“Амьдралын зам бартаа ихтэй, аяыг нь олоод яваарай миний хүү. Хазгай гишгэвэл нэмээд түлхэх хүн олон. Амжилтад хүрсэн ч чангаах хүмүүс байдаг. Алийг нь ч ялгаагүй уучилж сураарай” гэж аав минь захиж билээ. Үнэхээр ч амьдралын зам бартаа саад ихтэй юм. Өргөстэй, цэцэгтэй замаар өнөөдрийг хүртэл алхав. Өглөөхөн дуулж суусан нэгэн үдэд уйлах, үдэш уйлж суусан хүн өнөөдөр инээх... Олон найзаар хүрээлүүлсэн хэр нь ганцаардан гуниглах үе бишгүйдээ л тохионо. Итгэлт нөхөртөө сэтгэлээ уудлан тайтгарч болох атал ярихыг хүсэлгүй дотогшоо шургах өдөр хоногууд ч үргэлжилнэ. Үнэнч хэмээн итгэсэн хүмүүн өргөстэй тор, үзүүртэй жад, иртэй тонгорог болохыг таних амаргүй. Хайр энэрэлд өлгийдүүлэн аз жаргал, баяр баясалд умбавч алга урвуулах мэт аз жаргал алсран одох нь бий. Гэвч эцсийн дүндээ уучлах нь хувь сэтгэлд амгаланг авчрах нь сайхан.

“Алдаагүй хүн гэж хаана байх вэ. Бурхан будда, Есүс христ хүртэл алдаж л явсан шүү дээ” гэж нэг нөхөр минь алдаагаа цайруулж инээсэн юм. Өөрийгөө уучлаад сэтгэлээ амрааж буй нь тэр. Үргэлж бусдад бурууг өгч, өөрт зөвийг авч болохгүй л дээ. Алдааг минь аминчлан хэлсэн хүнд талархаж, ашиг хонжооны түлхүүр, ам таглах хөзөр болгох гэсэн нэгэнд гомдож, алдаа гаргасан өөртөө бухимдах сэтгэл төрдөг л юм. Гэвч аавынхаа захисан “Ямагт уучил” гэх үгийг санаж өөрийгөө ч, өрөөлийг ч уучилсаар л явна. Өнөөдөр миний алдаанд баясан шоолж, дээгүүр харж явсан хүн маргааш жишүү гишгэж, хаяа ширтэж явах нь бий. Гэлээ гээд бах ханаж, баярласан удаагүй. Өмнөхийг үл тоон “Өнөөдрийн алдаа маргаашийн амжилтын эх болдог доо” хэмээн сэтгэлийг нь засаж, харцыг нь өргөх сайхан л байдаг. Сэтгэлийн хорсол, зовлонгоос ангижрах эм бол уучлах юм. Зүгээр нэг “Уучилсан” гэж өөртөө итгүүлэх биш, чин сэтгэлээсээ л уучлах хэрэгтэй.