ТЗДС-ийн захирал, доктор У.Мягмарсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Таны хувьд  ТЗДС-ийн захирлаар томилогдоод дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд  сургуулийнхаа стратеги хөгжлийн аль чиглэлд нь илүү анхаарч ажиллав  гэдгээс яриагаа эхлүүлэх үү?

 

-Яг нэг чиглэл гэж ярихад амаргүй байна. Учир нь, их дээд сургуулийг удирдана гэдэг багшийн хөгжлөөс эхлээд судалгаа шинжилгээ, гадаад, дотоод хамтын ажиллагаа, стратеги төлөвлөгөө гээд тал бүрд нь нэгэн зэрэг анхаарал хандуулж байж үйл ажиллагаа нь үр дүнд хүрдэг менежментийн нарийн ур чадвар шаардсан, өндөр үүрэг хариуцлагатай ажил. Энэ үүднээс миний бие тус сургуулийн захирлаар томилогдсоноосоо хойш олон ажлыг санаачилж, хамт олныхоо нэгдсэн хүчээр гүйцэтгэлээ. Цаашид ч бидний хувьд хийх ажил их байна. Хамгийн гол нь өөрийн гэсэн онцлогтой энэ сургуулийг орчин цагийн жишгээр хөгжүүлэхийн тулд удирдлагын багийн тогтвор суурьшилтай ажиллахад нь анхаарч ирлээ. Ер нь, хүний нөөцийн бодлогын хувьд тус сургуулийн удирдлагаар томилогдсон захирлууд төдийгүй ажилд орсон багш, сурган хүмүүжүүлэгчид дамжин өнгөрөх бус урт болоод богино хугацаанд сургуульдаа юу хийх вэ гэдгээ тодорхойлж, түүнийхээ төлөө болохоос нь болохгүйг хүртэл хичээж, зүтгэж ажиллах нь томоохон үр дүнг авчирна. Үүний тулд нэн тэргүүнд байгууллагын соёлоо төлөвшүүлэх нь чухал. Цаг үедээ нийцсэн, тогтвортой соёлыг байгууллагадаа бий болгоно гэдэг амаргүй асуудал. Тэр тусмаа боловсролын байгууллагын хөгжил, дэвшилд байгууллагын соёл буюу ажилтнууд хоорондын харилцаа хандлага маш чухал. Энэ ч агуулгаар нь миний бие ТЗДС-ийн хаалгаар ороод ирэхэд л соёл нь мэдрэгддэг байдлыг бий болгох гэж их хичээсэн. Манай хамт олны хувьд аливааг хүлээн авч хэрэгжүүлэхдээ хурдан, өндөр үүрэг хариуцлага, мэдлэг чадвартай багш, ажилтнуудтай учраас дөрвөн жилийн хичээл зүтгэлийн үр дүн мэдрэгдэж байгаа, цаашид ч улам төгөлдөржөөд явах боломжтой гэж харж байгаа. Гэхдээ үнэхээр болж өгөхгүй зүйл ч бас байна. Юуг нь нуух вэ. Манай сургууль АНУ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй орны сургалтын шинэ технологиудыг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага гарч байгаа. Бид өмнө нь зөвхөн УБТЗ ХНН-ийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг байсан бол сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд төмөр замын боловсон хүчнийг бэлтгэх цаг үеийн шаардлагатай тулгараад байна. Иймд бид шинэ технологид суралцах, багш, ажилтнуудаа сургах, цаг үеэ мэдрэх нь чухал болоод байгаа юм. Товчхондоо хувь хүний хөгжлийг зөвхөн байгууллага дотроо бус олон улсын хэмжээнд зэрэгцүүлэн авч үзэх ёстой. Одоогоор олон жилийн турш явж ирсэн уламжлалт соёл давамгайлаад байна уу даа гэж дүгнэж байна.

 

-Монгол Улсын хэмжээний төмөр замын мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэнтэй холбогдуулан өөрсдөө чадавхжих шаардлага тулгарч байна гэдгийг та сая онцоллоо шүү дээ. ТЗДС-ийн багш нарыг хөгжүүлэх боломж, бололцоо нь хэр хэмжээнд байна вэ?

