УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагаас санаачилан, Замын удирдлагын дэмжлэгтэй, Төмөр замын Ахмадын холбооны оролцоотойгоор жил бүр зохион байгуулдаг “Гурван үеийн уулзалт” зөвлөгөөн урд шугам замд буюу Замын-Үүд, Сайншанд, Чойр зангилаанд гурван хоног амжилттай боллоо. Энэ удаагийн уулзалт зөвлөгөөн зохион байгуулалтын арга хэлбэр өвөрмөц, сонирхолтой, эрин үетэйгээ хөл нийлсэн хурдтай, эрч хүч дүүрэн өрнөсөн. Өглөөний 09:00 цагаас өдрийн 14:00 цаг хүртэл амсхийх завгүй, нойрмоглох чөлөөгүй, хөшиж хөөрөх завдалгүй дасгал хөдөлгөөн хийж, эрч хүч сэлбэх кофе, амттантай хагас өдрийг өнгөрөөв. Уулзалт зөвлөгөөнд оролцсон залуучууд, дунд үе, ахмадууд сэтгэл хөдөлсөн дурсамжтай, эерэг сэтгэгдэлтэй, үе хоорондын ялгааг ойлгосон, санал санаачилга, шүүмжлэлийг дараагийн ажил хэрэг, бодлогодоо тусгах зэргээр ажил хэрэгч уулзалт боллоо. Энэ уулзалт дарга удирдлагуудад тусгайлан зассан индэр, тайз засал ч гэж алга. Сургалт, хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалт гэсэн ерөнхий агууламжтай. Уулзалтын санал асуулгаа QR код уншуулж өгөх, оролцогчдыг аль үеийн төлөөлөл болохыг онлайнаар тодорхойлж, “youth ubtz” пэйж хуудсаар мэдээллийг цаг тухай бүрт мэдээлж байсан нь дараагийн зангилаадын уулзалт зөвлөгөөний зохион байгуулалтыг улам чамбай болгож байсан. Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд, Чойр зангилаанд энэ сарын 7-9-ний хооронд болсон “Гурван үеийн уулзалт”-д 500 гаруй говийн төмөр замчин оролцов. Зохион байгуулагч нарын дийлэнх нь Millinials-Generation Y үеийн залуус. Бие дааж нийгэмд хувь нэмэр оруулдаг, ойлголцож, хэлэлцэж шийдэлд хүрдэг, манлайллын хэв маяг нь боломж олгох уриалах, “гялс хийгээд, гялс тарья” гэж хэлэх дуртай тэд үнэхээр шаламгай шуурхай зохион байгуулж байв. Зочин илтгэгч 15 минутад илтгэлээ тавих, оролцогчид асуулт, санал асуулга өгөх, хариулах нь 3-5 минутад багтаах зэрэг дэг журамтай.
Гурван үеийн уулзалт зөвлөгөөнийг УБТЗ-ын ЗТБ-ын дэргэдэх “Хувь хүний хөгжлийн академи”-ийн захирал Г.Мөнгөнхуягийн “Үе хоорондын ялгаа” сургалт чимсэн. Сургагч багш зөвхөн өөрөө ярьсангүй. Чөлөөтэй оролцох боломжийг бий болгож, асуултад хариулсан оролцогчийг шагнаж урамшуулах, сургалтаас түр сатаарч хоорондоо ярилцах хэсэг хүмүүсийн дэргэд очиж анхаарал хандуулан идэвхжүүлэх, багийн системээр ажиллуулж, гарын алгаа хавсарч халаагаад чихээ дарж огцом авах тархиа амраах хамгийн хөнгөн дасгал хийлгэж идэвхжүүлж сургалтыг улам сонирхолтой болгож байлаа.
Монголын нийгмийн үе хоорондын ялгааг тодорхойлох судалгааг зөвлөх үйлчилгээний “SICA” байгууллага хийжээ. Монголд үе хоорондын ялгааг социалист үеийнхэн /1964 он/, завсрын үеийнхэн /1965-1982 он/, шилжилтийн үеийнхэн /1983-1994 он/, шинэ үеийнхэн /1995 оноос хойш/ хэмээн хуваан үздэг. Тухайлбал, Социалист үеийнхэн бол хуучинсаг үзэлтэй, капиталист-ардчилсан нийгэмд амьдарч байгаа боловч үзэл бодлын хувьд хэвшмэл социалист хэв маягтай. Зан чанарын хувьд шударга ёсны мэдрэмж өндөртэй, нам төр институцид итгэх итгэл өндөртэй. Улс орны ирээдүй сайн сайхан болно гэсэн итгэлтэй. Мэдээллийн суваг нь сонин, телевиз ам дамжсан яриагаар явагддаг.
