ТЗДС-ийн захирал У.Мягмарсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танай байгууллагын түүхт 70 жилийн ой тохиож байна. Ойн баярын бэлтгэл байдал хэр хангагдаж байна вэ?
-Түүхэн ой, 70 жил гэдэг бол маш их урт хугацаа бидний хувьд том үйл явдал. Манай сургууль анх байгуулагдсан цагаас өнөөг хүртэлх хугацаанд 30 гаруй мянган мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргасан бөгөөд төмөр замын салбарт ажиллагсдын 80 гаруй хувь нь тус сургуулийн төгсөгч байдаг. Ингээд бодохоор Төмөр замын дээд сургууль яах аргагүй Монгол Улсын ууган сургуулиудын нэг. Энэ ч утгаараа төмөр замын тээврийн салбарын түүхэнд тод мөр үлдээхүйц хэмжээнд ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй юм. Хамгийн наад зах нь сургуулиа төрийн шагналд тодорхойлох асуудлыг хэлэлцсэн. Төмөр замын дээд сургууль нь Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн товчооны 1953 оны 7 дугаар сарын 14-ний 49/129 дүгээр тогтоолоор “Улаанбаатар төмөр замын техникум” байгуулах шийдвэр гарч, 1953 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 644 тушаалаар вагон, ашиглалтын техникч бэлтгэх шийдвэрээр 1953-1954 оны хичээлийн жилд 58 суралцагчтай, 8 дугаар сарын 10-наас багш нарыг томилон хичээлийн байр, сурагчдын сууц бэлдэх аж ахуйн ажлын төсөв, орон тоо батлагдан сургалтын үйл ажиллагааг эхэлсэн түүхтэй. Улмаар УБТЗ ХНН захиалгаар мэргэжилтэн бэлтгэдэг байсан харин Монгол Улсын хэмжээнд 2018 оноос олон төмөр зам бий болж энэ салбарт ажиллах мэргэжилтнүүдийн хэрэгцээ эрс өссөн.
Бид сургуулийнхаа түүхт 70 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд нийгэм рүү чиглэсэн болон сургалтын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, эрдэм шинжилгээ, дотоод чанарын баталгаажуулалт болон бусад чиглэл болох ҮЭ, оюутны холбоо, төгсөгчдийн холбоотойгоо хамтран ажиллах гээд өргөн цар хүрээнд хэмжигдэх 70 ажлыг хийхээр төлөвлөж, эхнээс нь хэрэгжүүлээд явж байна. Хамгийн томоос нь дурдвал ТЗДС-ийн их бүтээн байгуулалтын ажил буюу орчныг сайжруулах ажил. Энэ хүрээнд тендер зарлаж, гүйцэтгэгчээр шалгарсан компани дээврийн засвар, гадна тохижилт, фасадыг хийж байна. Дээр нь хэд хэдэн лаборатори орчныг бүрдүүлэхээр анги танхимуудынх нь тохижилтыг хийсэн. Одоо тоног төхөөрөмжүүдийг нь оруулахад бэлэн болсон гэсэн үг.
-Шинээр байгуулах лабораториудын тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
-Бид БНХАУ-ын Бугатын төмөр замын төмөр замын коллежтой хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд тус сургуулиас хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг манай сургуульд хийж байгаа.Лү Бан цехийн төслөөр манай сургуульд Дотоод шаталтын хөдөлгүүрийн автоматжуулалтын лаборатори, Зүтгүүрийн жолоодлогын симулятор, зүтгүүрийн бүтэц хийцийн VR виртуал лаборатори хийж өгөхөөр болсон. Энэ төсөл 2026 оны сүүл хүртэл тодорхой үе шаттайгаар үргэлжлэх юм. Ирэх 11 дүгээр сарын 10-наас өмнө VR технологийн компьютерууд орж ирнэ. Бугатын төмөр замын коллежийн захирлууд ч албан ёсны нээлтэд нь ирж оролцоно. Оюутнууддаа заахын тулд эхлээд бид өөрсдөө судалж, суралцах нь чухал. Тийм ч учраас хоёр багшийг тухайн чиглэлээр богино хугацааны сургалтад суулгахаар тохиролцсон. Үүнээс гадна дээрх коллежтой хамтран ажиллах төлөвлөгөөнийхөө хүрээнд өнгөрсөн зун зургаадугаар сард 15 оюутан, хоёр багшийг туршлага судлуулах, танилцах ажлыг зохион байгуулсан. Мөн Бугатын коллежоос гурван багш, 15 оюутан есдүгээр сард манай сургууль болон УБТЗ-ын үйл ажиллагаатай танилцаад буцсан. Энэ үеэрээ тэд виртуваль орчныг Монголын нөхцөлд хөрвүүлэхтэй холбоотойгоор вагон, зүтгүүрийн гадна дотно орчин болон төмөр замын зургуудыг аваад явсан. Түүнчлэн, бид зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтаар хязгаарлагдах бус дотоод нөөц бололцоогоо ашиглан өөрсдийнхөө хүчээр химийн, цахилгаан хангамжийн лаборатори гэхчлэнгээр 4-5 ангийг тохижууллаа.
