Ш.Нямсүрэн: Аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоо алдагджээ. Утсаар Ярих биш уулзаад алдаа оноогоо хэлэлцэж байя.
Төвийн хэсгийн улирлын үзлэгийн дүнгийн хурлыг сар шинийн өмнө хийснийг бид мэдээлсэн. Тэрхүү хурал дээр үзлэгийн үеэр ГТХАБ болон хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой анхаарал татсан асуудлуудыг Тээврийн хяналтын албаны хяналтын байцаагч нар танилцуулсныг тоймлон хүргэе.
Тээвэр зохион байгуулалт хариуцсан хяналтын байцаагч Д.Пүрэвдорж: Улаанбаатар өртөөний хувьд Дов дээр гарсан гологдлыг дурдаад цаашид ГТХАБ-д онцгой анхаарах шаардлагатайг байгааг хэлсэн юм.
Харин зүтгүүрийн засвар хариуцсан байцаагч Д.Батдорж: Зүтгүүрийн аж ахуйн албаны хэмжээнд сэлбэг материалын нийлүүлэлт хангалтгүйгээс гарч буй хүндрэл бэрхшээл зүтгүүрчдийн ажилд багагүй бэрхшээл учруулсаар байгааг онцлов. Түүний танилцуулснаар 2021 онд захиалсан сэлбэг материалын нийлүүлэлт 68 хувьтай, 2022 онд захиалсан сэлбэг материал 31 хувьтай байгаа аж. Үүнээс шалтгаалан зарим засвар хугацаандаа хийгдэхгүй хүлээгдэж байгаагаас илчит тэрэгний техникийн байдал муудаж, цаашдаа зүтгүүрийн паркыг барьж ажиллахад илүү хүндрэл учруулж болзошгүйг санууллаа. Тухайлбал, өнгөрсөн онд илчит тэрэгний засварын тоо 30 хувиар, илчит тэрэгний зогсолтын хугацаа 35 хувиар өссөн судалгааг танилцууллаа. Мөн хүлээн авагч нар үзлэг дутуу хийсэн, ТО1, ТО2 засварын чанар муудсан. Улаанбаатараас хөдөлсөн илчит тэрэг Амгалан дээр зогссон тохиолдол гарсныг жишээ болгон дурдсан юм.
Вагоны аж ахуй хариуцсан хяналтын байцаагч Ц.Түмэндэлгэр: Зэргэлдээ ТҮГ-ууд хоорондоо мэдээлэл солилцохгүй байна. Энэ чиглэлээр Вагон ашиглалтын депогийн хэмжээнд анхаарч, ТҮГ-уудын ажлын уялдаа холбоог сайжруулж ажиллах шаардлагатай. Мөн салгалттай засвараас гарсан вагонд мастерууд үзлэг хийж гаргах тал дээр хангалтгүй ажиллаж байна хэмээв.
Замын аж ахуй хариуцсан хяналтын байцаагч Д.Даваажав: Замын II ангид өмнөх үзлэгээр долоон заалтаар үүрэг өгсний зургаа нь 100 хувь, нэг нь 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Өмнөх үзлэгээр илэрсэн 70 дутагдлыг бүрэн арилгасан, энэ удаагийн улирлын үзлэгээр 92 дутагдал илэрлээ.
Тус ангийн хэмжээнд КД бэхэлгээтэй замтай таван хэсэгт их засварын хугацаа дууссан. Ивүүр элэгдсэн байна. Мөн зам төмрийн балбайлт ихэссэн байна. Үүнд алба, ангийн зүгээс онцгой анхаар! Модон дэр их муудснаас бага радиустай тахируудад цариг тэлэлт үүссэн, мөн зам төмрийн элэгдэл их байна. Ангийн хэмжээнд зам төмрийг эргүүлэн солих нөөцгүй болжээ. Тэгэхээр эхний ээлжинд яаралтай 350 зам төмөр худалдан авч шаардлагатай засваруудыг хийх хэрэгтэй.
Мөн сумын тоонолжуудын ихэнх нь 2-3 удаа шаваас хийж сэргээсэн. Эдгээр тоонолжийг ашиглалтаас гаргахаас аргагүй байдалд байна. Ер нь, ГТХАБ-д эрсдэл үүсэх хэмжээнд байдал хүнд байна гэж дүгнэлээ.