 

-Багш нараа хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд судалгаа шинжилгээ хийх, хайрцагнаасаа гарч, илүү чөлөөтэй  сэтгэх, академик эрх чөлөөг олгох, сурах нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр зөвхөн энэ  ажлын байран дээрээ уягдаад байвал хөгжиж дэвших нь маш удаан байна. Судалгаа, шинжилгээгээ хийхийн тулд үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, их, дээд сургууль, эрдэмтэн судлаачдын бүтээл зэрэг бусад эх сурвалжаас мэдээллээ олж, эрдэм шинжилгээний ажлынхаа цар хүрээг илүү өргөсгөх хэрэгтэй. Ингээд ярихаар хил хязгааргүй болсон интернэтийн орон зайг ярих байх. Энэ ч зөв л дөө. Гэхдээ хамгийн наад зах нь шинээр нэвтэрч байгаа технологийг боломжит хэмжээндээ газар дээр нь очиж судлах, өөр салбарын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох боломж ус агаар мэт хэрэгтэй байна.

 

-Үе хоорондын ялгаа сүүлийн үед их яригдах болж. Боловсролын салбарт энэ ойлголт бүр ч чухал болов уу гэж бодож байна?

 

-Тийм шүү. “Z” үеийнхэн ажлын талбарт хэдийнээ гарч, одоо “α” үеийнхэн  оюутан болж эхэллээ. Тэгэхээр бидний нөгөө уламжлалт сургах арга ухаан эдгээр залуусын онцлогт тохирч байна уу, үгүй юу гэдэг нь хамгийн чухал болоод байна. Тийм ч учраас цаг үеийнхээ хувьсан өөрчлөлтийг бид нарийн мэдэрч VR технологи буюу виртуал сургалтын орчныг бүрдүүлж өгөх ёстой. Манай сургууль менежмент, маркетинг, санхүү зэрэг бусад төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудтай харьцуулбал өндөр зардалтай тоног төхөөрөмжүүдэд суурилсан сургалт явуулдгаараа онцлогтой шүү дээ. Тийм ч учраас БНХАУ-ын Бугатын Төмөр замын коллежийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр жилийн өмнө нэг улсад нэг удаа хэрэгжүүлдэг “Любан цех төсөл”-ийг нэвтрүүлэх “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Энэ хүрээнд VR технологийн зүтгүүрийн тренажёр, мэдрэгчтэй дэлгэц, тухайн виртуал орчныг бүрдүүлэх программ хангамж зэргийг оруулж ирэхээр болсон. Энэ төсөл хэрэгжилтийн шатандаа явж байна. Эхний ангиа тохижуулж, 24 компьютер оруулж ирсэн. Цаашлаад тухайн сургалтын орчинд ажиллах хүмүүсээ сургахаар багш, оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ төсөл 2026 он хүртэл хэрэгжинэ. Үүнээс гадна бид ОХУ-ын Зам харилцааны сургуультай мөн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг. УБТЗ ХНН-ийн 75 жилийн ойн хүрээнд РЖД-ийн тусламжаар Вагон үзэгчийн 12 байрлалаас үзэх иж бүрэн VR технологийн хичээл, тоног төхөөрөмжийг ТЗДС-ийн сургалтад ашиглахаар орж ирж байгаа. Тоног төхөөрөмжүүд ирэх 12 дугаар сардаа багтаад ирнэ гэсэн хүлээлттэй байна. Энэ бол УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны дарга А.С.Павловын санаачилгаар хэрэгжсэн ажил гэдгийг дурдах нь зүйтэй. Түүнчлэн, сургуулийн 70 жилийн ойтой холбогдуулан маш олон танхимд тохижилт хийсэн. Энэ дашрамд, манай багш, оюутнуудын сургалтын хамгийн чухал материаллаг бааз болсон лабораториудад тохижилт, шинэчлэлт хийж өгсөн төгсөгчид, УБТЗ ХНН-ийн алба, аж ахуйн нэгжийн хамт олонд ТЗДС-ийн хамт олон, суралцагч оюутан болон ирээдүйн төмөр замчин болохоор суралцаж байгаа оюутнуудынхаа нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.

 

-Сургуулийнхаа гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлд багагүй ажлыг зохион байгуулжээ дээ?

