Монгол Улсын Гавьяат тээвэрчин, Ахмад төмөр замчин, замын даргын зөвлөх Р.Раш
Саяхан манай зам дээр зохион байгуулагдсан төмөр замын үзэсгэлэнгийн талаар төрсөн сэтгэгдэлээ хуваалцая
Замын даргын хаврын үзлэг болж замын удридлага, үзлэгийн комисс, зам шугамын аж ахуйн нэгжийн ажил байдалтай цар хүрээгээр нь танилцаж замчид хөдөлмөрчидтэй уулзан ярилцаж тэдний санаа бодлыг анхааралтай сонсон үзлэг шалгалт чамбай хийгдэж байгаа нь оймс элээсэн ахмад төмөр замчин миний хувьд сайхан санагдаж байна. Төмөр замын хэмжээний мэдээллийн цар хүрээ ч агуулгаараа баяжиж байна гэж үзэж байна. Олон асуудлуудыг газар дээр нь шуурхай шийдэж хөрөнгө мөнгө ихээр шаардагдах заримыг нь үзлэгийн мөрөөр авагдах арга хэмжээний төлөвлөгөөнд суулгаж шийдэхээр ажиллаж байгаа нь тун агуулгатай болж байна.
Өнгөрсөн сарын 26-нд “УБТЗ-75 жил ба инноваци” нэртэй ШБАЗ-ын үзэсгэлэнд “Замын аж ахуйн албаны оюуны өмч, инноваци -2024” зөвөлгөөнийг 9 салбар нэгжийн хүрээнд зохион байгууллаа. Төв вокзал дээр төмөр замын байгууллагууд, шилдэг инженер техникийн ажилтнуудын санаж сэдэж хийсэн бүтээлүүдээс дэлгэрэнгүй танилцуулга хийгдсэн нь 75 жилийн ойгоо угтсан бүтээн байгуулалтын ажлуудын томоохон хэсэг нь боллоо. УБ зүтгүүрийн депогийн инженер Д.Ганбаатар, засварчин Ц.Ихбаяр нарын санаачлаж бүтээсэн Татах цахилгаан хөдөлгүүрийн якорын голыг сольж засварлан ашиглалтын хугацааг нь уртасгаж зардлыг хэмнэсэн сайхан бүтээл тавигдсан байлаа. Тэр ажлын эдийн засгийн үр ашиг жилд 105,7 сая төгрөг гарч байгаа гэж танилцуулж байв. Сайхан байсан шүү. Зүүнхараагийн вагон депогийн залуучуудын хийсэн хагас вагоны люк хаалга зэрэг том оворын эд ангиуд, хөдөлмөр хөнгөвчилсөн зөөврийн тэргэнцэрүүд зэрэг олон бүтээлүүдийг ярайтал тавьсан байлаа. Ер нь манай Зүүнхараагийн вагон депо бол төмөр зам үүсэн байгуулагдсан цагаас эхлэн сайн ажиллаж ирсэн нэртэй хамт олон л доо. Зорчигчийн вагон депогийн засварчдын хийж бүтээсэн олон шинэ зүйлүүд нь зорчигчийн вагоны тасалгааний ширээн дээрх аягатай амттай сайхан цай шиг санагдаж байсан.
Дохиолол холбооны II ангийн инженер Б.Лхагвацэрэнгийн санаачилсан сумын шилжүүлгийн найдвартай ажиллагааг уртасгах схемийг хийж тавьсан байв.
1996 онд Замын албаны инженер Ш.Дагвагончигийн зам тосолгооны вагоныг бүтээсэн ажил миний санаанаас ер гардаггүй юм.
Үзэсгэлэнгийн арга хэмжээнд Улсын оюуны өмчийн газрын удирдлагууд оролцож Д.Баатар, Б.Баттулга, Д.Нямцэрэн, М.Уугандорж, гагнуурчин Н.Номин нарын зэрэг манай оюунлаг инженерүүдийг урамшуулан шагнаж төмөр замын энэ удаагийн инновацийн үзэсгэлэнг өндрөөр үнэллээ. УБТЗ-ын “Шилдэг санаачлагч” тэмдгээр вагоны инженер А.Пүрэвбаатар анхдагч болон шагнуулав.А. Пүрэвбаатар байцаагчаа төмөр замчид сайн мэднэ дээ. Хөдлөх бүрэлдэхүүний дугуй, зам төмөр хоёрын хяхралтыг /оросоор скрежет гэдэг/ багасгах талаар их юм хийсэн хүн. За тэгээд зүтгүүрийн албаны ерөнхий инженер Б.Баттулга гээд зөндөө хүмүүс бий.
