Тогтвортой хөгжлийн талаар ярихаас өмнө тогтвортой хөгжил гэж юуг хэлдэг вэ гэдэг талаар товч ойлголт өгөх нь зүйтэй болов уу. Тогтвортой хөгжил гэдэг нь өнөө үеийн хэрэгцээг хангахдаа ирээдүйн хэрэгцээгээ хангах боломжийг хязгаарлахгүй байх гэсэн зарчимд суурилж байгаль орчин, нийгэм (хүн, харилцаа), эдийн засаг гэсэн гурван үндсэн тулгуур хөгжлийг ижил түвшинд хангаж байх тухай ойлголт юм. Эдгээр гурван асуудал бие биенээсээ хамааралтай, харилцан шүтэлцээтэй юм. Бид агаараар амьсгалж, ус ууж, хоол хүнс идэж, байгалийн баялгийг хэрэглэж байна. Энэ бүгдийг байгаль дэлхий өгч байгаа учир байгаль орчныг эдийн засаг, хүний хөгжлийн гол суурь гэж үздэг.  2015 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаас нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг хамарсан  17  зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт бүхий тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталжээ. Өмнө нь 2016 онд УИХ-аас баталсан байсан "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ын үр дүнг илэрхийлэх үзүүлэлтүүд, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд нь агуулгаараа “Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолд тусгагдсан тул бид энэхүү баримт бичгийг үндэслэл болгож тогтвортой хөгжлийн стратегиа хэрэгжүүлэх боломжтой юм.

           Монгол Улс Парисын хэлэлцээр, “Алсын хараа-2050” зорилтуудын хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн нийт ялгарлыг 22.7 хувиар бууруулж, байгаль орчин нийгэмд ээлтэй, хүртээмжтэй, хүний хөгжилд анхаарсан, сайн засаглалтай, чанартай боловсрол олгох зэрэг томоохон амлалтуудыг олон улсын өмнө өгөөд байна. Төмөр замын салбарт тогтвортой хөгжлийн загвар хэрхэн ямар байдлаар хэрэгжих вэ гэдэг асуудал нэн чухал бөгөөд төмөр замын компаниуд өмнө хэлсэнчлэн байгаль орчныг суурь үнэт зүйл болгон авч үзсэн ачаа, зорчигч тээвэр, техник, технологийн хөгжил, хүний хөгжил болон эдийн засгийн үр ашиг гэсэн чиглэлд төвлөрч бодлого, төлөвлөлт, стратегидаа өөрчлөлт оруулан ажиллаж байна. Олон улсын төмөр замын холбоо /UIC/-оос тогтвортой хөгжлийн чиглэлд баримтлах бодлогоо тодорхойлсон бөгөөд НҮБ-ийн баталсан тогтвортой хөгжлийн 17 зорилтоос дараах 10 зорилтыг тэргүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.

Тухайлбал, эрүүл мэндийг дэмжих (3), жендерийн тэгш байдлыг хангах (5), сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх (7), эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох (8), инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх (9), ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих (11), хариуцлагатай хэрэглээг дэмжих (12), уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах (13), хуурай газрын экосистемийг хамгаалах (15), энхтайван, шударга ёсыг цогцлоох (16) зэргийг нэрлэсэн юм. Эдгээр зорилтын хүрээнд төмөр замын компаний тогтвортой хөгжлийн зорилтын гүйцэтгэлийг бенчмаркингийн аргаар хэмжих төмөр замын тогтвортой хөгжлийн индекс /RSi-rail sustainability index/ гэсэн үзүүлэлтийг 2022 оноос эхлэн бий болгож, төмөр замуудын рейтинг тогтоож байна. Мөн 2021 онд НҮБ-ын Ази-Номхон далайн нийгэм, эдийн засгийн комисс /ESCAP/-ийн Транс-Азийн төмөр замын сүлжээний ажлын хэсгээс НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд “2030 он хүртэлх ачаа тээврийн тогтвортой хөгжлийг хангах тухай” баримт бичгийг баталсан байна. Энэ хүрээнд:

1.Хүлэмжийн хийн ялгаралгүй төмөр замын ачаа тээвэр,

2.Цаг уурын өөрчлөлт болон цар тахалтай идэвхтэй тэмцэх хүрээнд ачаа тээврийг тогтвортой хөгжүүлэх,

3.Хил дамнасан болон транзит тээврийн харилцааг сайжруулах,

4.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тээврийн харилцааг нэмэгдүүлэх,

5.Хотуудын ачаа тээврийн логистикийг бэхжүүлэх,

6.Төмөр замын тээврийн ослын тоог бууруулах,

7.Зайлшгүй шаардлагатай улс орнуудад ачаа тээврийг нь тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,

8.Төмөр замын ачаа тээвэр болон бусад тогтвортой хөгжлийн тээврийн төрлийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх гэсэн есөн тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлж ажиллаж байна.

