Өдгөө 66 дахь жилдээ уншигчдынхаа гарт хүрч буй “Ган зам” сонины редакцийн хамт олон жил бүр уншигчидтайгаа уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, эргэх холбоотой ажилладаг уламжлалтай. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдсэнээс хойш энэ үйл ажиллагаа хэсэгтээ завсарлаад байсан юм. Харин өнгөрсөн Баасан гарагт Сайншанд зангилааны уншигчидтайгаа сонины редакцийн хамт олон уулзаж, тэдний санал бодлыг сонслоо. Энэ удаагийн уулзалтад манай сонины дагуул “Вагончид” сонин хамтран оролцсоноороо онцлог байв. Уг сонин уншигчдадаа 20 дахь жилдээ хүрч буй юм.
Уулзалтад “Ган зам” сонины эрхлэгч Д.Батболд, ахмад сэтгүүлч, МУСГЗ Л.Сэнгээ, сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Наранболд болон сэтгүүлчид, мөн “Вагончид” сонины эрхлэгч А.Пүрэвбаатар (Вагоны аж ахуйн албаны ахлах байцаагч), нарийн бичгийн дарга Г.Балдандорж (Вагон ашиглалтын депогийн технологи, вагоны бүрэн бүтэн байдал хариуцсан инженер) нар аяны дөрөө харшуулан Сайншандыг зорьсон билээ.
Сайншанд ТҮГ-т хийх уулзалтыг 09.30 цагт товлосон байсан хэдий ч уншигчид маань 09.00 цаг гэхэд хэдийнэ цуглачихсан байлаа. Уулзалтад ТҮГ-ын вагон үзэгчид, дадлагын оюутнууд, мөн зангилааны ахмадууд хүрэлцэн ирсэн юм.
Уулзалтыг нээж “Ган зам” сонины эрхлэгч Д.Батболд, “Вагончид” сонины эрхлэгч А.Пүрэвбаатар нар үг хэлж, “Ган зам” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Наранболд сонины баримталж ирсэн нийтлэлийн бодлого, сонины захиалга, түгээлтийн талаар мэдээлэл хийлээ. Мөн сонины эрхлэгч асан, МУСГЗ Л.Сэнгээ сонины түүх болон Сайншанд зангилааны уншигчид “Ган зам” сонинтой холбоотой олон сайхан дурсамжийг сөхөж, сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
Мөн “Вагончид” сонин бий болсон түүх, ач холбогдлын талаар А.Пүрэвбаатар дэлгэрэнгүй танилцуулж, залуу вагоны үзэгчдийг сониноо захиалан уншиж байхыг уриаллаа.
Энэ үеэр уншигчдаас “Ган зам” сонины нийтлэлийн бодлого уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа эсэх, захиалга, түгээлтийн талаар санал хүсэлтийг нь сонсож, санал асуулгын хуудсаар судалгаа авлаа. Уг судалгаанд 1-33 дахь жилдээ сонин захиалан уншиж буй 40-өөд уншигч хамрагдаж, манай сониноос ямар материалуудыг түлхүү уншдаг вэ гэсэн асуултад Замын захиргааны бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг уншдаг. Мөн эгэл жирийн төмөр замчдын намтар түүх, арын нүүрний танин мэдэхүйн материалуудыг унших дуртай хэмээн хариулжээ. Харин цаашид ямар сэдэвтэй мэдээ материал уншихыг хүсэж байна вэ гэхэд төмөр замын сэдэвтэй уран зохиол, эмэгтэйчүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө, төмөр замын салбарт шинээр нэвтэрч буй дэвшилтэд технологийн талаарх мэдээлэл, үгийн сүлжээ, сонирхолтой, хошин материал, яруу найраг гэж хариулжээ.
Түүнчлэн, сонины редакцийн зүгээс Сайншанд ТҮГ-ийн олон жил сониноо захиалан уншиж буй ахмад вагончин Ж.Өлзийбаатар, зангилааны Ахмадын хорооны дарга Ц.Баяа, вагон үзэгч Ц.Амарсайн, А.Эрдэнэбаатар, Г.Батхуяг нарыг номын багц, талархлын хуудсаар урамшуулав. Харин “Вагончид” сонины эрхлэгч А.Пүрэвбаатар вагончдын эгнээнд элсээд удаагүй байгаа залуу вагон үзэгч Б.Золбаярт вагоны мэргэжлийн гарын авалгын багц, 200 хичээл багтаасан аудио хичээлийн хамт гардуулж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.