Тээврийн хяналтын албаны орлогч дарга бөгөөд төвийн хэсэглэл хариуцсан байцаагч Ц.Лувсан: Зарим өртөө, зөрлөгийн дарга холбоочид, замчдаа удирдах чадваргүйгээс хүний үгээр ажиллаж байна. Энэ нь гологдол, дутагдал гарах нөхцөлийг бүрдүүлэх тохиолдол болдог. Мөн их барилга, их засварын ажлын үеэр хөдөлгөөнчид, замчид, холбоочдын ажлын уялдаа холбоо сул байна.
Мөн Амгалангийн том холбохын гармын орчимд явган хүн болон авто машинтай иргэд замын хажуугаар оворгүй явдаг. Автомашинууд замын дэр модны үзүүр дээгүүр явах тохиолдол байсаар байна. Сэлгээний үеэр автомашин хөдлөх бүрэлдэхүүн мөргөлдөх эрсдэл өндөр байгааг анхаар.
Уулзваргүй замтай хэсэгт 2009 оноос хойш өргөх болон дунд засвар хийгээгүй. Одоо энэ хэсгийн зам төмрийн толгойн хэсгээр хялгасан цавнууд гарсан байна гэх мэт анхаарал татсан асуудлуудыг хөндөн ярилаа.
Байцаагч нарын илтгэлийн дараа төмөр замчдын санал хүсэлтийг сонслоо.
Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Л.Бямбасүрэн: Замын даргын А/828 тоот тушаалаар бол эрсдлийг илрүүлээд түүнийгээ арилгах ёстой. Гэвч аж ахуйн нэгжийн дарга нарт эрсдлээ арилгах гэхээр хөрөнгө мөнгө нь байхгүй. Аж ахуйн нэгжийн удирдлагууд маш хүнд нөхцөлд ажилладаг. Өнөөгийн тогтолцоогоор эрсдэл арилгах нөхцөл боломж бүрдээгүй байна. Ийм байдалтай ГТХАБ, ХАБЭА-г яаж хангах вэ. Зарим байгууллагад хүн хүч дутагдсанаас эрсдэл улам өсөөд байна. Төлөвлөлт, эдийн засгийн алба асуудлуудад бодитойгоор хандмаар байна.
Урьд нь Замын даргын үзлэгийн комисс өөрийн төсөв хөрөнгөтэй, байгууллагуудын төлөвлөгөөнд тусгагдаагүй нэмэлт ажлуудыг үзлэгийн комиссын төлөвлөгөөнд оруулаад санхүүжилтийг дор нь шийдээд явдаг байсан. Одоо бол Замын даргын үзлэгийн тушаалд орсон ажлуудад санхүүжилт байхгүй. Явцын дунд шийдэж өгнө гэдэг. Эсвэл алба дотроо асуудлаа шийд гэх маягаар явж байна. Ийм байдлаар явж болмооргүй байна. Жишээ авбал хүүхдээ дэлгүүрээс сүү талх ав гэж мөнгийг нь тааруулж өгчихөөд араас нь наад мөнгөнөөсөө нэмээд цөцгийн тос, жимсний чанамал аваарай гэж байгаа юм шиг л байна. Хязгаарлагдмал мөнгө чинь нэг цэгт очоод дуусна. Тэгэхээр Төлөвлөлт, эдийн засгийн албанаас энэ асуудалд ач холбогдол өгч үзлэг бүрээр хамт явж бодит байдлыг газар дээр нь харж баймаар байна. Үүнээс болж байгууллагууд дээр төлөвлөгөө нь наана цаанаа орчихсон, зарим нь огт биелэх боломжгүй болж эмх замбараагүй байдал үүсэж байна. Тэгээд үзлэг угтаад зарим газар “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгч болдог. Ийм байдлаас болоод ажилчдын идэвх суларч, санаачилга гаргахгүй болж байгаа гэж би бодож байна.
Нэг санал байна. Сая Замын даргын улирлын үзлэг урд замд явах үед Замын ерөнхий инженерийн үзлэг давхацлаа. Үзлэгийн утга агуулгын хувьд тун ойролцоо. Тэгэхээр цаашид үзлэг шалгалтыг дөрөв хуваагаад төрөлжүүлээд хөдөлгөөний аюулгүй байдлаа, дараагийнх нь хөдөлмөрийн аюулгүй байдлаа, их барилга, их засвар, өвлийн тээвэр гэх мэтээр явбал ямар вэ.
