1978 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн нээлтэд оролцохоор тусгай галт тэргээр МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал, ЗСБНХУ-ын Сайд нарийн зөвлөлийн дарга И.В.Архипов нар Эрдэнэт хотод очиж Эрдэнэт өртөөний ажил байдалтай танилцжээ. Дараа оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 12.00 цагаас Салхит- Эрдэнэтийн төмөр замыг байнгын ашиглалтад нээсэн байна.
***
1979 онд ЭЗХТЗ-ын гишүүн орнуудын тээврийн салбарт хамтран ажиллах байнгын комиссын Төмөр замын асуудал эрхэлсэн секцийн 38 дугаар хуралдаан, 1982 онд 64 дүрээр хуралдаан тус тус Улаанбаатар хотод болж, манай улсын төмөр зам олон улсын тээвэрт 20 тоннын чингэлгийг өргөнөөр ашиглаж эхэлснээр Олон улсын чингэлгийн тээврийн харилцаанд идэвхтэй оролцох болов.
***
1981 оны арваннэгдүгээр сард 2М62 серийн зүтгүүрийг анхны аялалд үдэх ёслолын цуглаан Улаанбаатар өртөөнд болж машинч Ц.Бумцэнд, туслах машинч Д.Даваажав, зааварлагч машинч Зөвлөлтийн мэргэжилтэн А.И.Рыбаков нарын жолоодсон галт тэрэг аяны замд гарсан байна. Ийнхүү 2М62 серийн илчит тэрэгний 20 гаруй жилийн аяллын түүх эхэлжээ. Энэ түүхэн үйл явцын өмнөхөн УБТЗ-ын даргаар ЗСБНХУ-ын Зам Харилцааны Яамны Зүтгүүрийн аж ахуйн Ерөнхий газрын дарга асан С.И.Соловьевийг томилсон нь хувь нийлүүлэгчид УБТЗ-д 2М62 серийн зүтгүүр нэвтрүүлэх хөтөлбөрт онцгой ач холбогдол өгч байсны илрэл болжээ. Тэрээр, томилолтын хугацаа дууссаныхаа дараа Зам Харилцааны Яамны дэд сайдын албан тушаалд дэвшин томилогдсон билээ.
***
1980 оны эхээр Багахангай-Багануурын төмөр замыг барих ажил эхэлсэн байна. Е.К.Белов даргатай Зөвлөлтийн төмөр замын барилгын 15 дугаар удирдах газрын хамт олны барьж байгуулсан Багануур, Гүнгалуут, Булагтай, Багахангай өртөө зөрлөгүүдтэй уг замыг байнгын ашиглалтад оруулан хүлээж авах цуглаан 1982 оны арванхоёрдугаар сарын 18-нд Багануур хотод зохион байгуулагджээ.
***
1983 оны гуравдугаар сард Сайншанд-Замын-Үүд хоорондын замын нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэхийн тулд уг хоорондын замд Өргөн зөрлөгийг галт тэрэгний хөдөлгөөнд нээжээ. Хожим уг зөрлөг Өртөө болон өргөжиж, уул уурхайн ачааны тээвэрлэлтэд чухал үүрэг гүйцэтгэх болов.
***
Төмөр замчид 1983 онд 12002.5 мянган тонн ачаа, 4854.0 мянган зорчигч тээвэрлэж, 4883.4 сая шилжүүлсэн тонн километрийн ажил гүйцэтгэсэн нь 1978 оныхоос 3379.3 мянган тонн ачаа, 3540.2 мянган зорчигч илүү тээвэрлэсэн дүн ажээ.
СГЗ Л.Сэнгээ