УБТЗ-ын Ёс зүйн хороог шинэчлэн байгуулах тухай  Замын даргын 2023 оны есдүгээр сарын 12-ны А-809 тоот тушаал гарч, 10 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа нь эхлээд байна. Ёс зүйн хорооны даргаар Замын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд ажиллах бөгөөд  ёс зүйн зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээс гадна төмөр замчдын дунд соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийхээр төлөвлөжээ. Тэр ч утгаараа есдүгээр сарын 29-нд тус хорооны гишүүд сургалтад хамрагдлаа. Тухайн өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн эрх зүйн судалгааны төвийн дарга, доктор, дэд профессор Ц.Минжин “Гэр бүл ба хүүхэд”, “Төрийн албан хаагчийн ёс зүй ба уламжлал” сэдвээр сургалт явуулсан юм.

Уг сургалтын үеэр Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга Б.Туулаас тус хорооны ажиллах журмын талаар тодрууллаа.  

 

-Ёс зүйн хорооны гишүүдийг ямар журам, шалгуураар сонгож бүрдүүлдэг вэ?

 

-Ёс зүйн хороо маань есөн гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Замын удирдлага, Хууль зүйн алба, Хүний нөөцийн албаны төлөөллөөс томилох, гурван гишүүнийг хөдөлгөөнтэй шууд холбоотой албадаас, гурван гишүүнийг МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны саналаар сонгох гэдэг зарчмаар гишүүдээ бүрдүүлж байгаа. Ёс зүйн хорооны даргыг сонгохдоо анхдугаар хурлыг хамгийн ахмад гишүүн нь удирдаж, есөн гишүүний олонхийн саналаар даргаа сонгодог журамтай.  Энэ журмын дагуу анхдугаар хурлаас УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд Ёс зүйн хорооны даргаар сонгогдсон.

 Ер нь, Ёс зүйн хорооны гишүүдийг сонгох гол шалгуур нь ёс зүйтэй, шударга, хамт олондоо нэр хүндтэй байх зэргийг харгалздаг гэж ойлгож болно.

 

-Шинээр байгуулагдсан Ёс зүйн хороо ямар зарчмаар ажиллах вэ?

 

-Ёс зүйн хорооны хоёрдугаар хурлаар бид цаашдын чиг шугамыг тодорхойлж хэлэлцсэн. Аливаа нэгэн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол өргөдлийг авч шийдвэрлэхээс илүүтэй ёс зүйн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, “Ёс зүйн хэм хэмжээтэй удирдагч гэж хэн бэ?”, “Ёс зүйн хэм хэмжээтэй ажилтан гэж хэн бэ?” гэдэг чиглэлээр соён гэгээрүүлэх үйл ажиллагааг түлхүү явуулна гэж шийдвэрлэсэн. Тиймээс цаашид энэ чиглэлийн эрдэмтэн багш нартай хамтарч сургагч багш нар бэлтгэж, ёс зүйн чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг Замын хэмжээнд хийнэ гэж төлөвлөсөн. Үүний зэрэгцээ ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллийг журамд заасны дагуу шалгаж шийдвэрлээд явна.

 

-Өмнөх Ёс зүйн хорооны хугацаа дуусаад шинэ хороо байгуулагдах хүртэл тодорхой хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд хуримтлагдсан өргөдөл гомдол бий юу?

 

-Энэ оны тавдугаар сарын 4-нд өмнөх Ёс зүйн хороо маань ажлаа дүгнээд Замын даргад ажлаа тайлагнасан . Түүнээс хойш Ёс зүйн хороог шинэчлэн байгуулах хүртэлх хугацаанд есөн гомдол мэдээлэл ирсэн байна. Эдгээр мэдээллийг манай хорооны гишүүд хуваарилж аваад ажиллаж байна.

 

-Ёс зүйн хороонд ирсэн гомдол, мэдээллийг хэдий хугацаанд шийдвэрлэх ёстой вэ?

 

-Журамд зааснаар 30 хоногт багтаан шийдвэрлэх ёстой. Шаардлагатай тохиолдолд шийдвэрлэх хугацааг 14 хоногоор сунгадаг. Тэгэхээр хамгийн цаад тал нь шалгалтын ажил 44 хоногт явагдана. Өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан гомдол мэдээллийг удаахгүй, түргэн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна.

 

-Танай хорооноос гарч буй шийдвэр өргөдөл гомдол өгсөн төмөр замчдад ямар зарчмаар хүрдэг вэ?

 

-Ёс зүйн хорооны шийдвэр тэмдэглэл хэлбэрээр гардаг. Ажлын тав хоногт Ёс зүйн хорооны дарга, гишүүдээр гарын үсэг зуруулж хурлаар баталгаажуулж, гарсан шийдвэрийг ажлын долоо хоногт багтаан өргөдөл гомдол гаргасан ажилтанд заавал мэдэгдэх журамтай гэлээ.

 

Тухайн өдөр Замын I орлогч дарга О.А.Казаков өмнөх Ёс зүйн хороо буюу Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт эрхэлсэн орлогч дарга Б.Гантөмөрөөр ахлуулсан хорооныхон сайн ажилласныг онцлон тэмдэглэж, дурсгалын зүйл гардуулж, шинэ хорооны гишүүдийн ажилд амжилт хүслээ. Түүнчлэн, шинэ хорооны гишүүд төмөр замчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, шударга, үнэнийг баримтлан ажиллахаа илэрхийлж, “Батламж”-д гарын үсгээ зурсан юм.