НҮБ-ын албан ёсны санал хураалтад улс орнууд ямар байр суурь илэрхийлж буй нь эдийн засагчдын анхаарлыг ихээхэн татаж байна

Дэлхийн удирдагчид энэ оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаад буй энэ үед тэдний үг, үйлдлийг хамгийн ойроос ажиглаж буй бүлэг нь эдийн засагчид болжээ. Геополитикийн тогтворгүй байдлын шинэ эрин эхэлсэн нь дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох шинэ хэмжүүрийг тэд идэвхтэй хайж байна.

 

НҮБ-ын санал хураалт ба ГШХО

 

НҮБ-ын албан ёсны санал хураалтад улс орнууд ямар байр суурь илэрхийлж буй нь эдийн засагчдын анхаарлыг ихээхэн татаж байгаа аж. “Bloomberg Economics”-ийн шинжээчдийн тооцоолсноор 2022 онд дэлхий дахинд нийт 1.2 их наяд ам.доллароор хэмжигдэх гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэнээс 180 тэрбум ам.доллар нь НҮБ-ын санал хураалтад ОХУ-ын Украин дахь эзлэн түрэмгийллийг буруутгаагүй болон санал өгөхөөс түдгэлзсэн орнуудын хооронд хийгджээ.

 

Энэхүү шилжилтийн хөдөлгөгч хүч юу болох нь ойлгомжтой. Цар тахалд туйлдсан Засгийн газрууд үндэсний эрх ашгаа тэргүүнд тавихыг компаниудад шахаж, мөн үйлдвэрлэлээ дотооддоо татахын тулд татаас болон бусад урамшуулал амлах болов. Европын Төв банкны Тэргүүн Кристин Лагард “Өөр хоорондоо өрсөлдөх бүлгүүдэд хуваагдсан дэлхийн эдийн засгийн хагарлыг бид үзэж байна” хэмээн энэ оны эхээр хэлж байв.

 

Шинэ төмөр хөшиг

 

Энэ онд Олон Улсын Валютын Сангийн судалгааны хэлтэс НҮБ-ын санал хураалтад оролцсон 70 жилийн түүхэд нь суурилан дэлхийн улсуудын геополитикийн үзэл баримтлалыг тодруулж, улсууд хоорондын гадаадын шууд хөрөнгө оруулалтын шийдвэртэй харьцуулж шинжилжээ. Үр дүн нь гэвэл газарзүйн байршлын хувьд ойр орнууд бус харин үзэл баримтлал нэгтэй орнуудын хоорондох хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд өсөж байгаа нь харагдсан байна.

Олон Улсын Валютын Сангийн тусдаа судалгаагаар хэрэв шинэ Төмөр хөшиг бий болж, сөргөлдөгч орнууд хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт царцлаа гэж үзвэл урт хугацаандаа дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн долоон хувиар буурах үр дагавар гарахыг тооцоолжээ. Энэ нь ХБНГУ болон Франц улсын эдийн засгийг бүр мөсөн арчсантай дүйцэх дүн болж байна.

 

Ялагчгүй тоглоом

 

Дээрх бүгд нь зүгээр л эрдэм шинжилгээний ажлууд биш харин болзошгүй үр дагаврын анхааруулга юм. Банкны зээллэгээс таваарын арилжаа хүртэл бүхий л үйл ажиллагааг хамарсан энэхүү “эдийн засгийн хагарал”-аас үүдэн гарах нөлөө Олон Улсын Валютын Сангийн судалснаар бүхэлдээ хар бараан байна.

“Үнэмлэхүй талаас нь харвал үүнд жинхэнэ ялагч олох хэцүү байгаа. Харин эдийн засгийн төлөөс нь нүсэр байх болно. Янз бүрийн таамаг, боломжит хувилбарууд дээр суурилсан тооцооллууд олон бий. Гэхдээ бүгд нэг дүгнэлтэд хүрч байна. Хагарал дунд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн буурах магадлал өндөр” гэж Олон Улсын Валютын Сангийн судалгааны хэлтсийн Орлогч дарга Андреа Пресбитеро онцолжээ.

 

 

https://www.bloombergtv.mn/news/gr2i4