Байцаагч нарын өгсөн үүрэг даалгаврыг бүгдийг бичиж авсан. Манай албаны хэмжээнд сахилга хариуцлага, багийн ажиллагаа туйлын хангалтгүй байна. Түүнийгээ дагаад өдөр тутам мөрддөг технологид тавих хяналт маш суларсан. Доод шатанд ажиллаж үзээгүй хүмүүс байгууллагын дарга, орлогч, ерөнхий инженер болоод гараад ирсэн. Ажилчдынхаа гаргаж байгаа санаачилгыг дэмжих байтугай ойлгодоггүй. Зарим нь 2-3 хэрэгтэй санаачилга гаргасан ажилчдаа нүд үзүүрлэх маягтай. Ийм байдалтай ажил сайжрахгүй. Албаны зүгээс энэ жил тодорхой ажлуудыг хийнэ гэж оны эхэнд төлөвлөсөн. Байгууллагуудын удирдлагуудыг чиглүүлэх, өдөр тутмын ажилд нь хяналт тавих зэргээр ажиллана. Өгөгдсөн үүрэг даалгавруудыг биелүүлж ажиллана.
Тээврийн хяналтын албаны дарга Ц.Ариунболд: Улаанбаатар өртөөн дээр гологдол гарсан. Гологдлын мөрөөр хийж байгаа ажил туйлын хангалтгүй байна. Дохиолол холбооны албаны хэмжээнд нэлээд асуудал яригдлаа. Эдгээр асуудалд албаны зүгээс анхаарч ажиллах хэрэгтэй. Замын албанд өгч байгаа анхаарамжууд тоймоо алдсан. Энэ нь Замын ангиудад шаардлагатай сэлбэг материалууд хангалттай хэмжээнд хийгдэхгүй явсаар ийм байдалд хүрлээ. Замын зарим эд анги, зам төмрийг нэгийг нөгөө рүү нь зөөж сэлгүүлэн тавьсаар байна. Замын ангиудад замаа хаалгахгүйн тулд маш их үр ашиггүй ажил хийгдэж байна. Тэгэхээр Замын аж ахуйн албанаас сүүлийн 10 жилд өгсөн анхаарамжийн судалгааг гаргаж ир. Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженерийн ярьсан эдийн засаг санхүүтэй холбоотой хүндрэлүүдтэй санал нэг байна.
Төлөвлөлт эдийн засгийн албаны хэлтсийн дарга Ө.Батсүх: УБТЗ жилд 120-130 тэрбум төгрөгийн их барилга, их засварын ажлыг гүйцэтгэж байгаа. Бидний нөөц бололцоо үүнээс цааш байхгүй. Сүүлийн жилүүд цар тахал, хилийн хорио цээр зэрэг асуудлаас болоод хийгдээгүй үлдсэн олон ажил бий. Төлөвлөлт эдийн засгийн алба тээврээс орж ирж байгаа орлогыг тооцож, төлөвлөлт, хуваарилалтыг хийдэг. Харин ямар ажлыг эхэнд хийх вэ, яаж хийх вэ гэдэг эрх мэдэл нь албадын удирдлагуудад байгаа. Түүнээс Төлөвлөлт эдийн засгийн алба энэ вагоныг зас, энэ зүтгүүрийг зас гэж төлөвлөсөн ажлыг нэр цохож хөрөнгө хуваарилдаггүй.
Зорчигч тээврийн албаны орлогч дарга Н.Баттулга: Зорчигчийн вагон депогийн сэлбэг материал нийлүүлээгүй байна. Одоогийн байдлаар, 99 нэр төрлийн сэлбэг материалыг нэн яаралтай авахгүй бол хоорондын замд зорчигчийн галт тэрэг зогсох эрсдэл үүссэн. Хятадын төмөр замаас хариу ирвэл гуравдугаар сард урд хөрш рүү олон улсын галт тэрэг аялуулна. Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлд аялдаг “25G” төрлийн вагонуудад сэлбэг материал дутагдалтай байна. Шаардлагатай сэлбэг материалыг Худалдан авалт боруулалтын алба аралтай худалдаж авч өгөх хэрэгтэй байна.
Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн: Энэ удаагийн үзлэгээр бид сүүлийн жилүүдэд Замын даргын үзлэгийн комисс очоогүй замын хэсгүүдэд очиж, замчдынхаа ахуй амьдрал, байр орон сууцны нөхцөлтэй нь танилцлаа. Энэ дагуу Замын даргын үзлэгийн мөрөөр хийх ажлын тушаал шийдвэрийг гаргаж ажил хэрэг болгоно.
Алдаа дутагдал бий. Гэхдээ бүх зүйл муу муухай болчихсон юм алга. Төмөр замчид маань эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Энэ өвөл ойрын 4-5 жил болоогүй хэт хүйтрэл боллоо. Зарим хэсэгт хөрсөн дээр -52 хэм хүрсэн. Энэ хүйтнийг манай төмөр замчид хариуцлагатайгаар амжилттай давж тууллаа.
