Аж үйлдвэрийн анхдугаар хувьсгалын үед уурын хөдөлгүүр бий болж механикжуулалтын эрин хөгжиж, төмөр замын тээвэр үүсэж, уурын зүтгүүр ашигласнаар эхэлж байсан бол эрчимтэй хөгжлийн эрин буюу IV үе нь интернет гэдэг зүйл бий болсон цаг үеэс суурь нь тавигдаж өнөө цагт ид хөгжлийн шатандаа явж байна гэж үзэж болно. Олон улсын хэмжээнд ашиглагддаг “Industry 4.0” нэр томъёо нь аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын товчлол юм. Энэ нь үйлдвэрлэлийн процесстоо үндсэн технологиосоо гадна орчин үеийн дэвшилтэт хэд хэдэн технологийг нэвтрүүлэх явдлыг хэлдэг. Эдгээр шинэ технологи нь компаниудад үйлдвэрлэлийн процессыг автоматжуулах өргөн боломжийг олгодог. “Industry 4.0”-ээр дамжуулан өгөгдлийн аналитик ашиглах нь компанийн удирдлагад илүү ухаалаг шийдвэр гаргаж, эрсдлийг том болохоос нь өмнө асуудлаас урьдчилан сэргийлэхэд ч тусалдаг.
Аж үйлдвэрийн хувьсгал 4.0-ийн гол бүрэлдэхүүн хэсэг нь кибер физик систем (CPS) юм. Энэхүү кибер физик системүүд нь интернет сүлжээгээр холбогдсон янз бүрийн ухаалаг бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрддэг. Эдгээр нь алсын удирдлага, ухаалаг үйлдвэр, тээвэр логистик зэрэг салбарт шинэ боломжуудыг бий болгодог. Эдгээр технологийг ашиглах нь компаниудад зардлыг бууруулахын зэрэгцээ менежментийн “үйл явц”-ыг оновчтой болгох боломжийг олгодог байна. Энэ нь бүхэлдээ дижитал технологийг том өгөгдөл (Big data), бодит цагийн өгөгдөл (Realtime data), IoT-ийг (Internet of things) дэмждэг үйлдвэрлэлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй хослуулан илүү үр ашигтай, холбогдсон экосистемийг бий болгодог. Мөн үүлэн тооцоолол (Cloud computing), хиймэл оюун ухаан (Artificial intelligence) зэрэг олон технологийн дэвшлийг үйлдвэрлэлийн процесстоо болон шийдвэр гаргалтадаа ашиглаж эхлээд байна. Энэ бүх онолын ойлголтуудаас тойрч аж үйлдвэрийн IV хувьсгалын хүрээнд төмөр замын тээврийн салбар түүн дотроо УБТЗ дээр хэрхэн хэрэгжих боломжтой вэ гэдгийг та бүхэнтэйгээ хуваалцахыг зорилоо.
Дэлхийн төмөр замын салбарт аж үйлдвэрлэлийн IV хувьсгалын хүрээнд дараах өөрчлөлтүүд явагдах хандлага ажиглагдаж байна. Үүнд:
Тээвэр зохион байгуулалтын чиглэлээр: Олон улс дамнасан төмөр замын тээврийн коридоруудыг хөгжүүлэх, ухаалаг тээврийн цогц систем бий болж, чингэлэг тээвэр голлох үүрэгтэй болох нь. Мөн дэлхийн хэмжээний төмөр замын тээврийн мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болох, төрийн мэдлийн төмөр зам болон хувийн төмөр замуудын хамтын ажиллагаа гүнзгийрэх, полигон буюу бүсчилсэн хөдөлгөөний удирдлагын төвүүд бий болохоор байна.
