Өөрийнхөө замыг чи өөрөө л гэрэлтүүлнэ     

                                                                                                                                                                                                                                   

Жил бүрийн 5 дугаар гурван  буюу Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд чухал тэмдэглэлт өдөр билээ. Энэхүү өдөр төмөр замын сэтгүүлзүйн “школа” –ыг үүсгэн байгуулагч, нэрт сэтгүүлч, судлаач Монголын төмөр замчдын Ган зам сонины эрхлэгч агсан Ж.Нямдаш гэдэг эрхэм ачит хүнтэй учирсан  хувь тохиолоо дурсан сууна.  Буурал даргыг  маань насан хутаг болохоос дөнгөж өмнөхөн, өөрийнх нь нэгэн үеийн ухамсарт амьдралаа зориулсан УБТЗ-ын “Ган зам пресс" төв бол Монгол улсад байгуулагдсан Европ технологийн анхны үйлдвэр гэдгийг судлан тогтоосон эрдэмтэд, судлаачид, Замын удирдлагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын журмын нөхдөө урьж “Хүндэтгэлийн булан” байгуулснаас  хойш  нэгэн жил харвасан сум лугаа адил өнгөрчээ. Сүүлийн  20 гаруй жил өөрийнх нь судласан, нотлосон, оюуныхаа хөдөлмөрийг зориулсан  зүйл нь биелэлээ олоод, түүхэнд өөрийн байр сууриа эзлэхийг үзээд мөн ч их баярласан даа, буурал дарга минь.  2001 оны намрын дундхан, навчис шуурсан өдрөөр “Ганзам” сонины хаалгыг зөөлхөн тогшиж, гэрэвшингүй татаж орсон сон. Сонины эрхлэгч Ж.Нямдаш гэж буурал үсийг нэлээн сүртэй засаж, шилэн дээгүүрээ сүрхий харсан “ширүүн” байрын  нөхөр “Ү.Хүрэлбаатарын явуулсан хүүхэд үү? Хүрлээ чамайг магтаад байсан, хэр амьтан юм бол доо чи” гэснээ“Нэг ярилцлага хийгээд ир, харж байж болноо”  гэлээ. Би ч дотроо “энэ егзөр  этгээд намайг тоохгүй байна даа, би ч бас бага амьтан биш шүү” гэж “шаралхангуй” бодсоор гарч билээ. Нөгөө кинон дээр гардаг “Гэлэн гуай, Гэлэн гуай гэх байтугай гөлөөг ч гэхгүй байна” гэдэг шиг юм болов. Тухайн үедээ Нийслэлийн төв хэвлэл Улаанбаатар сонины парламентын сурвалжлагчаар гурван жил шахам ажилласан, хоёр дээд сургууль төгсчихсөн, “онол чойр” ихтэй хэмээн “өөрийгөө жаахан тоочихсон”, Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн  “сэтэртэй”, “Соёмбо” сонин, “Дуулга” студийг хариуцдаг “лут амьтан” байв шүү дээ. Төрийн байгууллагын цалин бага, дөнгөж амьдрал эхэлж буй залууд хүртэж цөхөж байсан үе. Тэгээд ч энгийн сургууль төгссөн надад насаараа цэргийн байгууллагад ажилласан ахлах цолтой офицеруудтай харилцана гэдэг амаргүй даваа. Захиран тушаах арга барил, цэрэгжилтийг  мэдэхгүй барьц алдана. Иймэрхүү маягтай хэдэн сарыг элээснээ, намайг сэтгүүлзүй гэдэг ертөнцөд түшиж тулж, нөмөр нөөлгөндөө авч явдаг Хүрлээ эрхлэгчдээ / Эрдэмтэн зохиолч, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар/ учир байдлаа хэлж ажил гуйлаа. Хүрлээ эрхлэгч маань “төмөр замын Ганзам сонин л цалин хөлс сайтай газар даа, би Ж.Нямдашид хэлье. Чи яваад оч” хэмээсний дараа очиж буй хэрэг л дээ. Нөгөөдөр нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Халтарын Дамдин найруулагчтай ярилцлага хийгээд  очлоо. Х.Дамдин гуай Монголын төмөр замын 60 жилийн ойд зориулж,  “Салж чадахгүй хайр” гэдэг кино хийсэн. Хүмүүс ч, ялангуяа төмөр замчид  кинонд нь ам сайтай байсан үе. Кино бол миний хувьд ойрын сэдэв, кино урлагийн сургууль төгссөн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зураглаач Гэнэнгийн Цэрэн хэмээх Монгол киноны том уран бүтээлч  нагац ахынхаа дэргэд өссөн болохоор киноны тухай ойлголт сайтай. Х.Дамдин найруулагчтай киноны тухай ялангуяа төмөр замчдын тухай кино хийхэд төмөр замчин хүний сэтгэлзүйг хэрхэн дүрсэлсэн талаар нэлээн мэргэжлийн чиглэлийн сонирхолтой ярилцлага хийсэн юм. Ж.Нямдаш эрхлэгч ярилцлагыг маань нухацтай уншиж дууссаны дараа “Хүрлээ чамайг худлаа магтаагүй бололтой. Сониндоо шууд авнаа. Гэхдээ төмөр замчин болох амаргүй, төмөр замчин сэтгүүлч болох бүр ч амаргүй. Хичээх л хэрэгтэй. Өөрийнхөө замыг чи өөрөө л гэрэлтүүлнэ гэж  Будда сургасан юм гэнэ лээ” хэмээснээр өндөр заяат төмөр замчдын халуун ам бүлд багтсан түүхтэй.    

