Сайншанд ТҮГ-ын “Алдарын танхим”-д ороход “Би вагон үзэгч” хэмээх найраглалыг хүндэтгэлтэйгээр залсан нь шууд нүдэнд туссан юм.
...Хаврын цас, үзэгчийн гутал
Хамт ханзардгийн учир
Хором бүхэнтэй уралдаж алхдаг
Хоёр хөлөөс нь, гутал нь түрүүлж ядардгийн учир
Ирээд буцдаг ч гэлээ
Эргэж ирдэг галт тэргэндээ
Эвдрэл гэмтэл байлгахгүй гэж
Итгэлтэй байх гэсэндээ тэр юм... гэхчлэнгээр шад бүрд нь вагон үзэгчийн хөлсний дусал, хөлийн алхалтыг нэвт шингээж, уран яруу илэрхийлсэн энэхүү найраглалыг анх уншихад урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг нүдний өмнүүр салхи татуулах жирэлзэх шиг содон мэдрэмж төрж билээ. Тэр цагаас хойш “Найраглалыг зохиогч нь чухам ямар хүн байдаг бол ” гэсэн бодол сэтгэлд хургасан юм. Саяхны нэг өдөр харин тус найраглалыг тэрлэсэн эрхэм хүмүүнтэй утсаар холбогдож, цөөн хором ярилцах завшаан тохиосон билээ. Харилцуурын цаанаас “Намайг Бат-Өлзийн Батжаргал гэдэг. Одоо Сайншанд ТҮГ-ын харьяа Өргөн ТҮХ-т шурган үзэгчээр ажиллаж байна...” хэмээн баргил хоолойгоор өөрийгөө танилцуулсан энэ эрхмийн хөргийг цахимаар хүлээн авахад өөртөө зохисон жирвээ сахалтай, тэвхийсэн өргөн мөр, өндөр нуруутай торгон цэрэг баймаар нэгэн байв. Б.Батжаргал уг нь Дархан хотын унаган хүүхэд. 1999 онд дунд сургуулиа төгсөөд хугацаат цэргийн албанд татагдаж армийн дуу, шүлэг, дурсамж бүхэнд мөнхөрсөн алдарт Зүүнбаянд нэг жилийн үүргээ нэг төртэйгөөр биелүүлжээ.
“Ах нь Зүүнбаянд цэрэгт байхдаа “Говьд хүн болж төрөхөөр хангайд бух болж төрсөн нь дээр” гэж ёстой үнэн юм байна. Албаа л хаачихвал ахиад говь руу хэзээ ч зүглэхгүй дээ гэж боддог байж билээ. Тухайн үедээ Зүүнбаянгийн нөхцөл байдал цаг агаараасаа эхлээд үнэхээр хүнд байсан л даа. Цэргээс халагдсан жилээ Олон улсын бизнес эдийн засгийн дээд сургуульд элсэж, 2004 онд эдийн засагч мэргэжлээр төгсөж байлаа. Сургууль төгсдөг жилээ Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн төгсөх ангийн оюутан бүсгүйтэй танилцсан. Тэр маань Дорноговийн бүсгүй байж таараад. Тухайн үед сургууль төгссөн хүүхдэд тэр бүр ажлын байр олдохгүй. Эрэгтэй нь бааранд хамгаалагч, эмэгтэй нь зөөгч хийх л шаардлага гарна. Ингээд хоёулаа ерөөсөө хөдөө явж амьдаръя гэж шийдсэн. Хадмынх маань албан тушаалын нэг өрөө байрандаа амьдарна. Эр хүн хадмындаа ажилгүй хэвтээд байлтай биш дипломоо бариад л явж өгсөн. Төмөр замын бүх байгууллагаар орсон доо. Дөнгөж төгссөн, үндсэн мэргэжлийн бус хүн бүү хэл 10 жил мэргэжлээрээ ажиллачихсан хүн ч ажил олддоггүй байлаа шүү дээ, тэр үед. Хамгийн сүүлд нь Сайншанд ТҮГ руу нь орж Х.Баянмөнх даргатай уулзахад “Аравдугаар сард зорчигчийн вагоныг ус нүүрсээр зэхдэг ажлын орон тоо гарна. Чи тэр ажлыг голохгүй гэвэл авч болж байна” гэв. Дахиад таван сар ажилгүй байхаасаа санаа зовоод хотод буцаж ирээд Солонгосын виз мэдүүлж, хэлний сургалтад сууж эхлэв ээ. Аравдугаар сар гарч Солонгосын виз гарсантай зэрэгцэн Х.Баянмөнх дарга залгаад “Чи ажилд орох хэвээрээ бол яг одоо хүрээд ир” гэдэг байгаа. Солонгос явах уу, говьд вагон зэхэгчээр ажиллах уу гэдэг сонголт тулгарахад залуу хүн юм хойно эхнэрээ дагаад л Дорноговь руу буцаж билээ. Ингэж л би бүр мөсөн говийн хүн болсон доо” хэмээн ажил, амьдралынхаа алтан гарааг дурсан ярив.
