“ТОП-100” ААН-ээр тав дахь удаагаа шалгарлаа

Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 21 дэх жилдээ шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг тодруулахад эхний 10 байгууллагын тоонд УБТЗ ХНН  багтан шалгарлаа. Цар тахал нүүрлэсэн хүндхэн жилүүдэд УБТЗ-ын хамт олон улс эх орны стратегийн ач холбогдолтой тээврийг тасралтгүй хэвийн зохион байгуулж, төр засаг түмэн олны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. Түүнчлэн, тухайн жил УБТЗ-ын хамт олон 31 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилтыг тогтоосон билээ.Ийнхүү 16 мянган ажилтантай УБТЗ ХНН “ТОП-100” аж ахуй нэгжийн шагналыг тав дахь удаагаа хүртлээ. Тухайлбал, УБТЗ ХНН нь энэхүү шалгаруулалтад 2015 онд тав, 2017 онд 14, 2019 онд найм, 2020 онд зургаад эрэмбэлэгдэж байсан билээ.

Хос зам тавилаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” түүний “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд төмөр зам, авто замаар холбогдсон хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор УБТЗ-ын хамт олон Замын-Үүд-2 – Шаргын-Овоо хоорондын 14.2 км хоёр дахь замыг барьж дуусгалаа. Ингэснээр Замын-Үүд-2-Шаргын овоо хоорондын замын нэвтрүүлэх чадвар хоногт 25 галт тэрэгнээс 48 хос галт тэрэг болж нэмэгдэх юм. Замын тээх хүчин чадал жилийн 16.7 сая тонноос 21.9 сая тонн болж өсөх тооцоо гарсан байна. Замын-Үүд - Эрээн өртөө хооронд өргөн царигаар хоногт 16-20 хос галт тэрэг солилцох боломж бүрдэнэ. Түүнчлэн, эдгээр өртөө, зөрлөг хооронд галт тэрэг ирэхийг хүлээхгүйгээр галт тэрэг явуулах боломжтой болж, Номт, Улаан-Уул зөрлөгүүдээс галт тэргийг татан авах нөхцөл бүрдэж байна.  Түүнчлэн, Замын-Үүд – Эрээн өртөө хоорондын 4.4 км урт нарийн царигийн хоёр дахь замыг барьж дуусгав. Манай замчид урд хилийн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх техникийн нөхцлийг бүрдүүлэх томоохон бүтээн байгуулалтыг бар жилдээ багтаан хийсэн юм.

Гол замын гурван зүтгүүрээр хүч нэмэв

“Улаанбаатар төмөр зам” ХНН гол замын өндөр хүчин чадалтай гурван шинэ зүтгүүр худалдан авч хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчиллээ. ОХУ-ын Брянскийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 2ТЭ25КМ зүтгүүр нь Монгол орны нөхцөлд туршигдсан, ашиглалтын явцад техникийн хэвийн байдлаа хянах автомат хяналтын системтэй, ухаалаг төрлийн зүтгүүр бөгөөд өмнө нь яг ийм серийн 19 зүтгүүрийг худалдан авч байжээ. Эдгээр зүтгүүрийг худалдан авснаар өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахад бодит үр дүнгээ өгөх юм.

Монгол инженерүүд зам төмөр тосолгооны шинэ вагон угсарлаа

Замын аж ахуйн албаны хамт олон зам төмөр тосолгооны 475 дугаар вагоныг өнгөрсөн онд угсарсан нь түүхэнд үлдэх бүтээн байгуулалтын нэг байв.  Уг вагонд манай инженерүүд хамгийн сүүлийн үеийн ухаалаг систем суурилуулж, олон инноваци шингээснээрээ онцлогтой. Зам төмөр тосолгооны 475 дугаар вагоныг ашиглалтад оруулснаар зам төмрийн элэгдлийг бууруулж, жилд 480-500 орчим сая төгрөгийн хэмнэлт гарна гэж замын инженерүүд урьдчилсан тооцоог хийжээ. Үүний цаана зүтгүүр, вагоны хос дугуйн элэгдлийг ч бууруулж байгааг нэмж тооцвол хэмнэлтийн дүн өсөх юм. Уг вагоныг тоноглоход нийт 649 сая төгрөг зарцуулжээ. Хэрэв ОХУ-аас зам төмөр тосолгооны шинэ вагон худалдан авсан бол 1.5 сая ам.доллар, эсвэл вагоноо өгөөд тоноглуулсан бол 500 мянган ам.доллар зарцуулах байв. Зам тосолгооны 475 дугаар вагон өөрийн өртгөө жил гаруйн дотор нөхөх тооцоотой ажиллаж байна.

ЦОМОГ, ЭМЭЭЛТ зөрлөгийг өргөтгөв

Тээврийн хэмжээ өсөн нэмэгдэж буйтай холбоотой УБТЗ-ын хамт олон өртөө зөрлөгүүдийг өргөтгөж, тээх нэвтрүүлэх хүчин чадлыг жил бүр  нэмэгдүүлж байна. Өнгөрсөн онд Эмээлт, Цомог зөрлөгийн өртгөтгөлийг бүрэн хийж дууслаа.  Тухайлбал, Эмээлт зөрлөгийн өргөтгөлийн ажлын хүрээнд замчид 19595 шоо метр газар шорооны ажил хийж, ус зайлуулах хоёр хоолойг сунгаж, хоёр иж бүрэн суман шилжүүлэг 1.8 км замыг шинээр барьжээ. Цомог зөрлөгийн өргөтгөлөөр 53248 шоо метр газар шорооны ажил гүйцэтгэн, ус зайлуулах таван хоолой сунгаж, таван суман шилжүүлэг, 5.1 км замыг шинээр барьсан юм. Ингэснээр дээрх зөрлөгүүдийн вагоны багтаамж болон нэвтрүүлэх хүчин чадал тодорхой хувиар өсчээ. Түүнчлэн, 36 дугаар зөрлөгийн өргөтгөлийн бэлтгэл ажлын хүрээнд 23885 шоо метр газар шорооны ажил, ус зайлуулах гурван хоолойг сунгах ажлыг гүйцэтгээд байна. Уг зөрлөгийн өргөтгөлийг 2023 онд хийж дуусгах төлөвлөгөөтэй байна.

