Энэ удаагийн зочинг маань Дагвын Даяндорж гэхээсээ “Баянбууралын Даяндорж”, “Булагтайн Даяндорж” гэвэл төмөр замчид илүү танина. Ажил үйлсээрээ овоглогдсон буурал даргатай саяхан уулзлаа.

 

 218 хүүхэд эх барьж авсан “хүйн ээж”

 

Д.Даяндорж гуай 1945 онд Говь-Алтай аймгийн Цогт суманд Идрэнгийн нуруу гэдэг газар төржээ. Хүний ганц хүү өсөх насандаа эрх танхидуухан явсан гэдэг. Гэхдээ дунд сургуулийн долдугаар анги төгсөөд курсэд сурч, Говь-Алтай аймгийн Гоц халдвартын станцад лаборантаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.

Тэрбээр, 1966 онд Анагаах ухааны дунд сургуульд элсэж, 1971 онд төгсөн Нэгдүгээр төрөх, Хоёрдугаар төрөхөд эх баригч, Эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх төвийн амбулаторийн эрхлэгч зэргээр эмнэлгийн байгууллагад нийт 32 жил ажиллажээ. Энэ хугацаанд нийт 218 хүүхэд эх барьж авсан байх юм.

Д.Даяндорж гуай “Намайг залуу байхад эх баригч дутмаг. Эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх төвийн амбулаторийн эрхлэгч байхдаа ажлаа тараад орой нь төрөх эмнэлэгт жижүүрт гарч, эх баригчаа хийнэ. Хөдөө хүндрэлтэй төрөх эх байна гэвэл хотоос эмч, эх баригч очиж төрүүлдэг байлаа. Эмч хөдөө явахдаа эрэгтэй эх баригч нар цөөн тул намайг л авч явъя гэх. Завхан, Говь-Алтай, Архангай, Баянхонгор гээд хаа сайгүй явсан даа.

Тэр үед Готов, Дамбадаржаа гэж эмэгтэйчүүдийн их сайн хоёр эмч байлаа. Би тэднийг их хүндэлнэ. Харин эмч нар маань намайг “Анагаахын их сургуульд сурч эмч бол. Чам шиг зөөлөн гартай хүн эмч болох ёстой” гэж ятгана. Гэтэл би гэр бүлтэй, хоёр ч охинтой болсон байсан үе. Ахиад зургаан жил анагаахад сурна гэхээр амьдрал хэцүүднэ гэж бодогдоод сураагүй. Сүүлдээ ч эх баригчаар ажиллахаас халширч, ажил мэргэжлээ сольё гэж бодсон. Ялангуяа, 1980-1990 онд эх баригч нарт их хэцүү үе байлаа. Яагаад гэхээр тэр үед үр хөндүүлэх хориотой. Охид бүсгүйчүүд эх баригч нарыг өдөр шөнөгүй дагана. Бид ч инь хүн хараад л зугатаана шүү дээ. Таних, танихгүй хүний гуйлга, шахалтаас болоод сайхан залуу эмч нар хэрэгт орж, айхтар газрын хаалга ч татаж байсан. Цаг үе хатуу байлаа. Тэгээд хотын захиргаа, Найрамдлын районд ажиллаж байгаад төмөр замд ирсэн дээ. Тэр хооронд МУИС-ийг санхүү эдийн засагчийн мэргэжлээр төгссөн байсан юм.

 

Баянбууралаар овоглосон он жилүүд

 

Төмөр замын Намын хороонд Баасанжав гэдэг хүн байлаа. Тэр хүн намайг төмөр замд ажилд оруулж, 1998 онд Баянбууралд томилогдож очсон. Тэр үед Баянбууралаас өөр амралтын газар байгаагүй, бүгд хаалгаа бариад байсан үе. Намайг ажиллаж байх үед Р.Раш дарга Баянбууралыг хөрөнгө оруулалтаар сайн ч дэмждэг, амралт туслах аж ахуйтай байлаа. Р.Раш дарга ч их овсгоотой хүн. Төмөр замын Төв эмнэлгийн  үр дүн муутай байсан Чойр дахь туслах аж ахуйнуудын малыг Баянбууралд өгсөн. Талыг нь вагонд ачаад, заримыг нь туугаад аваачиж байлаа. Баянбуурал тухайн үед гурван суурь, нийт 2500 гаруй хоньтой, зургаан азарга адуутай, үхэр суурьтай “баян айл” байв.  Ус унд, хадлан бол ярих юмгүй, сайхан нутаг шүү дээ. Ногоогоо өөрсдөө тариад авчихна.

