1958 оны тавдугаар сард ажил үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар насан эцэслэсэн Улаанбаатар төмөр замын дарга Л.Г.Таряниковын оронд өртөөний жижүүрээс хөдөлмөрийн гараагаа эхлэн, Зам харилцааны яамны Зорчигч тээврийн Ерөнхий газрын мэргэжилтэн, орлогч дарга, Ерөнхий газрын дарга хүртэл дэвшин ажилласан туршлагатай удирдах ажилтан, чадварлаг зохион байгуулагч Г.П.Запорожцевийг томилжээ. Тэрээр, найман жил шахмын хугацаанд УБТЗ-ыг амжилттай удирдахын зэрэгцээ “Төмөр замын ерөнхий курс”, “БНМАУ-ын төмөр замын тээврийн ажлыг сайжруулах арга зам” номуудыг бичиж, шинэ залуу төмөр замчин хамт олны оюуны сан хөмрөгийг баяжуулжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг манай төр засаг өндрөөр үнэлж, Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Найрамдал медалиар тус, тус шагнажээ.

 

                                                                   ХХХ

 

 Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайдын 1967 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 83 тоот тушаалаар Төмөр замын тусгай батальоныг байгуулж, захирагчаар нь Төмөр замын техникумын захирлаар ажиллаж асан хурандаа Б.Чимэдийг томилжээ. Эхний үед УБТЗ-ын удирдлагын бүтцэд багтан, ХЭГ-т санхүүгийн тайлан мэдээгээ гаргаж өгч асан 335 хүний бүрэлдэхүүнтэй уг анги Суудлын вагон депо, гурвалжин, Улаанбаатар, Чойр, Сайншанд, Дархан, Амгалан, Толгойт өртөөдийн салаа зам, үерээс хамгаалах далан барих ажлыг эрхлэн, жилд дундажаар 1.7-4 сая төгрөгийн ажил гүйцэтгэж байсан аж.

 

                                                                     ХХХ

 

1966 оны долдугаар сард нийслэл хотын өмнөд хэсэгт болсон их үерээр Улиастайн болон Төв цахилгаан станцын гүүрүүд бүрэн нурж, галт тэрэгний хөдөлгөөн саатан, Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдараар ахлуулсан Улсын онцгой комисс байгуулагдав. Улиастайн гүүрийг Зам, барилгын албаны дарга Д.Лхагвасүрэн, Төв цахилгаан станцын гүүрийг Замын даргын туслах О.Батдэлгэрийн удирдсан төмөр замчид 20 гаруйхан хоногийн дотор сэргээн босгож, тээвэрт нээжээ. Уг сэргээн босголтыг Замын нэгдүгээр орлогч дарга Н.Цэрэнноров ерөнхийд нь удирдсан байна.

 

                                                                      ХХХ

 

Төмөр замчид 1967 оны гүйцэтгэлээр 3260.8 мянган тонн ачаа, 655.1 мянган зорчигч тээвэрлэж, 1133.9 сая шилжүүлсэн тонн/км-ийн ажил гүйцэтгэсэн нь 1961 оныхоос 108.2 мянган тонн ачаа, 219.2 мянган зорчигчоор нэмэгдсэн дүн аж.