Замын I орлогч дарга О.А.Казаков, Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд нараар ахлуулсан намрын үзлэгийн комисс энэ сарын 20-26-ны хооронд Замын урд хэсэгт ажиллалаа. Замын-Үүд хэсэглэлийн хувьд энэ онд хөдөлгөөний аюулгүй байдлаар хоёр гологдол, таван дутагдалтайгаар үзлэг угтав. Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд нарийн царигийн өртөөнд сум зүссэн гологдол гарчээ. Гологдол, дутагдлын мөрөөр Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженерээр батлуулсан 10 зүйлтэй төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Өнөөгийн байдлаар уг төлөвлөгөөний биелэлт 60 хувьтай байгааг өртөөний орлогч дарга танилцуулав. Гологдлын хүчин зүйлийг тогтоохын тулд эрсдэлийн үнэлгээг дахин хийхэд ажилтны хувийн болон ажлын зохион байгуулалт, тушаал заавар, дүрэм журам технологи мөрдөлт нөлөөлсөн. Үүн дээр тоног төхөөрөмжийн насжилт, элэгдэл зэрэг ч нөлөөлсөн гэж үзсэн байна. Түүнчлэн, ХАБЭА-н чиглэлээр энэ онд осолд дөхсөн хоёр ч тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс нийт ажилтнуудад ХАБЭА-н сургалт зохион байгуулж, сургалтын танхимыг үе шаттайгаар тохижуулжээ.
Замын-Үүд өртөө оны эхний есөн сарын байдлаар өргөн царигаар 4218 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь хоногийн дундаж галт тэрэгний тоо 15.39 байжээ. Харин нарийн царигаар 2016 галт тэрэг хүлээн авсан нь хоногт дунджаар 7.37 галт тэрэг болж буй аж. Дээрхийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад өргөн царигаар 240 галт тэрэг, 3051 вагон, 201605 тонн ачаа буюу зургаан хувиар давж биелсэн үзүүлэлт юм. Мөн нарийн царигийнх 50 галт тэрэг, 3530 вагон, 15306 тонн буюу гурван хувиар давж биелсэн байна. Түүнчлэн, энэ онд 6000 тоннтой буюу хүнд жинтэй 15139 вагон бүхий 242 галт тэрэг аялуулснаар 30.56 галт тэрэг, 1734 вагон хэмнэжээ. Өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Замын-Үүд өртөө хэсэглэлийн хэмжээнд 19 зүйлтэй төлөвлөгөө гарган ажилласнаас 70 хувийн гүйцэтгэлтэй нэг ажлаас бусад нь бүрэн биелжээ.
Үзлэгийн үеэр Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн “Улирлын үзлэгээс хойш гологдлууд гарсан. Гурван улсын хэлэлцээрээр цаашид ачаа, тээврээ бүр илүү нэмэхээр тохирсон. Гэтэл Замын-Үүд өртөө хөдөлгөөний аюулгүй байдал талдаа маш муу ажиллаж байна. Үндсэндээ энд эрсдэлийн улаан бүс үүсжээ. Тиймээс сарын дараа Тээврийн хяналтын албанаас дахин хяналтын үзлэг хийнэ” гэв.
Энэ үеэр тус өртөөнийхөн үзлэгийн комисст яаралтай болон судалж шийдвэрлүүлэх ажлуудаа танилцууллаа. Тодруулбал, Логистикийн төвийн цахилгаан төвлөрүүлэлтийн ажиллагааг яаралтай хэвийн болгож засварлах шаардлагатай байгаа гэнэ. Мөн одоо ашиглаж буй 42 гар станц нь ашиглалтын хугацаа нь дуусаад хоёр жил болж буй тул шинэчлэх шаардлагатайг хэллээ. Харин судалж шийдвэрлэх ажил гэвэл шугам замын өртөө, зөрлөгийн технологийн сууцуудыг галлагаагүй болгож, цахилгаан халаалтын системд оруулах, хүн хүчний хүрэлцээ хангалтгүй байгаа учир зөрлөгүүдийг ДУГ-д шилжүүлэн ажиллуулж хөдөлмөр зохион байгуулалт хийх хүсэлтэй байгаа аж.