Нэг хэсэг Баянбуурал амралтыг маань хувьчлах асуудал их яригдсан. Хөл дээрээ бат зогссон тийм газар шунахай хүмүүсийн нүдэнд өртсөн байхыг үгүйсгэхгүй. Эс бөгөөс төмөр замд амралт, сувилал хэрэггүй гэх хүн ч байсан байх. Тэр үед Р.Раш дарга “Хүнд хүчир ажил хийдэг олон мянган төмөр замчид яагаад ганц амралтын газартай байж болдоггүй юм” гэж ёстой хөндлөн зогсож байж авч үлдсэн юм шүү. Сүүлд Булагтай дээр ч янз бүрийн санаархал цухалзаж л байсан. Тэр үед Л.Халтар дарга (одоогийн ЗТХ-ийн дэд сайд) бас л хамгаалж авч үлдсэн.

Сүүлд Замын дарга Д.Жигжиднямаа агсан Баянбууралд сайхан хөрөнгө оруулалт хийж дэмжсэн байна билээ. Одоогийн дарга Д.Ганбат овсгоотой, ажилсаг хүн Баянбууралыг сайхан авч яваад сэтгэл өег байдаг.  

 

“Булагтай”-н Даяндорж

 

 “Булагтай сувилал Ахмадын холбоонд ирэхээсээ өмнө Төв эмнэлгийн харьяанд байсан. Зуны гурван сар ажиллаад бусад үед нь ажилладаггүй байлаа. 2008 онд тэтгэвэрт гараад Ахмадын холбоонд ажиллаж байлаа. 2010 оноос Л.Халтар дарга Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга байхдаа энэ сувиллыг Ахмадын холбоонд шилжүүлэх шийдвэр гаргаж, намайг сувиллын нь даргаар томилсон.Анх Булагтайг авахад хэцүүхэн байсан. Ердөө 15 ортой. Зундаа гурван сар ажиллаад хаачихна. Амрагчид нь Бөөрөлжүүт нуурын хүйтэн усанд орно, хүйтэн шавар тавина. Тэр нь эмчилгээний үр дүн муутай. Ийм газрыг аж ахуйн тооцоон дээр ажиллуулж, байнгын ажиллагаатай болгохын тулд сувиллын хамт олон их мэрийсэн. Тэгээд ч ашигтай ажиллаж эхэлсэн. Тиймээс шаврыг нь халааж тавьдаг болгох гэж эмчилгээний байр бариулахаар хөөцөлдөж эхэлсэн. Энэ бүх өргөтгөлийг Булагтай өөрийн хөрөнгөөр барьсан юм шүү дээ. Тэгж байж байнгын ажиллагаатай болгосон. Эмчилгээнд ашиглаж байгаа шавраа Геологийн төв лаборатори, Хими физикийн хүрээлэнд шинжлүүлэхэд Хужиртын шавраас хүний биед хэрэгцээтэй элемент илүү байна гэсэн дүгнэлт гарсан. Хамгийн гол нь, анх удаа магадлан итгэмжлэл авсан. Нийтдээ таван удаа магадлан итгэмжлэл авсан шүү дээ. Мөн Хөдөлмөр халамж үйлчилгээний тендерт оролцож, найман жил тендерт шалгарсан. Тэгж байж ахмадуудаа хямд үнээр амраах боломжтой болсон. Ахмадууд 100 мянган төгрөг төлөөд, төрөөс 200 мянган төгрөгийг нь өгдөг болчихоор очих хүн олон. Сувилалд амрах хүсэлтэй амрагчдын дугаар хэдэн сарын өмнөөс бичигдэж дуусдаг болсон. Булагтайг өргөжүүлэхэд Л.Халтар, тухайн үеийн Замын нэгдүгээр орлогч дарга И.А.Домбровский нарын дэмжлэг их байсан юм шүү.  Булагтайд очоод хийсэн ажлын нэг нь туслах аж ахуй. Анх Ахмадын зөвлөлүүд маань нэг нэг саалийн үнээ авч өгсөн. Гэхдээ Булагтай Баянбууралыг бодвол ус тааруу, хадлан авах боломжгүй. Мал услахад худгийн мотор ажиллуулна. Бензин шаардана. Ер нь, туслах аж ахуй алдагдалтай байгаад байлаа. Энэ тухай Л.Халтар даргатай зөвлөж байгаад мах, сүүгээ орон нутгийн малтай иргэдээс гэрээгээр аваад хоёр жил явж үзсэн. Эхэндээ болмоор байсан ч аажмаар нутгийн ард иргэд зах зээлээ дагаад үнээ нэмээд байх болсон тул туслах аж ахуйгаа дахин сэргээсэн. Одоо овоо хэдэн үхэр, хонь бий. Бэлчээр муутай учраас өвс тэжээлээ худалдаж авдаг талтай. Түүнээс биш хүнсээ өөрсдөө хангадаг туслах аж ахуйтай байна гэдэг их давуу тал болдог. Өнгөрсөн онд хоёр барилга бариулах гэж өдөр, шөнөгүй зогсож байж биеэ жаахан муутгасан. Хоёр барилгаа ашиглалтад оруулаад ажлаа өгье гэж бодсон. Уг нь, Булагтайг эмнэл зүй мэддэг, эмчилгээний горим мэддэг хүн удирдвал зүгээр юмсан гэж бодох л юм. Ахмадын холбооны дарга Ю.Идэрчулуун ухаалаг хүн тэр талаар бодож тунгааж байгаа болов уу гэж бодох юм.