Суурь бүтцийн чиглэлээр: Илүү хөнгөн, бат бөх, элэгдэлд тэсвэртэй зам төмөр ашиглах, замын засвар хоорондын нөөц нь 2.5 тэрбум тонноос багагүй ачаа нягтралтай болох, балластгүй зам тавих, замын засвар, үйлчилгээний автомат төхөөрөмж ашиглах, зорчигч тээврийн өндөр хурдны замыг хөгжүүлэх;
Хөдлөх бүрэлдэхүүний чиглэлээр: Шинэ төрлийн түлш (хий, устөрөгч) хэрэглэх зүтгүүрүүд ашиглах, машинчгүй зүтгүүрийн автомат жолоодлогын систем нэвтрэх, одоогийн концепцоос цоо шинэ төрлийн, мөн өндөр даацтай ачааны вагонуудыг тээвэрт ашиглах, өндөр хурдны зорчигчийн галт тэрэг хөгжүүлэх, шинэ төрлийн автоугсраа ашиглах;
ГТХАБ-ын чиглэлээр: Хиймэл оюун ухаанд суурилсан, галт тэрэгний техникийн байдлыг явдал дунд нь оношлох систем нэвтрэх, байршил тогтоогч бүхий хүний болон хөдлөх бүрэлдэхүүний хяналтын системүүд хөгжих, диспетчерийн удирдлагын ухаалаг ажлын байр (хөдөлгөөний график зурах, хянах автомат систем), галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах дохиогүй систем (манай төмөр замд нэвтэрсэн СИРДП-Е системийн хувилбар) ашиглах зэрэг хөгжлийн хандлагууд бий болоод байна.
Бид өндөр хөгжилтэй төмөр замуудтай харьцуулахад энэ тал дээр хоцордог ч өөрийн гэсэн хөгжлийн боломж, гарц шийдлүүд байна. Бид дэлхийн хэмжээнд хүрсэн шинэ материал, технологийн шилдэг шийдэл бүхий зүтгүүр, вагоны инновацийг төмөр замын салбарт бий болгож чадахгүй ч мэдээллийн технологи, цахим шилжилтэд суурилсан инновацийг хөгжүүлэх өргөн боломж хамгийн их байгаа юм. Жишээлбэл:
Ажилтан: Ажилтны ур чадварыг хөгжүүлэх, ажилд нь тулгарч буй асуудлын үндсэн шалтгааныг олж тогтоох чадамж эзэмшүүлэх, гаргасан алдаагаа ухаарч ойлгоход нь туслах зорилго бүхий хиймэл оюун ухаанд суурилсан мэдлэгийн шинэ цахим системийг хөгжүүлэх;
Удирдлага, зохион байгуулалт: Их өгөгдлийн системийг хөгжүүлж манай үндсэн процесс болох ачаа болон зорчигч тээврийн тухай мэдээлэлд үндэслэсэн бодит төлөвлөлт хийдэг ухаалаг системийг хөгжүүлэх (хүний оролцоогүй), тээвэр болон үйлдвэрлэлийн жил, сар, өдрийн ажлын хэмжээг оновчтой тодорхойлсноор түүнд шаардагдах хүний, сэлбэг материалын, санхүүгийн нөөцүүдийг зөв төлөвлөх. Мөн үргүй зардал, сул зогсолтыг багасгах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, удирдах ажилтны ур чадвар болон гүйцэтгэлийн үнэлгээний цахим системийг бий болгож хөгжүүлэх;
Хөдлөх бүрэлдэхүүн: Зүтгүүр, вагонуудыг таних чиптэй системээр (RFID) тоноглож IoT технологийг нэвтрүүлснээр тэдний хөдөлгөөнийг тээврийн үйлчилгээний цахим системтэй холбож үйлчлүүлэгч нар өөрийн ачааг хаана явааг бодит цагийн мэдээллээр хянах. Хөдлөх бүрэлдэхүүн нь засвар, үйлчилгээнд зогссон цагийг үнэн зөв хэмжих, галт тэрэг бэлтгэх, найруулах, бүрэлдэхүүнээс вагон салгах, холбох, өртөөнд галт тэрэг хүлээн авах, явуулах диспетчерийн удирдлага гэх мэт ажлууд автоматжиж хүнээс хамаарсан алдаа гарах боломжгүй болох;
Суурь бүтэц: Суурь бүтцийн техникийн байдлыг хүний оролцоотой хэмжиж тодорхойлсон мэдээллүүдийг нэгтгэж эрсдлийн үнэлгээ хийх, цаашид авах арга хэмжээний талаар шийдэл гаргадаг хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамжийг хөгжүүлэх;
Аюулгүй байдал: Хоорондын замд болон өртөөнд ажил, үйлчилгээ хийж байгаа ажилтнуудын байршил тогтоох системийг хөгжүүлж удирдлагын төвтэй холбосноор аюулгүй байдлын хяналт сайжрах, зорчигчийн тавцан дээрх аюултай бүс рүү хүн нэвтэрсэн үед дохиолох, мөн ажлын байранд технологи зөрчсөн болон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл ашиглаагүй тохиолдолд мэдээлэх, анхааруулах ухаалаг камерийн систем хөгжүүлэх зэрэг өргөн боломж байгаа юм.
