“Найрамдлын зам” сонины анхны дугаар хэвлэгдэн гарсны 65 жилийн  ой 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр тохиолоо.  Өдгөөгөөс 65 жилийн өмнө  УБТЗ-ын захиргаа, намын хорооны хүсэлтийн дагуу МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1957 оны арванхоёдугаар сарын 21-ний өдрийн хурлын тогтоолоор Монгол-Зөвлөлтийн Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Хэрэг Эрхлэх Газар, Төмөр замын Намын хорооны дэргэд “Найрамдлын зам” сониныг эрхлэн гаргахыг зөвшөөрснөөр  УБТЗ-ын даргын мөн сарын 25-ны өдрийн 605 тоот тушаалаар уг сониныг 2/60 форматаар долоо хоногт хоёр удаа 7000 хувь хэвлэхээр шийдвэрлэжээ.

  Тухайн үед сонины эрхлэгчээр Төмөр замын Намын хорооны суртлын хэлтсийн эрхлэгч Г.Дашням, хариуцлагатай нарийн бичгийн даргаар БОС-ны II ангийн орлогч даргаар ажиллаж асан зохиолч Д.Наваансүрэн, сурвалжлагчаар орчуулагч Д.Батхүү, техник редактороор Авто баазын ажилтан Б.Цэдэв, гэрэл зургийн сурвалжлагчаар Л.Санжмятав, бичээчээр Д.Буянхүү нарыг томилсон байна.Тэднийг сонгохдоо хамгийн тэргүүнд орос хэлний мэдлэгийг харгалзан үзсэн гэдэг. Учир нь, тухайн үед төмөр замд нийт ажиллагсдын 12 хувь /Удирдлагын түвшинд бол энэ тоо бараг 60 хувьд хүрнэ/-ийг  Орос мэргэжилтнүүд эзэлж, мөрдөж байсан дүрэм, журмуудын дийлэнх нь Орос хэл дээр байжээ. Шинэхэн редакцийнхан, сониныхоо анхны дугаарыг арванхоёрдугаар сарын 31-ний орой Консулын дэнжид байрлаж байсан Төмөр замын Хэвлэх үйлдвэрт өгч хэвлүүлэн, 1957 оны нэгдүгээр сарын 01-ний өглөө  хэвлэлийн будаг  ханхалсан шинэхэн сониноо уншигчдын гар дээр тавьсан гэдэг юм.  

Төмөр замчид сонинтой болоход тухайн үеийн Замын дарга Л.Г.Таряников, нэгдүгээр орлогч дарга М.Лувсанцэрэн, Төмөр замын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Банзрагч нарын оруулсан хувь их байсныг онцлон тэмдэглэх учиртай. Наушки-Улаанбаатарын төмөр зам баригдсанаар төрөн гарсан  төмөр замчин гэх цоо шинэ мэргэжлийн хамт олон,1951 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 1231 ажилтантай байсан бол Замын-Үүд-Улаанбаатарын төмөр зам байнгын ашиглалтад орсноор улам бүр өргөжиж, 1957 оны долоодугаар сарын 01-ний байдлаар 13111 ажилтантай болж, даруй 10 гаруй дахин өссөн аж. Энэ өсөлтийг дагаж, төмөр замчдыг ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулах, тээвэр үйлдвэрлэлийн төлөвлөгөө, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган биелүүлэх, соёл, хүмүүжлийн арга хэмжээнд оролцуулах талаар нөр их ажлыг зохион байгуулахыг  цаг үе шаардаж байлаа. 

 

