Улаанбаатар төмөр замд удам дамжсан төмөр замчин олон бий. Тэдний нэгэн төлөөлөл нь Эрдэнэт өртөөний Ачаа тээврийн хэсгийн ачааны техникч-мэдээлэгч Намжилын Мягмарзаяа юм. Тэрбээр, 1982 онд Эрдэнэт хотод таван хүүхэдтэй төмөр замчин гэр бүлийн хоёр дахь охин болон мэндэлж, төмөр замынхаа цэцэрлэгийн анхны төгсөгч нь болж, дунд сургуулиа 1999 онд дүүргэжээ. Улмаар, Төмөр замын дээд сургуульд ашиглалтын техникчээр элсэн 2003 онд төгссөн байна. Ажлын гараагаа Эрдэнэт өртөөнөөс эхэлж, өнөөг хүртэл 21 дэх жилдээ ажиллаж байгаа аж. Н.Мягмарзаяа буудлын жижүүрээс эхлээд ачаа вагон хүлээлцэгч, тооцооны оператор болж, одоо ачааны техникчээр ажиллаж буй юм. Тэр “Би удам дамжсан төмөр замчин гэдгээрээ бахархдаг. Аавыг маань С.Намжил гэдэг. Эрдэнэт депод ажилладаг байсан. Сүүлд нь Эрдэнэтийн ДЦС-ын төмөр замын цехэд машинчаар ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан. Ээж Д.Чулуунцэцэг маань ч Эрдэнэтийн анхдагч. 1976 оноос өртөөнд 36 жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Өртөөний жижүүрээр олон жил ажилласан” гэв. Түүний нөхөр Х.Эрдэнэчулуун ч төмөр замчин. Өртөөний галт тэрэгний найруулагчаар ажиллаж байхад нь танилцсан гэнэ. Одоо Эрдэнэт ДЦС-д ажиллаж байгаа аж. Н.Мягмарзаяагийн хувьд хүүхэд байхаасаа төмөр замчин болох сонирхолтой байж. Энэ тухайгаа “Миний бага нас төмөр замтай салшгүй холбоотой. Хичээлээ тараад ээжийн ажил дээр ирж пультийг нь тойроод л гүйдэг байлаа. Заримдаа чанга яригчаар нь ярих гэж үзнэ /инээв/. Ээж чанга яригчаар юу гэж хэлдгийг нь цээжилчихнэ. Ер нь, их сонирхолтой санагддаг байсан. Ээж надад “Тэр нь тэгдэг, энэ нь ийм” гэж зааж өгнө. Зарим үед надтай дуугарах ч завгүй л суудаг сан. Манай гэр вокзалд болохоор дунд сургуульд байхад олон нийтийн ажилд оролцож чаддаггүй байсан. Багш нар “Холын хүүхдийг эртхэн явуул” гэдэг. Өнөөгийнх шиг унаа тэрэг элбэг байсангүй. Төмөр замын хүүхдүүд нийлээд аймгийн төвөөс алхчихна. Хөвгүүд дулааны шугам дамжиж гүйлдэнэ. Охид нь юм ярьж, дуулалдаад л... Ганц хоёр талх авчихсан замдаа хувааж иднэ ээ бас /инээв/. Мөн ч сайхан үе байж дээ” гэж ярихдаа дурсамжаараа дамжин хүүхэд насандаа очив уу гэлтэй нүд нь очтон гэрэлтэх ажээ.