 

Уран үгийн Утгын таяг тулан Гэрлээр зурах урлагт нэрээ мөнхлөгч

 

Ж.Нямдаш  эрхлэгч маань сонины гал тогооны чимхлүүр ажлыг өөрөө удирдана. Бидний бичснийг маш их нухна, эрээн цоохор болгоод өөдөөс шиднэ.Үгийн хий, утгын алдаагүй, баримт түшиж бичихийг шаардана. Өөрөө ч уран үгийн утгын таяг тулахыг эрхэмлэнэ. Монголын нэртэй сэтгүүлчийн гар дор нухлуулж, сэтгүүлч гэгдэх нэрийг өнөөг хүртэл авч яваадаа бид баярлахаас илүүтэй тэр хүнийг биширч хүндэтгэх учиртай юм. Өвгөн эрхлэгч, И.Наранчимэг эгч, Д.Баасандорж, Л.Ганзул бид тав “атгасан шагай" шиг ажиллана. Биднийг тухайн үеийн Хөдөлгөөний аюулгүй хариуцсан Замын орлогч дарга Ч.Цогтбаяр, МТЗ-чдын ҮЭ-ийн дарга Л.Мөнхбаяр, Замын албаны дарга Г.Вандандагва, Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга Х.Лхагвасүрэн, Улаанбаатар зүтгүүрийн депогийн дарга Ю.Идэрчулуун, Дохиолол холбоо, эрчим хүчний албаны дарга Г.Сэрээнэндорж, Ачаа тээврийн албаны дарга Б.Лхагвасүрэн нарт захьж, Замын даргын үзлэгт явуулна. Тэднээс мэдэхгүйгээ асуусаар сүүлдээ аар саар зүйлийг төвөггүй мэддэг болчихсон явах. Тэр үед өвгөн дарга биднийг “Одоо л төмөр замшиж байна даа” гэж ихэд тааламжтай байдаг сан. Өнөө ч түүний чиг гаргасан мөр жимээр, төмөр замын сэтгүүл зүйн нийтлэлийн өнгө аясыг хадгалж, сонины мэдээ, мэдээлэл чин үнэн байх, бодитой байх, зөв байх бодлогыг алдахгүйг хичээн барьж ажиллаж байна. Тэрээр, төмөр замын сэтгүүл зүйг төлөвшүүлэх, төмөр замын мэргэжлийн сэтгүүлчийг бэлтгэх өөрийн “школа”-ыг тавьсан юм. Энэ зорилгоороо “Ганзам” сониныхоо сэтгүүлчдэд тун хатуу шалгуур тавина, шаардлага өндөртэй. Шинээр ажилд авахдаа ч энэ зарчмаа алдахгүй. Түүний шүүлтүүрийг даах нь тун ховорхон байж билээ. “Хос морьтой"  сэтгүүлч байх шаардлага нь өнөөг хүртэл алдраагүй үргэлжилсэн. Манай сонины үе үеийн сэтгүүлчид өөрсдөө мэдээ, сурвалжлагаа бичиж, гэрэл зургаа ч авдаг нь түүний “школа”-ын үргэлжлэл билээ. Манай Д.Баасандорж маш сайн фото сэтгүүлч. Өвгөн даргад  толгойгоо эргэтэл загнуулсны буянд зураг авч сурсан гэх. Үг нь ч мөн ч хатуу шүү гэнэ. Намайг Монголын том кино зураглаачийн хажууд өссөн мөртлөө зураг авч мэдэхгүй гэж их голно. Уг нь Г.Цэрэн нагац маань надад гэрэл зураг авч сургах гэж их хичээсэн дээ. Сүүлдээ жаахан залхуутай санагдаад “ Би цалгисан их авьяастай юм чинь Монголын цартай том зохиолч болно, гэрэл зураг авч сурах шаардлага алга” гээд хөдлөхөө больсон. Ах маань ч цөхөрсөн байх “Манай энэ ихээхэн сагсуу хүн шүү” гээд дахиж надад зургийн аппарат бариулаагүй юмдаг. Гэтэл“Хүсээгүй юм хүзүүгээр”гэдэг болов. "Ганзам" сонинд орсны дараахан Улаанбаатар зүтгүүрийн депогийн засварын цехийг сурвалжлах үүрэг хүлээв. Тэр үед би зураг олигтой авч чадахгүй. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд хэдэн гайгүй “кадр” дарав . Авсан зургаа Д.