ЭРХЛЭГЧ нарыг  эргэн ДУРСАХУЙД

Энэхүү нийтлэлийг тэрлэгч миний бие 2004-2016 онуудад “Ган зам” сонины эрхлэгчээр ажиллаж, сэтгүүлч нөхдийнхээ хамт төмөр замчдыг соён гэгээрүүлэх, тэдний хором, ямхын хэмжээст өрнөдөг нарийн түвэгтэй ажил үйлсийг сурталчилахад хэр чадлаараа зүтгэж явсан азтай нэгэн. Юуны өмнө, өнгөрсөн хугацаанд энэ үүргийг гүйцэтгэж ирсэн үе, үеийнхний ажлын арга барил, зүтгэж бүтээсэн үйлсийг судлан үзэж, уламжлан хэрэгжүүлэхийг хичээж ирснээ дурдах нь зүйтэй болов уу. Миний бие сонины 13 дахь эрхлэгч юм.“Найрамдлын зам” сонины анхны эрхлэгч Г.Дашнямыг Төмөр замын намын хорооны суртлын хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байхад нь “Найрамдлын зам” сонин гаргах шийдвэр гарч эрхлэгчээр нь хавсарган томилжээ.  Ер нь, дээр өгүүлсэн 13 эрхлэгчээс долоо нь буюу Г.Дашням, Н.Дашдаваа, М.Дарамванчиг, Д.Гүнсэн,Б.Донров,С.Чойжав, Б.Сүхбаатар нар эрхлэгчийнхээ үүргийг Замын намын хорооны Үзэл суртлын хэлтсийн эрхлэгчийн албатай хавсран гүйцэтгэж байсан нь сонины нэр хүнд, ач, холбогдлыг өндөрт өргөж, төмөр замчдын оюуны хэрэгцээ шаардлыг хангах нам, төрийн бодлоготой нийцэж байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Тэгээд ч тус сонины эрхлэгчээр боловсрол мэдлэг чадвар өндөр, цаашид ахиж дэвших ирээдүйтэй шилдэг боловсон хүчнүүдийг сонгон ажиллуулж ирсэн байдаг. Тухайлбал,1964 онд уг албан тушаалд томилогдсон сэтгүүлч, орчуулагч М.Дарамванчиг дараа нь Олон улсын коммунист ажилчны намуудын хэвлэл “Энх тайван социализмын асуудлууд” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, дараа нь тус сэтгүүлийн эрхлэгчээр,  мөн 1966-1968 онд эрхлэгчээр ажиллаж байсан Б.Донров 1968 оноос “Монгол кино” үйлдвэрийн даргаар 1980-д оны  дунд үе хүртэл ажиллахдаа Монгол киноны “3агалмайлсан эцэг” гэж нэрлэгдэх болсон нэр хүндтэй нэгэн байж.

 1968-1980 онд Замын намын хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч, “Найрамдлын зам” сонины эрхлэгчээр ажиллаж асан С.Чойжав  МУИС-ийн сэтгүүлчийн ангийг онц дүнтэй төгсөж, Булган аймгийн Намын хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад тухайн албанд томилогдсон чадварлаг сэтгүүлч байв. Тэрээр, 1973 онд МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр “Найрамдлын зам” сониныг Тээврийн яам, УБТЗ-ын Намын хороо, ХЭГ, ИАТЕГ-ын сонин болгон өргөжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, захиалгын тоог 15 мянгын босгыг давуулан, нийтлэлийн бодлого, хүртээмжийг нэмэгдүүлсэн байдаг. Дараагийн жилүүдэд сонины эрхлэгчээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч Ч.Арьяасүрэн, төмөр замын тээврийн эдийн засагч, яруу найрагч Т.Пунцаг, яруу найрагч, нэрт сэтгүүлч С.Цэрэндорж нар  ажиллаж байв. Монголчууд Ч.Арьяасүрэнг хүүхдэд зориулсан “Сүүлэнхүү” үлгэр роман, “Монголын хүүхдийн нэвтэрхий толь” зэрэг томоохон бүтээлүүдээр нь сайн мэдэх бол С.Цэрэндоржийг“Найрагчийн зай”, “Цагийн бусгаа салхи”, “Аавын алтан судар” зэрэг яруу найраг, хөрөг нийтлэлийн 20 орчим ном бүтээж, 1990-ээд оны дундуур МСЭ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байснаар нь мөн л мэднэ. Т.Пунцаг нь төмөр замчдын дундаас төрсөн авьяастнуудын нэг байв.

