"Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагааны үр дүн, үр нөлөө, үр ашигт хийх гүйцэтгэлийн аудитыг өнөөдөр /2024.08.12/ эхлүүллээ.


Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2022 оны “Аудитын сэдэв батлах тухай” 09 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын “Аудитын жилийн төлөвлөгөө батлах тухай" 2024 оны А/152 дугаар тушаалын дагуу хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны үр дүн, нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, үр ашиг"-т хийх гүйцэтгэлийн аудитын нээлтийг зохион байгуулсан юм. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав аудитын нээлтэд оролцож, аудитын төлөвлөгөө болон анхаарах шаардлагатай асуудлуудыг танилцуулав. Нээлтийн хуралдаанд Зам, тээврийн яам, "Улаанбаатар төмөр зам"ХНН-ийн удирдах албан тушаалтнууд оролцлоо. Аудитыг Монгол Улсын Үндэсний аудитын газар болон ОХУ-ын тооцооны танхимын аудитын баг хамтран гүйцэтгэх юм.

Гүйцэтгэлийн аудитаар "Улаанбаатар төмөр зам" ХНН нь Зөвлөлт Холбоот Улс, БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлсэн эсэх, нийгэмлэгийн үйлдвэрлэлийн ба эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнтэй эсэхийг 2021-2023 оныг хамруулан үзэхээр төлөвлөөд байна. Тус аудитын үр дүн тайлан, дүгнэлтийг энэ оны арванхоёрдугаар сард Улсын Их Хурлын төсвийн байнгын хороо болон холбогдох байгууллагуудад хүргүүлнэ гэж мэдээллээ.

ҮАГ-ын дарга Д.Загджав “ОХУ Украинд цэргийн тусгай явуулж, Халх голын байлдааны 85 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд хамтарсан, гүйцэтгэлийн аудитыг хийж байгаагаараа онцлог. Аудиторуудыг ажиллах нөхцөлөөр ханган, шаардлагатай бүх мэдээллээр хангахыг хүсэж байна. Ажлын хэсгийг манай талаас ахалж байна. Аудитад Зам тээврийн хөгжлийн яамыг хамруулна. Бид ОХУ-ын Тооцооны танхимтай хамтран, УИХ-аас баталсан аудитын сэдвийн дагуу энэ удаагийн аудитыг хийнэ. УБТЗ-ын 2021-2023 оны санхүүгийн баримт бичгүүдийг шалгана. Мөн 1949 онд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ болон гэрээний нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг аудитад хамруулна. УБТЗ-ын үйл ажиллагаа, нийгэмд үзүүлсэн үр өгөөж гэх мэт өргөн сэдвийг хамарсан аудит болно. Энэ оны эцсээр аудитын тайланг гаргаж, хоёр улс харилцан зөвшилцөж, аудитын тайланг хэлэлцэнэ" гэв.        

Гүйцэтгэлийн аудитаар орлого төвлөрүүлэлт, зарцуулалтыг хянана. УБТЗ хоёр улсын хамтарсан, хувь нийлүүлэх нийгэмлэгийн статустай тул аль нэг улс дангаараа аудит хийх боломжгүй юм. Тус байгууллагад хамгийн сүүлд 2015 онд аудит хийжээ. Өнөөдрийн үйл ажиллагаанд Зам тээврийн хөгжлийн яам, УБТЗ-ын удирдлагууд оролцлоо.