БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1956 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн хэлэлцээрээр 1939-нд ашиглалтад орсон Эрээнцав-Баянтүмэний 238 км өргөн төмөр зам, Баянтүмэн-Тамсагбулагийн 364 км нарийн төмөр замыг холбогдох барилга байгууламжийн хамт үнэ төлбөргүй шилжүүлжээ. Энэ шийдвэртэй холбогдуулан Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам “ нийгэмлэгийн Ерөнхий хорооны мөн оны тавдугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрээр уг замыг УБТЗ-ын өмчлөлд бүртгэсэн ч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байсантай холбоотойгоор Баянтүмэн-Тамсагбулагийн нарийн төмөр замыг хадгаламжид тавьжээ. УБТЗ-ын даргын 1956 оны зургадугаар сарын О6-ны өдрийн 472 тоот тушаалаар Баянтүмэн тасгийг байгуулжээ. Уг тасгийн үндсэн хөрөнгө 8 сая 800 мянган төгрөг байв.

                                                                             ХХХ

1958 оны эцсээр Хонхор-Налайхын хооронд 13.5 км өргөн төмөр замыг Замын хоёрдугаар ангийн мастер хожим Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан Ш.Түгжийн удирдсан замчид барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн нь Монголчуудын бие дааж барьсан анхны төмөр зам болж түүхэнд бичигджээ.

                                                                             ХХХ

1960 оны арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар төмөр зам байнгын ашиглалтад орсны 10 жилийн ойг тэмдэглэж, тээвэр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилт, галт тэрэгний хөдөлгөөнийг хангах үйлсэд өндөр амжилт гаргасан Улаанбаатар Зүтгүүрийн депогийн машинч Ч.Ойдовням, Монголчуудын нүүдлийн соёл, ахуй амьдралыг суурин соёл, ахуй амьдралд шилжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн Социалист хөдөлмөрийн хөдөлгөөнийг санаачлагч мөн депогийн инженер Г.Мандах нарыг  БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор  шагнасан нь төмөр замчдын дотроос анхдагчид болов.

                                                                             ХХХ

Төмөр замчид 1961 онд 31526.6 мянган тонн ачаа, 435.9 мянган зорчигч тээвэрлэж, 2224.6 сая шилжүүлсэн тонн/км-ын ажил гүйцэтгэжээ. Энэ нь 1956 оныхоос  ачаа тээврийн хувьд 90 гаруй мянган тонноор буурсан нь БНХАУ-тай тогтоосон бүх талын  харилцаа хүйтэрч эхэлсэнтэй  холбоотой байв. Харин, дотоодын болон ЗХУ, европын социалист орнуудыг чиглэсэн зорчигч тээврийн урсгал  өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад олон арав дахин нэмэгджээ.