Ер нь манай төмөр зам чинь анх байгуулагдсан цагаасаа л тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, шинэ оновчтой санаачлагыг өрнүүлэх талаар улсын хэмжээнд манлайлж явсан. Хөдөлмөрийн баатар Г.Мандахын санаачилсан социалист хөдөлмөрийн төлөө бригадын хөдөлгөөн нь улсын том компанит ажил болж байсан түүхтэй. Гавьяат тээвэрчин Г.Гэсэржав гуайн арга туршлагыг мартахын аргагүй. 1980-аад оноос бидний хажуугаар Эрдэнэт ГОК орж ирсэн юмдаг. Сүхбаатар депогийн дарга Гавьяат тээвэрчин Д.Дамбийбалжир агсаны санаачлан хөөцөлдөж төмөр замын том ажил болгосон зүтгүүрийн деподийн түлшний савуудыг өргөтгөж шинэчилсэн нь зах зээлийн он жилүүдийн хүндэрлийг төмөр зам танагтай давахад том хувь нэмэр оруулсан. Улсын хэмжээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх шинэ санаачлагыг өрнүүлэх хөдөлгөөн анх 1944 онд Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор дэмжигдэж түүнийг төмөр замын байгууллага өнөөдрийн өдрийг хүртэл мөрдөж ирсэн. Цаашдаа ч шинэ агуулгаар улам баяжуулж ажиллах нь гарцаагүй. Зүтгүүрийн депогийн дарга П.Энхмөнх, Холбооны II ангийн дарга Ц.Цэнгэлжаргал, Зорчигчийн вагон депогийн дарга Б.Юлхарсүрэн, Замын I ангийн дарга С.Галсандорж, Зүүнхараагийн вагон депогийн дарга Э.Эрдэнэбат, Замын II ангийн дарга Д.Алтангэрэл, Төв засварын газрын дарга Ц.Ариунбаатар нарын зэрэг байгууллага хамт олноо сайн удирдаж авч яваа аж ахуйн залуу удирдагчид цөөнгүй бий. Замын маань материаллаг бааз ерөнхийдөө жаахан өвгөрөх тал руугаа болж байна. Ийм учраас оюуны бүтээлээ улам өрнүүлж дотоод нөөц бололцоогоо шавхан дайчилж ажиллах нь зайлшгүй шаардлага болж байна. Бидэнтэй мөр зэрэгцэн ажилладаг Оросын мэргэжилтнүүд ч энэ хөдөлгөөнд дээр үеийн адилаар идэвхийлэн оролцоно гэдэгт итгэж явдаг.
УБТЗ-75 Инновацийн энэ үзэсгэлэнг санаачлан зохион байгуулахад замын ерөнхий инженер С.П.Старцев онцгой анхаарал тавьж хөөцөлдсөнийг тэмдэглэж байна. Одоо мань хүн Төв засварын газраа түшиглэн Инновацийн төв байгуулах ажлыг хөөцөлдөж байгааг дэмжиж байна.Энэ талаар РЖД болоод гадаадын төмөр замуудын шилдэг жишээнүүд олон бий. Замын орлогч дарга А.Батболд Хууль зүйн албатай хамтран Инновацийн эрх зүйн харьцааг боловсронгуй болгоход сайн анхаарсан. Стратеги төлөвлөлтийн албаны дарга С.Мөнх-Алдар, орлогч дарга Л.Энхболд, инженер Х.Алмагүл, О.Дэмбэрэлсүрэн нарын зэрэг төмөр замын инженер техникийн ажилтнууд уг ажилд ихээнхэн ач холбогдол өгч, хүчин чармайлт гаргаж зүтгэж ажилласныг талархаж байна.
Дашрамд нэгэн зүйл толгойд зурвас хийж орж ирлээ. 2017 онд МУИС-ийн Мэдээллийн тэнхимийн эрдэмтэн багш, залуучууд санаачлан "Мазаалай" нэртэй сансрын үндэсний хиймэл дагуулыг хөөргөсөн нь манай улсад сүүлийн үед давтамж нь нэмэгдэж байгаа цас шуурга, салхи шорооны үед онцгой хэрэг болно гэж ойлгож явдаг.
Сэтгэгдлүүд
Ачаа эргэлтийг нугалж эдийн засагт их дэм тустай нь сайн. Ачаа зөөх хугацаа нь арай шүү. Хагас жил хүлээнэ Хоцрогдолын туйл болсон мэлхий хурдтай, баас шээсээ асгаруулсан, нүүрс үнэртсэн хэцүү шүү