ХНН УБТЗ-ын удирдах ажилтнуудад АТГ-аас Засгийн газар болон Төрийн өмчийн хорооноос өгсөн үүрэг даалгаврын дагуу “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд мэдлэг олгох”, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрын газраас “Арбитрын журмаар хэрэг хянан шийдвэрлэхийн давуу тал” зэрэг сэдвээр сургалт хийлээ. Сургалтыг эхлүүлсэн АТГ-ын төлөөлөл “Авлига ихтэй улс орны эдийн засгийн өсөлт сул байдаг” гэдгийг онцлов. Авлигын хэрэг нууцаар үйлдэгддэг, эрх бүхий албан тушаалтнуудтай холбогддог учраас язгуур үндсийг нь таслан зогсооход бүх нийтийн оролцоо, дэмжлэг чухал юм. Тиймээс зарим улс орон авлигын талаар мэдээлэл өгөх иргэдийг дэмжиж, хамгаалах Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг батлан хэрэгжүүлдэг аж. Манай улсын хувьд ч энэ тухай хуулийн төслийг боловсруулаад байгааг танилцуулж, удирдах ажилтнууд хуулийн мэдлэггүйгээс болон санамсаргүй байдлаар гэмт хэргийн холбогдогч болсон тохиолдол олон байдгийг сануулав.

Манай улс одоохондоо батлагдсан хуульгүй ч “Эрдэнэс Тавантолгой” зэрэг зарим томоохон компани авлигыг мэдээлэх, шүгэл үлээгчийг нууцлах, хамгаалах журмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна. Тиймээс ХНН УБТЗ ч том байгууллагын хувьд энэ журмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг санал болгосон юм. Мөн байгууллагууд санал гомдлын хайрцгаа олон нийтийн хараа хяналт дор болон камерын дэргэд байрлуулахгүй байхыг сургагч багш зөвлөв.

АНУ-д гэхэд л шүгэл үлээгч буюу мэдээлэгчид буруутай этгээдэд ногдуулсан торгуулийн 15-30 хувийг урамшуулал олгодог юм байна. Ингэхдээ зөвхөн өөрийн улсын бус гадаадын иргэд ч гэсэн шүгэл үлээж болох хуулийн зохицуулалттай аж. Сүүлийн жилүүдэд АНУ-д 83 улсын иргэн урамшуулал авах хүсэлт гаргасны дагуу 30 сая ам.доллар олгожээ. Тиймээс манай улс ч мөн шүгэл үлээгчийг хамгаалж, урамшуулж, авлигын мэдээллийг олон шат дамжуулалгүйгээр шууд АТГ-т хүргэдэг байх нь чухал гэдгийг онцлов.

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрын газрын сургагч багшийн хэлснээс үзвэл Монгол Улс 2020 онд 15.6 сая төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүхээр шийдвэрлэхэд 374 хоног, 22.9 сая төгрөг зарцуулсан байна. Харин хоёр тал санал нийлэн арбитрын журмаар хэргээ хянан шийдвэрлүүлбэл шуурхай буюу нэг шатаар л шийдвэрлэгддэг аж. Ингэхдээ хариуцагч мэдэгдлийг гардан авсан эсэхийг хүлээлгүй, хамгийн сүүлчийн бүртгэлтэй хаяг руу нь баталгаат шуудангаар илгээснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэнд тооцдог юм байна. Тиймээс арбитраар хэрэг хянан шийдвэрлүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө бага зарцуулдгийг онцолж, аливаа үйл ажиллагааг авлигаас ангид, хууль эрх зүйн хүрээнд гүйцэтгэж, гэмт хэрэгт холбогдохгүй байхыг сануулсан юм.