Замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангах зорилгоор галт тэрэгний хөдөлгөөнийг удирдах цахилгаан очирын системийг хоорондын замын хагас автомат хориглолын системд шилжүүлэх, том өртөөдөд замнал релейн, өртөөдөд цахилгаан төвлөрүүлэлт нэвтрүүлэх ажил 1960-аад оны дунд үеэс эхлэн, Сүхбаатар өртөөний МРЦ 1970 оны эцсээр ашиглалтад оров.

                                                              ***

Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны 1969 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор “Зам засвраын машинт станц”-ыг байгуулсан нь зам төмөр, дэр модыг хүчжүүлэн солих, үер уснаас хамгаалах байгууламжийг сайжруулах зэрэг замын их засварын ажлыг дэс дараатайгаар хийж, замын нэвтрүүлэх чадвар, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилтыг далайцтайгаар хэрэгжүүлэх боломжийг олгожээ.

                                                               ***

1969 онд Улаанбаатар зангилаанд 6427 ам метр талбай бүхий 129 айлын орон сууцны угсармал барилга барьсан бол 1970 онд мөн ийм төрлийн 100 айлын орон сууц, Дархан зангилаа, Баянтүмэн тасагт тус бүр 60 айлын сууцууд тус тус ашиглалтад оржээ. 1970-1975 онд 25 өртөө зөрлөгийг холбосон, 500 км өндөр хүчдэлийн шугам баригдсанаар шугам замын өртөө, зөрлөг, замын хэсгүүд эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдав.   

                                                               ***

1970 онд Улаанбаатар Зүтгүүрийн депогийн хамт олны санаачлагаар “Хүүхдийн төлөө фонд”-д хөрөнгө хуримтлуулах бүх нийтийн үйлс эхэлсэн бөгөөд уг фондын хөрөнгөөр баригдсан анхны цэцэрлэг Рашаант өртөөнд баригдаж нээлтэд нь Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн удирдагчид оролцжээ.

                                                               ***

1970 оны арванхоёрдугаар сарын 18-нд тэмдэглэсэн Улаанбаатар төмөр зам байнгын ашиглалтад орсны 20 жилийн ойгоор төмөр замын хамт олныг Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнав.

                                                              ***

1973 онд төмөр замчид 6114.7 мянган тн ачаа, 965.9 мянган зорчигч тээвэрлэж, 2378.8 шилжүүлсэн сая тонн /км-ийн ажил гүйцэтгэсэн нь 1968 оныхоос ачаа тээвэрлэлт 2453.9 мянган тонн, зорчигч тээвэрлэлт З10.8 мянган хүнээр тус, тус нэмэгдсэн дүн ажээ.