Замын-Үүд зангилаа:

Замын I  орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд нараар ахлуулсан Замын даргын намрын үзлэг замын урд хэсэглэлд энэ сарын 15-21-ний хооронд ажиллалаа. Замын-Үүд зангилааны хувьд нэг гологдол, дөрвөн дутагдал, зурмагийн нэг тасалдал гаргасан ч үүний мөрөөр олон ажил зохион байгуулжээ. Хилийн өртөө өргөн, нарийн царигаар галт тэрэг солилцоо нь сайжирч буйг зангилааны удирдлагууд танилцууллаа. Тухайлбал, оны эхний есөн сарын байдлаар өргөн царигаар 3978 галт тэрэг хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж галт тэрэгний тоо 14.6-д хүрсэн байна. Харин нарийн царигаар 1969 галт тэрэг хүлээн авч, хоногийн дундаж галт тэрэгний тоо 7.2 гэсэн үзүүлэлттэй байгаа аж. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад өргөн царигаар 1140 галт тэрэг, 54797 вагон, 3.788.644 тонноор өссөн байна. Харин нарийн царигаар 86 галт тэрэг, 12410 вагоноор өссөн ч 92857 тонноор буурсан үзүүлэлттэй гарчээ. Ийнхүү буурсан нь хүнд галт тэрэг ирэхгүй, ачаа тээвэр чингэлэгт шилжсэнтэй холбоотой аж.

Шилжүүлэн ачих ангийн хувьд эхний есөн сард 286.2 мян.тонн ачаа боловсруулж, төлөвлөгөөг 7.2 хувиар давуулан биелүүлжээ. Замын даргын үзлэгийн комисс ачаа тээврийн үзүүлэлт сайжирч буйг сайшааж, харин галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, ажилчдаа илүү сайн сургаж ажиллахыг үүрэг болгов. Харин хилийн өртөөний “Эрээний агент зөөвөрлөх 20 хүний суудалтай автомашин авах шаардлагатай” гэсэн саналыг судалж шийдвэрлэхээр боллоо. Ийнхүү Замын-Үүд хэсэглэлийн Шаргын-Овоо, Нартын хошуу, Авгын гол, Сумангийн зоо, Цагаан хад, Номт, Улаан-Уул зэрэг өртөө, зөрлөгүүд үзлэгт сайн бэлтгэсэн тул “Онц” дүнтэй гэрчилгээ гардсанаар тулгуур өртөөг үзлэгт маш сайн бэлтгэсэн гэж комиссын ахлагч О.А.Казаков дүгнэлээ. Тэрбээр, “Замын хэмжээнд өнөөгийн байдлаар тээвэрлэлтийн төлөвлөгөөг 122 хувиар биелүүлээд байна. Энэ эрчээрээ явбал бид оны эцэс гэхэд 32 сая тонн ачаа тээвэрлэхээр байгаа. Төмөр замчид маань маш сайн ажиллаж байна” гээд баяр хүргэсэн юм.

Сайншанд зангилаа:

Үзлэгийн комисс Сайншандад дөрөө мултлав. Тус өртөөний хувьд шинэ төмөр замын бүтээн байгуулалт, өсөн нэмэгдэж буй тээвэртэй холбоотойгоор ажлын ачаалал нь ч эрс өссөн. Тиймээс өртөөний өргөтгөл, одоо шаардлагатай байгаа ажлын байрны орон тооны талаар дахин тооцоо судалгаа хийж танилцуулахыг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков зангилааны дарга Д.Болорхүүд үүрэг болгов. Ер нь, “Говийн төмөр замчин” хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч говийн бүсэд ажилчдын тогтвор суурьшил сэтгэл зовоосон асуудал болоод буйг зангилааны аж ахуйн нэгжүүдийн удирдлага хэлж байв. Сайншанд зангилааны хэмжээнд шинэ, залуу ажилтнууд маш олон байгаа тул багш, шавийн гэрээтэй ажиллуулах, сургаж дадлагажуулахыг комиссынхон санууллаа. Тус хэсэглэлийн Долоодын хөндий, Өргөн, Агь сүмбэт, Улхын-Овоо, Алтганы гол зөрлөгийн төмөр замчид үзлэгт бүгд “Онц” шалгуулсан тул тулгуур өртөөг үзлэгт маш сайн бэлтгэсэн хэмээн комисс дүгнэж “Онц” дүнтэй гэрчилгээ гардуулав.