Баасандоржтойгоо угаагаад үзвэл,овоо гарчээ. Бааска маань ч магтаж байна. Шууд сониндоо тавьчихлаа. Зураг авч болмоор ч юм шиг. Гэтэл хэрэг  бишидлээ. Даргад үзүүлэлгүй сонинд тавьсан зураг маань ХАБЭА-г маш ноцтой зөрчжээ. Гагнуурчны зураг авахдаа хамгаалалтын хэрэгсэлгүй ажиллаж байсан “сахилгагүй” нөхрийн зургийг аваад, дор нь баахан магтаад тавьчихсан байв. Өвгөн дарга ч “ойж буулаа”. Далайлт нь ширүүн ч буулт нь зөөлхөн л дөө. Хажуугаар нь Замын Хөдөлмөр хамгааллын улсын байцаагч Б.Дашням гуай “ширүүн дүртэй” залрав. Гэхдээ дарга маань “галыг" өөр дээрээ авсан даа хөөрхий. Үүнээс хойш намайг зурганд явах болвол тусгайлан хичээл заагаад, заримыг нь бичиж өгөөд явуулна. Гэрэл зураг авдаг болгох их чармайсан. Өөрийнхөө багш Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, фото мастер М.Цэрэнжамц гуайг урьж бидэнд хичээл заалгана. М.Цэрэнжамц гуай нэг удаа “Бид 1975 оноос ойр дотно танилцан багш шавийн барилдлагатай болсон улс. 1990-ээд оноос Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд хамт ажиллаж байсны хувьд түүний төмөр замчны сахилгатай, санаачлага зүтгэлтэй, хөдөлмөрч чанарыг нь олон зүйлээс мэдэрсэн юм.Ж.Нямдаш бичлэгийн бүх төрлөөр бичих авьяастай сонин, сэтгүүлийн редакцын “гал тогоо”-ны аль ч дамжлагад ажиллах чадвартай, манай оронд хуруу дарам цөөн шилдэг фото-сэтгүүлчийн нэг хос морьтой уран бүтээлч гэж багшийнх нь хувьд үнэлж явдаг юм. Түүний нүд баясгаж, сэтгэлд хоногшсон сайхан зургууд Монголын гэрэл зургийн алтан санд мөнхөрсөн билээ” хэмээн шавийнхаа тухай бахарангуй өгүүлж байсныг санаж байна. Өвгөн дарга маань Д.Баасандорж, Л.Ганзул агсан, бид гурвыг гэрэл зураг гэдэг гайхамшигтай ертөнцөд хөл тавиулах гэж ихэд хичээсний буянд хаана ч гологдохгүй зураг авдаг болсныг сүүлийн 20- иод жилийн дотор хэвлэгдсэн төмөр замын түүхэн цомог, фото сэтгүүл, ном товхимолд нийтлэгдсэн зургууд маань гэрчилнэ. Нэг удаа сурвалжилга хийхээр явж байтал надаас олон насаар ахмад, өөрийгөө нэрт сэтгүүлч гэж “өргөмжилдөг” нөхөр таараад миний аппаратыг харснаа “Чиний наадахыг чинь музейд л тавьбал таарах эд байна даа. Би сая Америкаас 10 мянган доллароор үүнийг авлаа” гэж, гоё аппаратаа гайхуулангуй хэлэхээр “Хүн сайн, хүн нь сайн юмаа” хэмээгээд зургаа дарж байлаа. Буурал дарга маань намайг өөртөө ийм итгэлтэй болтол нь гэрэл зургийн мөн чанарт дурлуулсан хүн дээ. Ж.Нямдаш дарга маань “Ардын эрх” сонины гэрэл зургийн албаны дарга байхдаа авсан “Хүн төрлөө” тэргүүтэй  алдарт олон зураг нь Монголын гэрэл зурагчдын холбооноос гаргасан Шилдэг гэрэл зургийн цомогт хэвлэгдсэн байдаг. Мөн төмөр замчдын үе үеийн түүхийг мөнхөлсөн олон бүтээл нь эдүгээ Ган зам сонины архивт хадгалагдан үлдсэн. Өвгөн дарга маань уран үгийн утгын таяг тулан, ертөнцийг гэрлээр зурах урлагт “хөтөлгөө морьтой галигуулж” нэрээ мөнхөлсөн  уран бүтээлч байлаа.

