2023 оны хүлээлт


Дэлхий даяар эдийн засаг удаашрахаар байгаа ч газрын тосноос эхлээд улаан буудай хүртэл бүх төрлийн таваарын үнэ өсөх төлөвтэй байна. Дэлхийн эдийн засаг түүхий эдийн хэрэгцээгээ хангахад томоохон бэрхшээлүүдтэй тулгарч байна. Өнгөрсөн онд түүхий эдийн үнийн өсөлт тэнгэрт тулсан ч ашигт малтмал, байгалийн нөөцийн салбар хүчин чадлаа нэмж, нийлүүлэлтийн хомсдлыг арилгахад яарахгүй байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхгүй бол 2023 онд зах зээлийг тэнцвэржүүлэх цорын ганц арга нь эрэлтийг бууруулах явдал боллоо.

Эдийн засгийн уналт аль хэдийн эхэлсэн гэдэгтэй бүгд санал нийлнэ. Холбооны Нөөцийн банк, Английн Төв банк, Европын Төв банк бүгд бодлогын хүүгээ өсгөж байна. Их Британийн эдийн засаг аль хэдийн уналтад орсон бол Европ тив ч хавцлын ирмэгт ойртож байна. Харин АНУ уналтаас зөөлөн газардах уу, хүчтэй газардах уу гэдгийн хооронд эргэлдэж байна. Хэдийгээр макро эдийн засгийн зарим үзүүлэлт үнийн өсөлтийн дарамтыг зөөллөх ч нөөц багасаж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байх зэрэг микро эдийн засгийн хүчин зүйлс 2023 онд таваарын үнэ өмнөх хямралын үеэс өндөр түвшинд байхад нөлөөлнө.

24 түүхий эдийн үнийг нэгтгэн тооцдог “Bloomberg Commodity Spot Index” өнгөрсөн оны зургаадугаар сард дээд түвшинд хүрснээсээ хойш 20 орчим хувиар буураад байгаа ч 2008 болон 2011 оны хямралын үед хүрсэн дээд үзүүлэлтээсээ давсан хэвээр байгаа юм. Тухайлбал:  2022 оны эхээр газрын тос үнэ баррель нь 125 ам.доллар давж шинэ дээд цэгт хүрсэн ч оны эцэст үнэ нь буурч баррель нь 80 ам.доллар орчим болжээ. Хэдий тийм боловч 2008 оны 12 дугаар сард 36 ам.доллар болж, доод түвшинд хүрсэнтэй харьцуулахад өндөр байна. Зэсээс авахуулаад нүүрс, улаан буудайнаас эхлээд тугалга зэрэг бусад түүхий эдийн хувьд мөн ижил хөдөлгөөн ажиглагдаж байна. Түүхий эдийн үнэ буурсан ч энэ нь үнийн өсөлт зогссон биш харин түр завсарлаж байгаа хэрэг.

Энэхүү уян хатан чанар нь микро эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөө, цар хүрээ болон үйлдвэрлэлд илүү их хөрөнгө зарцуулах шаардлага үүссэнийг харуулж байна. Гэсэн хэдий ч “Wall Street”-ээс үнийн өсөлт удаан хугацаанд үргэлжилсэн тохиолдолд л хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр байна. Өнгөрсөн 10 жилд их хэмжээний алдагдал хүлээсэн хувьцаа эзэмшигчид шинэ төсөл бус харин ногдол ашиг, хувьцаа эргүүлэн худалдаж авахыг илүүд үзэх болов. Байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуурыг тууштай хардаг  хөрөнгө оруулагчид шатах түлшний шинэ төслүүд болон томоохон уурхайнуудад хөрөнгө оруулахыг бүрэн эсэргүүцэж байгаа аж.

Одоогийн байдлаар дэлхийн эдийн засаг “Баавгай” зах зээлд байна. Хэдий тийм боловч эдийн засгийн уналт доод түвшинд хүрээд магадгүй II улирлаас эргэн сэргэж, микро эдийн засгийн үзүүлэлтүүд өсөх төлөвтэй байна. Харин түүхий эдийн үнийн өсөлт шинэ төслүүд дэх хөрөнгийн зардал хангалттай хэмжээнд сэргэсэн тохиолдолд л зогсоно. Гэхдээ 2023 онд ийм зүйл болохгүй.

Хавьер Блас

эх сурвалж:   Bloomberg TV Mongolia

@BloombergTVM