УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.27/ хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

Энэхүү төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн юм.  Хэлэлцээрийг байгуулснаар хоёр талд урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгох, хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах. Нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыгнэмэгдүүлэх, нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

Хэлэлцээрийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

 

Х.Ганхуяг: Мухар төмөр замынхаа төлөөсийг л төлж байгаа гэрээ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Мухар төмөр замынхаа төлөөсийг л төлж байгаа гэрээ байна. Олборлолтоос авахуулаад бүх зүйлийг нөгөө тал буюу айл хийх нь. Хяналтаа сайжруулах,  нүүрсээ үнэгүйдүүлэхгүй байх талд онцгой анхаарал тавих хэрэгтэй. Хэлэлцээрийг гурван хэлээр хийгээд маргаан үүсвэл англи хэлээ барих нь. Монгол хэлээ л харах ёстой. Орчуулгын зөрүү гарвал хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхой бус байна. Хэчнээн гоё кино хийж болно, үнэнд гүйцэгдээд явж байна. Хувийн хэвшил 10 гаруй жилийн өмнө өөрөөсөө мөнгө гаргаж төмөр зам бариад, холбоод нүүрсээ гаргаад ашиглаад энэ жил төрд хүлээж авах ёстой байсан.

Гэтэл 16 сая тонн гэдэг нь ашиглалтад орсноос хойш хамгийн багадаа 50-60 хувь энэ компани өөрөө төмөр замаараа нүүрсээ тээвэрлэх юм байна. Ядаж бусад аж ахуй нэгжүүд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гаргасан нүүрсийг энэ төмөр замаар тээвэрлэхэд анхаарах ёстой шүү.

Ганцхан энэ компанийн нүүрсийг тээвэрлээд эхлэх вий дээ. Тэгвэл тээврийн зардлынхаа өртгөөс хамаараад нүүрсний өртөгтөө нөлөөлнө. Бүгдийг нь өрсөлдөөнд татаад унагана шүү дээ. Тийм хэмжээний хэлэлцээр л хийх гэж байгаа шүү. Тэр тал дээр онцгой анхаарахгүй бол өрсөлдөх боломжгүй болгох вий.

16 жил гэдэг богино хугацаа биш шүү. Энэнээс хамаараад манай төсвийн орлого хүүхдийн мөнгө, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин гээд асар олон юм хамаарна, хуумгай хандав. Тэр кино надад таалагдсангүй, үнэнг үнэнгээр нь гаргах хэрэгтэй шүү. 10 жилийн мухар төмөр зам, Зүүнбаянгийн төмөр замаар нэг ч юм зөөдөгггүй. Үнэн юм үнэнээрээ сайхан шүү. Өдийд бид төмөр замаа хүлээж авах ёстой байсан, энэ жил холболт хийчихсэн. Жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэдэг төмөр замыг төр үнэгүй хүлээж авах байсан. Тэрнийхээ төлөөсийг ийм хэмжээний хэлэлцээрээр төлөөд сууж байна.

 

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

 

-Хятадын талаас ийм санал тавьсан гээд амаараа тайлбарлаад байна. Манай тал ийм санал тавихад ийм хариу илгээлээ, бид ийм зүйл заалт дээр нь ингэж сөрлөө гээд явцыг харуулахгүй болохоор мэдээлэл бүрэн харагдахгүй байна. Та бүхний хийсэн ажлын үр дүн тараасан материал дээр харагдахгүй байна.

Мэдээлэл бүрэн харагдахгүй болохоор хардлага төрөөд байна. Хэлэлцээрийн явцыг харуулсан материал байвал зөв шийдвэр гаргахад хэрэгтэй байна.

Нүүрсийг сорчлохгүйгээр холимог байдлаар экспортлох гэсэн хичээл зүтгэлийг харуулчихвал дэмжихэд хэрэгтэй байна.

 

 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

 

-Төслөөс харахад тэгш гэрээ биш байна. Найман зүйл дээр сайжруулахгүй бол дэмжих боломжгүй.

Нэгдүгээрт, УИХ-ын тогтоолын гарчиг нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, бүтээн байгуулалтын хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндэсэн чиглэл гэж гарч ирсэн бол гэрээний агуулгаа өөрчлөөд уурхайн хүчин чадал нүүрсний худалдаа гол чухал мэтээр харуулсан байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

Хоёрдугаарт,  Засгийн газар хоорондын хэлэлцээр дээр “Чайна энержи” компанийн хамаарал бүхий этгээдтэй хамтран ажилладаг Хятадын бүх компани орж ирэхээр болсон байна. Энийгээ хязгаарлах хэрэгтэй байна.

Гуравдугаарт, УИХ-ын тогтоолын гол агуулга бол хил холболтын төмөр зам л  чухал байсан. Гэтэл энэ заалтан дээр нүүрсний гэрээ, уурхай нь чухал юм шиг. Тэрийгээ хийхгүй бол төмөр замыг барихгүй гэсэн агуулгатай байна. Энийг өөрчлөхгүй бол дэмжих боломжгүй.

Дөрөвдүгээрт, нүүрсний үнийг уурхайн ам гэж болохгүй. Монгол аж ахуй нэгжүүд, монгол компани, монгол залуучууд энэ ажлыг чадах ажил. Энийг бид өөрсдөө хийх боломжтой.