Завсрын үеийнхний итгэл үнэмшил харьцангуй залуу ч барууны либерал чиг баримжаатай. Гэвч капитализмийн үр шимийг хамгийн ихээр хүртэж яваа, хэрэглээ өндөртэй үе юм. Энэ үеийнхний глобал үзэл бодол нь хараахан төлөвшиж амжаагүй. Мэдээллийн суваг нь телевиз интернэт, найз нөхөд. Харин шилжилтийн үеийнхэн үзэл бодлын хувьд ардчилсан капиталист үзэл илүү хүчтэй суусан. Шинэ үеийг бодвол илүү прагматик, ирээдүйд итгэх итгэл нь илүү хүчтэй. Шилжилтийн үеийн дийлэнх нь шинэ үетэй адилаар интернэт, сошиал медиа орчноос мэдээлэл авдаг. Зах зээлийн үеийн өлсөж үзсэн хүмүүс. Шинэ үеийнхэн хувь хүний эрх чөлөөний мэдрэмж өндөр, либерал үзэлтэй, төр болон намд итгэдэггүй институцид биш өөртөө илүү итгэдэг, бусад үеүдтэй харьцуулахад үзэл бодлын хувьд илүү баруунжсан даяарчлагдсан аж.
Харин дэлхий нийтэд үе хоорондын ялгааг зургаа ангилдаг. 1928-1945 онд төрөгсөд уламжлалт үзэлтэн, дайны дараах үеийн бүтээн байгуулалтын үеийнхэн Baby Boomer /1946-1964 он/, их хямралын үеийн буюу X үеийнхэн /1965-1980 он/, технологи асар хурдацтай хөгжиж буй хүмүүс Y үеийнхэн /1980-1996 он/, цахим хэрэглээний анхдагч Z үеийнхэн /1997-2012 он/, дэлхийн иргэд Альфа үеийнхэн 2013 оноос хойш төрсөн хүмүүс багтана.
Тухайлбал, дайны дараах үеийн бүтээн байгуулалтын үеийнхний /Baby Boomer/ хүүхэд нас нь дайны дараах бүтээн байгуулалтын үед өнгөрсөн. Хамтарч зүтгэ гэсэн үзэл бодолтой. Хөдөлмөрлөж л байвал асуудлыг шийднэ гэж үздэг. Үнэт зүйлс нь дүрэм журмын дагуу хамтрах, зүгээр суухаар зүлгэж суу гэж хэлэх дуртай хүмүүс. Сургалт ийм л сонирхолтой сэдвээр өрнөсөн.
Ахмад, дунд үе, залуучуудын төлөөлөлд үе хоорондын ялгааг хүлээн зөвшөөрөх, санаа бодлоо солилцох, санаа бодлыг хүндэтгэх, эерэгээр зөвлөх, урамшуулан дэмжих, нэгдмэл зорилготой болох, уян хатан байх зэрэг манлайллын долоон зарчмыг ойлгуулсан, ”Гурван үеийн уулзалт” зөвлөгөөнийн гол агуулгыг тодотгосон өгөөмжтэй сургалт болов.
Замын-Үүд, Сайншанд, Чойр зангилаанд болсон уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулах бүрэлдэхүүнд УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт, Гавьяат тээвэрчин Ю.Нямжаргал, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Сэнгээ, Ахмадын холбооны менежер Ч.Ядамсүрэн, УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын тэргүүн А.Энх-Амгалан, дэд тэргүүн Б.Дэлгэрхишиг, Б. Гэрэлмаа, Ажлын албаны дарга Т.Батсүх, УБТЗ-ын ЗТБ-ын дэргэдэх “Хувь хүний хөгжлийн академи”-ийн захирал Г.Мөнгөнхуяг, ТЗДС-ийн хоёрдугаар дамжааны оюутан Т.Батзул нар багтсан. Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбаатар, Сайншанд өртөөний дарга Д.Болорхүү, Чойр өртөөний дарга Д.Отгонбаяр, УБТЗ-ын Замын IV ангийн дарга А.Оргодол, Чойр зангилааны Залуучуудын салбарын зөвлөлийн тэргүүн Г.Харуулбаяр, Урд бүс хариуцсан дэд тэргүүн Г.Саруул-Од, Сайншанд Татах хэсгийн засварчин н.Мөнхсүмбэрэл нарын онцлох төмөр замчид байлаа. Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбаатар уулзалтын төгсгөлд монгол, орос, хятад хэл дээр ая дуугаа өргөсөн нь бусад өртөөний дарга нарт дуу дуулах, авьяасаа үзүүлэх “шалгуур” тогтоов. Сайншанд өртөөний дарга Д.Болорхүү дуулж, Чойр өртөөний дарга Д.Отгонбаяр аавын тухай сайхан шүлэг уншиж оролцогчдоо огшоож орхисон. Зочин илтгэгч УБТЗ-ын Замын IV ангийн дарга А.Оргодол Нартын хошуу зөрлөгт “Халуун ус, эко бие засах газар” байгуулсан нь, явуулын бригадын өдрийн цагаар амрах, хооллох бүрэн тоноглосон тээврийн хэрэгсэл, Улхын-Овоо зөрлөгийн хүлэмж, Цагаан хад зөрлөгт шинээр гүний худаггарган ашиглаж байгаа, Говийн нөхцөлд гурваас дээш жил ажилласан, хичээл зүтгэлтэй, цаашид тогтвор суурьшилтай ажиллах найман ажилтныг ПТК-ийн чадамжийн сургалтад 100 хувь хөнгөлж суралцуулсан зэрэг чихэнд чимэгтэй мэдээлэл хөвөрсөн илтгэл байв.
