Монгол Улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн төмөр замууд бий болж, хөдлөх бүрэлдэхүүн түрээслэгч, эзэмшигч нар олширч байгаа энэ үед мэргэжлийн боловсон хүчний хомсдол УБТЗ-ын бүх л аж ахуй нэгжид үүсэж байна. Шинээр сургууль төгсөгчид болон ажилтнууд өөрсдөдөө таатай боломж, санхүүгийн болон орчин нөхцөл нь давуу гэж сонгосон газраа ажиллаж, хөдөлмөрлөхийг үгүйсгэж болохгүй юм. Гэвч УБТЗ байгууллагынхаа шалгуурт тэнцэх ажилтныг бэлтгэгч, дамжлага бааз болон хувирч байна.

Боловсон хүчний шилжилт нэмэгдэж байгаатай холбоотой аж ахуйн нэгжүүдэд орон тоо дутуу, дагалдан ажилчид олширсноор үндсэн ажилчдад өөр ажил хавсран гүйцэтгэх, тулаа хуваариар ажилладаг. Үүнээс үүдэн ажил амралтын дэглэм хангагдахгүй болж, хөдөлмөрийн чадвар түр алдагдах, ажлаасаа халшрах, залхах, улмаар шилжилт хөдөлгөөн нэмэгдэх байдал үргэлжилсээр. Дээрх хүндрэл бэрхшээлүүдийг багасгах зорилгоор шинээр ажилд орж буй ажилчдыг богино хугацаанд дадлагажуулах, сургах байдлаар мэргэжлийн зэрэг олгодог нь тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалт, арчилгаа үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд ч эрсдэл үүсгэх магадлалыг нэмэгдүүлж байна.

ЗТХ-ийн сайдын 2020 оны наймдугаар сарын 17-ны өдрийн А-154 тоот тушаалын 14 дүгээр хавсралтын Төмөр замын тээврийн байгууллагын үүргийн 4.1.1-д “Эрхийн болон мэргэжлийн зэргийн үнэмлэхтэй иргэнийг ажиллуулах” талаар заасан. Энэ нь нэг талдаа мэргэжлийн сургууль, сургалтын төвийг төгссөн боловсон хүчнээр хангагдах давуу талтай ч нөгөө талдаа мэргэжил олгох нэртэй чанаргүй сургалтын төвүүд олширч, тэдгээрээс төгсөн гарч буй оюутнуудын суурь мэдлэг, ур чадвар хүссэн түвшинд хүрч чадахгүйд хүрээд байна.

Тиймээс дараах зохион байгуулалтыг хийж дээрх хүндрэл бэрхшээлийг бууруулах боломж бий гэж харж байна.

  1. УБТЗ-ын Политехникийн коллежтэй үндсэн албадын харьяа аж ахуй нэгжүүд үүрэг хариуцлагын гэрээг байгуулан хавар, намарт нийт дөрөв хүртэл сарын хугацаанд дадлагын ажил гүйцэтгэж буй оюутнуудыг багш шавийн гэрээгээр дагалдуулах. Сүүлийн дадлагын дараа шалгалтын комиссын дүгнэлтээр мэргэжлийн зэрэг олгож, мэргэжлийн зэрэгтэй төгссөн оюутныг богино хугацаагаар буюу 3-5 хоногт дагалдуулж хөдөлмөрийн гэрээ байгуулах.

  2. Гавьяаны амралтдаа гарах, жирэмсний амралт авах зэрэг ажилтны ажил үүргээ гүйцэтгэх сүүлийн саруудын хугацаанд түүний оронд ажиллах ажилтныг дагалдуулах, бэлтгэх эрх зүйн боломжийг бүрдүүлэх.

  3. Аж ахуйн нэгжүүд дэх хамгийн бага зэрэгтэй ажилтныг техникийн чиглэлийн сургууль төгссөн, эсвэл техникийн чиглэлээр ажил үүрэг гүйцэтгэж байсан зэрэг туршлагатай иргэнээр бүрдүүлэх боломжийг бий болгох. Цаашид мэргэжлийн зэргээ ахиулах хүсэлтэй бол гүйцэтгэж буй ажил мэргэжлээ эзэмшсэн чадамж, ур чадвар зэргийг үндэслэн мэргэжлийн сургууль, мэргэжил олгох сургалтын төвүүдтэй хамтран эчнээгээр сургаж мэргэжлийн үнэмлэх олгуулах боломжийг бүрдүүлэх зэрэг зохион байгуулалт хийх.

Дээрх боломжуудыг бүрдүүлснээр ажилтныг дагалдангаар ажиллуулах хугацааг хэмнэх, дадлага хийж буй оюутнуудыг зөвхөн дүн авах бус ажилтай болох гэсэн хандлагаар дадлагын үр дүн сайжирна. Мэргэжлийн бус ч техникийн ур чадвартай, туршлагатай ажилтныг ажилд авснаар ажлын бүтээмж сайжрах, улмаар өнөө үед тулгарч буй эрсдэлүүд буурах боломжтой гэж харж байна. Өмнөх үеэ харахад төмөр замд практикаар суралцсан гэх өндөр үр бүтээлтэй ажилласан Замын мэргэжлийн аваргууд олон бий. 

 

Вагон ашиглалтын депогийн орлогч дарга М.Ариунбаяр