 1980-1990 он,  “Найрамдлын зам” сонины хувьд жинхэнэ хүчээ авч, хөлөө жийсэн үесэн. Үүнийг би өөрт тохиолдсон ганцхан үйл явдлаар жишээлье. 1983 оны наймдугаар сард шиг санагдана. Увс аймгийн Өндөрхангай суманд суудаг ээжтэйгээ золгохоор төрсөн нутгаа зорьж, уул, усныхаа сайханд бие, сэтгэл амран хэд хоносон  миний бие Улаанбаатар руу буцах болж, царцаа ногоон гэх онгоцонд суун аймгийн төвийг зорилоо.  Аймгийн төвөөс Улаанбаатар руу АН-24-т суухаар тийз бичүүлэх гэсэн ч тийз дууссан тул дөрөв хоногийн дараа ирэх дараагийн онгоцыг хүлээхээс өөр аргагүй болов. Арга ядсандаа “Найрамдлын зам” сонины идэвхтэн сурвалжлагч... тэр... гэсэн үнэмлэхээ барин, нисэх буудлын дарга Далай гэх зорчигчдын хөлд дарагдан ааш зан нь сүрхий догширсон эрхэм дээр орвол тэрээр, миний үнэмлэхийг янз муутайхан авч үзсэнээ...Өө манай “Найрамдлын зам”-ын хүн байна шүү дээ.. хэмээн хүрлэгэр царайдаа муухан инээмсэглэл тодруулж, тийз бичихийг доод хүмүүстээ үүрэгдэж билээ .“Найрамдлын зам” сонин, идэвхтэн сурвалжлагч нартаа эрхлэгчийнхээ гарын үсэгтэй ногоон үнэмлэх олгодог байсан нь ийнхүү алс баруун хязгаарт гацсан миний “аминд” нэг удаа гарцаагүй орсон юм. Энэ нь сонины нэр хүнд хотод төдийгүй хөдөөд ч өндөр байсныг илэрхийлж буй хэрэг л дээ.

    “Найрамдлын зам” сонин  1990 оны дөрөвдүгээр сарын 24-ний 33 /2958/дахь дугаараасаа нэрээ “Өдтэй бичиг”болгон өөрчилж, нийтлэлийн бодлого, өнцгөө өөр зүгт хандуулсан нь нийгмийн ороо бусгаа цагийн аяс  байв. Энэ амаргүй үед сонины хариуцлагтай нарийн бичгийн дарга, дараа нь эрхлэгчээр  “Мэнгэ төөрсөн амраг” дуугаараа олны танил болсон яруу найрагч Ж.Заяабаатар хэсэг хугацаанд ажиллаж, дараа нь сэтгүүлч Т.Нямдорж үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо. Энэ үед Салхит зангилааны  даргаар ажиллаж асан миний бие сониныхонтой ойр танилцсан. Төдөлгүй сонин, 1993 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн  08 /4057/ дугаараасаа нэрээ“Ган зам” болгон нэрээ өөрчилж, ёстой л “Төөрсөн хүү буцаж ирсэн нь” гэдэг шиг төмөр замдаа эргэн ирсэн нь Р.Раш даргын шийдвэр байсан юм. Сонины эрхлэгчээр Хэвлэх үйлдвэрийн дарга С.Бадрахыг хавсарган томилжээ. Өмнө нь, 1960-1963 онд “Найрамдлын зам” сонины анхны хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Наваансүрэн,сонины эрхлэгч-үйлдвэрийн даргаар хавсран ажиллаж ирсэн уламжлал байдгийн учир энэ нь шинэ зүйл биш байлаа.

Д.Наваансүрэн нь анхны төмөр замчдын нэг, хожим Монголын Зохиолчдын Хорооны орлогч даргаар олон жил ажиллаж, түмэнд түгсэн“Минжийн хангай”  роман, олон арван үргэлжилсэн үгийн зохиол бичсэн авьяаслаг зохиолч, нийгмийн зүтгэлтэн хүн байсан билээ. 1995 оноос Үйлдвэрийн дарга, сонины эрхлэгчээр Төмөр замын залуучуудын байгууллагын ахмад зүтгэлтэн, сэтгүүлч Ж.Нямдаш томилогдон 2004 оныг хүртэл ажиллав. Тэрээр Төмөр замын техникумын зүтгүүрийн ангийг төгсөж, Сайншанд депод туслах машинчаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн унаган төмөр замчин.  1960-аад оны дундуур Улаанбаатар зүтгүүрийн депогийн ХЗЭ-ийн хорооны даргаар дэвшин ажиллаж, хариуцсан хороогоо “Алтан гадас” одонгоор шагнуулан, өөрөө “Хөдөлмөрийн хүндэт медаль”, НДС-ийн сэтгүүлчийн ангид суралцах эрхийн бичиг гардсан бахархам намтартай хүн. Харин, миний бие түүний ажлаа хүлээлгэж өгөхдөө онцгойлон захьсан“Сониноо л илүү анхаарч яваарай. Сонинд гарсан алдаа чинь л чамайг баллана шүү” гэсэн үгийг чандлан биелүүлэхийг хичээж явсан.Багшийнхаа захиасыг дүүрэн биелүүлэх гэж сурвалжлагч-утга зохиолын ажилтан шигээ гэрэл зургийн аппарат/ судалбар гэрэл зураг авах гэж оролдон хэд, хэдийг сониндоо гаргасныг юу гэхэв/ зүүж, диктафон барин ярилцлага авч явсан удаа олонтаа. Замын даргын үзлэгийг ганцаараа сурвалжлан, хоёр гурван ч дугаарыг бие даан бэлтгэх тохиолдол гарч л байсан.  Энэ бүхэн минь намайг сэтгүүлчийн нарийн түвэгтэй мэргэжилд гайгүй дүнтэй суралцуулсан юм болов уу гэсэн бодолд хүргэдэг. Тухайн үед сонины ажилд Р.Раш дарга болон дараагийн Замын дарга нар болох  В.Отгондэмбэрэл, Т.Очирхүү, Замын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж, Ерөнхий инженерээр ажиллаж асан Ж.Нямаа, Л.Болд нарын оруулсан хувь нэмэр, дэмжлэг туслалцааг дурдахгүй өнгөрч болохгүй билээ.

