Замын даргын хаврын үзлэгийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболдоор ахлуулсан комисс төвийн хэсгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын хийж хэрэгжүүлж байгаа ажил, үйлдвэрлэл үйлчилгээг үзэж, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг  газар дээр нь шийдвэрлэж  ажилласан юм. Мөн намрын үзлэгээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгав.

 Үзлгийн комисс энэ сарын 10-ны өдөр Амгалан дахь ЦТП буюу дулаан дамжуулах төвөөс  ажлаа эхэлсэн юм. Тус төв  нь  ялтсан бойлурт шилжсэнээс хойшхи эдийн засгийн харьцуулсан үр ашгийн нарийн тооцоо гаргахыг холбогдох ажилтнуудад зөвлөв.  Нүүрс буухаа больсноор ажлын байрны нөхцөл сайжирч, гадна орчноо тохижуулсан зэрэг нь илт харагдлаа. Мөн тус төвийнхөн хуучин галлагааны зуухыг биеийн тамирын  заал болгон тохижуулж, ашиг орлогоо нэмэх боломжтойгоо тайлбарлаж, Замын захиргаанаас дэмжлэг хүслээ.

                               Гадаад харилцаагаа өргөжүүлж байна

     Хүүхдийн секторын харьяа Сурагчдын дотуур байранд энэ хичээлийн жилд 140 гаруй хүүхэд хичээллэж, амьдарч байгаагийн 12 нь төгсөх ангийн сурагчид.  Мөн төмөр замын цэцэрлэгүүдийн анги дүүргэлт дунджаар 30-35 хүүхэдтэй байгаа талаар эрхлэгч нар танилцуулсан.  Хүүхдийн секторын цэцэрлэг бүр өөр өөрийн онцлогтой байдаг. Энэ уламжлал төдийн хэсгийн цэцэрлэгүүдэд ч бий. Жишээлбэл, “Бамбарууш” цэцэрлэг хашаандаа хүлэмж барьж, эрүүл хөрсөнд өөрсдийн гараар тарьсан шинэ ногоог хоол хүнсэндээ хэрэглэх боломжтой болсныг комиссын гишүүд сайшаалаа. Намрын үзлэгийн үеэр "Ган зам" цэцэрлэг шинэ байртай болох тухай ярьж байсан бол энэ удаагийн үзлэгийн үеэр шинээр барих байрны талбай бэлэн болсныг тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Наран танилцуулсан. Түүнчлэн, гаднын цэцэрлэгүүдээс туршлага судлан, хүүхдүүдэд амьдрах ухаанд сургах, зөв хүн болж төлөвших дадал суулгахыг   хичээл сургалт явуулж болох талаар үзлэгийн комиссоос зөвлөж, багш нартай санал солилцов.

Дотоодод төмөр замын мэргэжилтэн бэлтгэдэг ТЗДС болон Политехникийн коллежоор орохдоо багш оюутнуудтай уулзлаа. ТЗДС-ийн захирал У.Мягмарсүрэн үзлэгийн комисст өгсөн  мэдээлэлдээ, тус сургуульд 1005 оюутан суралцаж байгаа бөгөөд дохиолол хориглолын мэргэжлээр төгсөх оюутангүй байгааг дурдав. Мөн ТЗДС-ийн төгсөгчид мэргэжлээрээ ажиллах нь цөөрсөн тул оюутнуудаа идэвхижүүлэх, сонгож суралцсан мэргэжлээрээ ажиллахын ач холбогдлыг таниулахаар ажиллаж буйгаа ярилаа. 2023 онд тус сургуулийн магадлан итгэмжлэлийн хугацаа дуусах бөгөөд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн байгууллагын 44 шалгууртай стандартыг хангаж, магадлуулах эрхээ өнгөрсөн дөрөвдүгээр сард авсан аж. Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг улсын ижил төрлийн сургуулиудтай багш, оюутан солилцоо болон хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгааг сургуулийн удирдлага танилцуулав. Харин багшийн орон тоо дутуу, хүрэлцээ тааруу байгаа талаар ч тэд учирлалаа.  Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд "Багш нараа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бололцоог хангаж өгөх нь чухал байна. Юун түрүүнд оюутнууд мэргэжлийн өндөр ур чадвартай багшаар хичээл заалгаснаар чанартай боловсон хүчин болж бэлтгэгдэж гарна гэдгийг анхаарах хэрэгтэй" гэв.

                         Хүний нөөцийн дутагдлаас гарах аргыг эрэлхийлнэ

    Үзлэгийн комиссынхон "Ган зам пресс" төвөөр орохдоо шинээр нээгдсэн Ganzam.mn сайтын үйл ажиллагаатай танилцлаа. Уг сайт нь оны эхнээс ажиллаж эхэлсэн бөгөөд хандалтын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буйг  сайшаагаад мэдээллийн сангаа улам өргөжүүлэхийг зөвлөсөн. Мөн саяхан 65 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн "Ган зам" сонин, Хэвлэх үйлдвэрийн хамт олон цар тахлын хүнд үед зогсолтгүй ажиллаж, төмөр замчдыг бодит  мэдээллээр хангах, төмөр замын тээврийн бичиг баримтыг хэвлэх үүргээ нэр төртэй биелүүлж байгааг онцлон дурдлаа. Мөн  Маркетингийн албатай хамтран хийсэн  технологийн шинэчлэлтийг дагаж Хэвлэх үйлдвэрийн  бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт гарч байгааг ч сайшаалаа.