           Төмөр замын салбарт тогтвортой хөгжлийг хангах зорилтын хүрээнд бараг бүх төмөр замын компани өөрийн тогтвортой хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлон хэрэгжүүлж жил бүр үндсэн үйл ажиллагааны тайлангаас гадна тогтвортой хөгжлийн тайланг гаргаж нийгмийн салбар болон хүний хөгжил, ногоон эдийн засгийн чиглэлээр санаачлан хийсэн ажлуудаа тайлагнаж, олон нийтэд компанийхаа эерэг дүр төрхийг бий болгосоор байна. Ийм компаниудын тэргүүнд ОХУ-ын “РЖД” НХН, Казахстан улсын “КТЖ” ХН, Япон улсын “JR EAST” компани, Солонгосын “KORAIL” корпораци зэрэг томоохон компаниуд жагсаж байна. Энэ компаниуд нь тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд төмөр замын тээврээс ялгарах хүлэмжийн хийг 2050-2070 он гэхэд “тэг” түвшинд хүргэх том амбицтайгаар ногоон эдийн засаг, хүн төвтэй хөгжил, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмуудыг баримтлан тодорхой тоон зорилтууд тавьж түүндээ хүрэхээр хичээн ажиллаж байна.

           Манай төмөр зам ч олон улсын жишгийн дагуу энэ ажлыг хэрэгжүүлэх нь нэн чухал. УБТЗ-ын удирдлага ч энэ хүрээнд алсыг харж Экологийн хэлтсийг байгуулаад байна. Уг ажлыг Экологийн хэлтэс маань манлайлан эхлүүлэх нь гарцаагүй. Энэ хэлтэс зөвхөн байгаль орчны менежментийг хэрэгжүүлэх биш байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд суурилсан хүний болон техник технологийн хөгжил, инноваци, эрчим хүчний хөгжлийн бодлого, ногоон эдийн засаг зэрэг чиглэлээр бодлого стратегийг боловсруулахад зөвлөн тусалж түүчээлэн ажиллахыг цаг үе шаардаж байгаа юм. Мөн УБТЗ ХНН-ийн жил бүрийн тогтвортой хөгжлийн тайланг гаргаж байх нь ч чухал юм.

Орчин үед төмөр замууд нь тогтвортой хөгжлийн загвараа тодорхойлохдоо ESG хандлагыг өргөн ашиглах болсон ба байгаль орчин, нийгэм, засаглал гэсэн гурван үгийн товчлолтой /БОНЗ/ загвар нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг багтаасан цогц менежментийн загвар юм. Энэ загварын гурван чиглэл бүрээр төмөр замууд өөрийн онцлогтоо нийцүүлсэн тогтвортой хөгжлийн зорилтуудаа тодорхойлж байна. Эдгээрийг товч сийрүүлбэл:

  • БАЙГАЛЬ ОРЧИН: төмөр замын тээврийн болон тээврийн бус үйлдвэрлэл, үйлчилгээнээс ялгарах хүлэмжийн хийг тогтмол бууруулах, түлш, шатахууны хэмнэлттэй техник, тоног төхөөрөмж ашиглах, төмөр замыг цахилгаанжуулах, усны хэрэглээг багасгах, усыг дахин цэвэршүүлж ашиглах, эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлэх, зэрлэг амьтад, мал, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах, төрөл бүрийн химийн бодисын хэрэглээг тууштай бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, газар ашиглалтыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг тогтмол нэмэгдүүлэх зэрэг зорилт тавьж байна.

  • НИЙГЭМ: Ажилтнууд нийгмийн суурь үйлчилгээгээр тэгш хангагдах тогтолцоог бий болгох, тэдний мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, ундны усны хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн болон аюулгүй байдлыг нь хангах, мэдээллийн хүртээмжийг нь сайжруулах, ажилтны эрх, үүргийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүйсийн эрхийн тэгш байдлыг хангах гэсэн зорилтууд тавьж байна.

  • ЗАСАГЛАЛ: компаний засаглал, менежментийг боловсронгуй болгох, төмөр замын компаний эдийн засгийн үр ашиг, өсөлтийг бий болгохдоо байгаль орчны доройтол, бохирдлоос сэргийлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан тээврийн үйл ажиллагаа эрхлэх ногоон эдийн засгийг хөгжүүлэх, ногоон худалдан авалтыг эрхэмлэх, тээврийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах,  удирдлагын манлайллыг дээшлүүлэх, ажилтан ба үйлчлүүлэгч нар хамтдаа хөгжих зэрэг зорилтууд тавьж байна.

Дээрх гурван чиглэл дээр нэмж оруулах ёстой нэг зүйл бол АЮУЛГҮЙ БАЙДАЛ юм. Аюулгүй байдал нь ESG хандлагын нийгмийн чиглэлд багтдаг боловч төмөр замын компаний хувьд аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг тул үүнийг тусдаа нэмэлт чиглэл болгох шаардлагатай гэж үзсэн. Аюулгүй байдал нь төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, галын болон объектын аюулгүй байдал, үйлдвэрлэлийн чанар зэрэг өргөн хүрээг хамардаг.

Дээрх зорилтуудын хүрээнд нийгэмлэгийн аюулгүй байдлын стратеги (ГТХАБ ба ХАБЭА), эрчим хүчний стратеги, экологийн стратеги, нийгмийн хариуцлагын стратеги, хүний нөөцийн стратегиудыг шинээр болон шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

 

О.Дэмбэрэлсүрэн /Ph.D/