Хариуцлага “ханхалсан” албанд

Аливаа сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга гэж нэрнээсээ эхлэн хариуцлага “ханхалсан” ажил алба бий. Сонины редакцийн өдөр тутмын ажлыг хариуцаж,эрхлэгчийн гол түшиг тулгуур болдог хүн.“Ган зам” /Найрамдлын зам, Өдтэй бичиг/ сонины аз түшихэд энэ албанд чадварлаг сэтгүүлчид, редакторууд томилогдож, ажил үүргээ дүүрэн биелүүлж иржээ. Сонины ахмад ажилтан 1972-1981 онд хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж  есөн жил ажилласан нэрт сэтгүүлч Л.Хайдав гуай нэгэнтээ “Би энэ албыг хашиж байхдаа сонинд гарсан алдаанаас болж сонины хоёр дугаарыг хүчингүй болгуулан, мөнгөн торгууль хүлээж, Замын Намын хорооны товчооны хурлаар 10 шахам удаа орж, гурван удаа арга хэмжээ авхуулж  байлаа” хэмээж билээ. “Найрамдлын зам” сонин дөрвөн байгууллагын хэвлэл болж нийтлэлийн бодлого нь өргөжсөнтэй холбогдуулан, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж асан Ж.Бямбаа, гэрэл зургийн сурвалжлагч Ц.Намсрайжав хоёр дээр нэмж  МЗЭХ-оос яруу найрагч Ш.Цогт, шог зохиолч С.Аюурзана,хүүхдийн зохиолч Г.Сэсмээ, “Залуучуудын үнэн” сониноос сэтгүүлч Б.Ламжав, “Хилчин” сониноос сэтгүүлч Л.Лувсанцэрэн, МЭХ-оос яруу найрагч Ш.Долгорлхам, МАХН-ын Төв Хорооноос эрдэмтэн Н.Уртнасан нар ирж байв.

       Сонины хариуцлагатай нарийн бичгийн даргын албанд дундаа завсарлагатайгаар хоёр дараалан ажилласан хүн бол ахмад төмөр замчин, сэтгүүлч Ж.Бямбаа билээ. 1950-аад онд Сангийн сайд С.Лувсангийн нарийн бичгийн дарга, Замын Намын хорооны I нарийн бичгийн дарга Б.Банзрагчийн туслах, Улаанбаатар өртөөний пүүлэгчээр дараалан ажилласан түүнийг “Найрамдлын зам”сонины анхны редакцийн бүрэлдэхүүнд Захидал харилцааны тасгийн эрхлэгчээр томилжээ. Төдхөн утга зохиолын ажилтнаар шилжүүлж, 1964 оноос хариуцлагатай нарийн бичгийн даргын албанд  дэвшүүлэв.