Б.Батжаргал Дорноговьд очингуутаа шууд л төмөр замын үндсэн ажилтан болчихсонгүй. Тухайн үед төмөр замд ажиллах хүч хангалттай байсан учраас гэрээний ажилтнуудын хугацаа нь дуусах үед адил местний хүмүүсийг хооронд нь өрсөлдүүлэх байдлаар сонгон шалгаруулалт хийдэг байж. Ингээд хамт олноосоо хамгийн олон санал авсан тухайн хүнийг авч үлдэх боломж нээгддэг бичигдээгүй хуультай. Үүнийгээ “нохойн буудлага” гэж ярьцгаана. Энэ бичигдээгүй хуулийн дагуу тавдугаар сард нүүрсний зэхэлт зогсох үед “буудлага”-д өртчихгүйн тулд Батжаргал бүх талаар хичээн ажилладаг байж. Ийнхүү хоёр жилийн турш хамт олныхоо саналаар “нохойн буудлага”-аас холуур өнгөрсний эцэст вагон үзэгчийн замнал эхлэв. Дээрх нарийн шалгуурт хоёрхон хүн бүдрэлгүй давсны нэг нь тэр. Түүний хувьд “Ажилтай л болж байвал ямар ч шалгуурыг давна” гэсэн ганцхан зорилго байсан гэдэг. “Ийм өндөр хүн яаж вагон доогуур шургах юм бэ” гэх хүн ч мэр сэр байсан учраас “Хийе гэсэн хүсэл байвал ингэж ажилладаг юм” гэдгийг алхам тутамдаа харуулахыг хичээдэг байж...
“Манай төмөр замд ажилд орсон хүн мэргэжилдээ дурлаж, хийх юм бол ядах зүйлгүй дасдаг. Ажилдаа сайн байхын хэрээр амьдрал нь ч тэгшрээд явчихдаг сонин газар. Харин хариуцсан ажилдаа ялархаад л, жаахан дурамжхан ажиллаж байгаа хүн бол ёстой дарамттай санагдахаар байгууллага. Залуучууд эхнээсээ л үүнийг сайн ойлгох хэрэгтэй юм болов уу. Босоо удирдлагатай байгууллагын онцлог нь өөрөө энгийн байгууллагаас тэс ондоо. Ялангуяа, хөдөлгөөнтэй холбоотой ажил хийдэг хүмүүс анхнаасаа маш том үүрэг хариуцлага хүлээдэг учраас тэгэхээс ч аргагүй. Үүнийг зөв мэдэрч, байгууллагаа, хамт олноо, өөрийгөө хайрлаж, зүрх сэтгэлээ өгч ажиллах нь маш чухал. Ах нь албан ёсны гурван шавьтай. Тэдний маань нэг нь “Онц хөдөлгөөнчин” болсон. Албан бусаар долоон залууг дагалдуулан сургасан. Дөрвөн жилийн турш эрүүлжүүлэх засвар хариуцаж ажилласан болохоор шинээр ирсэн хүүхдүүдийг дагуулаад л ажлын талбарт гарна. Ер нь, би тийм ч сайхан ааштай хүн биш. “Та нар наад вагоноо тэвэр. Чи вагоныг эд эс бүрээр нь мэдэрч байж, сайн үзнэ. Хариуцсан ажилдаа дурлаж, сэтгэлээсээ хийгээд сурчихвал гэртээ хариад ч сэтгэл амар байдаг юм” гээд л дайрчихна шүү дээ. Өөрөө анх яаж сурсан, залуусаа тийм л зарчмаар сургах гээд байдаг юм билээ. Би анхнаасаа ажил хайж, хичээж байж энэ мэргэжилтэйгээ холбогдсон болохоор залуудаа их идэвхтэй, юм юм оролддог байлаа. Вагон үзэгчийн ажил амаргүй. Хүмүүсийн нэг өдрийн