-Боловсролын байгууллага гэдэг утгаараа эрдэм шинжилгээ, сургалт судалгааны чиглэлийн ажлыг далайцтайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байх?
-Тийм шүү. Энэ бол яах аргагүй манай сургуулийн түүхт ойтой холбоотой хэрэгжүүлэх том ажлуудын нэг. Бид олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг зохион байгуулна. Дотоод, гадаадын их дээд сургуулиудад дээрх чиглэлд хамтран ажиллах саналуудаа хэдийнэ хүргүүлсэн. ОХУ-ын Эрхүүгийн болон Москвагийн зам харилцааны их сургууль, Бээжингийн зам харилцааны их сургууль, Бугатын Төмөр замын коллек, Шиань хотын Зам тээврийн Чан Ан их сургууль, Төмөр замын институт, Хунан мужийн Төмөр замын коллеж, Шиань хотын Солонгосын Дунян их сургууль гээд төмөр замын чиглэлээр сургалт явуулдаг сургуулиудад мэдээ, материалуудаа хүргүүлсэн.
Түүнчлэн, өнгөрсөн хавар миний бие БНХАУ-ын хэд хэдэн сургуультай хамтран ажиллах гэрээг үзэглэсэн. Тухайлбал, Шиань хотын Чанан гэх тээврийн сургуультай хамтран ажиллаж, оюутан солилцоо, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх Төмөр замын институттэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Мөн Хунан хотын боловсролын газрынхан өнгөрөгч наймдугаар сард БШУЯ-ынхантай уулзсан гэхчлэнгээр хамтран ажилладаг олон улсын сургуулиудтай харилцаагаа улам гүнзгийрүүлж, ойн үйл ажиллагаанд оролцох урилга хүргүүлсэн. Мөн Германы сансар судлалын хүрээлэнтэй хамтарсан эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хангалаа. Улмаар төмөр замын суурь бүтэц дээр судалгаа шинжилгээ хийх төслийн бага байгуулан ажиллаж байгаа юм. Тэдэнд ч урилга хүргүүлсэн. Мөн дотоодынхоо их дээд сургуулиудын удирдлагуудыг урьсан. Хамтран ажиллах тухай илтгэл, мэдээллүүд нь ч ирсэн байна. Энэ нь зөвхөн манай сургуулийн хэмжээний бус УБТЗ-ын ажлын төлөвлөгөөнд тусгагдан ЗТХЯ болон УБТЗ ХНН-ийн Техникийн бодлого, стандартчиллын алба хамтран хэрэгжүүлж байгаа ажил гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.
-Зөвхөн 70 жилийн ойн хүрээнд ч гэлтгүй танай сургуулийн хэмжээнд сүүлийн жилүүдэд гадаад хамтын ажиллагааны чиглэлээр нэлээд амжилттай яваа гэж сонссон?
