1949.06.О6. Монгол-Зөвлөлтийн Хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг байгуулах тухай БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Хэлэлцээрт БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан, ЗСБНХУ-аас БНМАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ю.К.Приходов нар гарын үсэг зуран, Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийг хэлэлцэн баталжээ. Уг үйл ажиллагаанд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ байлцжээ.
1949.09.19. Монгол-Зөвлөлтийн Хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Ерөнхий Хорооны анхдугаар хурал есдүгээр сарын 19-нд хуралдаж, Нийгэмлэгийн Ерөнхий хувь нийлүүлэгчээр Монголын талаас Ерөнхий сайдын орлогч С.Лувсан, Зөвлөлтийн талаас Зам харилцааны сайд Б.П.Бешев нарыг томилон, Ерөнхий хорооны бүрэлдэхүүнд Монголын талаас С.Ядамсүрэн, Д.Моломжамц, Т.Балдан, Зөвлөлтийн талаас И.А.Попов, В.И.Александров, П.В.Данилов, Ерөнхий Хорооны даргаар С.Ядамсүрэн, орлогч даргаар И.А.Попов нарыг баталжээ. Мөн сарын 20-ны өдрийн Ерөнхий хорооны хуралдаанаар УБТЗ-ын ХЭГ-ын даргаар ЗХУ-ын ДЯЯ-ны Төмөр замын барилгын “505-р барилга” Удирдах Газрын хөдөлгөөний захирагч, инженерийн албаны дэд хурандаа Н.Т.Тимофеевийг томилов. УБТЗ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 800 сая төгрөг буюу тус бүр 10 мянган төгрөгөөр үнэлэгдэх 8000 акцид хуваахаар шийдвэрлэж, 51 хувь, 4080 акц буюу 408 сая төгрөгийг Зөвлөлтийн тал, 49 хувь, 3920 акц буюу 392 сая төгрөгийг Монголын тал эзэмшихээр шийдвэрлэжээ.
1949.11.07. Наушки-Улаанбаатарын төмөр замыг галт тэрэгний хөдөлгөөнд нээх хөдөлмөрчдийн ёслолын цуглаан арваннэгдүгээр сарын 06-нд Сүхбаатар, Зүүнхараа хотуудад, 07-нд Улаанбаатар хотод тус тус зохион байгуулагдаж, нийслэлд болсон цуглааныг нам, засгийн удирдагчид оролцон, Г.Бумцэнд тууз хайчлан нээж, Ю.Цэдэнбал баяр хүргэж үг хэлсэн байна.
1950. 12.18. Наушки-Улаанбаатарын төмөр замыг Хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг байнгын ашиглалтад хүлээн авч, тээвэрлэлтийн үйл ажиллагааг нь хариуцан зохион байгуулахаар хоёр улсын Засгийн газрын хамтарсан комиссын шийдвэр гарав. Энэ үед УБТЗ-д 1231 хүн ажиллаж байв.
1951.01.10. УБТЗ-ын ХЭГ-ын дарга Т.А.Тимофеевийн 07 тоот тушаалаар Замын удирдлагын бүтцийг Ашиглалтын, Хөдлөх бүрэлдэхүүний, Зам, барилга, тоног төхөөрөмжийн, Дохиолол холбооны, Материал техникийн хангамжийн албад, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн, Их барилгын, Гэрээ, хууль эрх зүйн, Захиргаа, аж ахуйн, Боловсон хүчний хэлтсүүдтэйгээр тогтоов.
1951.01.19. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн III тогтоолоор УБТЗ-ыг тус улсын дотор ажиллаж буй албан газрын тоонд албан ёсоор бүртгэн авав.
1952.09.15. Москва хотноо ЗСБНХУ, БНМАУ, БНХАУ-ын Засгийн газруудын хооронд БНМАУ-ын нутаг дэвсгэрт Улаанбаатараас Замын-Үүд хүртэл Монгол, Зөвлөлт хоёр улс, БНХАУ-ын Жининь хотоос мөн хил хүртэл нутаг дэвсгэртээ БНХАУ төмөр зам тавьж, улмаар 1955 оны эцсээр холбохоор тогтов.
1953.11.16. “Монгол-Зөвлөлтийн Хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай” 1949 оны зургадугаар сарын 06-ны өдрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн IV зүйлийг өөрчлөн хувь нийлүүлсэн хөрөнгийн 50 хувь хэмжээг 50/50 байхаар тогтов.