Вагончдын хувьд энэ удаагийн үзлэгээр гологдол, дутагдал, зурмагийн тасалдалгүй ажиллаж байлаа. Замын-Үүд ТҮГ оны эхний есөн сарын байдлаар өргөн царигаар 7797, нарийн царигаар 2022, зорчигчийн 520 галт тэрэг хүлээн авчээ. Мөн өргөн царигаар 7364, нарийн царигаар 2009, зорчигчийн 514 галт тэрэг явуулсан байна. Салгалтгүй урсгал засвараар 538 вагон засварлаж, салгалттай засвараар 1093, явуулын бригадаар 71 вагон засварлажээ. Айраг ТҮГ гэхэд 808 галт тэрэг хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар, 1060 галт тэрэг явуулсан нь есөн хувиар тус тус давсан үзүүлэлт юм. Энэ мэтчилэн урд хэсэглэлийн ТҮГ-уудын ажил хэвийн, өвлийн тээвэрт бэлэн байгааг үзлэгийн комисс сайшааж, бүгд “Онц” дүнтэй гэрчилгээ гардлаа. Харин шинэ ажилтан олонтой, мэдлэг сул байгааг Тээврийн хяналтын албаны вагоны аж ахуй хариуцсан хяналтын байцаагч Ц.Түмэндэлгэр анхааруулж, шинэ ажилчдаа сургахыг санууллаа. Мөн тэрбээр, “Сайншанд өртөөнд галт тэрэгнээс салгаж засах техникийн гэмтэлтэй вагон 14 хоножээ. Энэ вагоныг ахлах үзэгч өглөө бүр ээлж солилцохдоо хүлээлцдэггүй юм байна. Замын нэгдсэн мэдээнд техникийн гэмтэлтэй вагон орж байх ёстой ч ороогүй байна. Тэгэхээр галт тэргэнд холбоод явуулж мэдэх эрсдэл энд бий болжээ. УБТЗ-ын суурь бүтэц дээгүүр вагон эзэмшигч, түрээслэгч 24 компани байдаг. Эдгээр компанийн гэмтэлтэй вагонуудыг өртөө бүрд салгачихвал энэ буруу зохион байгуулалтаас чинь болж эрсдэл улам өндөрсөхөөр байна. Вагоны аж ахуйн алба, Вагон ашиглалтын депогийн удирдлагууд энэ мэт асуудалд анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
Харин үзлэг эхэлсэн цагаас Замын IV ангийн хэсгүүд Тээврийн хяналтын албаны замын аж ахуй хариуцсан хяналтын байцаагч Д.Даваажавын дэвтэрт бичигдэж, хугацаатай үүрэг өгсөн цөөн хэдэн үл тохирлыг эс тооцвол комиссоос үргэлж сайшаал, магтаалын үг сонсов. Замчдын хувьд цалин нэмэгдсэн нь тэдний амьдрал ахуйд ихээхэн нэмэр болж, зарим нь хуримтлал үүсгэж эхэлснээ ч дуулган талархал илэрхийллээ. Говийн замчдын хамгийн хүнд асуудал нь элсний нүүдэл аж. Замчид элс хэчнээн цэвэрлэсэн ч дахин шуурч дараад буйг учирлаж байв. Тодруулбал, Замын-Үүд орчмын 1085-1115 дугаар км-т Борхойн талаас, Номт зөрлөг орчмын 1006-1020 дугаар км-т Далай элсний үзүүрээс, Зүүнбаян-Сайншанд хоорондын замд Өөшийн говиос элс нүүдэллэн зам дардаг. Тиймээс элсний нүүдлээс хамгаалахын тулд Замын IV ангийнхан мод тарьж, чулуун хорго барьж, элс цэвэрлэх машинтай болж, замчдын орон тоог нэмж, далан суваг татаж, давхар тор татах зэрэг олон арга хэмжээ авч буй ч дорвитой амжилтад хүрэхгүй байгаа учир энэ асуудлыг Замын удирдлагын хэмжээнд авч үзэх төсөл хэрэгжүүлэхээр боловсруулан Экологийн хэлтэст өгснөө ангийн дарга А.Оргодол хэлсэн юм.
Түүнчлэн, Замын III, IV ангид нэн тулгамдаж буй бас нэг асуудал нь зам сумын металл хэсгийн дутагдалтай байгааг Замын аж ахуйн хяналтын байцаагч онцолж байлаа. Замын IV анги гэхэд л энэ онд гол болон өртөөний замд хурц гэмтэлтэй 82 зам төмөр, найман металл эд анги сольжээ. Хурц гэмтлээр сольж буй зам төмрийн 82 хувь нь төмөр бетон дэртэй, Р-50 зам төмөртэй, балластын бохирдол ихтэй газар гарч байгаа аж.
Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийнхан ч гологдол гаргасан учир зэмлэл хүртэж, үзлэгийн комиссынхон “Удирдлагууд нь ажилдаа хариуцлагагүй хандаж байна” гэж дүгнэв. Тус ангийнхны хоногийн дундаж ачилт, буулгалт 269 вагон байгаа аж. Оны эхний есөн сарын байдлаар хоёр сая тонн ачаа боловсруулж төлөвлөгөөг 1.7 хувиар давуулан биелүүлсэн байна. Тодруулбал, 111328 чингэлэг ачиж, буулгасны 78472 нь транзит чингэлэг байгаа нь өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар давсан үзүүлэлт юм. Хэдийгээр ачаа боловсруулалт нь өссөн ч орлого нь буурчээ. Энэ нь Логистикийн талбайн транзит чингэлэг хадгаламжийн орлого хоёр тэрбум төгрөгөөр буурсантай холбоотойг ангийн дарга Д.Гантөмөр тайлбарлав.
Дохиолол холбооны III анги энэ онд гэмтэл 38, зурмагийн тасалдал 19, дутагдал 13, гологдол нэгийг гаргасан байна. Эдгээр нь өмнөх оны мөн үеэс бүгд нэмэгдүүлсэн үзүүлэлт юм. Тиймээс гологдол, дутагдлын мөрөөр хээрийн байгууламжид тохируулга хийх, камер нэмж суурилуулах, сургалт зохион байгуулах олон ажил зохион байгуулж байгаа аж. Тус ангиас хувийн төмөр зам болон бусад байгууллагад ажиллахаар гарсан найман хүн өөрсдийн хүсэлтээр ажилдаа эргэж орсон байна. Өнөөгийн байдлаар 13 хүний орон тоо дутуу байгаа аж. Ер нь, замын урд хэсгийн ЭХУХ-ийн II анги гэхчлэн аль ч байгууллагад орсон хүний нөөцийн дутагдал их байгааг онцолж байлаа. Замын I орлогч дарга О.А.Казаков “Төмөр зам дагуух аймаг, сумдад олон дунд сургууль байгаа. Байгууллагын удирдлагууд төмөр замын дүрэмт хувцсаа өмсөж очоод мэргэжлээ сурталчилж, ирээдүйн төмөр замчин бэлтгэхэд хэр анхаарч байна вэ. Ямар арга хэмжээ авав гэхээр “Зар тавиад хүн ирэхгүй байна” гэдэг шалтгаа одоо болих хэрэгтэй. Өөрсдөө сэтгэл гарга” хэмээн шүүмжлэв.
Харин Дохиолол холбооны III ангийн эзэмшиж буй барилгууд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтад тэнцэхгүй гэж дүгнэсэн байдаг. Тиймээс ангийн шинэ барилгыг ирэх оны төлөвлөгөөнд оруулж өгөхийг хүслээ. Энэ мэт ашиглалтын шаардлага хангахгүй олон барилга байгааг үзлэгийн комиссын ахлагч хэлж, цаашид ээлж дараагаар арга хэмжээ авна гэдгээ дуулгав. Түүнчлэн, өртөө, анги, салбар нэгжүүдэд “Тендер төдөн удаа зарлаад амжилтгүй болсон” гэх асуудал олон газар яригдсан юм. Тиймээс эхний удаад тендерт оролцогчгүй, амжилтгүй болсон бол дахин судалгаа хийж нөхцөлөө өөрчлөх талд албад анхаарахгүй байгааг комиссын ахлагч анхаарууллаа.
Сайншанд өртөө төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ давуулан буюу 102-175 хувиар биелүүлсэн амжилттай угтав. Тухайлбал, 14977 вагонд 951509 тонн ачиж төлөвлөгөөг 108 хувиар, 9657 вагон буулгаж 148 хувиар тус тус биелүүлсэн байна. Тус өртөө өнгөрсөн жилүүдэд Тавантолгой-Зүүнбаян чиглэл, Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай ачааг тээвэрлэж байсан билээ. Тэгвэл дээрх зам бүрэн ашиглалтад орсноор нийслэлийн иргэдийн сайжруулсан түлшний нүүрс болон Тавантолгой, Оюутолгойн нефтийн бүтээгдэхүүнийг тээвэрлэж буй аж. Эдгээр тээвэр оны эхний есөн сарын байдлаар өссөн үзүүлэлттэй, хэсэглэлийн хэмжээнд тээврийн нийт орлого 9.33 тэрбум төгрөгөөр өмнөх оны мөн үеэс давсныг өртөөний дарга Д.Болорхүү танилцуулав.