Мөн уншигчдын дунд АХА тэмцээн зохион байгуулав. “Ган зам” болон “Вагончид” сонины түүх, вагончдын ажил мэргэжил, ур чадварыг шалгах асуулт, мөн хөнгөн хөгжилтэй асуултуудад вагончид төвөггүй хариулж, тэмцээн чамгүй өрсөлдөөн дунд өрнөж, ялагчаар шурган үзэгч М.Мөнхзориг шалгаран аяны майхнаар шагнуулав. Харин дэд байрт шалгарсан ахлах үзэгч Г.Балжинням, хамгийн сайн оролцсон дадлагын нэг оюутныг мөн гарын бэлгээр урамшуулав.
Мөн уулзалтын үеэр МУСГЗ Л.Сэнгээ, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Наранболд нар яруу найргийн мялаалга өргөсөн билээ.
Тухайн өдрийн үдээс хойш Замын IV ангийн уншигчидтайгаа уулзлаа. Уулзалтад мөн тус ангийн ИТА болон замчдаас бүрдсэн 50 орчим уншигч оролцов. Уулзалтыг сонины эрхлэгч Д.Батболд, МУСГЗ Л.Сэнгээ нар нээж үг хэлж, сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Наранболд хөтлөн явууллаа. Ер нь, “Ган зам” сонины нийтлэлийн бодлогод замчдын ажил үйлс, ахуй амьдралын талаар, тэр дундаа говийн замчдын сэдэв багагүй жин дардаг. Тэр ч утгаараа замчидтай илүү дөт ажилладаг. Харин Замын IV ангийн хувьд сүүлийн жилүүдэд захиалагчдын тоо буурах хандлагатай байгаа юм. Энэ талаар судалгаа авахад замчдын эгнээ багагүй шинэчлэгдсэнтэй холбоотой бололтой. Судалгаанд хамрагдсан замчдын цөөнгүй хэсэг нь өмнө нь захиалж байсан. Сониноо цаашид захиалж унших хүсэлтэй, сонин ирэхээ больсон шалтгааныг мэдэхгүй байна. Шинээр ажилд орсон. Сонин захиалж байгаагүй. Сонин захиалах хүсэлтэй гэж хариулсан байлаа.
Эндээс аж ахуйн нэгжүүдэд сонины захиалга, түгээлтийг хариуцах ажилтангүйгээс захиалга буурах хандлага гарчээ гэх дүгнэлтэд хүрч байлаа.
Гэхдээ энэ ангид сониныг өнөөг хүртэл тогтмол захиалан уншиж буй үнэнч уншигчдаасаа таван хүнийг сонгон номын багц, батламж гардуулав.
Түүнчлэн, уншигчдын дунд зохион байгуулсан АХА тэмцээн чамгүй өрсөлдөөнтэй өрнөж, замын техникч Х.Энхбаяр түрүүлж, богино долгионы зуухны эзэн боллоо. Харин удаах байруудад Замын 16 дугаар хэсгийн замчин Т.Одончимэг, Замын хоёрдугаар хэсгийн замчин Г.Одмоо нар шалгарч, гарын бэлгээр “ганзагаа мялаагаад” буцлаа.
Ийнхүү уншигч редакцийн уулзалт тарахад баруунтаа говийн нар таширлаж, юу юугүй шингэх гэж байв. Говийн өвөл дулаахан, хүн зоны сэтгэл талбиун нэг л амар амгалан ноёлох ажээ.
Юутай ч удаан завсарласан “Уншигч редакцийн уулзалт” маань хөгжил хөөртэй, бэлэгтэй, дурсгалтай, дахин уулзахын ерөөлтэй сайхан болж өндөрлөлөө.
Нэг өдрийн хоёр уулзалтын завсарт сэтгүүлчид маань зангилааны ганц хоёр байгууллагаар орж, бичил сурвалжилга хийж амжсан юм. Түүнийг сонины дараагийн дугаараас та бүхэн тольдоно биз ээ.