Замын даргын А01 тоот тушаалаар 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжигч жил” болгон зарласан. Энэ уулзалт уг тушаалтай нягт уялдаж байв. Залуучуудын байгууллагын онлайн асуулгаар “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжигч жил” болгон зарласныг Замын-Үүд, Сайншанд, Чойр зангилаанаас уулзалтад оролцогсдын 90 гаруй хувь нь цаг үеэ олсон гэж дүгнэсэн байна. “Замын-Үүд зангилааны төмөр замчдын хөгжиж дэвших боломж”, “Хүний нөөцийн тогтвор суурьшил өнөөгийн байдал”, “Сайншанд зангилааны төмөр замчдад тулгамдсан асуудал, түүнийг шийдэх гарц, гаргалаа”, “Алслагдсан бүсэд ажиллаж байгаа төмөр замчдын нийгмийн асуудал” зэрэг зангилааны онцлогт тохирсон сэдвүүдээр хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ уулзалтаас гарсан шүүмжлэлтэй, санаачилгатай хамгийн их давтамжтай саналуудыг нэгтгэж хэрэгжүүлнэ. Эх дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлах ажлыг хогоо ангилан хаяхаас эхлэх уриалга гаргасан Сайншанд зангилааны залуучуудын санаачилгыг дэмжиж ажиллахаа УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага илэрхийлсэн. Зангилаадын хүлээн авч байгаа залуучуудын баг хамт олон сайн ажиллаж байв. Салбар бүрийн ажилчдын дийлэнх нь залуучууд болсныг онлайн судалгаанаас тод харагдсан.
УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт “Өчигдөр,өнөөдөр, маргааш” илтгэлээрээ 2025 оны зорилт, хүлээгдэж буй үр дүн, “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хэрэгжилт, зарцуулсан хөрөнгө, нийгмийн аюулгүй байдал, 2030 он хүртэлх техникийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр, цалин хөлс, санхүүгийн менежмент, санхүүгийн сахилга бат зэрэг цогц бодлого шийдвэрээ танилцуулж, Гавьяат тээвэрчин Ю.Нямжаргал УБТЗ-ын суурь бүтцийн хөгжлийн түүхэн замналаар “аялуулав”. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Сэнгээ УБТЗ-ын соёлын биет болон биет бус өв соёлын түгээн дэлгэрүүлэхэд гавьяатай нэгэн. Түүнээс юу ч асуусан хариулах нь бахархмаар. Соёлын өвийг өвлөн уламжлах ажлыг зохион байгуулж ирсэн үе үеийн төмөр замчид, удирдах ажилтны намтар түүхийг тэрбээр андахгүй товч бөгөөд тодорхой хариулна. МУГЗ Л.Сэнгээ, УБТЗ-ын хошой удирдагч, Ахмадын холбооны менежер Ч.Ядамсүрэн нар УБТЗ-ын Ахмадын холбоо, Төмөр замчдын уран бүтээлийн өвийн товчоо, УБТЗ-аас төрсөн “Хөдөлмөрийн баатар, Гавьяатуудын холбоо” ТББ-ыг төлөөлж хэлэлцүүлэгт оролцсон билээ.
Замын-Үүд, Сайншанд, Чойр гурван зангилаанд “Гурван үеийн уулзалт”-ыг санаачилагч УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын залуус шинэлэг, цаг үеэ мэдэрсэн, сонирхолтой байдлаар хэрхэн хүргэхээ мэддэг, Замын удирдлагууд өндөр ач холбогдол өгдөг, уулзалтын уур амьсгал эерэг, ахисан түвшинд төмөр замчдаа гэсэн чин хүсэл зорилгын дор нэгдсэн урд шугамын уулзалт зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.
П.Түмэндэмбэрэл