Мөн “Тооцооны хэсгийнхэн сампин дээр тоо бодож, бичгийн машинаар цохиж бичиг баримтаа бүрдүүлдэг байсан. Дунд ангид байхад Т.Хүүхайчин эгч “Үүнийг дуурайлгаад бич” гээд туслуулдаг байлаа. Оюутан болсоор би галт тэрэгний байнгын үйлчлүүлэгч болж, төгсөөд ээж шигээ жижүүр болно гэж бодсон. Гэвч ээж ачаа тээврийн чиглэлээр ажиллахыг зөвлөсөн юм. “Ээлж ахална гэдэг амаргүй, их хүнд” гэдэг байсан. Охиноо хайрласан л юм шиг билээ. Гэхдээ ээж ажлаа хийж байхдаа хамгийн стрессгүй, жаргалтай харагддаг байлаа. Ажлаа арван хуруу шигээ мэддэг болохоор юунд ч түүртдэггүй байсан юм болов уу. Шөнөжин ээлжинд хонож ирчхээд бидний хоолыг хийж, хувцас угааж, гэрээ цэвэрлэж, охидынхоо үс гэзгийг самнан инээлдээд л суудаг байсан. Бид ч ээждээ аль болох туслахыг хичээнэ. Анх ачаа вагон хүлээлцэгчээр ороход надад Ё.Алтанчимэг эгч, дараа нь тооцооны оператор болоход Т.Хүүхайчин эгч багшилсан. Мөн хамт ажиллаж байсан М.Ичинлхам, Бямбацогт, Нарантуяа нарын ахмад жижүүрүүдээс ч суралцсан. Манай ахмадууд залуучууддаа аав, ээж нь юм шиг л хайрлана. Ажилдаа хамаг сэтгэл зүрхээ зориулцгаана. Тийм хүмүүсийг дагаж сурсан болоод ч тэр үү, би ажилдаа ирэхдээ дуртай. Амьдралын хамаг л идэвхтэй хугацаа ажлын байранд өнгөрч буй болохоор өрөөндөө аль болох цэвэрхэн, хоорондоо эв найртай байхыг чухалчилдаг. Залуустаа ч захидаг. Үйлчлүүлэгч нартай ч зөв харилцаж, эелдэг байх хэрэгтэй. Манай Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Б.Отгонбат гэж мундаг залуу бий. Залуу хүн гэхэд ажил удирдах арга барил, зан харилцаа сайтай. Ер нь, төмөр замын ажил багаар гүйцэтгэдэг онцлогтой болохоор бүгд санаа нэгдэх хэрэгтэй байдаг. Хэрэв зөрчилдөх л юм бол ажил урагшлахгүй. Үл ойлголцох зүйл гарвал сайн ярилцаж ойлголцох нь чухал. Тэгж байж ажлаа технологийн дагуу аюул осолгүй, бүрэн дүүрэн, аз жаргал, сэтгэл ханамжтай хийнэ шүү дээ. Миний ээж энэ талаар надад маш сайн сургасан гэж боддог. Би ээжээрээ маш их бахархдаг. Ажиллах хугацаандаа төмөр замын бүхий л шагналыг хүртэж, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Алтан гадас” одонг ч энгэртээ гялалзуулсан. Оюутан байхад сургууль дээр дарга нар ирэхэд багш “Энэ Эрдэнэтийн Чулуунцэцэгийн охин” гэхэд тэд анддаггүй байлаа. Тиймээс ээжийнхээ нэрийг муугаар гаргаж, нүүрийг нь улалзуулахгүй юмсан гэж их хичээдэг. Ээж минь Гоёо /Гомбосүрэн/ багшийн анхны шавь нарын нэг юм билээ. Би ч бас шавь нь. Ээжийн тухай багш “Нэг л их бохь зажилсан охин орж ирээд шалгалтаа амжилттай өгөөд гардаг байсан” гэж ярьж билээ. Ээжтэйгээ хамт ажилласандаа би өөрийгөө маш азтай хүн гэж боддог. Ээлжинд