Монгол-Оросын хамтарсан УБТЗ ХНН-ийн Төмөр замын дээд сургууль үүсч хөгжсөний 70 жилийн ой ёслол төгөлдөр боллоо. Монгол Улсын төмөр замын салбарт мэргэжлийн, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэж эхэлснээс хойш 70 дахь намртай золгож буй ТЗДС-ийн түүхт ойн хүрээнд “Инноваци-Тогтвортой хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 9-ний өдөр Ган зам паласт зохион байгууллаа.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж Төмөр замын дээд сургуулийн захирал, доктор У.Мягмарсүрэн 1953 оны долоодугаар сарын 14-ний өдрийн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоолоор анх байгуулагдсан цагаас хойш 70 жилийн түүхэнд төмөр замын салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэж ирсэн талаар онцоллоо. Мөн салбарын эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлыг эрчимжүүлж, төмөр замын салбарын инноваци чиг хандлагаар хөгжүүлж, байгууллагын үр өгөөжийг нэмэгдүүлэх, төмөр замын аюулгүй байдлыг хангуулж, олон улсын менежментийн тогтолцоог нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг сурталчилж, олон улсад өрсөлдөхүйц чадварлаг мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх болно гэдгийг дурдлаа.
Эрдэм шинжилгээний хуралд УБТЗ ХНН-ын замын дарга Х.Хэрлэнгийн мэндчилгээг Орлогч дарга Н.Энхцогт уламжлан дэвшүүлж, УБТЗ-ын Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин, УБТЗ ХНН-ийн даргын зөвлөх Р.Раш мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Зочин илтгэлээр “Төмөр замын салбарын хөгжил, хууль эрх зүйн орчны шинэчлэл” сэдвээр ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын ахлах шинжээч Л.Булганхүү, “ТЗДС-ийн хөгжлийн 70 жил” сэдвээр ТЗДС-ийн захирал, доктор У.Мягмарсүрэн, тус сургуулийн захирал асан, Монгол Улсын гавьяат багш, техникийн ухааны доктор, профессор Б.Сэрвүүд нар хамтарсан илтгэл, мөн “УБТЗ-ын хөгжлийн чиг хандлага” сэдвээр УБТЗ ХНН-ийн Техникийн бодлого стандарчиллын албаны дарга С.Мөнх-Алдар нар оролцлоо.
Тэгвэл Германы сансар судлалын төвийн тээврийн системийн хүрээлэнгийн Кристиан Рахмиг, БНСУ-ын Дуньян их сургуулийн профессор Дон Вук О, Хюк Сан Юнг нар нар хамтын, ОХУ-ын Тээврийн их сургуулийн профессор Т.В.Шепитько, Н.А.Телятникова нарын зочид илтгэлээ хэлэлцүүллээ.
Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлаас УБТЗ ажиллах хүчний нөөцөө бэлдэхэд онцгой анхаарч, мэргэжилтнүүдээ хөгжүүлэх, шинэ дэвшилтэд технологийн нэвтрүүлэхээр зорьж байгаа нь харагдаж байгаа талаар хуралд оролцогчид онцолж байсан юм.
Төмөр замын салбарын хувьд бодитой, мэдлэг шингэсэн, Монгол орны нөхцөл байдалд тохирсон шийдлүүд, шинэ үйлчилгээ, технологийг нэвтрүүлэх, салбарын өмнө тулгарч буй асуудлуудыг шийдэхэд зорилтот судалгааг шинэ түвшинд гаргах, бүс нутгийн хийгээд улс орныхоо ард иргэдийн өсөн нэмэгдэж буй тээврийн эрэлт хэрэгцээг найдвартай, аюулгүй, тогтвортой, шуурхай хангахад судлаачдын гүйцэтгэх үүрэг өндөр учир “Инноваци-Тогтвортой хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурлын гол зорилго байлаа.
Мөн судлаачид онол арга зүйн туршлагаа солилцох, судалгааны бүтээлээ сурталчлан олны хүртээл болгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг бий болгох, ажилтнуудынхаа судалгааны чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагаа явуулдгийн нэг нь энэхүү эрдэм шинжилгээний хурал юм.
Хуралд менежмент, техник-технологи, боловсрол гэсэн чиглэлийн дагуу ОХУ-ын Москва дахь Тээврийн их сургууль, Иркутскийн ЗХИС, ХБНГУ-ын Тээврийн судалгааны хүрээлэн, БНСУ-ын Дунянийн их сургууль, БНХАУ-ын Бугатын ТЗК, ЗТХЯ, МУИС, ШУТИС-ийн гурван салбар сургууль, ХААИС, УБТЗ, МТЗ, ТТТЗ, Бодь групп, Инкон зэрэг байгууллагуудын эрдэмтэн, судлаач нараас нийт 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл ирж, есөн аман илтгэл, 17 ханан илтгэлийг хэлэлцүүллээ. “Инноваци-Тогтвортой хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хуралд төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, салбарын судлаачид идэвхтэй оролцож илтгэл хэлэлцүүлж, байр сууриа илэрхийллээ.