 

-Дээр дурдсан гадаад хамтын ажиллагааны чиглэлийн яриагаа үргэлжлүүлбэл, манай сургууль ОХУ-ын Зам харилцааны сургуультай “2+3” хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрт хамрагдсан оюутан Монголдоо хоёр жил суралцаад III-V курсээ ОХУ-ын тэтгэлгээр явж сурч инженер болдог. Мөн ОХУ-д тэтгэлгээр суралцах бас нэг том боломж бий, энэ  хөтөлбөр 2024 оны аравдугаар сарын 8-наас 2025 оны нэгдүгээр сарын 14 хүртэл зарлагдсан. EducationINrussia.com гэсэн хаягаар тэтгэлгийн бүртгэл нь явагдаж байгаа. Тус хөтөлбөрт хамрагдах сонирхолтой 12 дугаар ангийн сурагчид, ТЗДС, ПТК-ийн оюутнууд тавигдах шаардлагын дагуу, хоёрдугаарт, БНХАУ-ын Бугат хотын мэргэжил технологийн коллежтой “3+2” шаталсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тус хөтөлбөрт хамрагдсан оюутан Бугат хотод гурван жил сураад техникчээр төгсөнө. Ингэхдээ жил бүрийн аравдугаар сард хичээл нь эхлэх бөгөөд оюутны байр, хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн гээд бүх зүйл нь үнэгүй. Дээр нь сар бүр 800-1000 юанийн тэтгэлэг авна. Оюутан ирж, очих болон амьжиргааны зардлыг л өөрөөсөө гаргана. Хэрэв өөрөө хүсвэл ирээд ТЗДС-д үргэлжлүүлж хоёр жил суралцаад инженер болно. Хэрэв маш сайн сурвал Бээжин, Шиань хотод зам харилцааны их сургуульд тэтгэлгээр суралцах, Хөх хотын төмөр замд ажиллах  боломж нь нээгдэж байгаа юм. Гуравдугаарт, өмнө бид БНСУ-ын Дуньяны их сургуультай хэрэгжүүлж байсан “2+2” хөтөлбөртөө сэргээж, үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явна гэсэн бодолтой байгаа. Ирэх арванхоёрдугаар сард Дуньяаны оюутнууд ирнэ. Эдгээрээс гадна ОХУ, БНХАУ, БНСУ уруу багш нараа богино хугацааны сургалтад хамруулах төслүүдийг мөн хэрэгжүүлнэ.

 

-Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн гадаад хамтын ажиллагаанаас хамгийн бодитой үр дүнг авчирч чадсаныг нь онцолбол?

 

-Өнгөрсөн 2022-2023, 2023-2024 оны хичээлийн жилийн хавар тус бүр гурван багш, 10-15 оюутныг Бугатын төмөр замын коллежийн үйл ажиллагаатай танилцуулах, практик туршлага судлах ажлыг амжилттай зохион байгуулсан. Мөн Бугатын Төмөр замын коллежоос 2022-2023 оны хичээлийн жилийн хавар, 2023-2024 оны хичээлийн жилийн намар гурван багш, 12-17 оюутан ирж ТЗДС-д зочилсноос гадна УБТЗ ХНН болон бусад төмөр замын байгууллагуудын ажил үйлстэй танилцаж, харилцан туршлага солилцоод буцсан. Цаашид энэ мэтээр хөгжиж дэвших, гадаад харилцаагаа тэлэх боломж бидэнд нээлттэй. Ер нь, Дээд боловсролын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар бидэнд сурч хөгжих олон сайхан боломж  нээгдсэн гэж харж байгаа. Тухайлбал, хэн нэгэн ажлын талбартаа гараад аль нэг чиглэлийг сайн мэдэхгүй, магадгүй нэмж  судлах шаардлага гарвал хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө тухайн хичээлийнхээ кредит төлбөрийг төлөөд иргэнээр сурах боломжтой болсон. Тэгэхээр 30 хүртэл кредит судлах боломжтой юм. Цаашлаад Боловсролын яамнаас тавьсан босго оноогоо хангасан тохиолдолд үзсэн хичээлүүдээ дүйцүүлээд үргэлжлүүлэн сурч болно. Мөн Төмөр замын МСҮТ, Коллежийн аль нэгийг төгссөн, гурав буюу түүнээс дээш жил ажилласан бол ЭЕШ өгөлгүйгээр сурч болно.

 

-ТЗДС-ийг УБТЗ ХНН болон Боловсролын яамны хэмжээнд бодлогоор анхаарах шаардлагатай байна гэдэг санааг нэг бус удаа дурдсан шүү дээ. Энэ талаар тодруулна уу?