цуг гарахад юунд ч санаа зовдоггүй байлаа. Хааяа би залхуураад “Жаахан байж байгаад гаръя” гэвэл “Чи ажлын цагтаа ажлаа яс хий. Төмөр замд хэзээ ч худлаа хэлж, хойш сууж болдоггүй юм. Ямар нэгэн алдаа дутагдал гаргасан бол нууж болохгүй. Бүх үйлдлээ үнэнч шударгаар нь хэлж бай” гэж захиж сургасан. Би ч ээжийнхээ зааснаар ажиллаж яваа гэж өөрийгөө боддог. Өмнө нь бичиг цаасны бүх ажлыг гар аргаар хийдэг байлаа. Одоо харин цахимжаад амар болсон” хэмээн хуучлав. Гэр бүлээрээ төмөр замчин, тэр дундаа нэг өртөөнийх учир хамт ээлжинд гарахаас гадна хөгжилтэй, хүндрэлтэй олон л асуудал тулгардаг байж. 2007 оны үед нэг удаа ээж нь жижүүрээр, нөхөр нь найруулагчаар, Н.Мягмарзаяа пүүлэгчээр ажиллах ээлж хамт таарчээ. Гэтэл хаалттай салбар замд вагон тавьснаас асуудал үүссэн байна. Энэ тухайгаа “Өртөөний дарга тэнд вагон тавьж болно гэдэг аман зааварчилгаа ээжид өгсөн юм билээ. Гэтэл дэвтэр дээр нээгээгүй байхад нь би нарьяд бичиж өгөөд, нөхөр маань тэнд вагон тавьчихсан. Тиймээс өглөө нь шуурхайгаар орохоор болж, даргын өрөөнд гурвуулаа орлоо. Х.Олзбаатар дарга “Та гурав юу хийж яваа юм” гэхээр нь ээж “Жижүүр нь пүүлэгч, найруулагчтайгаа байна” гэтэл инээгээд “За за, та гуравтай би одоо юу ярих вэ дээ” гээд бөөн инээдэм болоод гаргаж билээ /инээв/” хэмээн хөгжилтэй дурсамжаа хуваалцав. Түүний аав С.Намжил дуу цөөнтэй хүн. Хааяа охиндоо ам нээвэл “Миний охин даруулгатай, үнэнч шударга байгаарай. Хэчнээн чиний зөв байсан ч “би” гэсэн шиг хүний урдуур орж бүү ярь. Аливаа зүйлд хүлээцтэй ханд” гэдэг байж. Н.Мягмарзаяа “Намайг хэрхэн ажиллаж, сурч буйд аав, ээж хоёр маань сэтгэл хангалуун байдаг юм шиг санагддаг. Одоо харин “Чи хэтэрхий шударга байв” гэдэг болсон /инээв/. Шагнал авах бүрдээ хамгийн түрүүнд гэртээ очиж баяраа хуваалцдаг” гэв. Тэрбээр, төмөр замынхаа “Онц хөдөлгөөнчин”, “Тэргүүний төмөр замчин” тэмдгийг энгэртээ зүүж, мөн аймгийн Залуучуудын холбооны болон УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын “Тэргүүний залуу” алтан медаль хүртсэн байна. Н.Мягмарзаяагийн хувьд Х.Олзбаатар даргын үед ажилд орж, дараа нь Ш.Эрдэнэчимэг, Т.Доржжанцан дарга нартай хамтран ажилласан бол одоо Г.Амарсайхан даргын удирдлага дор ажиллаж байгаа билээ. Дарга бүрийн ажил удирдах арга барил өөр. Гэвч бүгд ажил сайжруулах, ажилтнаа сургах, дэмжихэд чиглэсэн байдгийг онцлов. Тухайлбал, “Алдаа дутагдал гаргалаа гэхэд Х.Олзбаатар дарга загнаж зэмлэхээс илүү заан зөвлөж, сургадаг байсан. Удирдагч хүний тийм байдал нь залуу хүмүүст их урам болж, өөрийгөө илүү дайчлахад нөлөөлдөг юм шиг санагддаг” гэсэн юм.