Барилга засвар, ашиглалт үйлчилгээний II ангийн хувьд энэ онд 314 орон тоо батлагдсанаас одоогоор 26 ажлын байр сул байгаа бөгөөд ажиллах хүчний тогтвор суурьшил эрсдэлтэй талдаа байна. Энэ талаар тус ангийн хүний нөөцийн мэргэжилтэн Х.Баттөрийн хэлснээр 2023 оны эхний улиралд сантехникийн слесарь, уурын зуухны машинч, гагнуурчин, шавар будагчин зэрэг мэргэжлийн 14 ажилтан өөрийн хүслээр ажлаас гарчээ.

Хүний нөөцийн дутагдал ганц энэ ангид биш үзлэгээр очсон ихэнх байгууллагад тулгамдаж байгаа нь анзаарагдлаа. Тухайлбал, АТҮТ-д инженер эдийн засагч, их засварын засварчин, жолоочийн орон тоо дутагдаж байгаа бол Политехникийн коллеж 34 багшийн орон тоотойгоос өнөөдрийн байдлаар 19 багш ажиллаж байна. "Ган зам чуулга" мөн хөгжимчин, бүжигчин дутуу байгаа бөгөөд тоглолтод "Цагаан лавай" чуулгаас зарим уран бүтээлчийг нөхөж оролцуулах тохиолдол гардаг гэлээ. Харин тус байгууллага нь чуулга болсноор уртын дуучин, хөөмийчин, бүжигчин мэргэжлийн уран бүтээлчид 20 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон талаар чуулгын дарга Л.Биндэръяа тайлбарлав.

                        Эрүүл төмөр замчин хөтөлбөрт нэгдэж байна

 Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолууд хэрэгжиж эхэлснээр Төв эмнэлгийн анхан шатны бичиг баримтын 80-85 хувь цахимжсан төдийгүй "Саll pro" үйлчилгээг нэвтрүүлснээр үйлчилгээ илүү шуурхай болсон тухай удирдлагууд нь танилцуулав. Мөн "Эрүүл төмөр замчин" хөтөлбөрт Уламжлалт эмчилгээний тасаг хийж хэрэгжүүлэх ажлын саналаа оруулсан болохыг тасгийн эрхлэгч С.Жанболат ярилаа. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд улирал тутам АШУҮИС-ийн эрдэмтэн багш нартай хамтран лекц, контент бэлтгэхээр төлөвлөжээ.  Замын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд "Эрүүл төмөр замчин" хөтөлбөр боловсруулж байгаатай холбогдуулан Төв эмнэлгийн тусламж үйлчилгээ болон ажилтнуудын нийгмийн хамгаалал ямар хэмжээнд байгааг онцгойлон анхаарна. Түүнчлэн, УБТЗ-ын эмнэлэг салбарын онцлогтой . Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Нэгдсэн эмнэлгийн хөгжлийн баримт бичиг боловсруулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ баримт бичгийн гол цөм нь эмч, эмнэлгийн ажилтнууд байж та бүгдийн ажиллах орчин, хөдөлмөрлөх нөхцөл, нийгмийн асуудал, ар гэрийн ахуй хангамж давхар шийдэгдэх ёстой. Тиймээс энэ ажилд хүн бүхэн оролцож, санал хүсэлтээ өгөх нь зүйтэй. Ингэснээр бид төмөр замчдадаа чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ хөдөлмөрийн нөхцөл, ахуй хангамжаа сайжруулах болно" гэдгийг онцолсон юм.

Үзлэгийн үеэр төмөр замчид  цалингийн шинэчлэлтийн талаар тодруулан асууж  байв. Уг шинэчлэлтийн талаар үзлэгийн комиссын ахлагч дэлгэрэнгүй тайлбарлаад "УБТЗ-д ажиллаж байгаа төмөр замчдыг хөдөлгөөнтэй холбоотой, холбоогүй гэж ялгахгүй. Нийгмийн салбарт ажиллаж буй ажилтнууд төмөр замын тээврийн  тасралтгүй найдвартай байдлыг хангах бололцоо нөхцөлийг нь  давхар бүрдүүлж өгдгийг ойлгох нь зүйтэй. Замын захиргаанаас  цалин хөлсний шинэчлэлт хийж, төмөр замчдын цалинг улсын цалингийн хэмжээний дунджаас дээш гаргах зорилт тавьж байна. Зах зээл дээр өсөж байгаа үнэ ханшны цохилтод төмөр замчдын маань цалин өртөхгүй байх нь чухал. Төмөр замд хамгийн үнэтэй нь хүн гэдэг ойлголтыг төр засгийн хэмжээнд төдийгүй цаашлаад хоёр хөршдөө хүргэхээр ажиллаж байна. Төмөр замчдын ажил хөдөлмөрийг  төр засагт хүргэх, төмөр замчдын ажлын онцлогийг ойлгуулахыг бид д зорьж байна. Ямартай ч, төр засаг төмөр замчид хоёрын дунд тод мөр гарсан шүү" гэлээ.  

Аж ахуйн нэгж, байгууллагууд зөвхөн төмөр замчдад үйл ажиллагаа хүргэхээр хязгаарлагдахгүй үйлдвэрлэл, үйлчилгээгээ гадагшаа тэлж орлого ашиг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэн ажиллаж байна. Тодруулбал, АТҮТ сургалтын тусгай эрхээ авч жолооны курс ажиллуулах зорилготой байгаа бол Улаанбаатар худалдааны төвийн хамт олон бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодлоо байгальд ээлтэй байдлаар шийдэж хэрэглэгчийг татах ажлыг хэдийнээ эхэлсэн байна. Ийнхүү Замын даргын хаврын үзлэгт нийгмийн салбарынхан амжилттай дүгнүүлэв.       

 

Б.Золжаргал