ЭМЯ хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийг  2023 оны туршид зургаан чиглэлийн дагуу зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү ажлын эхлэл нь зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар таргалалтыг бууруулах “Энэ жилдээ-эрүүл жиндээ” аяныг өнгөрөгч долоо хоногт үндэсний хэмжээнд нээлээ.

 

Манай улсын 15-69 насны нийт хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь таргалалттай гэсэн судалгаа бий. Мөн 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй гэнэ. Халдварт бус өвчин нь хөдөлмөрийн насны иргэдийн өвчлөл, нас баралтын 77 хувийг эзэлж байна гэсэн судалгааны дүн гарсан нь мөн л илүүдэл жинтэй холбоотой аж.

Амьдралын хэв маяг эрүүл бус байх тусам өвчин үүсэж, архагшдаг. Энэ нь цаашид илүүдэл жин, таргалалт, цусны даралт ихсэлтийг үүсгэж, цаашилбал, өвчлөл, нас баралтад хүргэх эрсдэлтэй. Таргалалтыг дараахь төрлөөр ангилна.

  1. Стрессийн гаралтай таргалалт: Энэхүү таргалалт нь сэтгэл санааны хямралаас үүдэлтэй кортизол даавар биед их хэмжээгээр ялгарснаас үүсдэг. Стрессийн даавар нь хүнийг бүсэлхий хэсгээрээ таргалахад хүргэдэг. Эрч хүчээ байнга нөхөж сэргэхийн тулд кофе их уудаг, гүн нойр авч чаддаггүй, хурдан уурладаг, сэтгэл санаа огцом хувирдаг, бусдын үгэнд хурдан эмзэглэдэг бол энэ төрлийн таргалалттай байх магадлал өндөр. Иймд сэтгэл санаагаа тогтворжуулснаар, стрессийн дааврыг хэвийн хэмжээнд хадгална.

  2. Өндгөвчний хамааралтай таргалалт: Эмэгтэйчүүдийн дааврын тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй таргалалт бөгөөд ихэвчлэн хэвлийн доод хэсэг, тааз, давсаг, гуяар өөх хуримтлагдана. Сарын тэмдэг зовиуртай ирэх, мөчлөг алдагдах, биеийн аль нэг хэсгээр халуун оргих мэдрэмж төрдөг. Тиймээс эстроген даавар ихэсгээд байгаа хүчин зүйлс болон хүнсийг зогсоох хэрэгтэй. Тодруулбал, жирэмслэхээс хамгаалах эм, тариа, суулгац хэрэглэсэн үед дааврын тэнцвэр алдагдах магадлал нэмэгддэг.

  3. Бамбай булчирхайн хамааралтай таргалалт: Бамбай булчирхай нь биеийн бодисын солилцоог хариуцдаг дотоод шүүрлийн гол булчирхай тул энэ төрлийн таргалалтай хүмүүс биеийн бүх хэсгээрээ жигд таргалдаг. Унтаад байгаа хэрнээ сэргэсэн мэдрэмж авдаггүй, гурилан болон чихэрлэг хүнсний дуршил ихтэй, гар хөл хүйтэн, үс унадаг, бие байнга хүнд оргиж ядарсан, нозоорсон мэдрэмж төрдөг. Бамбай булчирхайн нарийвчилсан шинжилгээ өгч, даавар тэнцвэржүүлэх эмчилгээ хийлгэнэ. Бамбайн дааврын хэмжээнээс хамаарч, хооллолтоо анхаарна. Түүнчлэн сэтгэл санаа, дасгал хөдөлгөөн, нойрны тэнцвэрийг барьснаар бамбайн даавраа тогтворжуулах боломжтой.

  4. Элэгний хамааралтай таргалалт: Энэ төрлийн таргалалт ихэвчлэн эрэгтэй хүмүүст тохиолддог бөгөөд хөл гар нь нарийхан хэрнээ хэвлий хэсгээр цүдийж харагддаг. Стрессийн таргалалтаас ялгаатай нь хэвлий дээр дарж үзэхэд хатуувтар байна. Энэ нь элэгний үйл ажиллагаа муудаж, ус хуримтлуулсан өөх биед нөөцлөгдсөнтэй холбоотой. Баруун мөр, дал хөшихөөс гадна үе үе толгой өвддөг. Түүнчлэн цусан дахь холестрин өндөр байдаг.

  5. Чихрийн хамааралтай таргалалт: Уг таргалалт нь XXI зууны өвчлөл. Үндсэн шалтгаан нь биед их хэмжээний чихэрлэг хүнс болон цусанд глюкоз болж задардаг нүүрс усаар баялаг хүнсийг байнга их хэмжээгээр хэрэглэснээс нойр булчирхайнаас ялгардаг инсулин даавар мэдрэг чанараа алдсантай холбоотой. Чихрийн хамааралтай таргалалттай хүн ойр ойрхон иддэг, хурдан өлсдөг. Түүнээс гадна амттанд хорхойсож, донтохоос гадна харшил, амьсгалын зам, арьс болон хоол боловсруулах замын өвчлөлд өртөмхий байдаг.

 Төв эмнэлгийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан М.Жаргалмаа