Хүн хэдий сэцэн төрөвч сурталгүй үл болох
Хүлэг хэдий хурдан төрөвч уналгүйгээр үл мэдмүй
Хөх судар. В. Инжинаши /1861-1886/
1959 оны МХЗЭ-ийн XIII их хурлаар эх орны үйлдвэрийг ашигтай ажиллуулах уриалгыг дэмжиж хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхээр Илчит тэрэгний депогийн үйлдвэр техникийн хэлтсийн залуу инженер Г.Мандах, ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга нар ажилчдад хандсан уриалга гаргасан юм. С.Ядамдорж нар цахилгаан явах ангийн цехийн 12 залуус анхны Социалист хөдөлмөрийн төлөө бригад /СХТБ/ болох үүрэг авч ахлагчаар инженер Г.Мандахыг сонгожээ. УБТЗ-ын ХЗЭ-ийн хороо анх үүрэг авсан СХТБ-ын ажлын туршлагыг хэвлэл радио зурагт хуудсаар сурталчилж, энэ жишээгээр ажиллахыг уриалж байв. МХЗЭ-ийн Төв хороо тус бригадын ажлыг үнэлж, нийтэд үзүүлэх нөлөө, агуулга ач холбогдлыг нь сайшаан дэмжиж, 1959 оны гуравдугаар сард “Социалист хөдөлмөрийн бригад” цол олгож улсын хэмжээнд анхны мандат авав.
Ууган бригад цол мандат авсны дараа шинэ үүрэг авч, манай орны үйлдвэрийн аж ахуй, соёлын бүх байгууллагын дунд өрнүүлэх уриалга гаргасан ба МХЗЭ-ийн Төв хороо сайшаан дэмжиж, улс орон даяар дэлгэрүүлэхээр шийдвэрлэв. Ингэснээр уг хөдөлгөөн төмөр замаас хальж, улс орныг хамарсан их хөдөлгөөн болов. 1971 онд тус депогийн залуучуудын байгууллагыг төр “Алтан гадас” одонгоор шагнасан.
Төмөр замын ХЗЭ-ийн байгууллагын гишүүдийн 50 гаруй хувь нь төлөвлөгөөгөө 130-150 хувиар биелүүлэн, Д.Ичинхорлоогийн замын бригад замаа онц дүнтэй арчилж, А. Сүхээ ахлагчтай бригадын бүх гишүүн хос мэргэжилтэй болж, уурын тэрэгний машинч Д. Базарсадын бригад хүнд ачаатай галт тэрэг жолоодон 20 хоногт 700 тонн ачаа илүү тээвэрлэж байв.
Социалист хөдөлмөрийн хөдөлгөөн нь бригад, хэсэг бүлгийн хүрээнээс хальж, үйлдвэр хамт олныг хамрах болж, Замын ХЗЭ-ийн хорооны бүгд хурлын гишүүн Б.Базарсад даргатай Улаан-Уул дахь Замын IV анги 1962 оны дөрөвдүгээр сард социалист хөдөлмөрийн үйлдвэр болох үүрэг авч 1963 онд манай улсын анхны үйлдвэр болов. 1970 он болоход УБТЗ-ын ҮЭ-ийн тэргүүлэгчид, ХЗЭ-ийн хорооны товчооны хамтарсан шийдвэрээр Замын хэмжээнд 400 гаруй байгууллага хамт олон Социалист хөдөлмөрийн бригад цол мандатаа авсан байжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсон ХЗЭ-ийн гишүүн Л.Ойдовням, Г.Мандах, Н.Нацагдорж, замын эвлэлийн хорооны бүгд хурлын гишүүн Монгол Улсын анхны Социалист хөдөлмөрийн үйлдвэрийн дарга Б.Базарсад, спорт хөдөлмөрийн нөхөрлөлийг анх санаачилсан “Замчин” нийгэмлэгийн дарга Ж.Нямсүрэн, гавьяат тээвэрчид Д.Гэсэржав, Д.Дамбийбалжир, н.Пүрэвсүрэн зэрэг тэр үеийн залуучуудаа манлайлан дэмжиж ажилласан олон арван хүмүүсийг дурдаж болно.
УБТЗ-ын Залуучуудын байгууллагын 20 жилийн ойгоор \1973\ Ардын их хурлын \АИХ\ тэргүүлэгчдийн зарлигаар Замын ХЗЭ-ийн хороог Алтан гадас одонгоор шагнав. Улаанбаатар өртөө социалист хөдөлмөрийн үйлдвэрийн цол авч, мөн байгууллагын зарлигаар МХЗЭ-ийн нэрэмжит байгууллага болсон юм. УБТЗ МХЗЭ-ийн нэрэмжит хоёр байгууллагатай болов. Мөн залуучуудын байгууллага хоёр одонтой болсон нь аль ч аймаг хот тусгай газрын түүхэнд байхгүй билээ. Энэ бол төмөр замын ХЗЭ-ийн байгууллагаас ган замчдын залуу халаа хойч үедээ өвлүүлэн үлдээсэн мөнхийн гавьяа гэж ахмад ажилчид бид дурсан санаж явдаг юм.
