадавхын асуудал юм байна.
Тус боомтын ачаа тээврийн дэд бүтэц нэлээд хуучирч хоцрогдсон, урсгал зардал өндөртэй болохыг зарим мэргэжилтнүүд баталж байгаа юм.
“Владивосток боомтын чингэлэг ачиж буулгах хураамж өндөр, дэд бүтцийн нөхцөл нь муу тул төлөвлөгөөг бодитой хэрэгжүүлэхэд нэлээд хүчин чармайлт шаардагдана” гэж Хятадын ачаа тээврийн салбарын нэрээ нууцалсан шинжээч тайлбарласан байна.
Владивостокыг дотоодын боомтоор ашиглах талаар гуравдугаар сард Москва хотод Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар тохиролцсон ажээ.
Владивосток хот болон түүний ойр орчмын нутаг нь Манж Чин улсын харьяанд 1860 оныг хүртэл байгаад хилийн гэрээгээр Хаант Орос улсын мэдэлд шилжиж байсан түүхтэй.
Эх сурвалж: South China Morning Post