Чингэлэг тээвэр өссөн жил

Өнгөрсөн жил чингэлэг тээвэрт ихээхэн өсөлт гарсан жил байв. Тухайлбал, 2021 онтой харьцуулахад импортын чингэлэг татан авалт 137.9, экспортын чингэлэг тээвэр 138.8, опен топ чингэлгийн тээвэр 541.3 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Засгийн газар, ЗТХЯ-аас өгсөн чиглэлийн дагуу 2022 онд УБТЗ ХНН нь Тяньжин боомтод хуримтлагдсан их хэмжээний ачаатай чингэлгийг татан тээвэрлэх  ажлыг амжилттай зохион байгуулсан. Энэ хүрээнд 2022 онд БНХАУ-аас 91988 ДФЭ чингэлэг татан авч ирж тээвэрлэх ажлыг зохион байгуулсан. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 145.9 хувиар биелсэн үзүүлэлт юм.  Мөн 2022 оны 5-7 дугаар сард гүйцэтгэсэн чингэлэг тээврийгөмнөх оны мөн үетэй харьцуулахад 195-258 хувийн өсөлттэй тээврийг гүйцэтгэжээ. Үүний зэрэгцээ төмөр замчид Тяньжин боомтоос их хэмжээний чингэлгийг татан тээвэрлэж авч ирсэнтэй холбоотой дотоодод үүссэн хоосон чингэлгийн хуримтлалыг бууруулах зорилгоор зохион байгуулалтын олон шийдлүүд хэрэгжүүлэв. Үүний үр дүнд 88221 ДФЭ хоосон чингэлгийг Эрээн өртөөнд хүлээлгэн өгсөн нь 2021 онтой харьцуулахад 148.4 хувийнгүйцэтгэл юм. Мөн 2022 оны 4-10 дугаар сар хүртэл 171-199 хувийн өсөлттэй хоосон чингэлгийн тээврийг гүйцэтгэсэн байна.

Тарифыг индексжүүллээ

УБТЗ-ын тээврийн орлогыг бууруулж, санхүүгийн алдагдалд олон жилийн турш оруулж ирсэн тээврийн тарифыг индексжүүлж чадсанаар санхүүгийн эрсдлийг буурууллаа. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс 11 төрлийн тээврийн тарифыг индексжүүлсэн бол арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс дахин зарим төрлийн ачаа, зорчигч тээврийн тарифыг 15-50 хувиар, арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс дотоодын нүүрс тээврийн тарифыг 18 хувиар тус тус индексжүүллээ. Ингэснээр УБТЗ-ын санхүүгийн алдагдал 2022 онд 33.2 тэрбум орчим төгрөгөөр буурах боломж бүрдсэн юм. Цар тахлын хүндрэлийн улмаас тээврийн орлого огцом буурч, санхүүгийн өндөр эрсдэлд орсон ч төмөр замчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмж, 13 дахь сарын цалинг нь 100 хувь олгохоор шийдвэрлэлээ.

“Говийн төмөр замчин” хөтөлбөр эхлэв

УБТЗ ХНН өнгөрсөн онд “Говийн төмөр замчин” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь говийн бүсэд ажиллаж буй төмөр замчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн баталгааг нь хангахад зориулагдсан билээ. Уг хөтөлбөрт, говийн бүсэд 3-5 жил тогтвор суурьшилтай ажиллах гэрээ байгуулсан ажилтанд (цалин хөлс, орон сууц, сургалт) хэд хэдэн төрлийн хөнгөлөлт урамшуулал олгохоор тусгасан юм. Тухайлбал, говийн бүсэд шинээр ажилд орж буй дагалдан ажилтанд үндсэн цалингийн 90 хувьтай тэнцэх цалин, үр дүнгийн шагнал олгох, өмнө нь төмөр замд 10-аас доошгүй жил ажиллаад өөрийн хүсэлтээр халагдсан ажилтан говийн бүсэд ажилд орж таван жилд тогтвор суурьшилтай ажилласан бол ажилласан жилийг тасралтгүйгээр тооцох. Байгууллагын шаардлагаар мэргэшүүлэх сургалтад хамруулах, их дээд сургуульд суралцах тохиолдолд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, мөн ТЗДС, Политехник коллежид суралцаж буй ажилтны хүүхэд болон нэн шаардлагатай мэргэжлээр суралцагчид төгсөөд говийн бүсэд ажиллах гэрээ хийсэн бол төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх маш олон зүйл заалтыг тусгасан байна. Түүнчлэн, говийн бүсэд ажиллаж буй төмөр замчдыг гурван бүсчлэлд хуваан сар бүр 50-200 мянган төгрөгийн нэмэгдэл олгож байгаа.