1952 оны есдүгээр сарын 15-нд Москва хотноо ЗСБНХУ, БНМАУ, БНХАУ-ын Засгийн газруудын хооронд БНМАУ-ын нутаг дэвсгэрт Улаанбаатараас Замын-Үүдийн улсын хил хүртэл Монгол, Зөвлөлт хоёр улс, БНХАУ-ын Жининь хотоос мөн хил хүртэл өөрийн нутаг дэвсгэртээ БНХАУ тус, тус төмөр зам тавьж, 1955 оны эцсээр уг төмөр замуудыг холбон галт тэрэгний хөдөлгөөнд нээхээр тохиролцжээ.  

                                                                           ХХХ

Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг ЗХУ-ын ДЯЯ-ны Төмөр Замын Барилгыг Удирдах Ерөнхий Газрын “505-р барилга”-ын Удирдах газар хариуцан барьсан бөгөөд энэ удаа бие бүрэлдэхүүн нь хоригдлууд бус цэргийн албан хаагчдаас бүрдэж байв. Тэд хоёр жилийн хугацаанд 30 гаруй өртөө зөрлөг, илчит тэрэгний дөрвөн депо, 2820 хүүхэд хичээллэх дунд сургуулийн 12 барилга, сурагчдын дотуур байр долоо, эмнэлэг зургаа, клуб тав, орон сууцны барилга 915-ыг барьж ашиглалтад хүлээлгэн өгөв.

                                                                          ХХХ

Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг ашиглалтад хүлээж авах ёслолын цуглаан 1955 оны арванхоёрдугаар сарын 31-нд Улаанбаатар хотод болж, уг цуглаанд оролцсон Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн удирдагчид Замын-Үүд орохоор суудлын галт тэрэг хөлөглөн гарч Чойр, Айраг, Сайншанд, Улаан-Уул өртөөдөд зохион байгуулагдсан баярын цуглаануудад оролцсоор Замын-Үүдэд хүрчээ. ЗСБНХУ-ын Зам харилцааны яамны сайд Б.П.Бешев, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНХАУ-ын Төмөр замын яамны сайд Тэн Дэ Юан нар 1956 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр Монгол, Хятад хоёр улсын хилийн заагт төмөр замын төгсгөлийн мөнгөн хадаасыг хадсанаар 1955 оны арванхоёрдугаар сарын 31-нд галт тэрэгний хөдөлгөөнд нээсэн уг зам байнгын ашиглалтад оржээ.

                                                                          ХХХ

1957 оны долоодугаар сард гаргасан тайлан мэдээгээр УБТЗ-ын нийт шугамын урт 1300 км-т хүрч, 13111 ажилтантай болсон бөгөөд тэдний дунд 1679 хятад, 1462 орос хүн байжээ. Гэсэн ч Хятад ажилчдын дийлэнх нь Хятадад өрнөсөн “Соёлын хувьсгал”-ын үеэр буюу 1962 онд нутаг буцсан аж.