-Гадаад харилцааны чиглэлээр чамгүй ажлууд хэрэгжиж байгаа гэж ойлгож болно. Тухайлбал, дээр дурдсанчлан VR технологийг судлах чиглэлээр явах бэлтгэлээ хангаж байгаа хоёр багшийн маань бүх зардлыг Бугатын төмөр замын сургууль хариуцна. Түүнчлэн манай хоёр сургуулийн хамтарсан хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнууд тус сургуульд гурван жил сурч, техникчээр төгсөөд ТЗДС-даа хоёр жил сураад инженер болох боломжтой. Эдгээр оюутнууд сургалтын голч онооноосоо шалтгаалан сар бүр 800-1000 юанийн тэтгэлэг авдаг. Дээр нь оюутны байр, номын сан, ном нь үнэгүй. Тэгэхээр тухайн оюутнууд амьжиргааны зардлаа л өөрсдөө хариуцдаг гэсэн үг. Үүний дээр ЗТХЯ болон УБТЗ-ын хэмжээнд ч зарласан тэтгэлэгт хөтөлбөрүүд бий.
Мөн эдгээрээс гадна бид Эрхүүгийн Зам харилцааны их сургуультай 2+3 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ юу вэ гэхээр, тухайн оюутан ТЗДС-д хоёр жил сураад Эрхүүгийн зам харилцааны сургуульд гурван жил үргэлжлүүлэн сурна гэсэн үг. Ингэснээр ТЗДС болон Эрхүүгийн зам харилцааны их сургуулийн хос дипломтой төгсөнө гэсэн үг. Энэ хөтөлбөрийг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болох боломжийг Замын ерөнхий инженер С.П.Старцев бүрдүүлж өгсөн. Энэ нь оюутнуудад маш том боломж. Түүнчлэн, Оросын Соёл, шинжлэх ухааны төвтэй хамтарсан олон тэтгэлэгт хөтөлбөр бий.
-Зөвхөн ТЗДС-иас хамаарахгүй хүндрэлтэй асуудал бий юу?
-Байна аа, байна. Юу вэ гэхээр тогтолцооны системийн асуудал. Манайх өөрөө сургалтын байгууллага шүү дээ. Энэ нь боловсролын системийн дагуу Боловсролын яамнаас чиглэл авч үйл ажиллагаагаа явуулах ёстой гэсэн үг. Гэтэл манайх УБТЗ ХНН-ийн харьяаны сургууль. Тиймээс тогтолцооны хувьд зарим хүндрэл бэрхшээл гардаг. Хамгийн наад зах нь багшид тавигдах нийтлэг шаардлага гээч зүйл зөрчигдөх магадлалтай. Юу вэ гэхээр, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын гаргасан тушаалд “Багшид тавигдах нийтлэг шаардлага”-ыг судалгаа, эрдэм шинжилгээний талаас нь маш өндөр түвшинд тавьсан байдаг.
Гэтэл манай сургуулийн тухайд “Заавал үйлдвэр дээр ажилласан хүн багшлах ёстой” гэсэн шаардлагыг тавьдаг. Эрдэм шинжилгээ судалгааны тухайд маш их зөрчил байгаа. Саяхан их дээд сургуулиудын эрэмбийг тодорхойллоо. Үүнтэй холбоотойгоор манай сургуулийн зүгээс шийдэгдээгүй, шийдэх шаардлагатай олон асуудал байсан. Тухайлбал, доктор багшийн тоо гэсэн үзүүлэлт нь тухайн их дээд сургуулиудын хувьд эрэмбийг тодорхойлоход шууд нөлөөлж байна. Тэгэхээр доктор багшийнхаа тоог нэмэх хэрэгтэй. Дээр нь гадаад багш ажиллуулдаг байдал гэсэн үзүүлэлт байна. Харин үүнийг шийдэхийн тулд УБТЗ ХНН-ээс орон тоо баталж байж шийдэгдэх асуудал. Гэтэл эдгээр нь эрэмбийн гол шалгуур үзүүлэлт болоод байгаа юм. Би багш нараа муу гэж хэлэхгүй. Манай багш нар маш сайн, чадварлаг, бэлтгэгдсэн, туршлагатай хүмүүс. Маш өндөр индекстэй сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээ, судалгааны материалуудаа хэвлүүлж байгаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд эрдэм шинжилгээ, судалгааны ажил маш их эрчимжсэн гэж ойлгодог. Зөвхөн би л гэхэд 2017 оноос хойш таван өгүүллээ өндөр индекстэй сэтгүүлд хэвлүүлсэн. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг нэг өдөр, нэг сар, нэг жилд бичээд нийтлүүлээд байдаг зүйл биш. Маш олон жилийн хөдөлмөр, зүтгэл шаарддаг ажил. Гурван жилийн хугацаанд нэг бүтээл гарвал их юм. Бичсэн өгүүллээ илгээнэ, буцаагдана, дахин илгээнэ гэх зэргээр маш их судалгаа шинжилгээнд үндэслэж байж үр дүн нь гардаг. Гэхдээ л сүүлийн гурван жилийн хугацаанд дөрөв, таван багш хамтран өндөр индекстэй сэтгүүл болох “wos, scopus”-т хэд хэдэн өгүүллээ нийтлүүлсэн байдаг. Энэ үнэлгээнд үнэлэгдэхгүй ч IF индекстэй сэтгүүлд маш олон өгүүллээ манай багш нар нийтлүүлсэн. Тухайн бүтээлүүдийг нь постдоктор буюу нэр бүхий судлаач нартай хамтраад Web of Science, scopus-тай болгох бүрэн боломжтой гэж дүгнэж байгаа. Энэ бол том амжилт.