Үзлэгийн үр дүнг хэлэлцэхдээ бид алдаа оноогоо хэлэлцэж, цаашид яаж засаж залруулах вэ гэдгийг ярилцах ёстой. ГТХАБ-ыг хангах талаар холбогдох ИТА-чид орлогч дарга нараас асуудаг байсан бол систем өөрчлөлт орсон. Одоо аюулгүй байдалтай холбоотой асуудлыг салбар нэгжийн дарга нараас асуудаг. Асуудал хүндэрсэн тохиолдолд алба хэлтэс, төвийн дарга нар хүлээдэг хариуцлагатай болж байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгжийн дарга нар би ашиглалт хариуцсан орлогчтой, ХАБЭА хариуцсан ерөнхий инженертэй өөрсдөөсөө ажлаа битгий холдуулаач. Тухайн аж ахуйн нэгжид аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй хүмүүс бол аж ахуйн нэгжийн дарга нар. Тээвэр явуулах гэж байгаа бол аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах ёстой. Аюулгүй байдлын асуудал дээр удирдлагын босоо тогтолцоо биш эсрэгээрээ доошоо хандсан тогтолцоотой болох хэрэгтэй. Аюулгүй байдлын үзлэг шалгалтуудыг хийж чадахгүй байна гэсэн учраас долоо хоног бүрийн Лхагва гарагт аливаа хурал зөвлөгөөн, цахим хурлуудыг цуцалсан.
Замын даргын А-02 тоот тушаалаар бид бодлого боловсруулсан. Энэ бол Замын 2022, 2023 оны зорилтыг дагаж гарсан тушаал. Аюулгүй байдлыг удирдах, зөв оновчтой төлөвлөх, эрсдлийг бууруулах учиртай. Мөн үүнийг дагаад А-04 тоот тушаалыг гаргасан. Цахим норматив мөрдөгдөөд 10-аад жил болж байгаач давхар цаасаар мөрдөгддөг. Үүнийг бид энэ оны хоёрдугаар улирлаас буюу гуравдугаар сарын 1-нээс бүрэн цахим байдалд шилжүүлнэ. Нэг үгээр хэлбэл, байцаагч нормативыг цаасан байдлаар нэхдэг байдлыг таслан зогсооно. Байцаагч нар нормативыг цахимаар хянаад үнэлгээ дүгнэлтээ өгдөг болж байгаа.
А-02 тоот тушаалын хоёрдугаарт сахилгын бодлогыг тусгасан. Мэдээллийг ил тод болгож, гарч байгаа зөрчил дутагдлыг битгий нуун дарагдуулаач. Гарсан гологдол дутагдлаа нуугаагүй бол зүгээр бүртгэж авна. Хэрэв санаатайгаар болон санамсаргүй байдлаар нуухыг оролдсон бол хариуцлагыг хоёр дахин авч үзнэ.
Тээвэр зохион байгуулалтын албаны хувьд ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаармаар байна. 1-2 сар болгоод шилжүүлдэг асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Нүүдлийн шувуу шиг ажиллаж байж яаж аюулгүй байдлыг хангах вэ.
Зүтгүүрийн аж ахуйн албаны хэмжээнд илчит тэрэгний засварт онцгой анхаарахгүй бол энэ байдлаараа явбал ирэх 2024 онд илчит тэрэгний паркийн бэлэн байдлын үзүүлэлт унахаар байна. Чанаргүй засвар, чанаргүй сэлбэг хэрэгслээс болоод гологдол гарч байна. Үүн дээр холбогдох дарга удирдлагууд анхаарах хэрэгтэй.
Зорчигч тээврийн албаны шаардлагатай сэлбэг материалыг үзлэгийн тушаалд оруулсан. Борлуулалт багатай өртөө зөрлөг дээр шөнө ирж тасалбар борлуулдаг ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс киоск машин байршуулах шаардлагатай байна.
Вагоны аж ахуйн албаны хувьд шинэ сэлбэг чанарын шаардлага хангахгүй байгаагаас хуучин сэлбэг тавьж байгаа. Хуучин сэлбэгээр засварласан вагон их засварын хугацааг тав биш хоёр жилээр тогтоож, тэдгээр вагонуудыг байнгын хяналтад байлгах шаардлагатай.