Чойр зангилаа:

Үзлэгийн комисс Чойр зангилаа руу орж Айраг, Бор-Өндөр, Цомог, Олон-Овоо, Өлзийт, Шивээ говь, Шивээ-Овоо өртөөдийн зам сум, холбоо дохиоллын байгууламж, аж ахуйн нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж, анхаарах шаардлагатай үл тохирлуудыг байцаагч нарын хэлсний дагуу арилгахыг Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн хэлэв. Уул уурхайн бүтээгдэхүүний ачилтын дийлэнх хувийг гүйцэтгэдэг гэж болох Чойр хэсэглэлийн хувьд ачилтын өртөөддөө төлөвлөгөөт үзүүлэлтийн биелэлт янз бүр байлаа. Тухайлбал, Айраг өртөө оны эхний арван сард 59526.32 тонныг ачиж төлөвлөгөөг 111, 826 вагон буулгаж 303 хувиар биелүүлжээ. Олон-Овоо өртөөний хувьд 1819250.85 тонныг ачиж төлөвлөгөөг 97.39, 5569 вагон буулгаж төлөвлөгөөг 156.65 хувиар биелүүлсэн байна. Харин Бор-Өндөр өртөө эхний есөн сард ачилтын төлөвлөгөөг 114.67 хувиар биелүүлснээ танилцуулав. Цаашид ч ачилт улам өсөх хандлагатай байгаа учир ачаа вагон хүлээлцэгчийн хоёр орон тоо нэмэх шаардлагатайгаа танилцууллаа. Чойр өртөөний хувьд ачилтын төлөвлөгөө нь 97 хувьтай биелжээ. Төлөвлөгөө биелээгүй шалтгаан нь энэ жил өнгөрсөн оны гүйцэтгэлээс 28366 вагоноор илүү төлөвлөгөө өгсөнтэй холбон өртөөний дарга Б.Удамбуян тайлбарлав. Мөн дөрөвдүгээр сараас долдугаар сарын хооронд нүүрсний үнэ унаснаар илгээгчид ачилт хийх нь багассан байна. Түүнчлэн, салбар замууд дахь нүүрсний нөөц дууссан, авто тээвэр зогссон зэрэг шалтгаан нөлөөлжээ.

Энэ үеэр Вагоны аж ахуй хариуцсан хяналтын байцаагч Ц.Түмэндэлгэр “Хувийн хэвшлийн вагонуудын засварын хугацаа хэтэрсэн байна. Тухайлбал, “БТЕГ” ХХК-ийн 100 вагонд өөрсдөө эрүүлжүүлэх засвар хийх ёстой ч өнөөгийн байдлаар 14 вагонд засвар хийжээ. Тиймээс хувийн хэвшлийнхнийг шаардаж байгаад вагонуудыг нь засуул” гэв. Улмаар Лүн, Оорцог-Энгэр, Наран-Элгэн зөрлөгийн ажлыг шалгаснаар Чойр хэсэглэл дууслаа. Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн шинэ залуу ажилтнуудаа сургахыг анхааруулж тус хэсэглэлийг өвлийн тээвэрт маш сайн бэлтгэснийг онцоллоо.

Тээвэр зохион байгуулалт хариуцсан хяналтын байцаагч Д.Пүрэвдорж “Ивүүрийн хяналтыг сайжруул, элэгдсэн ивүүр олон байна” гэдгийг ихэнх өртөө, зөрлөгт анхааруулсан юм.

            Түүнчлэн, үзлэгийн явцад вагончид болон эрчим хүч, холбооныхны ч ажил нь хэвийн, өвлийн тээвэрт бэлэн байгааг чиглэл хариуцсан байцаагч нар нь онцолж байлаа.

 

Замчдад зам, сумын туслах материалууд яаралтай хэрэгтэй

 

Замын IV, III ангиудын хувьд зарим хэсэгтээ их засвар хийсэн хэдий ч их засвар ороогүй хэсгүүддээ зам сум, дэрийн аж ахуй сайнгүй, замын металл хийц муудсан, шаардлагатай туслах материалын хангалтыг яаралтай хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг байцаагч нар хэллээ. Тээврийн хяналтын албаны Замын аж ахуйн хариуцсан хяналтын байцаагч Д.Даваажав “Яаралтай хэрэгтэй сэлбэг материалыг Худалдан авалт, борлуулалтын алба нийлүүлж чадахгүй бол ангиудад нь худалдан авах эрхийг өгөх хэрэгтэй” гэв. Мөн Сайншанд өртөөний ачаа тээврийн хэмжээ үлэмж нэмэгдэж байгаа тул гол замын Р50 суман шилжүүлгүүдийг Р65 болгон хүчжүүлж, тээврийг хэвийн хангах, хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх шаардлагатайг анхаарууллаа.