 

Сэтгүүлчээс судлаач, төмөр замчнаас түүхч


-Өчигдрийг бүү март. Учир нь тэр маргаашийн багш- хэмээн өвгөн дарга маань хэлэх дуртай. Өчигдөр гэдэг ахмад үеийнхний маань бүтээсэн үйлс, туулсан замнал, үлдээсэн өв юм. Тэдний зүтгэсэн хөдөлмөрийн үнэ цэнэ, бэрхшээл саадыг даван туулсан туршлага, захиж үлдээсэн зөвлөгөө сургамж нь иррээдүй хойчдоо “багш” нь болдог хэмээдэг. Тэрээр амьдралынхаа сүүлийн 20 гаруй жилд Монголын төмөр замын түүхэнд гавьяат үйлсээрээ нэрээ тод үлдээсэн байгууллага, хувь хүмүүсийн тухай олон  сайхан ном туурвиж уншигчдын хүртээл болгосон. Ялангуяа төмөр замын түүхийг гуйвуулалгүй хойч үедээ үлдээх, он дараалал болон баримт сэлтийн алдаа мадагийг тогтоох, буруу зөрүү бичигдснийг засаж, сайжруулах  гэж ухамсарт амьдралынхаа сүүлчийн мөч хүртлээ зүтгэсэн гавьяатан. Мөхөс тал бичээч миний хувьд ч төмөр замын зарим байгууллагын түүхэн ойн тэмдэглэлийн ном бичихдээ он цагийн болон хүний нэр, овог зөрүүлсэн, зөвхөн ганцхан эх сурвалжийг барьж бичсэн зэрэг шүүмж, зэмлэлийг өвгөн даргаасаа сонсож, цаашид бүтээл хийхдээ хянуур нямбай хандах, баримт сэлттэй хэрхэн  талаар заавар зөвлөгөөг хэд хэдэн   удаа авсны  хүчинд аливаа зүйлд няхуур хандахыг эрмэлздэг болсон доо. Зэмлэл, сайшаал хоёрыг зэрэгцүүлнэ дээ, харин ч. Ж.Нямдаш гуайн уншууртай, даацтай бүтээлүүдийн нэг нь “Ганзамын өглөө” хэмээх ном. Монголын анхны төмөр замчдаас мэргэжил бүрийг төлөөлөх 30 хүнийг сонгон авч, тэдний ажил амьдралын  замналаар 1950-иад оны үеийн төмөр замын түүхэн үеийг нээн харуулсан нь он цаг өнгөрөх тусам үнэ цэнэтэй түүхэн баримт болж байна. Энэ номын талаар Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,доктор, дэд профессор Н.Хишигт  “Төмөр замын тулгын чулууг тавилцаж, Их замд хүчин зүтгэх явдлыг нэгэн насны үйл хэрэг болгосон хүмүүсийн дурдатгал ярилцлагууд нь Монголчуудын соёл иргэншил, улс орны эдийн засасгт онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн эл салбарын түүх, түүнийг дагаж нийгмийн бүтэц, хүн ардын амьдрал, оюун санаанд гарсан өөрчлөлт хувьслыг харуулах чухал эх хэрэглэгдэхүүн мөн. Түүх судлалд үнэтэй хувь нэмэр болдог нэгэн зүйл нь үнэн бодитой бичсэн дурсамж, дурдатгал юм. Сүүлийн үед УБТЗ, түүний харьяа алба, аж ахуйн түүхийн ном, дурамж яриаг эмхэтгэн хэвлүүлжээ. Тэдгээрт түүхэн үйл явдлуудыг эндүү ташаа өгүүлсэн зүйл цөөнгүй байгаад түүхийн гэрч-ахмадууд эмзэглэн шүүмжлэлтэй хандсантай санал нэг байна. Алдаатай ном бүтээл гарч, түүнд өгүүлсэн зүйл нь түүхийн үнэн мэтээр ойлгогдож, хүмүүсийн сэтгэлд хоногших аваас хожмоо ихээхэн уршигт хүргэнэ. Харин “Ган замын өглөө” номонд дурдатгал дурсамж нь багтсан анхны төмөр замчдыг сэтгүүлч Ж.Нямдаш сайн таньж мэддэг, тэдний амьдрал түүхийн гэрч нь өөрөө болохын хамт тэдгээрийг албан мэдээ, архивын баримтаар баяжуулан бататгасан тул түүхийн судалгаанд номыг ашиглах боломжтой гэж үзэж байна. Аман түүхийн материал нь албан түүхийг нөхвөрлөн баяжуулж байдгаараа онцгой ач холбогдолтой билээ. Түүхэн үйл явдлын гэрч, оролцогчдын үлдээсэн өв нь Монголын нийгэм, эдийн засгийн 20 –р зууны түүхийг бодитоор нэхэн сэргээх, түүх бичлэгийн урьд өмнөх алдаа гажуудлыг засахболоцоог өргөжүүлэхийн хамт  төмөр замчдын өнөөгийн Монголын нийгмийг цогцлоон бүтээхэд оруулсан хувь нэмрийг залуу хойч үедээ таниулахад нэн чухал ач холбогдолтой.Тэр тусмаа, хүмүүсийн амьдрал үйлсийн тухай өгүүлэл ямагт сонирхол татаж, цааш цааш дамжин түгээгддэг онцлогтой учир эл ном Монголын түүх бичлэгийн шинэчлэлийн үед салбарын түүхийг бүтээх ажлын  үр дүн хэмээн үнэлэгдэнэ ” гэж өндрөөр үнэлсэн байдаг. Ж.