ажил 17.00 цагаар хязгаарлагддаг бол вагон үзэгчийн үзсэн вагон очих газартаа хүрсний дараа үндсэн ажлаа сайн хийжээ гэж дүгнэгддэг. Вагон үзэгч гэдэг ганц хүний гүйцэтгэдэг ажил бус багаараа сайн, эв нэгдэлтэй байж үр дүн нь сайн гардгаараа онцлогтой. Авто үзэгч, хажуу үзэгчээр олон жил хамтдаа ажиллахад хоорондоо нэг хүн шиг дасчихдаг юм. Одоо гэхдээ технологи нь өөрчлөгдөөд байна л даа. Манай сүүлийн үеийн залуучууд их мэдлэгтэй, ухамсартай, өндөр боловсролтой болсон. Бидний үед бол залуус зодоон цохионтой нэр холбогдохоос эхлээд асуудал гаргачих гээд байдаг байсан. Өнөөгийн залуучууд тийм асуудал огт гаргахгүй шүү дээ. Их хариуцлагатай, өөрөө өөрийгөө хянах, богино хугацаанд сурч боловсрох чадвар нь ч өндөр түвшинд хүрч гэж би дүгнэдэг. Залуусыг би ажил мэргэжил, ур чадвараараа байнга өрсөлдөж байгаасай гэж хүсдэг. Өрсөлдөөн гэдэг хорон муу бус бие биеэ хурцалсан, өөрсдийгөө чадавхжуулсан байх ёстой. Бидний үеийнхэн ийм арга барилаар их өрсөлддөг байлаа. “Залуу хүн мэдэхгүй зүйлээ бусдаас асуухад огт санаа зовохгүй байх хэрэгтэй. Харин мэдэхгүй зүйлээ мэддэг мэт ярих нь л хамгийн ичгэвтэр явдал” гэж би залуустаа дандаа хэлдэг. Зарим хүн олон жил ажиллаад эсвэл жаахан зэрэг дэв ахиад ирэхээрээ бусдаас мэдэхгүй зүйлээ асуухаас эмзэглээд байгаа нь ажиглагддаг. Энэ буруу. Би хэдийгээр 20 шахам жил ажиллаж байгаа ч мэдэхгүй зүйлээ залуусаас нээлттэй асуудаг. Дээрээс нь хичээж байгаа хүний дэргэд дэмждэг хүн байх нь маш чухал.Бидний үеийн ахмадууд ямар сайхан нөмөр нөөлөгтэй байсан гэж санана. Намайг дөнгөж вагон үзэгч болоход тухайн үедээ залуусынхаа нөмөр нөөлөг болж явсан буянтай буурал н.Буян агсан “За ахын дүү. Вагон үзэгч гэдэг үүрэг хариуцлагын хувьд онгоцны нисгэгчтэй адилхан шүү” гэж захисан. Тэр үг нь надад маш их омогшил төрүүлж билээ. Манай албаны Г.Лхамсүрэн, О.Бат-Эрдэнэ, Ж.Өлзийбаатар гээд нэр дурдвал олон хүн намайг өдий зэрэгт хүргэсэн. Сайн байцаагчийн хал нь гаднаа хайр нь дотроо байдаг юм. Байцаагчийн оновчтой зөвлөмж, шийдвэрээс мөн ч их зүйлийг сурна шүү дээ. Би үндсэн ажлаасаа гадна ШБАЗ-ын чиглэлийн бүтээл хийх гэж оролдоно. Онолыг нь үзээгүй хүн болохоор тооцоо томьёоноос эхлээд мэр сэр алдаа гаргана. Тийм үед чи чадахгүй байна гэж зэмлэхээс илүү “Зүгээрээ болж байна. Улам хичээгээрэй. Энэ хэсэгт нь жаахан өөрчлөлт хийчихвэл болох гээд байна” гэхчлэнгээр урмын үг сонсохоороо улам ихийг хийх тэмүүлэл нэмэгдэнэ шүү дээ” хэмээн хуучлав.