 

-Ер нь, төр засгийн хэмжээнд ч бодлогын түвшинд авч үзэх шаардлага байгаа юм. Одоо манай сургууль элсэгчдийн тоо буураад байгаа үндсэн шалтгаанд ЭЕШ-д тавьдаг болсон зарим шалгуур ихээхэн нөлөөлж байна. Жишээ нь, өмнө нь манай сургуульд элсэх сонирхолтой хүүхдүүд физик, математикаар шалгалт өгөөд ордог байсан. Гэтэл одоо физик математикийг нь нэг болгоод, хоёр дахь хичээл нь нийгэм, орос, англи хэл байна гэдэг нийтлэг шаардлагыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх их дээд сургуульд тавьдаг болсон. Гэтэл манайх инженер бэлтгэдэг сургууль шүү дээ. Үүний улмаас зах зээлд хэрэгцээтэй байгаа төмөр замын мэргэжилтнүүдийг хангалттай тоогоор бэлтгэж чадахгүй байна. Нөгөөтэйгүүр манай сургуульд элсэх чин хүсэл эрмэлзэлтэй төмөр замчдын хүүхэд олон байдаг. Эдгээр хүүхдийг элсүүлэхдээ физик, математикийн шалгалт дээр нь ур чадварын шалгалтыг нэмж болно шүү дээ. Энэ мэтчлэн уян хатан хандах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор төмөр замын мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээ маш их байгаа энэ цаг үед “шаардлага хангаагүй хүүхэд авлаа” гэх буруу, зөрүү ойлголт ч үүсэх нь бий. Энэ тухай хүсэлтээ Боловсролын яаманд хүргүүлсэн. ШУТИС, ХААИС-уудтай яг ижил түвшний шалгуурт манай сургуулийг багтаагаад байгаа юм. Гэвч  манайх УБТЗ ХНН-ийн дэргэдэх сургууль шүү дээ.

 

-Миний ойлгож байгаагаар ТЗДС-ийн үйл ажиллагаанд Боловсролын яамны жишиг шаардлагыг тавихаар байгууллагын дэргэдэх гэдэг утгаараа УБТЗ ХНН-ийн зарим дүрэм журамтай зөрчилдөөд байдаг. Үүнийг нь өөрчлөх гэхээр нөгөө л 1949 оны гэрээнд тулж очдог нь гол бэрхшээл, асуудлын зангилаа болоод байх шиг?

 