Цахим шилжилтийг нэвтрүүлэхэд бэлтгэл ажлыг хангах үе шат гэж байдаг. Бүхэлдээ энэ нь одоогийн үйл ажиллагаанаас концепцийн хувьд тэс өөр удирдлага, зохион байгуулалт, хувь хүний хандлагын өөрчлөлт зэргийг шаарддаг процесс юм. Үүнд:
-
Хүний нөөцөө бэлтгэх, сургах: Хиймэл оюун, их тоон өгөгдөл, робот, автоматжуулалт зэрэг дэвшилтэт технологиуд хөдөлмөрийн зах зээлд тэсрэлт хийж, бидний мэдэх олон мэргэжил, ажлын байрыг үгүй болгож, төсөөлж ч амжаагүй байгаа цоо шинэ үүрэг, мэргэшлүүдийг үүсгэх төлөвтэй байна. Иймээс байгууллагуудын өмнө тулгарах гол асуудал нь хүний нөөцөө энэ том өөрчлөлтөд хэрхэн бэлтгэх асуудал нь маш их хугацаа, хүч шаардсан ажил болох юм. Удирдах болон гүйцэтгэх ажилтнууд нь мэдээллийн технологийн ур чадвараа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.
-
Дэд бүтцээ бэлтгэх: Технологийн хурдацтай өөрчлөлт жил, сараар бус өдөр, цагаар хэмжигдэх болсон энэ үед түүнд хангалттай хариу үйлдэл үзүүлэх чадавхтай байх нь байгууллагын өрсөлдөх чадвартай шууд холбоотой зүйл болсон. Тиймээс байгууллагын технологийн дэд бүтцийг бий болгож шаардлагатай программ хангамж, техник хэрэгсэл, сүлжээг бүрдүүлэх нь хамгийн их анхаарах ёстой зүйлсийн нэг. Мөн энэ хүрээнд хамгийн чухал нөлөө бол оролцогч талуудын хоорондох мэдээлэл солилцох үйл явцыг боловсронгуй болгох юм. Цахим мэдээллийн сангийн тоон өгөгдлийг хууль, журмын хүрээнд нээлттэй болгох төслүүд хэрэгжүүлэх нь маш чухал байдаг байна. Холбогдох байгууллагууд энэ системтэй холбогдож, тодорхой мэдээллийг нэгтгэж чадсанаар хэрэглэгчдийн санал хүсэлт, хандлагыг илүү оновчтойгоор тодорхойлох, тэдэнд илүү үр ашигтайгаар буюу зардал багатайгаар тээврийн үйлчилгээгээ хүргэх нөхцөл бий болох, дотоодод удирлагын бүх түвшинд шийдвэр гаргалт сайжирч зардал хэмнэх, аюулгүй байдлыг сайжруулах зэрэг олон боломж бий болдог юм байна.
О.Дэмбэрэлсүрэн /Ph.D/