Дээр нь энэ эрэмбийг тогтоохдоо дээд сургуулийг их сургуультай ижил түвшинд харьцуулж хоёр хувийн үзүүлэлтээр дүгнэсэн нь учир дутагдалтай. Их сургууль гэдэг чинь бакалаврын боловсролоос гадна магистр, доктруудыг бэлтгэдэг эрдэм шинжилгээ судалгаанд үндэслэн ахисан түвшний сургалт явуулдаг байгууллага. Харин дээд сургууль гэдэг нь бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөн эрдэм шинжилгээ, судалгааны ажил дундаа практикт суурилсан сургалтыг явуулдаг. Хэрвээ практикт суурилсан гэх үзүүлэлтийг нь тооцсон бол манайх бараг тэргүүн байрт жагсана. Гэтэл өөрийн гэсэн байргүй, сургалтын орчин нөхцөлгүй сургуулиуд дээгүүр байрт орсон байна. Тэд зөвхөн эрэмбээ өсгөхийн тулд нэр нөлөө бүхий багш нарыг сургуульдаа үндсэн багшаар авч, бүтээлүүдийг нь өөрийнхөө сургуулийн нэрээр тавьдаг гэж ойлгож болно.
-Тэгэхээр танай сургуулийн үнэлгээг бодитой эрэмбэлээгүй гэж ойлгож болох уу. Хэрэв тийм бол нэр төрөө сэргээлгэх хүсэлт гаргасан уу?
-Манай сургалтын үйл ажиллагаа 100 хувьтай үнэлэгдсэн. Үүнд би сэтгэл хангалуун байгаа. Энэ бол биднээс шалтгаалсан болон манай сургуулиас бус харин тогтолцооны хувьд л зөрчилдөөнтэй асуудал байгаатай холбоотой юм байна гэж ойлгож байгаа. Тийм ч учраас дахин үнэлгээг хянуулах хүсэлтээ холбогдох байгууллагад нь өгч байна. Цаашид зүгээр суугаад байхгүй. Манай сургуулийн хэмжээнд үлгэр жишээ хэрэгжүүлж байгаа атлаа хангалттай үнэлүүлээгүй ч асуудал бий. Тухайлбал, УБТЗ ХНН “Говийн төмөр замчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бид тус хөтөлбөрт оюутнуудаа хамруулж байгаа. Зөвхөн 2022 онд 73 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг өгсөн. Нэг жилийн хугацаанд ийм олон оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог сургууль Монгол Улсын хэмжээнд бараг цөөн болов уу. Гэтэл “Тэтгэлгээр суралцаж байгаа оюутан” гэдэг үзүүлэлт дээр нь манайхыг 10 хувь гэж үнэлсэн. Түүнчлэн, “Интернэт wifi орчин”-ы үзүүлэлтийг 100 хувь хангаж, байнга сайжруулан ажиллаж байхад мөн 10 хувьтай хэмээн үнэлсэн.