Нямдаш гуай төмөр замын алдартнуудын тухай хөрөг тэмдэглэлийн  бичсний дараа тухайн хүнийх нь гавьяа зүтгэл улам мөнхжин тодордог жамтай. Тухайлбал түүнийг “Өгсүүр зам” хөрөг нийтлэлийн номоо бичсний дараа Улаанбаатар зүтгүүрийн депо Монгол улсын гавьяат тээвэрчин Дансрангийн Гэсэржавын нэрэмжит болж, “Холын аяны түүчээ” номынх нь гол дүр  Наваанжамбын Цэрэнноров агсны хөшөө УБТЗ-ын Удирдах газрын цэцэрлэгт хүрээлэнд  хүндэтгэлтэйеэ сүндэрлэн босож, УБТЗ-ын Төв эмнэлэг  “Сүүн цагаан мөр” номынх нь баатар, ахмад дайчин, хурандаа,Монгол Улсын хүний гавьяат эмч Лувсангийн Шаравдоржийн нэрэмжит боллоо. Мөн тэрээр  Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс  2007-2009 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн саалбарын Монгол, Төвд, Буддын судлалын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлсэн “Зүүн Азийн тээврийн систем хөгжил дэх  Оросын үүрэг оролцоо”  эрдэм шинжилгээний төслийн Монголын талын судлаачдын бүрэлдэхүүнд ажиллаж, эх материал цуглуулах, баримт бичгийн болон эрдэм шинжилгээний ажилд ихээхэн хүч тавин оролцсон байдаг. Монголд төмөр зам байгуулагдсан түүхийг гүнзгийрүүлэн судалж, түүхийн шинэ судлагдахуун бий болгосон  энэ төслийн үр дүнд  “Монголын төмөр зам- 1937-1957” баримт бичгийн эмхэтгэл, “Императивы России в транспортной  систему Восточной  Азии” , “Улан-Баторская железная дорога” номыг эрхлэн гаргаж түүх бичлэгт шинэ зам мөр нээсэн билээ.Тэрээр Монгол Оросын түүх бичлэгт хаалттай сэдэв байсан “Наушки-Улаанбаатарын төмөр замыг барьж байгуулахад орос хоригдлууд оролцсон нь “ хэмээн нэн сонирхолтой өгүүлэлийг бичиж түүхийн бүдэг бүрхэг асуудлыг шинээр авч үзэх, нарийвчлан судлахад  эрдэмтэн судлаачдын анхаарлыг хандуулсан юм. Төмөр замын хүнд хүчир ажлыг нугалсан “505” хэмээх Барилгын ангийн хоригдлуудын хувь тавилан, тэдэнд  хүн ёсны зүгээс хандах хандлагыг бий болгохын төлөө сэтгүүлчийн хөдөлмөрөө зориулж, судлаачийн хэмжээнд зүтгэсэн хүн дээ. Түүний өөр нэг хүсэл нь, УБТЗ-ын Хэвлэх үйлдвэр буюу “Ган зам пресс” төв нь Монголд байгуулагдсан хамгийн анхны Европ технологийн хэвлэх үйлдвэр гэдгийг судлаачийн хувьд нотлохыг зорьсон юм.Түүний судлагааны бүтээлийн талаар Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, судлаач Б.Галаарид өгүүлэхдээ  “Ж.Нямдаш гуай “Өнөөдөр” сонины  2012 оны арваннэгдүгээр сарын 8-ны дугаарт хэвлүүлсэн өгүүлэлдээ “Төмөр замын хэвлэх үйлдвэр бол монголын орчин цагийн анхны хэвлэх үйлдвэр мөн” гэдэг асуудлыг анх баримт нотолгоотой гаргаж тавьсан юм. Улмаар энэ сэдвээ гүнзгийрүүлэн судалсаар байсан нь  түүний 2014 онд хэвлүүлсэн “Монголын анхны үйлдвэр” номноос харагддаг. “Ган зам” сонины хэдэн дугаар дамжуулан нийтлүүлсэн өгүүлэл нь ч бий. 1912 оны арваннэгдүгээр сарын 7-нд Малиновский өөрийнхөө байгуулсан Орос-монгол хэвлэх үйлдвэрийн нээлтэд урьж, хэвлэх машиныг бидний нүдэн дээр залгаж ажиллуулсан гэж Оросын дипломатч И.Я.Коростовец тухайн үеийн өдрийн тэмдэглэлдээ бичсэнийг үндэслэн “Энэ нь Консул дахь хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагааны эхлэл, Монголын хэвлэлийн үйлдвэрлэл галаа асааж, өрхөө татсан түүхт өдөр, хожим нь УБТЗ-ын хэвлэх үйлдвэр, сониныхон халааг нь залгамжилж, үйлсийг нь үргэлжлүүлсэн газар мөнөөс мөн” (Ж.Нямдаш. Монголын анхны үйлдвэр. –УБ., 2014. тал-170) гэж үзсэн, түүнийгээ олон баримтаар нотолсон байдаг. Энд дурдагдаж буй 1912 оны арваннэгдүгээр сарын 7 гэх огноо нь Юлийн тооллоор бичигдсэн учраас григорийн тоололд шилжүүлэхээр арваннэгдүгээр сарын 20-ны өдөр болно гэдгийг бас анхааруулсан. Ж.