1962 оны гуравдугаар сард Улаанбаатар дахь Суудлын вагон депо, Төв засварын газар, Зүүнхараа дахь Вагон засварын депог аж ахуйн тооцоонд оруулсан нь зардал хэмнэх, тээврийн үр ашгийг дээшлүүлэх зорилттой холбоотой байв. Тухайн үед дамжин өнгөрөх тээврийн хэмжээ буурсантай холбоотойгоор галт тэрэг хүлээн авч явуулдаг 10 гаруй өртөө, зөрлөг, зарим аж ахуйн нэгжүүдийг хаах буюу татан буулгаж, нэгтгэх, албадад нь шууд харьяалуулах арга хэмжээ авчээ.
***
Галт тэрэгний аяллыг Улаанбаатар- Замын-Үүд-Улаанбаатар, Улаанбаатар- Сүхбаатар-Улаанбаатар гэсэн их тойргоор явуулдаг болсноор тээвэрлэлтээс гурван зүтгүүр хэмнэх болжээ. 1963 онд Сайншанд депогийн машинч Н.Нацагдоржийн санаачилгаар хоёр туслахтай аялж байсан машинчийн бригадыг нэг туслахтайгаар аялуулдаг болсноор их хэмжээний хэмнэлт гарав. Улмаар, машинч Н.Нацагдорж БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагджээ.
***
1963 оны сүүлийн хагаст Дархан-Шарын голын чиглэлд Зөвлөлтийн цэргийн төмөр замчдын хүчээр 63 км төмөр зам барьж ашиглалтад оруулав. Энэ нь манай улсын аж үйлдвэрийн томоохон төв найрамдлын гэгдэх Дархан хотыг ЗХУ тэргүүтэй социалист орнуудын оролцоотойгоор барьж эхэлсэнтэй холбоотой юм. Уг замыг барихад хурандаа н.Дугаржав захирагчтай МАА-ийн барилгын цэргийн батальон туслан гүйцэтгэгчээр ажилласан нь мөн л анхдагч болон түүхэнд бичигджээ. Энэхүү замыг хожим нь буюу 1967 оны арванхоёрдугаар сарын 10-нд холбогдох барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хамт УБТЗ-д хүлээлгэн өгсөн байна. Төмөр замчид 1964 оны гүйцэтгэлээр 2351.7 тн ачаа, 409.0 мянган зорчигч тээвэрлэн, 947.8 сая шилжүүлсэн тонн/км-ын ажил гүйцэтгэсэн нь өмнөх жилүүдийнхээс мэдэгдэхүйц буурсан дүн байлаа. Үүний шалтгаан нь БНХАУ- тай тогтоосон бүх талын харилцаа хүйтэрсэнтэй холбоотой аж.