Зүтгүүрийн депогийн дэргэдэх “Алтан гадас” одонт ХЗЭ-ийн хороо шагнадсаны дараа амралтын нэг өдрөөр субботник зохион байгуулж хуримтлагдсан хөрөнгөө хүүхдийн төлөө үйлсэд зориулахаар санаалчилга гарган ажиллаж дэмжигдсэн байна. 1972 онд Замын захиргаа олсон хөрөнгөөр нь Аршаант өртөөнд хүүхдийн цэцэрлэг барсан. Энэ нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах “Хүүхдийн төлөө фонд”-ын эхлэл байв.
1990 оны үед шинэ бүтээл оновчтой санал тэргүүн туршлага санаачлах болзолт уралдаан, хүнд жинтэй галт тэрэг жолоодох, гологдол зөрчилгүй 100, 200 мянган км аялах хөдөлгөөн, Залуучуудын нэгдсэн ээлж болон тэргүүлэх, Залуучуудын нэрэмжит өндөр бүтээлийн аян зохиож байв. Замын захиргаа, ХЗЭ-ийн хорооноос жил бүр шинэ бүтээл оновчтой санал тэргүүн туршлага санаачлах болзолт уралдаан зарлаж байв.
Төмөр зам, шугамын аж ахуй нэгжийн төлөвлөгөөт зорилтыг хэрэгжүүлэх залуучуудын идэвхийг өрнүүлэх шинэ хэлбэрийн “Шилжих мандатын төлөө” уралдааныг байгууллага, залуучуудын дунд зохион байгуулж, амжилтыг нь тэр мандатад тэмдэглэн гардуулж байсан нь замчин залуучуудын хөдөлмөрийн үнэлэмж болсон билээ. Төмөр зам, байгууллага жилийн эцэст “Мэргэжлийн залуу аварга” шалгаруулахдаа шилжих мандат авч тэргүүлсэн тоог харгалзан, шагнаж урамшуулдаг байв. Мөн УБТЗ-ын мэргэжлийн залуу аваргын болзлыг Удирдах газартай хамтран баталсан юм.
Монголын төмөр замын 40 жилийн ой угтаж усан замын аялал хийхээр шийдэж 1979 оны долдугаар сард Дархан зангилгааны ХЗЭ-ийн хорооны дарга Б.Жамъяндорж, МХЗЭ-ийн Төв хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Түдэв дээр орж дэмжлэг авч байсан юм. Хүүхдийн паркаас энгийн төмөр завь авч Ерөөгийн Бэрлэгээс Сүхбаатар хүртэл 772 км замаар усан замын анхны аяллаа амжилттай хийсэн байна. “Цэнхэр замын аян клуб” байгуулж, монгол оронд усан замын аялал эхэлжээ.
1976, 1978, 1980, 1984 онуудад УБТЗ шинэ бүтээл оновчтой санал \ШБОС\ сэдэх нэвтгүүлэх ажлын үр дүнгээр улсад тэрүүлж уралдааны алтан медалийг авсан түүх бий. Замын захиргаа, ХЗЭ-ийн хорооны жил бүр зарладаг ШБОС сэдэх, тэргүүн туршлага нэвтрүүлэх болзолт уралдаанд замчин залуус идэвхтэй ороцож ирсэн юм. Зөвхөн 1972 онд МХЗЭ-ийн гишүүдээс ШБОС 46 гарч 30 нь үйлдвэрт нэвтэрснээр 90 гаруй мянган төгрөгийн эдийн засгийн томьёолсон үр ашиг өгчээ. Залуу инженер техникийн ажилтнуудыг татан оролцуулснаар Замын хөдөлмөр зохион байгуулалтад шинэ өөрчлөлт хийж захиран хуваарилах хэлтсийн залуучуудын дунд 124 ажилтны бүрэлдэхүүнтэй залуучуудын нэгдсэн ээлж зохион байгуулав.
Төмөр замын “Залуу техникчдын станц” байгуулагдсан нь Замын-Үүд зангилгааны ХЗЭ-ийн хорооны санаачилгаас үүдэлтэй. УБТЗ-ын захиргаа төмөр замын түүхийн музейн хуучин байрыг Залуу техникчдийн станцын үйл ажиллагаанд зориулан засаж тохижуулахад хүн хүч, хөрөнгийн туслалцаа үзүүлсэн юм. Тус станцад нисэх, авто загвар, усан онгоцны загвар, радио сонирхогчдын болон кино-фото сонирхогчдын зэрэг олон төрлийн дугуйланд жилд 250 гаруй сурагч залуучуудыг хамруулж өсвөрийн техникчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байв. Замын хэмжээнд 1984 онд анх удаа “Найрамдлын зам” сонины нэрэмжит техник спортын анхдугаар тэмцээнийг залуучуудын дунд зохион байгуулж байлаа.
Замын ХЗЭ-ийн байгууллага ямагт ажлын дэвшилтэт эхлэл, санаачилгыг гарган хэрэгжүүлж дайчин ажиллаж ирсэн юм. Үүний нэг жишээ нь, 1987 онд Замын эвлэлийн хороо Сэлэнгэ аймгийн Ар цармын нуруу гэдэг газар ажлын талбарт бүгд хурлаа хийж эвлэлийн ажилтан, сонгуультны хүчээр 220 мянган мод суулган, ойг нөхөн сэтгээж байжээ.
МХЗЭ байгууллагын ажилтан асан, ахмад инженер Д.Бадарч