Нямдаш гуай ингэж Монголын орчин цагийн хэвлэх үйлдвэрийн анхдагч нь аль үйлдвэр болох, түүний цаашдын хувь заяа хэрхсэн асуудлыг зөв түүхчилж судалгааны эргэлтэд оруулсан төдийгүй гавьяатай хүн. Үүнийхээ төлөө уйгагүй эрэл хайгуул хийж, И.Я.Коростовецийн тэмдэглэлийн мөрөөр  Канадын Торонто хотод генерал А.С.Бакичийн ач охин Ольга Бакичийг олж хөөрөлдсөн, би түүнтэй уулзсан хоёр дахь монгол хүн хэмээн бахархан ярьж байж билээ.   Би Ж.Нямдаш гуайн ном, нийтлэлүүд, И.Я.Коростовецийн тэмдэглэл, М.С.Колесниковын ном, бусад судлаачдын бүтээл зэргийг харьцуулсны үндсэн дээр  2018 онд хэвлүүлсэн судалгааны бүтээлдээ “Консулын дэнж дэх Орос-монголын хэвлэх үйлдвэр хувьсгалын дараа Зөвлөлтийн мэдэлд шилжиж тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаад 1954 оны зургадугаар сарын 16-нд Улаанбаатар төмөр замд үнэ төлбөргүй шилжсэн нь үнэн тул Ж.Нямдашийн дүгнэлт хөдөлбөргүй болох нь тодорхой байна. Иймд Монголд орчин үеийн салангид технологитой хэвлэх үйлдвэр 1912 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр (юлийн тооллоор) анх ажиллаж эхэлсэн, тэр нь орос, Монголын хэвлэлийн хорооны (өдгөөгийн УБТЗ-ын хэвлэх) үйлдвэр мөн гэж нэг мөр тогтох нь зөв юм” (Б.Галаарид. Монголын чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшил. –УБ., 2018. тал-33.) хэмээн Эрхэм ахын судалж тогтоосон үнэнийг бататгасан минь түүнийг судлаачийнх нь хувьд хүлээн зөвшөөрөхийн эхлэл болсонд баяртай явдаг. Ж.Нямдаш гуайн судалгааг “Шинэ толь хэмээх бичиг” сонины түүх судлалтай холбогдуулан доктор М.Одмандах судалгааны ажилдаа эшилсэн байхыг төсөрхөн уншаад ах минь Монголын хэвлэлийн түүх судлалд мөрөө үлдээж чаджээ, цаашид улам олон судлаач эшлэх нь мэдээж хэмээн олзуурхсан билээ” хэмээн бичсэн байдаг. Мөн Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор  О.Батсайхан “Ж.Нямдаш гуай нэгэн удаа Канад явж, хүүхдүүд дээрээ өвөлжөөд ирлээ. Тэнд Ольга Бакичтай уулзлаа. Чамд бэлэг явуулсан гээд надад Ольга Бакичаас явуулсан зурвас, сэлтийг өгч билээ. Нямдаш гуай Оросын цагаан цэргийн офицер Бакич генералын ач охин Ольга Бакич лугаа сонирхолтой ярилцлага хийж, тухайн үеийн Өнөөдөр сонины 2012 оны зургадугаар сарын дугаарт нийтлүүлсэн байдаг билээ. Тиймээс Ольга Бакич Ар Монголоос танилцсан хоёр монгол хэмээн нэрлэсэн байдаг юм.Нямдаш гуай 1913 оны Шинэ толь сонин, болон Коростовецийн бичсэн Монголд өнгөрүүлсөн есөн сар өдрийн тэмдэглэл зэргийг амтархан уншиж, Монголын сэтгүүлчдийн тэмдэглэлт өдөр болох 3 сарын 6-ны өдрийн талаар нарийн судалгаа хийж байсан санагдана. Нямдаш гуайн бичсэн өгүүлэл, нийтэлсэн түүхэн судалбар зургууд нь архивын эх сурвалжаар нотлогдсон эсвэл хэд хэдэн хүний аман яриагаар баталгаажсан байдаг нь аливаад хандах тэр хүний хандлагыг илэрхийлж байсан гэж хэлж болох буй за.Өнөөгийн УБТЗ-ын “Ган зам пресс” хэвлэлийн газрын түүх нь 1912 оноос эхлэлтэй болохыг түүхэн баримт, сурвалжаар нотолж, уламжлал, шинэчлэлийн эхлэлийг нь тавьсан хүн бол яах аргагүй нэрт сэтгүүлч Ж.Нямдаш гуай мөн буй за. Тиймээс Нямдаш гуай бол шинийг эрэлхийлэгч, бүтээлч, нэрт сэтгүүлч, гэрэл зурагчин, судлаач нэгэн хэмээн үнэлэгдэх учиртай” хэмээн түүний хөдөлмөр замналыг үнэлсэн нь бий. Өвгөн дарга маань сэтгүүлчээс судлаачийн хэмжээнд хөдөлмөрлөж, төмөр замчнаас түүхчийн зиндаанд хүрсэн нэгэн биед бүхнийг цогцлоосон эрдэмт хүмүүн байжээ.