Баянбууралд ч, Булагтайд ч тэр үеийн дарга нар бидний гаргасан санал санаачилгыг хүлээж авч их дэмждэг байлаа. Дээрээс дэмжсэн үед ажил урагштай сайхан явдаг л даа. Р.Раш, Л.Халтар дарга нар тавьсан санал болгоныг дэмждэг, шийдвэр гаргаад, түүнийгээ ажил хэрэг болтол нь санаа тавьдаг сан. Их ухаалаг хүмүүс шүү дээ. Ялангуяа, Л.Халтар даргын хувьд оновчтой шийдвэр гаргадаг, шударга, шуурхай тэр чанар нь онцгой доо. Ц.Хүрэлбаатар дарга ч ахмадууддаа санаа тавьдаг, ажлыг минь их дэмжиж байсан шүү. Ийм дарга нар одоо ховор шүү. Асуудал тавихаар шийдэж өгөлгүй, “За ярилцъя, дараа уулзъя” гээд мартчихдаг, хэлсэндээ хүрдэггүй дарга нар байдаг л юм.  Би УБТЗ-д нийт 24 жил долоон сар ажиллаад өнгөрсөн оны аравдугаар сард ажлаа өгсөн. Булагтайн нягтлангаар Санхүү албанд байсан Долгорсүрэн маань очсон. Долгорсүрэн надтай санаа нэгтэй, ажил ч их урагштай байлаа.  Ер нь, сайхан, сайхан хамт олонтой ажиллаж байлаа. Хамт олныхоо хүчээр төмөр замд сайн нэртэй ажилласан гэж боддог. Эцэст нь, хэлэхэд төмөр замчдад өөрийн гэсэн амралт, сувилал зайлшгүй байх л учиртай” хэмээгээд буурал дарга яриагаа өндөрлөлөө. Д.Даяндорж гуайн үед Баянбуурал ч тэр, Булагтай ч тэр дайраад гарахад далай шиг халгиж цалгиж, буцаад очиход булаг шиг ундарч байдаг сан. Буурал дарга руу хуучин хамт олон амар мэндийг нь мэдэж утас цохихын далимд сайн мэдээ дуулгавал хүүхэд шиг баярлаж, саар үг сонсвол сэтгэл өвдөж суудгаа цухалзуулаад үгээ залгина билээ.

    

 ЯРИЛЦСАН     Б.ГҮНЖИНЛХАМ