-Та зөв олж харсан байна. Яг үнэн. Боловсролын яамны зүгээс эрдэм шинжилгээ, судалгааны чанартай зүйлийг давамгайлж шаарддаг. Их сургуулийн түвшинд гэсэн үг шүү дээ. Гэтэл манай хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дэргэдэх сургууль гэдэг утгаараа удирдах зөвлөл нь Замын орлогч дарга, албаны дарга нараас бүрддэг.  Тэдний зүгээс үйлдвэрийн ажилтны түвшний зүйлсийг шаардаад байдаг. Тогтолцоо нь өөрөө ийм онцлогтой болохоор дээрх хоёр шаардлагын дунд алд дэлмийн ялгаа гараад байгаа юм. Өмнө нь бол ганцхан төмөр замтай монополь байсан учраас болоод байж. Гэтэл өнөөдөр олон төмөр зам байгуулагдаж, өрсөлдөөн бий болсон учраас нэг гологдол гарлаа гэж бодоход “Энэ юунаас болов?” гэдгийг тогтоохын тулд судалгаанд суурилсан сургалт гээч зүйлийг ярихаас аргагүй болоод байгаа юм. ТЗДС өөрөө СDIО буюу туршилтад суурилсан сургалтын арга барилд нийцсэн үйлдвэрлэлд суурилсан гэдгээрээ онцлогтой сургууль шүү дээ. Ийм л учраас Боловсролын яам манай сургуулийг олон улстай харьцуулдаг судалгаанд суурилсан нийтлэг, жишиг стандартаасаа ялгаж харах хэрэгтэй байна гэж би хэлээд байгаа юм. Дээд боловсролын тухай хуульд “Нэгдүгээрт, судалгаанд суурилсан сургууль, хоёрдугаарт, сургалтад суурилсан их сургууль, чиг үүргийн буюу онцгой сургууль” гэсэн үндсэн гурван чиглэлээр их сургуулийг ангилсан юм билээ. Тэгэхээр манай сургуулийг чиг үүргийн сургууль гэдэг ангилалд нь оруулаад их сургууль болгон өргөжүүлж хөгжүүлэх нь илүү оновчтой шийдэл юм гэж миний хувьд боддог. Цаашлаад судалгаа шинжилгээний чиглэлийг хослуулахын тулд маш чадварлаг эрдэмтэн докторуудаар баг бүрдүүлж, хүний нөөцийн бодлогыг онцгой түвшинд анхаарах ёстой. “Хуучин болоод ирсэн юм” гэдэг байдлаар цаашид явахад амаргүй болоод байна. Хамгийн захын жишээ л гэхэд их дээд сургуулийн эрэмбэ тогтооход юу болов. Үйлдвэрийн дэргэдэх дээд сургуулийг шууд “ЮНЕСКО”-оос гаргасан олон улсын түвшний стандартаар харьцуулчихсан. Дээр нь мэдээллийг нь дутуу аваад түүнийг урьдчилсан гээд шууд нийтэд цацсан асуудал гарсан. Сүүлд нь баталгаажилт хийх үеэр манайх тэс өөр үнэлгээтэй гарсан шүү дээ. Олон улсын жишиг стандартад нийцсэн 60 гаруй сургуулиас 30 орчимд нь эрэмбэлэгдэж байна гэдэг үйлдвэрлэлд суурилсан дээд сургуулийн хувьд маш сайн байна гэж харж байгаа. Миний хувьд 2020 онд  тус сургуулийн захирлаар томилогдсоноосоо хойш судалгаа шинжилгээний чиглэлд маш сайн анхаарсан. Олон эрдэмтэн, докторыг сургууль дээрээ урьж судалгаа шинжилгээний арга зүйг багш нартаа нэвтрүүлсэн. Энэ хичээл зүтгэлийн үр дүн ч сайн гарсан. Одоо манайд h индекстэй таван багш байна. Дээр нь “WOS” буюу “SCOPUS”-тай сэтгүүл дээр хоёр ч багш маань эрдэм шинжилгээний ажлаа байршуулаад байна. 2024 оны хувьд миний бие МУИС-ийн багш нартай хамтраад “WOS”, “SCOPUS”-тай нэг өгүүлэл бичсэн. Тухайн өгүүлэл маань тавдугаар сар хүлээн зөвшөөрөгдөж, хамгийн сүүлийн засварыг нь өнгөрөгч аравдугаар сарын 31-нд явуулсан удахгүй хэвлэгдэх байх. Мөн “Багш хөгжлийн төв”-ийг байгуулсан. Үүнээс хойш “Дээд боловсролын багш хөгжлийн төв”-тэй хамтраад маш олон судалгаа шинжилгээг явуулсан. Цаашид ч их дээд сургуулиудтай хамтарсан олон ажлыг хийнэ. 2023 онд “Багш хөгжлийн хөтөлбөр”-өө бусад их дээд сургуулиудын хөгжлийн хөтөлбөртэй харьцуулж байгаад боловсруулсан.

 

-Хөгжил дэвшил, хөрөнгө оруулалт талаас нь харсан ч цаашид танай сургуульд саад бэрхшээл улам бүр нэмэгдэх юм шиг. Хөршийн төмөр замуудын дэргэдэх сургуулиуд чухам ямар хэлбэрээр ажилладаг юм бэ. Та туршлага судалж үзэв үү?

 

-Боловсролын салбар өөрөө ашгийн бус байгууллага шүү дээ.Тийм ч учраас гадаад хөрөнгө оруулалтыг маш ихээр татах боломж бий. Энэ ч агуулгаараа Хятад, Солонгосчууд манай сургуультай харьцах ихээхэн сонирхолтой байгаа юм. Хоёрдугаарт, таны асуусанчлан ОХУ, БНХАУ яг манайхтай адил үйл ажиллагаатай сургуулиудыг үйлдвэрээ түшиглэн авч явдаг байсан. Харин өнгөрсөн жилээс  тус сургуулиудаа Боловсролын яам уруугаа шилжүүлсэн. “Боловсролын салбар бол боловсролын салбарынхаа жишиг стандартаар л хөгжих ёстой” гэдэг агуулгаар нь авч үзэж байна шүү дээ. Монгол Улсын хувьд цаашид чухам ямар бодлого барьж явахыг нь би үнэндээ хэлж мэдэхгүй байна. 

 

-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.