Бор-Өндөр, Шивээ-Овоо, Шивээговь, Айраг зэрэг уул уурхайн ачилтын өртөөд ихтэй Чойр хэсэглэл өвлийн тээвэрт бэлэн байлаа. Хэсэглэлийн хэмжээнд найман сая тонн ачаа тээвэрлэж, тээврийн 140 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Тэгвэл Улаанбаатар хотын эрчим хүчний нүүрсний тээврийг зохион байгуулдаг Багануур өртөөний хувьд эхний есөн сарын байдлаар 49385 вагонд 3.22 сая тонн ачаа ачжээ. Улс эх орны эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр тус өртөөний ачилт жилээс жилд 150-200 мянган тонноор нэмэгдэж байгааг үзлэгийн комисст танилцуулав.
Урд хэсгийн зүтгүүрчдийн хувьд гүйцэтгэсэн ажил нь 102.2, шугаман гүйлт 104.1, ашиглалтын парк 108.4 хувиар тус тус биелсэн байна. Харин техникийн хурд, галт тэрэгний дундаж жин, хоногийн дундаж гүйлт, бүтээмж төлөвлөгөөндөө хүрээгүйг Сайншанд Татах хэсгийн дарга О.Батдорж танилцууллаа. Энэ оны эхний есөн сард Замын хэмжээнд нийт 4794 галт тэрэг III түвшинд аялснаас 538 галт тэрэг мөрдөж, бусад нь дангаараа аялсан гэх мэдээ байна. Тэгвэл Сайншанд Татах хэсгийн хэсэглэлд 3132 галт тэрэг III түвшинд аялсны 418 нь мөрдөж аялжээ. Үүнээс үзэхэд Замын хэмжээнд мөрдөж аялсан галт тэрэгний 77.7 хувийг тус Татах хэсгийн хэсэглэлд аялсан байна. Есөн сарын байдлаар нийт 220 илчит тэрэг өвлийн тээвэрт бэлтгэх ажил 97.5 хувийн биелэлттэй байгаа аж. Гэхдээ ашиглалт болон засварын чиглэлээр Тээврийн хяналтын албаны байцаагчийн дэвтэрт анхаарах зүйл цөөнгүй бичигдсэн юм. Тухайлбал, засвар хариуцсан хяналтын байцаагч Г.Мөнгөнхуяг “Чойр өртөөний сэлгээнд ажиллаж буй илчит тэрэгнүүдээс өмнөх үзлэгээр ТЭМ-2-1269 илчит тэрэг нэлээд санамжтай байсан бол санамжуудыг арилгажээ. Гэвч эсрэгээрээ хоёр шинэ илчит тэрэг нь нэлээд олон санамжтай болжээ. Тухайлбал, нэгдүгээр авто угсрааны хугацаа дууссан, гожук хагархай, тоормосны цлиндрийн штокны тохиргоог жигд бус тохируулсан гэхчлэн цөөнгүй санамж бичигдлээ. Мөн Замын даргын А/543 тушаалын мэдлэг сул, дунд тушаалын удирдлагууд болон засварчид зорчигчийн галт тэргэнд ямар илчит тэргүүд явдгийг мэдэхгүй байна. Засварын цехийн гурван шатны дэвтрийн хөтлөлт хангалтгүй, зарим ажлыг технологигүй хийж байна. Түүнчлэн, үзлэг засвараас санамжтай тэргүүд гаргахгүй байхад анхаар” гэв.
Мөн Тээврийн хяналтын албаны Гал, харуул хамгаалалт хариуцсан хяналтын байцаагч Б.Гансүх шалгаж илрүүлсэн үл тохирлууддаа анхаарамж, сэрэмжлүүлэг өгч, зарим Замын хэсэг, өртөө, зөрлөгийн төмөр замчдад орон нутгийн Онцгой байдлын газрын хяналт дор төмөр зам дагуу ургасан өвсийг шатаах ажлыг зохион байгуулж, гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж явсан юм. Ийнхүү урд хэсэглэлийн хөдөлгөөнчид өвлийн тээвэрт бэлэн гэж үзлэгийн комисс дүгнэж, ихэнх өртөө, анги, байгууллага “Онц” дүнтэй гэрчилгээ гардлаа.
Нийгмийн салбарынхны үзлэг шалгалтын талаар дараагийн дугаараас уншаарай.