 

Гэгээн нөхөрлөлийн дундаас төрсөн  “ Хуучин дэр модны дууль”

 

Буурал даргын нэг сайхан тал нь хүнтэй нөхөрлөж чаддаг хүн. Эр хүн шиг "эрвэлзэж” явсан олон сайхан нөхөдтэй хүн байлаа. Найз нар нь хочтой, өөрөө ч бас хочтой сон. Монголын алдартай сэтгүүлч Ө.Тогоо, Эрдэмтэн зохиолч Л.Одончимэд  болон  “Ардын эрх” сониныхон гээд даргын өрөөнд хөл тасрахгүй. УИХ-ын гишүүн асан Т.Ганди гуай энд тэнд таарахаараа  “Хөөе булдруу минь, Нямдаш ах сайн уу? гэж ёс мэт асууна.  Баяр ёслол юмуу тэмдэглэлт өдрөөр Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Болор цомын эзэн яруу найрагч Дөнгөтийн Цоодол, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Р.Чулуун, Монголын үндэсний телевизийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Жаргал гуай нар морилно. Тэр дөрөв хэзээ ч бие биенээ нэрээр нь дуудахгүй. Залуу цагийнхаа  “өргөмжит алдрыг” хэлэлцэн уулзана.  Д.Цоодол ахын алиа хошин дуу нэлээн чанга “Хөөе Бөхөөн, энэ Махан, Дарваан хоёр чамайг ингэж ярьлаа” хэмээн өөрийнхөө зохиосон онигоог ярин гэгээ татуулан орж ирэх нь цаанаа л нэг эрхэмсэг. Түүнийг орж ирэхээр тэр хавьдаа инээд баясал, найр хөөртэй болчихно. Тийм байдлыг бий болгочихдог хүн. Хүн шоолно. Ёстой амьд тодоор, дүртэй , юутай хээтэй  нь нүдэнд харагдтал ярина.  Гэхдээ зүйргүй сайхан цагаан, өгөөжтэй, сонсголонтой цаашлуулах нь нь “элэг аваад”  хаячихна. Энэ “Донхор” өөрөө л зохиогоо вий хэмээн “Бөхөөн” нь  хариу барина. Энэ мэт наргиантай, халуун дулаан, гэгээлэг орчныг бүрдүүлнэ дээ, энэ дөрөв.  За тэгээд тааруулаад  жаахан балгачихна. Тэгэхээрээ яриа хөөрөө нь  эеэргүү сайхан, хошин шог юм ярьж “чих дэлдийлгэнэ”. Нэгэн үеийн Монголын сор болсон энэ сайхан сэхээтнүүд хар залуугаасаа үерхэж, жаргал зовлон бүхнээ хамт үүрч, эрдэм боловсролын моринд  хамтдаа дөрөөлж явсан гэх. Нэгэн удаа Д.Цоодол ах маань найзуудынхаа  тухай “ Бид дөрөв бага залуугаасаа нөхөрлөсөн улс. Миний муусайн найз нар нөхөрлөхөд ханилгаатай, өгөөжтэй, нөмөртэй сайхан амьтад. Бид дөрөв баяр жаргалаа дөрөв үржүүлээд эдэлчихдэг. Зовлон тохиолдвол  дөрөв хуваагаад  үүрчихдэг. Тэгэхээр хамаагүй хөнгөрчихдөг. Ийм найзууд л явлаа даа” хэмээн өгүүлж суусан.  Өвгөн дарга маань Төмөр замын утга зохиолын нэгдлийн анхны гишүүдийн нэг. 1962 оноос л “Найрамдлын зам” сонинд мэдээ бичиж , Утга зохиолын дугуйланд анхны  шүлгээ уншин “Хүрэн морины” гэж алдаршсан, Төрийн шагналт  агуу их Ч.Лхамсүрэн, “Минжийн хангай”-г бичдэг зохиолч Д.Наваансүрэн нараар хөтлүүлж, утга зохиолын босго алхсан тухайгаа байнга дурсана. Төмөр замын сэдэвт зохиол бүтээл төрүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ өгч явсан хүн. “Ган үзэг” яруу найргийн наадмыг “Ганзам” сонин, Утга зохиолын нэгдэлтэй хамтран тогтмол зохион байгуулах эх суурийг тавьж, олон төмөр замчин уран бүтээлчдийн онгод хийморийг далласан, тэтгэсэн наадам болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан хүний нэг. Тэрээр 1997 оны гуравдугаар сарын 27-нд  Замын II ангийн “Цонхон” дээр “Ганзам” сонины “Уншигч -редакцын уулзалт” хийхдээ Д.Цоодол найрагчийг  өөрийнх хэлснээр “уруу татаж” авч явжээ. Энэ тухайгаа Д.Цоодол найрагч “Наран –Элгэн зөрлөгт болсон “Цонхонд” оролцон замчдын хөдөлмөрийг үнэхээр бахадсан. Тэдний заримтай уулзаж, мартагдашгүй сэтгэгдэл төрсөн. Ялангуяа Замын ахмад мастер, төмөр замдаа хийж үзээгүй ажил үнэндээ байхгүй Бекей гэдэг хүнтэй уулзснаа мартдаггүй юм. Амьдралынхаа турш замчин явж, зөвдөж буруудаж, алдаж онож, насны даваан дээр гарсан Бекей , мянга мянга, сая сая тонн ачаа тээж, өдөр шөнөгүй довтолгох галт тэргэн дор хэзээ ч гэсэн байсаар, үүргээ гүйцэтгэсээр зөвхөн тэр “Цонх”-ны үеэр солигдож, албанаас халагдаж байгаа хуучин дэр моднууд надад нэг зүйл бодогдуулсан. Хөгшин хүн, хуучин дэр мод хоёрын дунд төстэй тал их байж, надаас эхлээд дэр модоо ч, хүнээ ч мэддэггүй гэж санаанд буусан. Ингэж л Ж.Нямдаш найзынхаа буянд “Хуучин дэр модны дууль” шүлгээ бичсэн юм.Энэ шүлэг  хүмүүст, тэр дундаа замчдад овоо хүрсэн юм шиг байгаа юм” хэмээн даруухнаар дурссан.  Монголын утга зохиолд “Зууны манлай дууль” болон алдаршсан “Хуучин дэр модны дууль” замчдын цээжинд хадаастай явдаг юм билээ.