Дараагийн нэг асуудал гэвэл манайх 280 ортой оюутны байртай. Одоо нэг хэсэг нь хоосон. Хэрэв оюутан орох хүсэлт гаргавал хангалттай ор байгаа. Гэтэл оюутны дотуур байрны хангамж нь 25 хэмээн үнэлж. Энэ мэт учир дутагдалтай зүйл байгааг нь хэлэхэд, “Энэ зөвхөн урьдчилсан дүн. Жинхэнэ эрэмбэ нь 11 дүгээр сард хийгдэж 2024 оны тавдугаар сард гарна” хэмээн тайлбарлаж байгаа. Хэрэв тийм бол урьдчилсан дүнг нийтэд ингэж зарлах хэрэг байсан уу гэдгийг бас бодох л ёстой болов уу. Гэхдээ энэ эрэмбийн асуудал нь манай сургуулийг масст таагүй харагдуулж байж болох ч нэг талаараа бидэнд “тогтолцооны асуудал дээрээ эргэн харах шаардлага байна шүү” гэсэн дохиог өгч байна хэмээн ойлгож болох юм.
-Эрэмбийн мэдээлэл нь буцаад элсэгчдийн тоонд нөлөөлөхөөс эхлээд танай сургуулийн нэр хүндэд ноцтой хохирол үзүүлэх байх?
-Ихэнх хүн хэрхэн эрэмбэлснийг нэг бүрчлэн харахгүй. Зөвхөн хэдэд жагсаж байна вэ гэдэг ерөнхий үзүүлэлтийг нь харна. Уг нь нарийвчлаад харвал манай сургуулийн үзүүлэлт сургалтын үйл ажиллагаанаасаа эхлээд л тодорхой байгаа. Сургалтын үйл ажиллагаа, түүнтэй холбоотой сэтгэл ханамж хоёр нь 100 хувийн үнэлгээтэй байхад яагаад ийм хойгуур эрэмбэлэгдэнэ гэж. Тэгэхээр энэ эрэмбэ нь их, дээд сургуулиудын чанарын үзүүлэлтийг тодорхойлж чадах уу гэвэл бас л учир дутагдалтай байгаа юм. Товчхондоо дараагийн жинхэнэ эрэмбэ ирэх 11 дүгээр сараас эхэлж, 2024 оны тавдугаар сард зарлагдах юм билээ. Энэ хугацаанд манайх ерөнхий шаардлагуудыг бүрэн биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Дутуу үнэлэгдсэн зүйлсийг дахин шалгуулах хүсэлтийг явуулна. Мөн сургуулийн нэр төрийн асуудалтай холбоотойгоор гомдол ч гарах байх. Иймд нийт уншигчдадаа хандаж хэлэхэд, “Манай сургалтын үйл ажиллагаа 100 хувийн үнэлгээтэй гарсан, хичээл сургалтаа хэвийн явуулж байгаа. Тиймээс санаа зовох зүйлгүй шүү” гэдгийг онцолъё.
-Монгол Улсад төмөр замын мэргэшсэн боловсон хүчний хэрэгцээ шаардлага ихээр бий болж байна. Гэтэл энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа цор ганц сургууль нь танайх. Тиймээс цаашид байгууллагын дэргэдэх статусаараа явах уу. Аль эвсэл Боловсролын хуулиа дагах уу гэдэг сонголт зайлшгүй бий болоод байх шиг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх гарц гаргалгаа байна вэ?
-Баярлалаа. Энэ бол үнэхээр цагаа олсон асуулт байна. Төмөр замын салбарт эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр сүүлийн үед маш олон доголдол бий болж байна. Жишээ нь, ажлын байрууд хангалттай байгаа атал ажиллах хүн олдохгүй байна. Үүний шалтгаан нөхцөлийг манай удирдлагууд ч тогтоож чадахгүй байгаа шүү дээ. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр өмнө нь манай сургууль зөвхөн УБТЗ-ын захиалгаар аль салбарт нь ямар мэргэжилтэн хэрэгцээтэй байгааг нь бэлтгэж өгдөг байсан. Энэ бол монопол цаг үеийн нөхцөл байдал. Гэтэл сүүлийн жилүүдэд шинэ төмөр зам олноор бий болсонтой холбогдуулан бидний бэлтгэн гаргасан мэргэжилтнүүд сонголтыг өөрсдөө хийж байна. Хүмүүсийн хандлага, сэтгэлгээ нь ч өөрчлөгдсөн.