Сайншанд ТҮГ хавар намартаа 250 вагонд эрүүлжүүлэх завсар хийдэг байж. 2021 оны намрын эрүүлжүүлэх засварт харин 1267 вагон оруулж, түүхэн дээд рекорд тогтоожээ. Энэ амжилтад хүрэхэд Б.Батжаргалын үүрэг оролцоо өндөр байсан учраас хөдөлмөр зүтгэлийг нь Замын удирдлагаас үнэлж, 2022 онд “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр энгэрийг нь мялаасан байна.
Тэднийх хоёр хүүтэй. Өнгөрсөн жил Өргөн рүү буурь сэлгэн нүүжээ. Гэргий нь Өргөн өртөөнд ачаа вагон хүлээлцэгчээр ажиллаж байгаа бол, том хүү нь Улаанбаатарт “Мон Алтай” сургуулийн арваннэгдүгээр ангид сурч байна. Б.Батжаргал 190, гэргий нь 150 см-ийн өндөртэй болохоор хүмүүс харагдах байдлаар нь өөнтөглөж ярьдаг байж. Тэр үүнд нь огт эмзэглэдэггүй “Эмэгтэй хүн эрдэнийн чулуу хоёр жижигхэн байх тусмаа чамин” гэж хэлээд л амыг нь тагладаг байсан гэх. Хайртай хүнтэйгээ хамт дуртай ажлаа хийх шиг жаргал хаана ч байхгүй гэдэгтэй тэрбээр 100 хувь санал нийлдэг нэгэн. “Говь нутаг зундаа халуун, өвөл хавартаа шуурга ихтэй ч зориод ирсэн хүмүүст ивээл буянаа хайрладаг. Хүмүүс нь уужуу тайван зантай гээд сайхан шүү дээ. Ах нь одоо бол эндээсээ явахгүй гэж боддог. Манайх өнгөрсөн жил Өргөн суманд нүүж ирсэн. Нас ахиад ч тэр үү хань бид хоёр улам л нам гүм, уужуу тайван байдлыг эрэлхийлээд байх боллоо” хэмээн ярих нь хэдийнэ говийн хүн болсныг нь илэрхийлэх аж.
Түүнээс бичсэн шүлгийнх нь талаар асуухад “Ах нь залуудаа уйгагүй оролдлоготой. Дээрээс нь их “эмо” ч байж (инээгээд). “Би вагон үзэгч” шүлгээ 2008 онд бичиж байсан. Тухайн үедээ вагон үзэгчийн мэргэжил гэдэг таван мэдрэхүйгээр зогсохгүй зургаан мэдрэхүйгээ зэрэг ажиллуулдаг мэргэжил юм гэдгийг л энэ шүлгээр илэрхийлэхийг оролдсон. Энэ шүлэгтээ нэг ч засвар хийгээгүй. Сая шүлгээ хараад сууж байхад “Залуу нас гэдэг бүхэлдээ омогшил, эрч хүч байдаг юм байна даа” гэсэн бодол төрлөө. Ер нь залуу насанд юу бодогдоно тэр бүхнийг хийж үзэх хэрэгтэй. Ийм эрч хүч, ур чадвар, хүсэл эрмэлзэл оргилж байдаг хугацаа их богинохон юм билээ. Одоо надаас ийм оролдлого гарахгүй шүү дээ” хэмээн ярьсан билээ. Тэр тэргэн цуваат вагонуудаа зүрхэндээ, тархиндаа тэвэрч явдаг эгэл жирийн вагон үзэгчдийн, энгийн даруухан нэгэн гол дүр юм.
Б.Дэлгэрхишиг