Мөн “Бусад хүмүүсийг муу гэж хэлэхгүй ч удам дамжсан төмөр замчид илүү өөриймсөг сэтгэлтэй байдаг” гэсэн нь үнэний ортой санагдав. Хэдийгээр төмөр замчны хүүхэд биш ч сэтгэл зүрхээ ажилдаа зориулсан, чадварлаг хүн олон бий л дээ. Гэхдээ л 16 мянган ажилтантай энэ том айлд тийм хүмүүс цөөн хувийг эзэлнэ. Ярилцлага, сурвалжилга хийгээд явж байхад энэ нь анзаарагддаг юм. Харин удам дамжсан төмөр замчид бол ажилдаа хандах хандлага, өөриймсөг байгаа нь бүгд ижил гэхэд болно. Н.Мягмарзаяагийнхан бүгд төмөр замчид. Тиймээс ч “Бэр дүү Б.Эрдэнэбаяр маань надтай хамт Ачаа тээврийн цехэд тооцооны оператораар ажилладаг. Нөхөр нь ДЦС-д машинч. Нэг дүү маань өртөөний буудлын жижүүрээр ажиллаж байгаа” хэмээн бахархсан юм. Тэднийх хоёр хүүхэдтэй аж. Том хүү нь дунд сургуулиа төгсөөд хувиараа ажиллаж байгаа бол бага нь аравдугаар анги. “Уг нь том хүүгээ удам залгасан төмөр замчин болгох гэж захиж, бас гуйсан. Гэвч төмөр замчин болсонгүй. Өөрийн сонирхлоор сурна гээд гадаад явахаар бэлтгэж байгаа” гэв. Тэднийхэн гэртээ цугларвал ярианы сэдэв төмөр зам. Нэг өрөөнд ажилладаг бэртэйгээ ажлаа ярилцаж байхад ээж нь нэмэгдэж, бүр аав нь, нөхрүүд нь, бас дүү нар нь ч нэмэгдэж, ажлын тухай дуусашгүй яриа өрнөнө.
Н.Мягмарзаяа “Тээврийн хяналтын албаны дарга М.Цогтыг Залуучуудын төв байгууллагын тэргүүн байхдаа манай өртөөнд уулзалт хийхэд нь “Эрдэнэт үйлдвэр хүүхэд асрах чөлөөтэй ээжүүдэд сар бүр “Цалинтай ээж” гээд мөнгө олгодог. Манай УБТЗ тэгэх боломжтой юу” гэсэн санал бичиж өгч байлаа. Гэтэл тэр санал маань саяхан биеллээ олсонд маш их баярласан. Ер нь, сүүлийн үед төмөр замын удирдлагууд ажилчдын цалин, шагнал болон мөнгөн урамшууллуудыг нэмэх, нийгмийн хангамжийг сайжруулах талд олон сайхан шийдвэр гаргаж байна. Тиймээс залуучууд илүү хичээж, төмөр замынхаа эдийн засгийг улам сайжруулахад хоёргүй сэтгэлээр ажиллах нь чухал” хэмээсэн юм. Ш.Эрдэнэбулган багштай /Өнөөгийн Их барилга, хөрөнгө оруулалтын албаны ерөнхий инженер/ тэдний ангийнхнаас өдгөө төмөр замд ажилладаг хүн цөөнгүй. Тухайлбал, Статистик бүртгэлийн төвийн шуурхай мэдээний диспетчир-техникч Э.Энхтунгалаг, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогын байцаагч П.Баттуяа, Улаанбаатар зорчигч тээврийн төвд Д.Сарантуяа, Сүхбаатар зангилаанд Буяндэлгэр, Алтансэлэнгэ гэхчлэн нэрлэвэл олон байдаг аж.
Н.Мягмарзаяа өөрийнхөө тухай “Би хүнд юм хэлж ойлгуулахдаа их ширүүндүү харьцдаг юм шиг билээ. Тэгээд жаахан эвгүй хандлаа даа гэж дотроо шаналж, нөгөө хүн маань тоохгүй байсан ч уучлалт гуйж тайвширдаг. Энэ нь миний ээжээс өвлөсөн зан байх” гэсэн юм. Ийнхүү гэр бүл, төмөр зам, ажлын хамт олон, ангийн найзууд гээд бүгдээр нь бахархаж, үргэлж магтан сайшаах Н.Мягмарзаяа шиг мянга мянган бүсгүйчүүд УБТЗ хэмээх их айлд ажилладаг гэж бодохоор сайхан. Эрдэнэт өртөөнөөс буцаж явахад түүний ярьсан ээж, нөхөр хоёртойгоо шуурхайд орсон дурсамж нь төсөөлөгдөн инээд хүрч, өртөөний даргын итгэл найдвар, хайр халамжийг хүндлэн биширсэн билээ.
М.Наранболд