Тээврийн шинж байдал өөрчлөгдөж байна. Ихэнх тээвэр чингэлэгт шилжлээ. Үүнтэй холбоотой бүх үзлэг, ажлын горим, ажилбарууд технологи өөрчлөгдөж байна. Тэгэхээр чингэлэг тээвэр дээр тавих хяналтад онцгой анхаарах ёстой.
Хилийн өртөө болон бусад төмөр замуудтай холбогдож байгаа хэсгүүдэд манай албаны болон хэсэглэл хариуцсан байцаагч нар онцгой анхаарах хэрэгтэй.
Сүүлийн үед хувийн хэвшил болон бусад компаниудын вагоны тоо нэмэгдэж байгаа. Улсын хэмжээнд вагоны парк 13 мянгад хүрч байна. Вагоны парк нэмэгдэхийн хэрээр эрсдэл өснө. Засвар үйлчилгээний цикл алдагдах вий. Хэд нь хугацаандаа засвар үйлчилгээндээ орж байна вэ. Үүнд хяналт тавьж, өөрийн суурь бүтэц дээр аюулгүй байдлыг хангуулах маш чухал шүү гэдгийг вагончдодоо захья.
Замын аж ахуйн чиглэлээр энэ жил нэлээд цас унасан. Одоо шар усны үерээс сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах цаг шүү. Өнгөрсөн онд үерт угаагдсан хэсгүүдэд нэмэл гүүр хоолой, хиймэл төхөөрөмж барих ёстой. Гэтэл энэ жилийн төлөвлөгөөнд гүүр хоолой барих талаар тусгагдаагүй байна. Тиймээс одоо 10-аас доошгүй гүүр хоолой барихаар төлөвлөж, үзлэгийн комиссын тушаалд оруулах хэрэгтэй. Айраг-Чойрын хэсэгт хоёр удаагийн хурц гэмтэл гарч зам төмөр хугарсан. Энд Замын аж ахуйн алба онцгой анхаарна бизээ. Нэгэнт Сайншанд-Зүүнбаянгийн чиглэлд тээвэр яваад эхэлсэн учраас энэ хэсгийн замын нөхцөл байдлыг эргэж харахаас аргагүй болсон. Суурь бүтэц дээр нэг голоос ирэх даралтыг дааж байна уу, үгүй юу.
Дохиолол холбооны албаны хувьд техникийн бичиг баримтын асуудал их байна. ЦХОБА аюултай бүсийн дэглэм дээр онцгой анхаарах хэрэгтэй. Эрчим хүчнийхэн зарим цэгийн шугам сүлжээн дээр анхаарах шаардлагатай. Эрчим хүчний төв гадны хэрэглэгч холбох асуудлаа авч үзээрэй.
Замын хэмжээнд анхаарах хэдэн зүйл байна. Бүх салбар нэгжид шинэ залуу ажилтан нэлээд орж ирлээ. Эдгээр залуусыг сургаж дадлагажуулах, техникийн мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтуудыг чанаржуул. Цахим сургалтын үр дүн хангалтгүй байна. Практикт суурилсан сургалт явуулах хэрэгтэй. Долоо хоногийн өмнө орсон хичээлээс нь асуухад мэдэхгүй хүн таарч байна.
Замын даргын А-828 тоот тушаал гарсан. Энэ тушаалаар эрсдлээ үнэлээд, хамгийн эрсдэл өндөртэй “улаан цэг”-ийг нь тодорхойлоод их барилга, их засварынхаа ажлыг эрэмбэлээд хий гэж байгаа. Өөрөөр хэлбэл, өрөө тасалгаа засах уу, ажил гүйцэтгэж байгаа техник хэрэгслээ засварлах уу гэдгийг эрэмбэлэх ёстой. Үзлэгийн үеэр анхаарсан гол асуудлын нэг нь аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын ажлын уялдаа холбоо. Энэ уялдаа холбоо үнэхээр алдагджээ. Хамтраад асуудлаа шийддэг байдал алдагдсан байна. Хамтарч хийдэг мэргэжил, ур чадварын тэмцээн уралдааныг сэргээх шаардлагатай. Аж ахуйн нэгжийн дарга нар ковидын үеийнх шиг утсаар ярьдаг уулздаггүй, алдаа оноогоо хэлэлцэхээ больжээ. Энэ байдлаа өөрчлөх хэрэгтэй.
Бусдаар бол төмөр замчид маш сайн ажиллаж байна. Хүйтний эрч суларч байгаа боловч тайвширах болоогүй. Ингээд ГТХАБ, ХАБЭА-г хангахад онцгой анхаараарай” хэмээв.
Б.ГҮНЖИНЛХАМ