Энэ үед сонины эрхлэгчийн үүргийг Замын Намын хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч Д.Гүнсэн хавсран гүйцэтгэж байж. Тэгэхээр, сонины ажил үндсэндээ Ж.Бямбаагийн нуруун дээр гэсэн үг. Тэрээр, 1966-1970 онд Намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангид суралцаж ирээд хуучин албан тушаалдаа дахин томилогдож, 1972 онд Л.Хайдавт уг ажлаа хүлээлгэж өгөн, жижүүрийн редактораар, дараа нь сурвалжлагч-утга зохиолын ажилтнаар томилогдож,  тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Түүний 30 гаруй жилийн хөдөлмөрийг Замын захиргаанаас үнэлж, сонины 55 жилийн ойгоор “Төмөр замчны алдар” тэмдэг хүртээсэн билээ.

          Үүнийг тэрлэгч миний биеийг 2004 онд Хэвлэх үйлдвэрийн дарга-“Ган зам” сонины эрхлэгчээр томилогдон ирэхэд хариуцлагатай нарийн бичгийн даргаар И.Наранчимэг тав дахь жилдээ ажиллаж байв. Эртнээс ажил хэргийн харилцаатай явж ирсэн учир, хэн, хэнээ муугүй мэднэ. Тиймээс,  шуудхан л ажил хэрэгтээ орж билээ.

Тэрбээр, МУИС-ийн сэтгүүлчийн ангийг төгсөж, нутгийн захиргааны байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан, Завхан, Орхон аймгийн сонинуудад сурвалжлагч- утга зохиолын ажилтнаар цөөнгүй жил ажиллан, ихээхэн туршлага хуримтлуулсан чадварлаг сэтгүүлч, редактор.Тухайн үед, редакцийг  Ө.Батзориг, Л.Ганзул, Д.Баасандорж нарын авьяаслаг залуус бүрдүүлж байв. И.Наранчимэг сүүлийн 20 гаруй жил “сонины гал тогоо”-г барихдаа үе үеийн төмөр замчин сэтгүүлчдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн гэж би үнэлдэг.

Төмөр зам гэдэг өөрөө онцлог салбар. Тиймээс төвийн ямар ч хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан сэтгүүлч энэ редакцид орж ирээд “төмөр замчин сэтгүүлч” болоход багагүй хугацаа ордог. Тэр бүгдийг чиглүүлж, сургах  “багш”-ийн үүргийг И.Наранчимэг давхар хашиж ирсэн хүн.

Тухайн үед одоогийн орон тоо, бүтцээр бид сониноо 12 нүүрээр, дээр нь улиралд нэг удаа “Улаанбаатар төмөр зам” /хожим “Галт тэрэгний цонхоор”, “Монголын төмөр зам”/  нэртэй 36 нүүр бүхийтехник, технологи, танин мэдэхүйнсэтгүүл гаргаж байв. 2012 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 48 дахь дугаараасаа эхлэн, дахин нийт тээвэрчдийн хэвлэл болж, нийтлэлийн бодлого өргөжихөд редакцийн хамт олны нуруунд ирэх ачаалал ч чамгүй хүндэрсэн. Гэхдээ тэр үед редакцийн хамт олон их ажлыг эв нэгтэйгээр даваад гардаг байлаа. Энд би “Үнэн” сонинд ажиллаж байгаад бидний эгнээнд орсон сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдиндорж агсан, “Улаанбаатар” сониноос шилжин ирсэн сэтгүүлч Д.Удамбор нарыгаа дурсахгүй өнгөрөхийн аргагүй.

“Ган зам” сонины редакци маань одоо ч үндсэндээ миний үед  ажилд орсон сэтгүүлчдийн багаар ажиллацгааж байгаа.Б.Гүнжинлхам, Б.Дэлгэрхишиг, М.Наранболд, Б.Мөрөн гээд...Өөлөхийн аргагүй чадварлаг залуус. Саяхан, Б.Золжаргал гэх сэтгүүлч бүсгүйгээр бүл нэмсэн байна билээ. Тэд маань эдүгээ сэтгүүлчийн хувьд хэдийнээ эрийн цээнд  хүрч, төмөр замчны хувьд “ган болд” шиг ширээгдэж л явна.  Үүнд нь миний бие туйлаас бахархаж, бас омогшиж явдаг билээ.Сэтгүүлч бидний бичиж нийтлүүлсэн товчхон мэдээ ч төмөр замын түүхийн үнэ цэнэтэй эх сурвалж болдгийн учир тэр билээ.

Л.СЭНГЭЭ МУСГЗ  СЭТГҮҮЛЧ