Тавдугаарт, Хятадын компанид таатай нөхцөл олгоно гэж. Монгол компанид шалгуур тавьдаг хэрнээ яагаад Хятадын компанид таатай нөхцөл олгох. Энийг хасахгүй бол дэмжих боломжгүй.

Зургадугаарт, Хятадын сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн компанийн экспортыг дэмжих гэж,  хасах шаардлагатай.

УИХ- ын тогтоолд орсон цөөхөн хэдхэн үүрэг өгсөн заалтууд байгаа.  Тэдгээрийг хасангуутаа хаанаас нь мэдэгдэхгүй, тэнд оруулаагүй заалт хэлэлцээрт орсон байна. Шивээхүрэн, Ханги- Мандал, Бичигт, Зүүнхатавч, Сэхээ, Байтаг, Улиастай гэдгийг хассан, нүүрсний гүн боловсруулах, говийг усжуулах, цөлжилттэй тэмцэх гэсэн заалтыг хасангуутаа орон сууц, эрчим хүчний нүүрс гэсэн хоёр заалтыг л оруулсан байна. УИХ -ын олонхиороо шийдсэн асуудлыг өөрчилж чадахгүй, УИХ-ын тогтоолд нийцүүл гэж хэлмээр байна.

Дараагийнх нь нууцлалтай холбоотой асуудал. Хятадын тал үнэхээр нууцлах хэрэгтэй бол энэ хэлэлцээрийг ерөнхий болгоод аж ахуй нэгжтэй холбоотой, нарийн детальтай холбоотой заалтыг ингэж оруулж ирээд нууцлалд оруулна гэж болохгүй.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх захирлууд шоронд орсон. Энэ компани улс төрийн хэрэгсэл болдог, улстөрчдийн түрийвч болдог, улс төрийн намын түрийвч болдог учраас энэ эрсдлээс салгах үүднээс ил тод байх зайлшгүй шаардлагатай.

Энэ нь буцаад улсын тусгаар тогтнол, эрх ашигтай уялдах учраас энийг нууцлах шаардлага байхгүй гэж бодож байна.

Дараачийн нэмэлт заалт бол авлигатай холбоотой заалт. Хэрвээ энэ гэрээ хэлэлцээртэй холбоотой Хятадын төрийн өмчит компани байна, Монголын компаниуд байна, энэнтэй холбоотой авлига, улс төрийн хүчнүүд энэ гэрээнд нөлөөлж давуу тал олгосон бол  гэрээг цуцлах ёстой.

 

 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

 

-Энэ төсөл бол бантан шүү. Ц.Туваан сайд “Арван хэдэн жилийн хугацаанд 18.5 тэрбум ам.доллар олох боломжоо алдлаа” гэж хэллээ. Дарж аймаар багаар хэллээ гэж бодож байна. Энэ боломжийг үгүй хийсэн хүмүүс ардын баатар мэт болчихсон, кино зохиол хийгээд байж байна. Тэр кинонд нь Засгийн газар өөрөө очоод тоглоод байна. Би болиорой гэж хэлж байна. Энд зарчим тогтоох гээд явахаар тэнд хулгай хийж Монголыг хорлосон хүмүүстэй зэрэгцэж суугаад өнөөдрийн энэ нь аврал юм уу. Тэд нар Монголын аврал болсон юм уу.

Монголын эдийн засгийг 30 жилээр хорлочихоод байгаа хүмүүсийг ардын баатар мэт кино зохиол хийгээд байгаад үнэхээр харамсаж байна. Тэд нар нь энд зөв зарчим ярьсан хүмүүст Хятад нэр өгч кино зохиол бичдэг.

Ийм зүйл дээр Засгийн газар болон яамдууд зарчимтай хандаарай. Төрийн ажил хийж байгаа шүү. Төрийн ажлыг улс төрийн өнцгөөс нь аргалж байгаад, намдааж байгаад явуулъя гэдэг өнцгөөр битгий хандаад бай.

Эдийн засгийг 12, 13 жил зогсоож, дахиад 16 жилийн асуудлыг ярьж байж, Ардын баатар болсон, Монголын хувь заяаг аварсан ч гэх шиг. Түүнд нь Засгийн газрын үе үеийн удирдлагууд байсан хүмүүс  очиж тоглоод янз бүрийн юм яриад.

Би энэ хэлэлцээр дээр орж явж байсан. Цаг хугацаа алдсаны гор энэ шүү. Дуугарсан зарчим ярьсан нь хог болж үлддэг.

Энэ зүйлүүдийг гацааж Монгол Улсын нүүрсний зах зээлийг ОХУ болон бусад улсад тавьж өгсөн, эдийн засгийн боломжийг алдсан, дараагийн 16 жилийг алдагдуулсан нөхдүүд баатар болоод явж байна гэдгийг хэлмээр байна.

Сүүлийн үед итгэл найдвар бага төрж байна. Ураны төслийг зогсоосон, авлига авсан хүн Засгийн газрын хяналтын газрын газрын дарга ч хийж байх шиг. Маш олон асуудалд оролцсон хүн “Эрдэнэс Тавантолгой” дээр очоод бүтээмж хяналтын захирал ч болчихсон байх шиг.Бүтэхгүй шүү.  Үнэхээр төслүүдээ явуулъя гэж байгаа бол зарчимтай байгаарай.

Д.Үүрийнтуяа, н.Пунцаг мэтээр энэ том төслүүдийг хянуулна гэж байхгүй шүү дээ. Тэгчихээд авлигатай тэмцэнэ гэх.

 

Эх сурвалж: News.mn