Замын хойд хэсэгт Сүхбаатар зангилаанаас энэ сарын 23-нд эхэлсэн төмөр замчдын үг, үзэл бодлыг сонсох чөлөөт хэлэлцүүлэг 26, 27-нд Замын-Үүд, Сайншанд зангилаадад үргэлжлэв. Уг хэлэлцүүлэгт Иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагуудыг төлөөлөн Улс төрийн намын харьяалалгүй иргэдийн холбооны тэргүүн Б.Батбаатар, “Газар шороо” иргэдийн холбооны тэргүүн, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир, “Иргэний хяналт” ТББ-ын төлөөлөл О.Аюурзана, Төмөр замчдын “Ган зам” нийгэмлэгийн төлөөлөл А.Батзориг, Зам тээврийн иргэний зөвлөлийн тэргүүн Б.Цэрэндорж нар оролцлоо. Замын захиргаа хэлэлцүүлгийг дэмжин ажиллаж байгаа ба энэ удаа Замын ерөнхий инженерийн орлогч А.Батболд, Ахмадын холбооны дарга, МУ-ын гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун, Хөдөлмөрийн баатар, Гавьяатуудын холбооны дэд тэргүүн, МУ-ын гавьяат тээвэрчин Л.Мөнхбаяр, гавьяат багш Л.Цолмон, Ахмадын холбооны нэгдсэн зөвлөлийн дарга Ч.Батчулуун нар хамтран ажиллав.
Эхний өдрийн уулзалтад Сайншанд өртөөний төмөр замчид идэвхтэй оролцож, санал бодлоо ярьцгаалаа. Тэдний ярианаас үзэхэд,“Засгийн газраас юуны өмнө алдагдалгүй ажиллах тариф баталж өгөхийг хүсэж байна. Ажилтнуудын цалин үнийн өсөлттэй харьцуулахад бага, амьдралд хүрэлцэхгүй байгаа. Төмөр замчид бид галт тэрэгний хөдөлгөөний хариуцлагатай цэгт ажилладаг хүмүүс. Ажил, амралтын дэглэмээ ч чанд баримтлах ёстой байдаг. Гэтэл ажиллаж, ажиллаж авсан цалин хөлс байрны болон цалингийн зээл, хүүхдийн сургалтын төлбөрт ихэнх нь явчихаар жирийн төмөр замчин хүн үүрэгт ажлаа ар гэртээ зовинохгүй сэтгэл тайван гүйцэтгэхэд хэцүү шүү дээ. Ачаа тээврийн тарифыг нэмснээр төмөр замчдын цалин хөлс нэмэгдэх боломж байгааг сүүлийн өдрүүдэд бид улс даяараа харлаа. Бид менежментийн өөрчлөлт хийхийг дэмжиж байна. Бусад төмөр замууд мэргэжилтэй боловсон хүчинд маань өндөр цалин амалж байна. Төмөр замын хэтийг харсан боловсон хүчний бодлого хэрэгтэй байна" гэх яриа түлхүү гарч байлаа. Үүнээс гадна улс орны хэмжээнд гарч буй авилгал, хээл хахуультай холбоотой асуулт асуусны зэрэгцээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, хоёр танхимтай болох нь зүйтэй гэсэн саналыг олон хүн гаргаж байв.
Дэлхий нийтийг хамарсан ковидын цар тахлын үед төмөр замчид Онцгой байдлын албан хаагч, эмч эмнэлгийн ажилтнуудтай мөр зэрэгцэн ажиллаж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэсэн боловч улсаас ямар нэгэн дэмжлэг, туслалцаа үзүүлээгүй талаар ярьсан юм. Тухайн үед урд хэсэглэлийн төмөр замчид олон хоногоор гэртээ харилгүй ажил дээрээ тусгаарлагдан ажиллаж, нийгмийн хариуцлагаа биелүүлж ирсэн байдаг. Гэвч төрийн албан хаагч ямар нэг хөнгөлөлт, дэмжлэгт хамрагдах үед төмөр замчид хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилчин гээд дунд нь хаягддаг тухай ажилтнууд ярьж байлаа. Тухайлбал,төрийн албан хаагчид нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хамрагдахад төмөр замчид хоцорсон ажээ.
Үүний зэрэгцээ Засгийн газраас Дорноговь аймагт баригдсан нефтийн үйлдвэрийг яаралтай ашиглалтад оруулахыг хүсэж байсан байсан бөгөөд сонгуулийн үр дүнгээс хамаарч эрх баригч нам солигдоход өмнө нь хийж байсан бүтээн байгуулалт а зогсох, царцах явдал гардаг тухай сэтгэл зовниж явдгаа ч төмөр замчид нуугаагүй юм.
Замын-Үүд зангилаанд өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр төрийн бус байгууллагууд, иргэний хөдөлгөөний төлөөлөл Засгийн газарт бидний санал бодлыг хүргэхээр зорин ирсэнд талархалтай байгаагаа илэрхийллээ. Мөн улс, оронд өрнөөд байгаа жагсаал цуглаанд оролцох хүсэлтэй байдаг ч төмөр замчин хүн ажлын байраа орхиод явахгүй учраас та бүхэнд үгээ дайж байгаа тул хэлэлцүүлгийнхээ үр дүнг үзээд энэ зааландаа эргэн уулзана гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн, ковидын үед ачаа тээвэр чингэлгээр орж ирж, тус зангилааны төмөр замчид хөлс хүчээ шавхан илүү цагаар ажиллаж энэ бүхний ард гарсан боловч Засгийн газраас ямар ч дэмжлэг, урамшуулал олгоогүй талаар мөн ярьж байлаа.
УБТЗ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажил хийдгээс олон хүнийг ажлын байраар хангадаг. Тухайлбал, Замын-Үүд зангилааны хэмжээнд жилдээ 70-80 хүн шинээр ажилд ордог мэдээ бий. Бусад байгууллагууд тухайн сум, орон нутгийнхаа хөдөлмөрийн бирж дээр бүртгүүлж, ажилд авсан иргэдийнхээ тоогоор урамшуулал авдаг. Харин төмөр замыг энэ урамшуулалд хамруулдаггүй гажуудал байгааг ч ярилаа юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд, Замын-Үүд зангилааны дарга Ч.Сугирбаатар хэлэхдээ:
Манай зангилааг зорьж ирсэн төлөөлөгчдөд бид бүхэн санал бодлоо илэрхийлэхийн ялдамд 2022 онд Замын захиргаатайгаа хамтран манай хамт олны хийсэн ажил үйлстэй танилцах боломж гарсанд таатай байна. Хүйтэнд хөрж, халуунд халж ажилладаг төмөр замчдынхаа ажил мэргэжлийн онцлогийг танилцуулж, хийсэн бүтээснээ үзүүлэхдээ бид ган замчдаараа өөрийн эрхгүй бахархаж байна. Ард түмний хурлаас сонгогдсон төлөөлөгчид та бүхэн төмөр замчдад тулгарч байгаа олон асуудлыг замд нь замхруулалгүй төр засагт хүргэж, бодит үр дүнд хүрнэ гэж итгэж байна. Эргээд энэ танхимдаа уулзахын ерөөл тавьж тавина" гэсэн юм.