Замын III ангийн хувьд зам элс, шороонд ихээр дарагддаг. Энэ нь, замын чигжээсний ажиллах чадварыг алдагдуулж, галт тэрэгнээс ирэх ачаалал шууд зам төмөр, дэр, завсрын бэхэлгээнүүдэд ирдэг аж. Ингэснээр, замын гэмтлийн тоо нэмэгдэхэд нөлөөлж буйг ангийн дарга Ж.Анхбаяр илтгэв. Мөн хуучин зам төмрүүд ядралд орж, хурц гэмтэл ихээр гарч байгаа аж. Дээрх эрсдэлийг бууруулахын тулд балласт эрүүлжүүлэх дунд засвар хийх, хуучин зам төмрүүдийг солих шаардлагатай гэнэ. Тиймээс шаардлагатай хөрөнгө оруулалт, эд анги, металл хийцийн тооцоог хийж танилцуулахыг үзлэгийн комисс үүрэг болгов. Замын IV ангийн хамт олон “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд төв суурин газраас алслагдсан замын хэсгүүддээ “Замчин ХАБ” нэртэй интернэт кафег нээн ажиллуулж буй бөгөөд энэ удаад Улхын-Овоо зөрлөгт дахин нэг кафе нээснээ танилцуулав. Ингэснээр замчдын хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд цаг үетэйгээ хөл нийлүүлэн цахим тоглоомоор тоглох, замчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, зайнаас суралцах боломжтой болсныг Замын I орлогч дарга О.А.Казаков онцлон ирэх жил дахин интернэт кафе нэмж нээхэд дэмжихээ илэрхийлэв.

            Харин Гал, харуул хамгаалалт хариуцсан хяналтын байцаагч Б.Гансүх галлагааны улирал ирсэнтэй холбогдуулан галын аюулаас урьдчилан сэргийлж, торон доторх шар өвсийг орон нутгийн ОБГ-ын хяналт дор шатааж аюулгүй болгох хэрэгтэйг төмөр замчдад анхааруулж явлаа.

 

 

                        Татах хэсэг сэлбэгийн бууршгүй нөөцийг бүрдүүл                   

 

Үзлэгийн явцад байцаагчаас хамгийн их зэмлэл хүртсэн байгууллага бол Сайншанд татах хэсэг байлаа. Тухайлбал, Замын-Үүд дэх эргэх депо гэхэд л үзлэгийн комиссыг таван дутагдал, зурмагийн 30 тасалдалтай угтлаа.  Татах хэсгийн хэмжээнд туузын зөрчлийг өмнөх оны мөн үеэс 14 нэгжээр нэмэгдүүлсэн нь машинч нар тогтоосон хурдыг хэтрүүлсэнтэй холбоотой гэнэ. Илүү цагаар их ажилладаг, нэг машинч гэхэд л сард 30-34 цаг илүү ажилласан байна. Мөн засварчдын зэргийн дундаж муу, засварын тоног төхөөрөмжүүд ажиллахгүй, сэлбэг чанаргүй, Үл эвдэх сорилын гурван багажийг баталгаажуулаагүй, бууршгүй сэлбэгийн нөөцийг эргэх деподод бүрдүүлээгүй, машинчид тавих хяналт суларсан, удирдлагаар хангадаггүй, санамжтай илчит тэрэг олон байна. Санамжтай илчит тэргийг тоохгүй явуулсаар эвдэлдэг, сэлбэггүйгээс болж хуучин гэмтэлтэй сэлбэг тавьсан, засварын гүйлт хэтэрч буй нь гологдол гарах үндэс болсон, мөн илчит тэрэгний камер ажилладаггүй зэрэг олон дутагдлыг Тээврийн хяналтын албаны Зүтгүүрийн ашиглалт хариуцсан хяналтын байцаагч Ц.Жавхлант, Засвар хариуцсан хяналтын байцаагч Г.Мөнгөнхуяг нар онцолж, ямар ч тохиолдолд гэмтэлтэй бүү хэл чанаргүй сэлбэг илчит тэргэнд тавихгүй байхыг анхааруулав. Тиймээс үзлэгийн комисс депогийн удирдлагыг гарсан бүх дутагдлыг арилгаж, шинэ хүмүүсээ сургаарай гээд үзлэгт хангалтгүй бэлтгэсэн хэмээн үзэж “Сайн” дүнтэй гэрчилгээ гардууллаа. Гэвч тус депо өнөөгийн байдлаар 145 шинэ ажилтантай, сэлбэгийн болон цахилгааны засварчингүй байгаа нь өвлийн бэлтгэлээ дутуу хангаж, ийнхүү бангадуулахад нөлөөлсөн болов уу. Тиймээс ч хүний хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлийг бууруулж ажиллах нь зурмагийн тасалдлыг багасгах нэг үндэс гэдгийг Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн хэлсэн юм. Тус татах хэсгийн удирдлагууд цаашид эрсдэлийг бууруулж, ГТХАБ-ыг хангах зорилтоо биелүүлэхийн зэрэгцээ өөрийн баталгаат мөрөнд тээврийг найдвартай зүтгүүрээр хангаж ажиллахаа илэрхийлэв.