Товчхондоо, өрсөлдөөнт зах зээл дээр хэрхэн ажиллах вэ гэдэг судалгаа шинжилгээнд суурилсан туршлага бидэнд байгаагүй. Анх би энэ сургуулийн захирлаар томилогдон ирэхдээ “Суръя гэж ирсэн хүн бүрийг нээлттэй элсүүлье” гэдэг санааг дэвшүүлж байсан. Гэтэл “Тийм боломж байхгүй. Зөвхөн хэрэгцээтэй ажилтнаа нь бэлтгэх нь ТЗДС-ийн үүрэг” гэсэн хариултыг өгч байсан. Эдгээр хүчин зүйлээс гадна Боловсролын тухай багц хууль өнгөрөгч наймдугаар сарын 7-нд батлагдсан. Журмын нэмэлт өөрчлөлтүүд одоо ч үргэлжилж байна. Тус хуульд хэлэлцүүлэгдэж байгаа нэг санаа нь “Олон улсын түвшинд их сургууль, коллеж гэсэн хоёр л ангилал байна. Тиймээс энэ жижиг рүү орох ёстой” гэсэн томъёолол. Гэхдээ үүнийг 2025 оны зургаадугаар сарын 15-ныг хүртэл хэрэгжүүлж дуусах хугацаа өгсөн.
Нэг үгээр хэлбэл, тухайн хугацаа хүртэл бид аль нэг сонголтыг нь хийх ёстой. Тэгэхээр бид их сургуулийн статус руу орох бэлтгэлээ хийх ёстой. Бэлтгэлгүй байсан учраас л бид өнөөдрийн нөхцөл байдалтай тулгараад байгаа юм. Дээр нь таны асуусанчлан ТЗДС цаашид нийгэмлэгийнхээ дэргэд явах уу аль эсвэл Боловсролын яамны бодлогоо дагах уу гэдэг асуудал. Манай хоёр хөршийн төмөр замууд яг манайх шиг байгууллагын дэргэдэх сургуулиудтай байсан. Одоо бүгд Боловсролын яам руугаа шилжсэн. Хамгийн сүүлд буюу 2022 онд ОХУ-ын төмөр замын сургуулиуд шилжлээ.Тэгэхээр бид ч бас цаашид хоёр хөршийнхөө туршлагыг дагах нь зүйтэй юм болов уу гэж харж байгаа. ЗТХ-ийн сайдаар Л.Халтар ажиллаж байх үедээ “Төмөр замын мэргэжилтэн бэлтгэдэг цор ганц сургууль байсаар атал өөр сургууль дээр төмөр замын мэргэжлээр сургалт явуулах шаардлагагүй. Бүгдийг нь төвлөрүүлэх хэрэгтэй” гэдгийг онцолж байсан. Би үүнийг зөв гэж боддог. Сургалтын байгууллагууд манайхтай өрсөлдөх боломж нь ч байхгүй.
-Танай багш ажилтнуудын цалин хангамж хангалттай хэмжээнд байж чаддаг уу?
- Багшийн цалин маш өндөр байх ёстой. Тэгж гэмээнэ чадварлаг боловсон хүчин манайд багшилна. Тухайлбал, багш нарын цалинг УБТЗ-ын инженерүүдийн түвшинд хүргэх нь зөв гэж би ойлгодог. Яг өнөөгийн нөхцөлд бол манай багш нарын цалин УБТЗ-д ажиллаж байгаа инженерүүдээс харьцангуй бага. Харин бусад их дээд сургуулиудтай харьцуулахад бараг дүйцэх хэмжээнд байгаа. Гэхдээ шинэчилсэн хуулиар их, дээд сургуулийн багш нарын цалин нэмэгдсэн учраас манай багш нарын цалин зарим талаар арай доогуур хэмжээнд очсон.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Б.Дэлгэрхишиг