“Алжааж, тэсэж, хатуужсан хуучин дэр мод би

Арай л үнс, тоос шороо болж үзээгүй дайчин дэр мод би

Ачаатай ачаагүй, хүнтэй хүнгүй цуваа бүгдийг чинь даая

Дэлгээ хөх тэнгэр, бурхад чөтгөр

Дэвэлцэж яарахын одонд төрсөн

Хүмүүс та нарыг цөмийг чинь даая

Би бол Хуучин дэр мод

Би бол Мод нэртэй төмөр, эр модоо

Монголоо гэсээр дуусах, дэр мод оо” гэсэн гайхамшигт бадгууд нөхөрлөлийн зам мөрөөс урган гарсан гэгээн түүхтэй.Д.Цоодол найрагчийн төмөр замын сэдэвтэй олон сайхан бүтээл төрүүлсний нэг “Муусайчуулын зам” хэмээх шүлэг. Мөн л Ж.Нямдаш гуай Төрийн шагналт яруу найрагч П.Пүрэвсүрэн, Д.Цоодол нарыг  “уруу татан” Замын зургадугаар ангийн замчидтай “Уншигч-редакцийн уулзалт” хийх үед төрсөн гэдэг. Дархан өртөөний сүлд дуу  болох “Сайн байна уу? Дархан өртөө” дууг Ардын жүжигчин Д.Мяасүрэн гуайгаар  аялгуу эгшигийг зохируулж түмний сонорт хүргэх ажлыг  “Миний муу Бөхөөн найз маань” санаачлан түүчээлж явсан юм шүү дээ гэж Д.Цоодол найрагч өгүүлсэн билээ. Тийм л төмөр замдаа сэтгэлтэй, өөрийнх нь хэлдгээр ясны төмөр замчин байсан даа. Андуудын гэгээн нөхөрлөлөөс үүдэлтэй уран бүтээлүүд он цаг өнгөрөвч мартахын тоосонд үл дарагдан зуунаас зуун дамжих эгшиглэх ажгуу.

 

СЭТГҮҮЛЧ ЯРУУ НАЙРАГЧ ӨЛЗИЙБҮРЭНГИЙН БАТЗОРИГ