 

 

            Цэрэгжүүлсэн хамгаалалтынхан ажил нь сайн байна             

 

ЦХОБА-ны 70, 71 жилийн ойг тохиолдуулан Сайншанд дахь Цэрэгжүүлсэн хамгаалах ангийн хамт олон Гал унтраах техникийн олон төрөлт спортын шинэхэн талбай ашиглалтад оруулж, үзлэгийн комисс Сайншанд зангилаанд ажиллах үеэр нээлээ. Энэ үеэр ЦХА-ийн бие бүрэлдэхүүн, баг тамирчдынхаа ур чадварыг илтгэсэн довтолгооны шат, саадтай гүйлт төрлүүдийг Замын удирдлагад толилуулав. Ер нь, Замын урд хэсгийн Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийнхны ажил сайн байгааг чиглэл хариуцсан байцаагч нь онцолж байлаа.

Ташрамд дурдахад, галын аюулын улмаас эд хөрөнгөө алдсан Замын-Үүд дэх Цэрэгжүүлсэн хамгаалах ангийн паркийн харуул Б.Баярхүүгийн гэр бүлд УБТЗ-ын Улаан загалмайн хорооны Гамшгийн бэлэн байдлын нөөц сангаас 4.9 сая төгрөгийн үнэ бүхий таван ханатай иж бүрэн монгол гэр олгосныг Замын I орлогч дарга О.А.Казаков хүлээлгэн өглөө.

 

 

                        Барилгачид орон тоо дутуу ч “Онц” ажиллав

 

Барилга ашиглалт үйлчилгээний III ангийн хувьд Наран-Элгэнээс Замын-Үүд хүртэл хамгийн урт мөрийг хариуцан ажилладаг. Энэ онд их барилга, их засвараар өөрийн болон бусдын аж ахуйд нийт 44 ажил үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийсэн байна. Ангийн хэмжээнд 37 уурын зуухтай, халаалтын орлого нь буурсан гэнэ. Энэ нь, Чойрын нэгдүгээр зуухнаас халаалт авдаг 640 хүүхдийн сургууль халаалтаа зогсоосон, мөн технологийн сууцууд хүнгүй байгаа нөхцөлд халаалтын мөнгийг албан байгууллагууд нь тооцож авахгүй байгаа зэрэгтэй холбоотой аж. Тус хамт олон батлагдсан 307 орон тоотой ч өнөөгийн байдлаар 17 хүн дутуу байна. Их засварт 18 хүнтэй байх ёстой ч 10 хүнтэй, мужаан олдохгүй байгааг дуулгав. Инженер техникийн ажилчид нь ч бүгд шинээр томилогдсон учир тэднийг сургаж, дадлагажуулах талд анхаарал хандуулж ажиллахыг Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд ангийн дарга Б.Батцэнгэлд үүрэг болгоод “Хэдийгээр орон тоо дутуу ч ажил үйлчилгээ нь маш сайн байна. Хүйтрэхээс өмнө Улаан-Уул, Айраг дахь цэцэрлэгүүдэд засвар үйлчилгээг нь хийж өгөөрэй” гэсэн юм. Үүнээс гадна халаалтын зуух, шугам хагараад байдаг нь усны чанартай холбоотойг тайлбарлаж, ус цэвэршүүлэгч тавих шаардлагатайг ангийн дарга онцоллоо. Мөн Чойр, Улаан-Уул зэрэг газрын бохирын шугамыг орон нутгийн төвлөрсөн системд холбохоор төлөвлөж буй аж. Энэ мэтчилэн хүн цөөнтэй, тулгамдсан асуудал олонтой ч тус ангийн ажил хэвийн байлаа.

 

                        Цэцэрлэгүүд эцэг эхчүүдтэй хамтран ажилладаг

 

            Энэ удаагийн үзлэгээр нийгмийн чиглэлийн байгууллагууд үзлэгт тун сайн бэлтгэснийг Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд онцолж байлаа. Цэцэрлэгүүдийн хувьд багш, ажилчид дотоод нөөц бололцоогоо ашиглан олон шинэлэг ажил хийсэн байлаа. Тухайлбал, Сайншанд дахь “Хараацай” цэцэрлэг гэхэд л эцэг эхийн зөвлөлтэйгөө хамтран “Хүүхдийн хөгжилд таны тус” аян зарлан цэцэрлэгээ тохижуулах, гэртээ байгаа хэрэглэхгүй тоглоомуудыг ариутган бэлэглэх олон ажлыг зохион байгуулжээ. Мөн эцэг эхчүүд анги бүлэгтээ 5-7 хүний бүрэлдэхүүнтэй баг болж үйл ажиллагаанд нь бүрэн хамрагддаг төдийгүй “Хишиг өдөр” буюу нэг өдөр багш нартаа туслан, тэдний ажил хөдөлмөртэй танилцдаг юм байна. Тус цэцэрлэгийн гаднах хашаа муудсан тул материалыг нь цэцэрлэг авч өгвөл БАҮА нь тулгуур өртөө, Татах хэсэг зэрэг аж ахуйн нэгжүүдтэй хамтран үнэгүйгээр гагнаж өгөх боломжтойгоо дуулгасан юм. Түүнчлэн, Агьсүмбэт зөрлөгт байсан холимог бүлгийг хүүхдийн тоо 10 хүрэхгүй гэж үзээд хаасныг комиссын ахлагч “Нэг, хоёр байсан ч хүүхдийг орхигдуулж болохгүй. Улс нийтээрээ хүүхдийн төлөө ажиллаж байхад бид ч дэмжих ёстой. Тиймээс замчдын хүсэлтийг харгалзан үзэж цэцэрлэгийг ажиллуул. Харин зардлыг Замын анги өөр дээрээ хариуц” гэсэн үүргийг өглөө. Мөн УБТЗ-ын УЗХ-ноос Замын-Үүд дэх “Алтанхаргана” цэцэрлэгийн хүүхдүүдийг сурч боловсроход нь дэмжлэг туслалцаа үзүүлж, 2 сая 610 мянган төгрөгийн хүмүүнлэгийн туслалцаа олгосон батламжийг гардуулав.

 

 

“Ган зам” дэлгүүр хэрэгтэй юу, үгүй юу?

 

Үзлэгийн үеэр яригдсан гол асуудлын нэг нь “Ган зам” дэлгүүр байлаа. Ялангуяа, Сайншанд худалдааны төвийн хэсэглэлд “Ган зам” дэлгүүр хэрэгтэй юу, үгүй юу?” гэх асуултыг төмөр замчдаас үе үе асууж сонсогдов. Учир нь, Нартын хошуу зэрэг дөрвөн өртөө, зөрлөгийн дэлгүүр худалдагчгүйгээс шалтгаалан үүдээ бариад байгаа аж. Гэвч төмөр замчид “Бидэнд дэлгүүр хэрэгтэй байна” гэж байлаа. Харин замчдын ар гэрээс ажиллах хүн олдохгүй, тэнд зорьж хэн нэгэн худалдагчаар очихгүй байгаа учир зөрлөгийн төмөр замчдаас худалдагчаар давхар ажиллаж болох эрхийг нь өртөө, Замын ангиудаас өгөхийг Худалдааны төвийн дарга Д.Энхцэцэг хүсэж байлаа. Тус төвийн хувьд төлөвлөгөө өнөөгийн байдлаар 82.9 хувийн биелэлттэй байгаа аж.

 

М.Наранболд